Wednesday, July 02, 2008

God bless Mongolia

Өчигдөр болсон явдлыг бүгд л их бага хэмжээгээр үзэж сонсоо байлгүй. Би ч өдөржин www.news.mn уншиж байгаад орой гараад явж байхад МАХН-ы байрнаас хар утаа суунаглаж байсан. Галын дөл өөдөө гэсэн шүү юм бодоод холуур тойрч хариад шөнөжин зурагтаар шууд нэвтрүүлэг үзэж суулаа.
Би учиргүй МАХН-ыг үзэн ядаад байдаггүй. Энэ нам бол Монголын түүхийн нэлээн томоохон хуудас мөн. Гэхдээ уг нь тэр хуудсандаа л үлдсэн бол дээр байх байсан юм. Харин өчигдрийн хувьд гэвэл би энэ дүүрчихсэн радикалуудын эсрэг МАХН-ын гишүүн болчихмоор л санагдаж байсан.
Гэхдээ яагаад ийм байдалд хүрэв ээ гэдэг бас их сонин. Харж байхад ихэвчлэн л такси, микрийн жолооч, хар захын наймаачид, бүр гудамжны архичид хүртэл харагдаж байна лээ. Нэг их боловсролтой хүмүүс ийм зүйлд орооцолдоод байхгүй байсан байх.
Яагаад эдгээр хүмүүс ийм байдалд орчихов оо. Үүнд ганц Ц.Элбэгдорж, С.Баяр ч юм уу Батзандан, Магнай нь ч юм уу буруутай юм биш ээ. Үүнд би ч, та ч бид бүгд буруутай. Нийгмийн боловсролтой хэсэг нь энэ хар массаа гэгээрүүлэх үйлсийг олигтой зохион байгуулж чадаагүйдээ бид бүгд буруутай.
Баруунд ч, хаа ч гэсэн улстөрчдийн турхирснаар нийгмийн доод хэсэг иймэрхүү үймээн самуун дэгдээдэг л байх. Үүнээс ноцтой болдог нь ч бий. Их Наймын уулзалт Дэлхийн банкны уулзалт энэ тэр бол хүний амь эрсдэхгүйгээр болно гэж бараг байдаггүй бололтой.
Ганц ялгаа нь гэвэл тэнд хүмүүс үзэл бодлынхоо боол нь болж жагсдаг бол манайд зүгээр л согтуу хөөрсөн залуучууд, архины мөнгө олчих санаатай хамаг юм тонож, бусдыг хохироож жагсдаг бололтой. Үүн дээр л бид нийгмээ соёлжуулах, жагссан ч үзэл бодлынхоо төлөө жагсах, хотжуулж иргэншүүлэх тал дээр бусаддаа туслах ёстой байх. Яг үүн дээр л бидэн шиг залуус хүчээ нэгтгэн хотын соёл, хотын боловсрол, үзэл санааныхаа эзэн байх зэрэг үнэ цэнэт зүйлсийг бусаддаа ойлгуулахад туслах ёстой. I love new UB мэтийн клубууд үүн дээр л голлож ажиллах ёстой байх.
Юутай ч сонгууль дуусангуут бүх юмний үнийг нэмж нийгмийн стресс дээд цэгтээ тулчихсан байх үед нь олон юм ярьдаг улстөрчид нь даарин дээр давс нэмж хөөрөгдөөд эцэст нь хүний амиар золиос хийсэн нэг тийм л үнэ цэнэтэй цуглаан болох шиг боллоо . Ямартаа ч God bless America хэмээх алдарт үгийг дуурайж "Эх орныг минь бурхан ивээг!" хэмээн залбиръя даа...

1 comment:

zayaka said...

Би гэж нэг хүн аль өнгөрсөн, хуучирсан бичлэгүүд дээр чинь коммент үлдээсээр л байх юм...
Энэ бичлэгтэй чинь санал харин нийлэхгүй юм байна. 7-р сарын 1-ний өдөр МАХН-ын гадаа цугларсан хүмүүсийг хар масс гэж төлөөлүүлж болохгүй болвуу. Хар масс, соёлгүй, боловсролгүй хэсэг байлаа ч ард түмний нэг л хэсэг. Гэхдээ тэнд манай найзын ээж (боловсролоороо хэнээс ч дор орохгүй хүн шүү) 60 настай хүн очиж жагссан гэж байгаа. Яахав ганц, хоёр чулуу авч шидсэн гэж ч хэлж байна лээ. (яанаа, ТЕГ-ийнхан мөрдөж мөшгиж байгаад шорон руу аччихвий дээ). Би хувьдаа тэнд цугларсан хүмүүсийг сонгуулийн булхианаас гадна ядуурал, ажилгүйдэл, авлигаас болж цугларсан гэж боддог. Мэдээж тэр дунд тэнүүлчин, илүү харсан юмаа цохичихсон гэсэн, хөөрсөн түмэнгүүд байсан нь ойлгомжтой. Гэхдээ гудамжны хүмүүс байлаа гээд, хулгайч нар байлаа гээд буудаж хороож болохгүй. Бөөнөөр нь хомроглон шоронд эрүүгийн гэмт хэрэгтэн адил, эсвэл 14 тэрбум төгрөг завшсан хүмүүстэй адил хорьж болохгүй байх. Монголчуудыг хооронд нь мөргөлдүүлж чадсан МАХН ч “мундаг” шүү.