Sunday, March 28, 2010

Тогтворгүй хөгжил буюу ирээдүйгээсээ хулгайлж амьдрах нь

Өчигдөр орой “Эх дэлхийн цаг” энэ тэр гээд нэг цаг цахилгааны хэрэглээгээ хязгаарлахыг уриалсан уриа хаа сайгүй явав даа. Уг нь ч сайхан зөв санаачлага, хэрэгжүүлж чадаад үр дүн гардаг бол сайхан л санаа. Гэхдээ өнөөгийн бидний амьдарч буй нийгэм, өнөөгийн бидний хэрэглэж ашиглаж буй бүхэнтэй харьцуулахад нэг цаг цахилгаан ашиглахгүй таг харанхуй байх нь “том өрөө рүү таавчиг шидсэн юм шиг” л үр дүнтэй эд шүү дээ.

Хөгжил дэвшил гэдэг хүний өөрийнх нь мөн чанар ажээ. Үүгээрээ л бид бусад амьд бодгалиас ялгагддаг байх. Өөрөөр хэлбэл “тэд” орчинтойгоо дасан зохицож хөгждөг бол “бид” орчноо өөрсдөдөө тохиромжтой байдлаар өөрчлөн шинэчлэдэг. Тэгэхээр аливаа өсөлт хөгжилтийг буруутгах нь утгагүй. Ямар С.Жавхлан шиг хөдөө гараад гэр бариад амьдаръя гэлтэй биш. Гэхдээ бидний өсөж хөгжиж буй арга барил маань хэр “тогтвортой” вэ буюу бид энэ байдлаараа хэр удаан хөгжин дэвжиж чадах вэ гэдэг л хамгийн чухал.

Хэдхэн жилийн өмнөхтэй харьцуулахад Монгол улс чадлынхаа хирээр хөгжчихөөд байна. Бидний нүдэнд үл анзаарагдах жижиг сажиг шинэчлэл, сайн сайхан өөрчлөлтүүд “мянгын дугуйны” хурдаар ч гэлээ бий болсоор л байна. Худлаа гэвэл цонхоороо харахад чинь л жип хөлөглөж брэнд хувцасласан нөхдүүд хаа сайгүй дүүрэн. Яаж үүнийгээ олж авч, энэ нь нийгмийн хэчнээн хувийг эзэлж буй нь бол тусдаа асуудал. Гэхдээ л ямар нэгэн байдлаар бид урагш тэмтчиж бүдчин алхсаар л байна.

Өнгөрсөн намар сар гаран хөдөөгүүр ажил амралт хослуулан тэнэж үзлээ. Хөдөөний малчин айл миний багын төсөөлөлөөс тэс өөр болжээ. Ядаж л багаар бодоход нарны зай хураагууртай, түүгээрээ зурагтаа үзээд хотын мань мэтийн үзэж амжаагүй байгаа киног хүртэл DVD –р худалдаад авчихсан, айлд ядахнаа нэг хүн гар утас барьдаг гэхмэтчилэн сайн сайхан зүйлс зөндөө л байна. Гэхдээ энэ бүх хөгжил дэвшлийн үнэ цэнэ юу вэ? Ийм үнээр бид цаашид хөгжсөөр байвал хаа хүртэл хол алхах вэ гэдгийг л тооцох хэрэгтэй.

Ганцхан жишээ: Нэг километр сайжруулсан шороон зам тавихад багаар бодоход ойр ойрчных нь нэг квадрат километр талбай сүйддэг гэнэ. Зам тавьж байх явцад машин тэрэг тойрч өөрсдийнхөө зам гаргаж явна, зам анги зардал хэмнээд яг хажуугийнх нь шороог ухаж кариер босгоод шороон засмалаа тэгшилнэ гэх мэтчилэн. Худлаа гэвэл Сүхбаатар аймгийн Дарьганга сум руу ганц яваад л үз. Зам зуур өөрийн эрхгүй сэтгэл чинь өвдөх вий.

Арай томхон жишээ үзье. Дэлхийн газрын гадарга орчмын дундаж температурын өөрчлөлт 2.0 С –ээс илүү дулаарахад дэлхийн экосистемд ноцтой өөрчлөлт гарна гэж үздэг гэнэ. Харин сүүлийн 100 жилийн дотор хүний үйл ажиллагаанаас 90% нь хамаарч 0.74 градусаар дулаарчихаад байна. Монгол орны хувьд 1940-2007 оны хооронд газар орчмын агаарын температур 2.1 С –ээр дулаарсан гэх мэдээ байна. Үүнд хамгийн түрүүнд нөлөөлж буй хүчин зүйлсийн нэг бол 2006 оны байдлаар улсын хэмжээгээр 141,469 автомашин замын хөдөлгөөнд оролцож байсан бол 2007 он гэхэд 161,989, 2008 он гэхэд 190,459 автомашин та бидний унаа болоод явж буй нь яах аргагүй мөн.

