Monday, January 26, 2009

Логикийн алдаатай Ертөнцийн Эзэн

Ийм гарчиг өгснөөрөө би хэн нэгний шашин шүтлэгийг муучлах ч юм уу дайрч доромжлох гэсэнгүй. Харин саяхан болж өнгөрсөн Далай ламын номын айлтгалд сууж байхад тэрээр иймэрхүү утгатай үг хэлж байсныг давтсан ухаантай юм.
Жил бүр Далай лам Энэтхэгт талаар нэг тарсан Төвдүүдийн бараг үндэсний баяр болдог номын айлтгал хийж тэднийгээ төдийгүй дэвэн дэлхийн Буддистууд цуглардаг томоохон цугларалт хийдэг. Энэхүү номын айлтгал нь жил бүр өөр өөр газар болох нь олонтаа ч ихэвчлэн өөрийнх нь амьдран суудаг Дарамсала хотод болдог. Сүүлийн гурван жилд миний мэдэхээр Дарамсала, Гоманг, Варанаси гэсэн газруудад болсон. Уг айлтгалын үеэр Далай лам шашны сургааль бүхий аль нэг ном барьж авч уг номын утга учрыг сүсэгтэн олноо тайлбарлаж өгдөг. Тэрээр Төвдөөр номоо айлдахад зэрэгцүүлээд синхроноор Англи, Хятад, Орос, Тайланд зэрэг хэлээр давхар орчуулга хийж явдаг. Жижиг жижиг ЭфЭм станцууд байрлаж үүнд аль олон байгаа мөргөлчдөд зориулан тухайн хэлээр нь орчуулах орчуулагч давхар ажиллаж станцаар цацдаг. Өөрөөр хэлбэл чихэвчний хөгжмөөр Далай ламын Төвдөөр юу ярьж байгааг зэрэгцээд сонсоно гэсэн үг. Монголоос мөргөлчид олноор очдог тул энд сурдаг лам нараас хамгийн удсан нь ихэвчлэн Монгол хэл рүү зэрэгцүүлэн орчуулж мань мэтийг сонорыг мялаах болдог.
Энэ жилийн айлтгал дээр Далай багшийн ярьж байсан зүйлээс санаанд тод үлдсэн нь гэвэл «Олон хүний хувьд энэ ертөнцийг бүтээгч, ертөнцийн эзэн хэмээх хүчирхэг бурхан байх нь санаа зовох зүйлээс нь хөнгөлж итгэл найдварынх нь түшиг болж өгдөг. Өөрийг нь авран хамгаалагч хүчирхэг бурхан байгаа гэсэн бодол нь хүний амьдралыг хамаагүй амар хялбар болгож айсан эмээсэн үед нь түүнийг энэхүү хүчирхэг бурхан ивээлдээ авч яваа гэдгийг санаж өөрийгөө зоригжуулж байдаг. Буддын шашин энэ тал дээр бусад ихэнх шашнаас тэс ондоо байр суурьтай байдаг. Ертөнцийг бүтээгч хүчирхэг эзэн байна гэдэг маань тэрхүү хүчирхэг эзнийг бас бүтээсэн хэн нэгэн байх ёстой гэсэн логикт хүргэж байгаа юм. Үгүй бол тэрхүү бүхнийг чадагч хаанаас гарч ирсэн байх вэ? Харин Буддагийн сургаалиар бол энэ ертөнц маань асар олон жилийн тэртэйгээс үйлийн үр хуралдах замаар бий болсон буюу математикийн хэлээр бол infinite (хязгааргүй) цаг хугацааны өмнөөс өөрөө өөрийгөө бүрэлдүүлэн бий болсон гэдэг. Энэ ертөнцөд бүтээгч эзэн гэж байхгүй. Хүн бид өөрсдөө бурхан юм. Бид өөрсдийн муу сэтгэл нисванисаас салж чадах аваас энэ ертөнцийн нигүүлсэл энэрлийн эзэн болж бурханы хутагийг олох юм.»
Энэ талаар дурдсан ном сонин хаа сайгүй л байдаг. Харин миний хувьд гурван жил дараалан Далай багшийн номонд сууж ойлгосон багахан зүйл маань гэвэл бид тодорхой итгэл бишрэлтэй байх ёстой. Ингэж байж амьдрах эрч хүчээ олж авна. Гэхдээ энэ нь харь хэлээр ном уншиж гүрэм хийх лам, эсвэл алтадсан бурханд итгэх итгэл биш харин өөртөө, өөрөө бүгдийг хийж чадна гэдэгтээ итгэх итгэл, оюун санаа болоод үйл хөдлөлөөрөө буян үйлдэж сайн сайхныг сэтгэж бүтээж байснаар энэ нас болоод хойд төрөлдөө дээдийн хутагийг олж зовлонгоос салах тэрхүү итгэл маань байх юм.
Бурхан багшийн номолсон дөрвөн үнэний дагуу бол:
1. Зовлон үнэн
2. Зовлонгийн шалтгаан үнэн
3. Зовлонгоос гарах нь үнэн
4. Зовлонгоос гарах зам үнэн гэсэн байдаг. Энэ ертөнцөд амьд амьтаны биеийг олж төрсөн л бол зовох нь үнэн. Өвдөх шаналах, өлсөж цангахаас эхлээд зовлон юу эс мундах билээ.
Энэхүү зовлон бас өөрийн гэсэн шалтгаантай байх ёстой. Урьд өмнөх төрөлдөө эсвэл энэ биеийг олоод ч юм уу хүн өөрийн мэдэлтэй, мэдэлгүйгээр оюун санаа, хэл, үйлдлээрээ нүгэл үйлдэн эргээд энэ нь өөрт нь үйлийн үр болж зовлонгийн шалтгаан үүсгэж өгдөгийг мэдэхгүй явдаг.
Өөртөө зовлон зүдгүүрийг үүсгэж байгаа тэрхүү муу сэтгэл нисванисаас салж чадах аваас хүн цаашид бий болох зовлонгоо цэглэж Бурхан болох болно гэсэн энэхүү замаар Бурхан Багш 2700 гаран жилийн өмнө замнаж өдгөө энэхүү сургааль нь үе улиран дамжсаар яваа билээ…

