Wednesday, October 22, 2008

By Order

Саяхан Пүне хотын захиргаанаас байгаль орчны бохирдлыг багасгах үүднээс олон нийтийн газар тамхи татахыг хориглосон шийдвэр гаргажээ. Энэ нь гудамж талбай, явган хүний зам энэ тэр гээд өөрөөр хэлбэл тамхичин хүн гэртээ эсвэл бүрэн зөвшөөрөгдсөн бар энэ тэрд л тамхиа чөлөөтэй татах эрхтэй үлдлээ гэсэн үг.
Өндөр хөгжилтэй улс орнууд энэ асуудлыг яаж зохицуулдагийг бүү мэд. Ямар ч байсан тамхиныхаа хогийг хаямаар байсан ч олигтой хогийн сав олддоггүй Пүнегийн 6 сая оршин суугчдад энэ шийдвэр бол амьдралынх нь хэмнэлд нэг их өөрчлөлт оруулсангүй бололтой.
Ганц ялгаа нь гэвэл хаа сайгүй "No Smoking By Order" гэсэн бичиг наасан байх ба хажууд нь оюутан байрын залуучууд хээвнэг тамхиа татаад зогсож байх. Очоод энд тамхи татаж болох юм уу гээд асуухаар өөдөөс нэг ёжтойхон хараад "By Order" (захирамжийн дагуу) гэж хариулна.
Амьдралаас хол хөндий сансрын хууль баталж тэрийгээ мөрдүүлэх гэж хэд хоног зүтгээд дараа нь цаасан дээр нь орхидог хэвшмэл үзэгдэл нь Энэтхэг, Монгол хоёрыг даанч адилхан болгож харагдуулах юм...
Саяхан энэ зун Монголд байхдаа хэдэн ном зарсныхаа мөнгийг олж авах гэж Хүн Амын Орлогын Албан Татвар гээч юмийг төлж үзлээ. "Татвар буй дор төр буй" гэж өөртөө хэлээд л нэг их шударга иргэн болоод татвараа төлөх гэтэл татварын байцаагчийн амнаас гармааргүй үг сонсоод мэл гайхаж билээ.
"100 мянган төгрөг авч байгаа тэрнийхээ татварыг төлнө" гэтэл өөдөөс шууд "30,000-ыг өгчих" гэдэг юм байна. Гайхаад "Хүн амын орлогын албан татвар чинь тийм өндөр биш биз дээ. Тэгээд ч номны орчуулга гэвэл хуулиараа 5% л юм билээ ш дээ" гэтэл өөдөөс нэг их ёжтой харснаа "За чи хэрэв тэгж их хууль журмынх нь дагуу явах гээд байгаа юм бол..." гээд л ийм бичиг тэндээс, тийм бичиг эндээс гэх мэтчилэн нэг амьсгаагаар баахан юм дуржигнуулчихав.
Сонсоод л шууд ядраад дуу ч зөөлөрч аргадангуйгаар "Хууль журамгүйгээр явна гэвэл яах уу эгчээ?" гэтэл "Тэгээд л 30,000-аа өгчих" гэдэг юм байна. За би ч тэгэхээр нь ядарсан оюутан энээ тэрээ гээд түмэн зовлон тоочин амьдралаа өгүүлж байж Нарантуул дээр үнэ "ярихын" дайтай юм болж байж арай гэж хэдэн цаас буулгаж төлөөд хоёр яс салж билээ. Одоо тэр байцаагчийн нэрийг бичээд аягүй бол бид хоёр хэн хэн нь авилгатай тэмцэх газар явах хэрэг гарч магад учир шударга царайлж байгаа нь тэр гээд ээж шигээ хүнийг хоолноос нь салгаад юүх вэ.
Саяхан Ямааны ноолуурын нөхөн олговорын хууль гээд л бас нэг марзан юм баталж байх шиг байсан. Амьдралдаа ямаа самнаж ч үзээгүй над шиг амьтан хэдэн сар сууж байж орчуулсан номныхоо мөнгөнөөс өгсөн татвараа ямааны ноолууранд зориулна гэхээр гол харламаар л санагдаж байна. Хөөрхий хэдэн малчид гээд л subsidize хийгээд байдаг өнөөдүүл нь махныхаа үнийг буулгана гэж байхгүй хөгшин болсон муу аав ээж хоёрыг минь хаврын хавсрага, намрын салхинд борцтой хоолтой хонуулж л байгаа. Насаараа тэдгээр ямаачингуудын өвчин хууч хамаг юмтай ноцолдсоор байгаад бие ч үгүй болж гүйцсэн тэр муу хоёрт маань ямааны ноолуурын мөнгө ямар үр өгөөж өгөх юм бол?
Хамгийн гол хэлэх гэсэн санаа маань By Order гээд цаасан дээр л биелдэг баахан хуультай өнөөх нь амьдралд зохицож өгөхгүй болохоор ард иргэд нь яаж ийгээд цаасан хууль, амьдрал хоёрын дундуур эвтэйхэн "зохицож" дөнгөдөг нэг тийм систем рүү манайх яасан ч эвлэгхэн яваад орчихоов дээ. Тэрбум гаран хүн амтай Энэтхэгт бол мэдээж хууль сахиулахад хэцүү байдаг биз. Харин Пүне хотын иргэдийн талд нь ч хүрэхгүй хүн амтай Монголд маань ийм олон хууль "зохиогч" болон сахиулагч нар юу хийж байдаг юм бол оо?
"Цуст алмаз" гээд хэдэн жилийн өмнө нэлээн шуугиулж байсан нэг кинон дээр гардаг даа. Африкийн "чанга" амьдралын талаар сэтгүүлч хүүхэн манай гол баатраас юм асуух гэхээр өнөөх нь TIA гэж хариулчихаад яваад өгдөг. Хүүхэн гайхаад араас нь чангааж TIA гэж юу гэж байгаа юм гэхэд залуу "This Is Africa" (Энэ бол Африк) гэж хариулчихаад яваад өгдөг. Энэ киног гарсны дараа бидний хэдэн гадаадууд Энэтхэгийн "хэцүү" хууль журамтай яаж ийгээд "зохицох" болохоороо толгой сэгсрээд л TII (This Is India) гэхээс өөр аргагүй болдог юм. Монголд маань ч гэсэн хэчнээн гадаад TIM (This Is Mongolia) гээд бидэн шиг бултах арга зам хайж суудаг бол доо...