Тэгэхээр мянгын дугуйгаар ч гэсэн хурдлаад буй улс орны маань өсөлт хөгжил биднийг хааш нь дагуулна вэ? Ганцхан жилийн дотор 2 сая гаруй хүн ам багаар бодоход 20,000 автомашин худалдаж авч байна гэдэг биднийг тодорхой хэмжээнд урагшлаад байгааг харуулж байна бус уу? Харин үүний төлөөс нь юу вэ гэдгийг та бид эртнээс бодох шаардлагатай болж байх шиг байна. Ядаж л нийтийн тээвэр гээч юмийг арай боловсронгуй болгож жил болгон машин авах шаардлага гараад буй тэр 20,000 хүнийг төрийн бодлогоор цөөлөхөөс энэ бүхэн эхэлнэ.

Дараагийн жишээ. Та доорхи зурган дээр буй цэнхэр толбонууд юуных гэж бодож байна?


Цэвэр усны хангамж, ой модны эзлэх хувь, бүр байгаад цөлжилтийн район ч биш. Энэ бол Монгол Улсын Засгийн газраас 2008 оны байдлаар ашиглалтын болоод хайгуулын лиценз олгогдоод буй газрууд. Өөрөөр хэлбэл хэзээ нэгэн цагт ухаад хөрсийг нь эргүүлж хаях хамгийн магадлалтай газрууд гэсэн үг. Нийт 1.5 сая кв.км эх орны маань 60% одоогийн байдлаар хэзээ мөдгүй ухагдах магадлалтай болчихоод байна гэсэн үг. Тэгээд юу гэж үү?

“Уул уурхайн ашиглалт олборлолтыг байгаль орчинд халгүй техник технологи ашиглан явуулах ёстой боловч 2007 оны зун хийсэн үзлэг шалгалтад 21 аймгийн нутаг дэвсгэрийг бүрэн хамруулсан алт олборлох үйл ажиллагаанд химийн хортой бодис ашиглалтын үзлэг явуулахад гар аргаар алт ялгах үйл ажиллагаандаа мөнгөн ус, цианит натри хэрэглэх нь түгээмэл байгаагаас Баянхонгор аймгийн 13, Өмнөговь аймгийн 51, Дорноговь аймгийн 16, Булган, Төв аймгийн нутагт тус бүр 2, Сэлэнгэ аймагт 5, Дархан-Уул аймагт 3 цэгт, нийт 37.3 га талбай мөнгөн усаар бохирдож, зөвхөн эдгээр аймгуудын нутагт л гэхэд 200 гаруй мянга орчим тонн шлам үүссэнийг илрүүлж хууль бус алт олборлогчдын 57 тээрмийг хурааж, 16 кг мөнгөн ус, 1 тонн 200 кг цианид илрүүлж хураажээ. Зөвхөн Өмнөговь аймгийн нутагт 51 тээрэм ажиллуусны уршгаар 25 мянга орчим тонн шлам шороо үүссэнийг тогтоож, нийт 18.06 га талбай бохирдсон байжээ” (“Байгаль Орчны Тогтвортой байдлыг хангах” Мянганы хөгжлийн 7-р зорилтын бодлогын судалгаа, үнэлгээний ажлын тайлан. М.Батбаясгалан. 2009 он)

Дээр өгүүлсэн шлам гэдэг нь усны бохирдолыг хэлдэг гэнэ. Шлам шороо гэхээр бохирдсон усанд хордсон хөрсийг хэлж буй бололтой. Өөрөөр хэлбэл зөвхөн 2007 оны байдлаар (түрүүний дурьдсан газар нутгийн 60%-ийг биш) ухаад буй газар нутгаас шалтгаалж нөгөө сайхан магтан дуулаад байдаг Монголын тал нутгаас чинь 18.06 га талбайг ямар ч зориулалтаар ашиглах боломжгүй болсон байна гэсэн үг.Нэг ёсондоо таны хүнсэнд хэрэглэх мал амьтан бэлчих, ногоо цагаа тарих, үр хүүхэд чинь түүн дээр тоглож хөрвөөх, та өөрөө гадна дотны найзууддаа бахархаж дээр нь пиво ууж хэвтэх талбайнаас өдий хэрээр хоргодож байгаа ажээ.

Үүнд оройтоогүй байгаа дээр нь бидний хийж болох ганц л алхам байна. Ардчилсан нийгмийн (хэрэв үнэхээр бидний амьдарч буй нийгэм ардчилсан бол шүү дээ) гишүүний хувьд та таныг төлөөлөн сонгогдож буй эрх баригчид өнөөдөр таны гарт атгуулах 70,000 төгрөгний төлөө биш ирээдүйд үр хүүхдийн чинь амьдрах орчныг бодож төлөвлөж шийдвэр гаргахыг шаардах эрхтэй. Түүнээс төв талбай дээр хаврын нэг сар майхан барьж хэвтээд та бид хоёрыг шизотой, эсвэл овоо мөнгө авчээ л гэж үзнэ үү гэхээс илүүд тооцох амьтан олдохгүй байх. Угаасаа монголын нийгэмд хэчнээн зөв үзэл санааны төлөө байсан ч жагсаж тэмцээд эрх баригчдад дуу хоолойгоо хүргэсэн гэж бодох нь ургаа хад руу цуурайтуулан хашгираад хэзээ нурж унах бол гэж хүлээхтэй ялгаагүй зүйл болсон байх.

За тэгээд зав гарвал энэ тал дээр үргэлжлүүлэн жоохон ноцтой бичихийг хичээх болноо.