Бага байхад Ийгл телевизээр гардаг байсан Шинэ Гэрээгээр хийсэн хүүхэлдэй ихэд сонирхол татдаг байж билээ. Арай томроод Германд байхдаа Евангели судрыг хальт мөлт ойлгон Германаар уншиж байсан маань ч санаанд тод. Дараа нь Энэтхэгт ирсэн хойноо Араб найзуудаасаа хялбаршуулсан Коран авч үзэхэд маань ч өөрийн эрхгүй сонирхол төрж л байлаа. Харин энэ бүхнийг сонирхон судалж явахнээ хэзээ ч билээ нэг номноос уншиж байсан «People believe what they want to believe» (Хүмүүс юу хүснэ түүндээ л итгэдэг) гэсэн үгс санаанд орж байх ажээ…

Saturday, January 24, 2009

Ариун Ганга

Шүүдрийн дуслаар цай чанаж өгвөл эхийн ачийг хариулдаг юм хэмээх хэлцтэй синоним болов уу гэмээр Ариун Гангын усаар цай чанаж өгч эцэг эхийн ачийг хариулдаг утгатай дууны үг, зохиол би нэлээн хэд харж байсан юм билээ. Бодвол аялал жуулчлал сайн хөгжөөгүй байсан тэр үед Монголоос хаа байсан Энэтхэг хүртэл бэдэрч ирээд саванд ус хийж аваад буцаж очин цай чанаж өгөх нь шүүдрийн дусал цуглуулахын дайтай хүнд ажил байсан болоод ингэж зүйрлээ байлгүй. Одоо бол ч мөнгөтэй л бол нисч ирээд л ундааны саванд ус хийж аваад буцаад очиход эхийн ачийг хариулчихаж байгаа мэт төвөггүйхэн болжээ дээ. Гэхдээ гол нь тэр усыг авч очин цай чанаж буй тэр сэтгэл л чухал байх.


