Б.Цэнддоогийн “Монгол юм” нэртэй нийтлэлийг уншихад сэтгэлд хамаагүй ойрхон бууж байх юм. Бидний үндэсний хэмээн тодотгодог хоол унд, хувцас хунар гээд л хамаг зүйлс маань дан ганц өвөг дээдсийн маань “уран бүтээл” биш тодорхой нэгэн байдлаар бусдаас хуулсан, өөрсдөдөө зориулж modification хийсэн зүйлсийн үр дүн бөгөөд бид дан ганцаар бусдаас хуулж байгаагүй, бусад нь ч бас биднээс хуулж байсан гэдгийг гайхамшигтайгаар илэрхийлжээ. Зохиогчийн өөрийнх нь байнга давтах дуртай “Монгол хүн л хэрэглэж байгаа бол Монгол үндэсний юм” гэдэг аксиом яагаад ч юм Монгол гэдэг орчингоос тэс ондоо ертөнцөд байгаа надад бодитойгоор мэдрэгддэг зүйл гэх үү дээ. Дөнгөж өнөөдөр л гэхэд Монголоос нэг хүн ирж тал годгор хиам бидний хэдэн харчуудад өгсөнд арай л дээр нь зодоон болохоо шахлаа. Байнга өлсгөлөн байдаг ядуу оюутан мань мэтэд нь бол Монголоос ирж байгаа тал хиам гэдэг бараг л гулууз алтны дайтай эд л дээ. Арай л грамлах нь холгүй юм болж байж хэд хуваагаад байхгүй байгаа нэгэндээ цааш нь далд хийж тавив. Хүлхэх нэг нь хүлхэж долоох нэг нь долоон байж өөрсдийнхийгөө идчихээд нөгөө цааш далд хийсэн хуруун чинээ зүсэм хиаман дээр бүгдийнх нь нүд уначихсан зогсож байна. Аваад идчих хүсэл бүгдэд нь байсан ч гэсэн эзнийх нь царай хиаман дээрээ харагдаад дэмий л шүлсээ гүдхийтэл залгицгаагаад л холдох ажээ.
Оюутан амьдралаа гэж хөгжилтэй ч юм шиг... Гол нь үүгээр юу хэлэх гээд байна вэ гэвэл бид өдөр тутмын хоол унд, амттангаар угаасаа дутаагүй. Гагцхүү бидний self identity болох Монгол гэдэг газраас ирсэн үмх хиам тал нутгийг минь амтагдуулах шиг болж арай л нүдний нулимс цийлэлзсэнгүй. (жаахан уран зохиолын хэтрүүлэл шүү. хэхэ) Гэтэл яг үнэндээ хиам гэдэг маань өөрөө Монгол үндэсний “юм” мөн бил үү? Гагцхүү бид Монголд хэрэглэж дадсан болохоор л, Монголоос ирсэн болохоор л энд байдаггүй болохоор нь л (байгааг нь хиам гэж хэлэхэд бас арай хэцүү) бид Монгол “юм” хэмээн хүлээж авах ажээ. Яг үүнтэй төстэй жишээ Монголд үйлдвэрлэдэггүй боловч Монголд бидний татдаг байсан тамхи, Эрээн Бээжингээс ихэвчлэн орж ирдэг боловч Монголынх юм шиг л бидний биед зохицдог хувцас хунар, ахуйн хэрэгцээний жижиг сажиг хамаг л зүйл дээр илэрч “Монголоос ирсэн” гэдэг хоёр үг нь л тухайн барааны үнэ цэнийг илтгэх ажээ. Тэгэхээр үндсэрхэг ч юм уу үндэсний ч юм уу тэр үзэл яг үнэндээ юуг илэрхийлдэг юм бэ?
