Monday, January 21, 2008

Банглорын бар Випро

Даяаршил нь аливаа улсын эдийн засгийг өөр нэг улсын зах зээлтэй хэтэрхий нягт холбож өгдөг учир тухайн улсад гарах ямарваа нэг улс төр эдийн засгийн өөрчлөлт бүр нь бусад хамааралтай улсуудынх нь эдийн засагт гүн гүнзгий нөлөө үзүүлж байдаг хэмээн нэлээн дээр үед уншиж байсан санагдана. Яг энэхүү өөрчлөлт бүрийг өдөр бүр бага багаар өсөх өргөн хэрэгцээний барааны үнэ, зах дээр ханш нь улам унах доллартай харьцуулан би өөрийн биеэр хангалттай сайн мэдэрч байна. Газрын тосны үнэ улам бүр нэмэгдэж, АНУ-ын эдийн засгийн хөгжил саарах тутам үүний үр нөлөө хавтгай дэлхийн нөгөө өнцөгт тусаж юмний үнэ тэнгэрт хадан шашин хоорондын мөргөлдөөн Энэтхэгт улам бүр газар авах ажээ. Ганц Энэтхэгт ч биш хаа сайгүй л амьдрал хэцүүдэж хүмүүсийн даяаршилд итгэх итгэл улам алдарч байх шиг. Харин үүний эсрэг нотолгоо болох мэт Банглорт төвтэй Випро компаний ерөнхийлөгч Азим Премжи саяхан нэг мэдэгдэл хийжээ. Випро компани нь сүүлийн 3-р улирлын байдлаар 910 сая долларын орлоготой ажиллаж нийт 3 улиралд дунджаар 33 хувийн өсөлт үзүүлж чадсан байна. Тэрээр энэхүү ашигтай үйл ажиллагаагаа дүгнэн “...АНУ-ын эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалан глобал бизнес тодорхой хэмжээний сорилтой тулгарч байгаа нь үнэн боловч манай компаний үйл ажиллагаанд нөлөөлөхүйц өөрчлөлт одоогийн байдлаар мэдэгдээгүй байна. Манай хамгийн том зах зээл АНУ хэвээрээ бөгөөд Европ, Ойрхи Дорнотод ч манай үйл ажиллагаа өргөжин тэлж байна. Манай үйлчилгээний эрэлт улам нэмэгдэж байгаа учир ирэх 4-р улиралд бид 955 сая долларын орлоготой ажиллахаар төлөвлөсөн байгаа...” хэмээжээ.



Азим Премжи

Випро компани нь 1945 онд байгуулагдсанаасаа хойш ургамлын тосны үйлдэрлэл зэрэг янз бүрийн үйл ажиллагаа эрхэлж байгаад 1966 оноос өнөөгийн ерөнхийлөгч Азим Премжи 21 настайдаа удирдлагыг нь авчээ. Өдгөө Випро нь 78,000 ажилчидтай Энэтхэгийн гурав дахь том мэдээлэл технологийн компани болсон бөгөөд ерөнхийлөгч Азим Премжи нь Форбес сэтгүүлээс тодруулдаг шилдэг 500 саятны нэг болжээ. Миний олж сонссоноор бол лав нэг монгол залуу Випро компанид ажилладаг юм билээ. Даяаршлын үр шимийг аль болох олон Монгол залуус хангалттай олж аваасай гэж...