Ямартай ч Ариун Ганга мөрөн маань байнга тэнд амьдардаггүй хүн харахад тэгтэл ариун харагдахааргүй ажээ. Анх удаагаа очиж байгааг хэлэх үү андуураад хүн чандарладаг хэсэг дээр нь буучихлаа. Хоёр давхар өндөр шаттай барилга байхаар нь энэ дээрээс бодвол гол руугаа хардаг юм болов уу гэсэн шүү юм бодоод алхаад ортол нэг л биш ээ. Үүдэнд нь баахан уйлж унжсан дүнсгэр хүмүүс оочерлоод зогсчихсон цонх энэ тэр ч үгүй битүү харанхуй заал шиг юманд орчихлоо. Ядаж байхад дээр нь байх хаягны дундах үг нь уначихсан чинь «Электрон … газар» гэсэн утгатай юм болчихож. Хаана ороод ирчихэв хэмээн гайхаад хараад зогсож байтал хэд хэдэн зуух шиг юм нүдэнд өртлөө. Тэгмэгц санаанд юу билээ хэмээн сэрдхийгээд эргээд хартал баахан хүний хүүр хажууд эгнүүлээд тавьчихсан байна. Ээ бүү үзэгд гээд гүйх нь холгүй юм гарч явж билээ. Харин сүүлд мэдэхнээ баячуудынх нь хүн чандарладаг газар байсан бололтой. Энэ барилгын хажуу хавиар ядуус чандарладаг буюу шууд гадаа ил задгай хүүр шатааж байгаа хүмүүс зөндөө. Эд нь 1000 рүпий буюу 25 доллар орчимоор нэг хүн чандарладаг юм гэсэн. Баян ч бай ядуу ч бай үхэгсдээс үлдсэн чандарыг Гангын усанд өргөөд дуусдаг гэнэ.


Үүнээс хэдхэн метрийн зайтай хувцас угаалгын газар болов уу гэмээр зүйл бас харагдана. Зогсоол шиг нидрүүлэг хийчихсэн хүмүүс хувцсаа овоолоод угааж байна. Ингээд зогсохгүй доохно талд нь хүмүүс усанд орж хүүхдүүд цаасан шувуу нисгэн эгээ л манай наадмын талбай мэт гадаад дотоодгүй түмэн амьтан хөлхөж байдаг газар ажээ. Энэтхэгийн хаа ч дагаж явдаг гуйлгачид, элдэв бараа зардаг нөхдүүд ч энэ бүхнээс яаж хоцрох билээ.


Ус нь нэг л их ногоорч харласан мэт харагдах энэ мөрөн өөрийгөө цэвэршүүлэх мундаг системтэй хэмээн сонсож байсан. Доогуур нь газрын гүндээ мөнгөний судалтай ч гэл үү ямар ч байсан энэ их бохир заваан болгоноос ус нь өөрийгөө цэвэршүүлээд ширгэж хатчихалгүй байгаад байдаг бололтой. Харин Монголчууд ариун хэмээн нэрлэсэн шалтгаан нь энэхүү усны эрдэс бодистой холбоотой болов уу. Жирийн ус битүү саванд хийгээд хадгалахад хоёр хоногт л өмхийрч хээгтээд сонин болчихдог. Буцалсан ус тэгж хадгаллаа ч үсрээд л нэг сар болоод уухын эцэсгүй болчихдог. Харин Гангын ус саванд хийгээд авахад шар ногоон туяатай харагдах мөртлөө удах тусмаа энэ нь багасч улам тунгалагжин хэдэн жил хадгалаад гаргаж ирсэн ч үнэр ороогүй байдаг юм гэсэн. Хэдэн жил хадгалсан хүмүүсийн амнаас тэгж сонссон. Харин одоогоор миний авчирсан ус арваад хоночихоод байхад битүү саванд ямар нэг үнэр амтны өөрчлөлт ороогүй л байж байна.
Ариун газарт гарч ирэх бизнес санаа ч мундахгүй бололтой. Завиар явж байтал загас авах уу гээд бас нэг завьтай нөхөр асуудаг юм байна. Ийм уснаас барьсан загасаар ч яах билээ. Угаасаа ч хоол хийж чадах биш ухааны юм бодож байтал баахан жижигхэн жараахай хийчихсэн сав үзүүлдэг юм байна. Учрыг нь сонирхохноо загас гээч лусын амьтан нас уртасгадаг. Загасны амь аврахад загас эргээгээд өөрийнхөө насыг аваарай хэмээн ерөөдөг юм гэнэ. Өөрөөр хэлбэл түрист өнөө савтай жараахайг худалдаж авч усанд нь буцааж тавин насаа уртасгах бөгөөд мань загасчин намайг тавингуут буцаагаад өнөө жараахайг барьж аваад дараагийн хүнд зарах юм болов уу даа. Загасчны хувьд бол ямар нэг алдагдал байхгүй тун ч аятайхан бизнес санагдсан. Загас нь үхэхгүй өөрөөс нь юм гарахгүй. Уг нь загастайгаа тохиролцчихдог бол бүр ч амар. Загас нь суларч усандаа ороод л буцаад мань хүн дээр ирдэг ч юм уу. Хэхэ.