Саяхан хэд хоногийн өмнө Энэтхэгийн Махараштра мужийн нэг нөлөө бүхий улстөрч өөр бусад мужуудаас ирсэн хүмүүс ажлын байрыг нь ихээр эзэгнэх болж Махараштра хүмүүс өөрсдөө дандаа ажилгүй байна, иймээс тэдгээр хүмүүс нутаг руугаа буцацгааж Махараштра хүмүүст ажлын байрыг нь султгаж өгөх хэрэгтэй гэсэн утгатай юм ярьчихсан бололтой. Ядуу, боловсролгүй хийх юм нь олдохгүй гудамж метрлээд явж байдаг түм буман Махараштранууд энэ үгэн дээр дөрөөлөөд босохгүй яах вэ. Өөрсдөөс нь өөр царай зүстэй, өөр аялгатай хэлээр ярьж байгаа л бол барьж авч зодож нүдээд нэлээн л юм болсон бололтой. Мань мэт нь ч хомрогонд нь өртчихөөс айж гэртээ бүгэж суусаар байтал саяханаас нэг юм намжлаа. Үүнийг яг ямар үзлээр гарч ирдэг ямар –изм гэх вэ гэдэг тун хэцүү санагдаад байгаа юм. Энэтхэгүүд нь Энэтхэгүүддээ үндсэрхэг үзэл гаргалаа ч гэлтэй биш. Гэхдээ ямар “мужирхаг” үзэл ч гэлтэй биш. Манайхны “дов жалганы” үзэл гэдгээс арай өргөн хүрээнд илүү олон хүн хамраад байгаа болохоор Монголд сумын төвийн хэдэн залуус өөр сумынханыг барьж авч зодож байгаатай жишиж арай л болохгүй байгаа юм.
Надад бодогдож байсан ганц зүйл маань гэвэл энэ Self Identity гэх махчилж орчуулвал таних тэмдэг хэмээх зүйл л энэ бүхэнд буруутай юм шиг. Хүний нийгэмд хэн нэгэн нь онцгой содон авъяас чадвартай л нэгэн биш бол зөвхөн өөрөө өөрийгөө илэрхийлнэ гэж хэзээ ч байхгүй байх. Ядаж өөрөөс нь арай дээгүүр байр суурь бүхий ямар нэг грүп, бүлэглэлийн төлөөлөл болж байж амьдрах боломжтой байдаг. Даяаршил интеграцийн дарамт хаа сайгүй болсон өнөөгийн дэлхий ертөнцөд томоохон нийгмийн өчүүхэн хэсэг болж явах нь хүнд эргээд асар их стресс авчирдаг бололтой. Үүндээ ч тэр том нийгмээс ялгарах өөрийнх нь таних тэмдэг болох өнөөх Self Identity гэдэг юм руу хошуурдаг байх. Self Identity нь юу ч байж болно, тухайн хүний эх орон, амьдарч байсан хот, сурдаг сургууль, арьсны өнгө, шашин, хэл соёл бүгд орох байх. Жишээ нь Пүнегийн их сургуулийн оюутнууд дотроос бид гадаад оюутан гэдгээрээ ялгарах жишээтэй. Гадаадууд нь нэг дор, Энэтхэгүүд нь нэг дороо бөөгнөрөөд л. Дахиад гадаад оюутнууд дотроос мань мэт нь онигорууд хэмээгдэх Непал, Бутан, Япон, Солонгостойгоо илүү ойрхон байх жишээтэй. Энэ хэд дотроосоо ч дахиад Монголчууд гэдгээрээ ялгарна. Яг үүнтэй адилхан Арабууд ижил хэлээр ярьдгаараа дотроо нийлж байхад, ижил шашин шүтдэгээрээ Ирануудтайгаа мөн ойрхон.
Энэ бүхэн байх хэрэгтэй эсэх, зөв бурууг бүү мэд. Гагцхүү хүн төрөлхтөний хувиа хичээсэн зан нь өдий хэмжээний хөгжилд хүргэсэнтэй адил энэ үзэл ч бас бүлэглэлүүдийн хооронд өрсөлдөөн гаргаж ирдэг байж магад. Монголд “би үндсэрхэг үзэлтэн” хэмээн цээжээ дэлдэж скандал үүсгэн, рок хувцаслаад (тийм л үндсэрхэг юм бол яагаад Монгол дээл өмсөж хужаа нартай зодолддоггүй нь сонин) явж байдаг нөхдүүдийг ч нэг талаас буруутгахын аргагүй юм шиг. Тэд ч бас ялгаагүй л Self Identity гээч зүйлээ, Монгол гэдэг нэрээ гаргах гэж хичээж яваа нь үнэн. Гагцхүү үүнийг тэмцэл биш өрсөлдөөн гэдэг утгаар нь л хүлээж авах ёстой болов уу…