6 comments:

Мика /美香/ said...

Санал нэг байна. Цаасан дээр биш амьдрал дээр хэрэгждэг бол манайхны сэтгэхүй, ухамсар шал өөр л байхсан..

бас тэр ноолуур гэдэг шиг малчдыг шүүмжилчмээр нэг юм байнаа. Малчид гэж мах, ноолуур, цагаан идээ энэ тэрээ зараад улаанбаатарын чинээлэг айлын хэмжээнд амьдардаг. Тэгсэн хирнээ өвөл зуд болоход чухам л миний хамаг мал үхчихлээ, туслаач гээл гүйгээд байдаг. Улс "сайхан сэтгэл" гаргаж бидний төлсөн татвараас дахиад л хэдэн төгрөг гаргаж тусламж зохион байгуулна. Малчид хохирлоо "улсаар" төлүүлчихээд махаа үнэд хүргэсээр, бид хадан аврсан үнэтэй мах идсээр...
Үнэндээ хувь хүний өөрийн болгоомжгүйгээс болж гарсан хохирол болгоныг улс төлөөд байвал цаашид юу болж хувирах вэ?? за за шүүмжлээд байвал өчнөөн асуудал байна. Дуусахгүй байх, TIM (This Is Mongolia)...

Ninjka said...

Малчдын амьдрал наанаа Микагийн хэлсэн шиг л ойлгогдоод байгаам. Үнэн хэрэг дээрээ малынхаа махыг үнэд хүргээд баяжаад байгаа юм байхгүй л юм билээ. Дэлгүүрийн лангуунд нэг үнэтэй, газар дээрээ тэс өөр үнэтэй байдаг. Энэ дунд ченжүүд л ажиллаж байх жишээтэй.

Хөдөөгийнхний амьдрал их хүндэрсэн байна лээ. Ялангуяа суурин газрынхны. Монгол орныг тэжээж байгаа малынхаа талаар нөхөн олговор молговор гэж нэгхэн удаагийн нүд хуурсан ажил хийснээс малыг зөв зохистойгоор өсгөх, эрсдлээс хамгаалах зөв боплого хэрэгжүүлмээр байгаам.

Pearle Deppsu said...

Би юугаа мэдхэв. Гэхдээ монголд жаахан либерал гарууд хэрэгтэйм шиг байгаан.

Зөө би юугаа мэдхэв

Erdenee said...

Sain uu,

Germand bol tamhi tatah zuvshuurultei gazar l tatahgui bol chamaig shorond avaachaa l hiichjina. yadah yumgui. Ugaasaa huuli zurchinu gecen oilgolt dundaj bolon tuunees deesh davhargiin german hunii tolgoind baidaggui. Irgenii niigem jinhene utgaaraa baidag gej. Manaid ch gecen baisan l da. Manai yeiihen daanch chinii bichsen shig uhrees teneg boltzgooson, heleh ch ug alga.

ZAYA said...

TIM (This Is Mongolia)...
сайхан бэлэн хариулттай боллоо.

A Girl in a Field said...

Olon myangan yamaatnuudiin tsoongui ni mongol yamachdiig holsondog gadniihan baidag gej duulsanaa sanav