Friday, January 23, 2009

Аялал


Сиддхарта Шакъягийн мэндэлсэн газар Лүмбини, Балба


Одоогоос 2700 гаран жилийн тэртээ нэгэн хүү хөл доороосоо лянхуа цэцэг бадамлуулан мэндэлсэн нь өдгөө дэлхийн хүн амын 3-ны нэгийг өөрийн сургаалиар амьдрах зам мөрийг нь олж өгсөн Сиддхарта Шакъямуни (манайхан уг нь Шагжамуни гэдэг. Гэхдээ Хинди галигаараа Шакъя гэдэг юм билээ. Уг хүн нь брахман Энэтхэг хүн байсан болохоор үүнийг нь дагая гэж бодлоо) байлаа. Непаль (Балба), Энэтхэгийн хилээс холгүйхэн байрлах энэ газар жуулчдаар хахаж байдаг боловч оршин суугчид нь нэг л ядуу өнгө муутайхан, өглөө эрт очсон болоод ч тэр үү хэдхэн метрийн цаадах харагдахтай үгүйтэй битүү манан байлаа.


Бурхан багшийн ээж нь түүнийг төрүүлэхийнхээ өмнө усанд орж байсан газар

Бурхан багш Шагжамунигийн гэгээрлийн хутагийг олсон газар Бодгаяа, Бихар муж


Хиндигээр Бодгаяа, Төвдөөр Дорждан, Монголоор Очирт Завилгаа хэмээн нэрлэсэн энэ газар мянган бурхад мэндлэх учиртай ариун газар юм гэнэ билээ. Өдөртөө л хэдэн мянган жуулчид ирж буцаж байдаг энэ их хөлийн газар бурхан багшийн гэгээрсэн бодь модны хажууд МЭӨ 2-р зууны үеийн Энэтхэгийн Ашок хаанаас эхтэй сүрлэг суварга байрлах ажээ. Суварга дотор бурхан багшийг өнгөрснөөс хойш зуун жилийн дараа царайг нь харсан хүн урласан хэмээх бурхан багшийг хамгийн сайн дүрсэлсэн гэгддэг баримал байрлана. Тойроод бясалгалын цэцэрлэг, мөргөлийн газрууд дүүрэн байх ажээ.
Үнэхээр мянган бурхад мэндлэх газар эсэхийг бүү мэд. Гэхдээ арван тавны бүтэн сартай шөнө бодь модны доор мөнх бусын ертөнцийн наадах цаадахыг эргэцүүлэн суухнаа хүмүүний орчлон дахь диваажингийн нэгэн хэлтэрхийг амтлах шиг мэдрэмж төрөх ажээ.


Бурхан багшийн гэгээрлийн хутагийг олсон бодь модны доорхи суудал нь


Бясалгалын цэцэрлэг


Буддын шашин үүссэн цэг буюу Бурхан багш анхны сургаалиа таван шавидаа айлдсан газар болох Сарнат, Варанаси хот


Бодгаяад гэгээрлийн хутагийг олсныхоо дараа бурхан багш будаа идэн сүү ууснаар үзэл баримтлалаасаа ухарсан хэмээн үзэж өөрийг нь хаяж явсан таван шавийнхаа араас явсаар Сарнат хэмээх энэ газар иржээ. Түүний ирж явааг холоос харсан таван шавь нь өнөө «урвагч» гэсэн байдлаар харьцсан боловч түүнд хүнээс ангид ямар нэгэн зүйл байгааг олж мэдрэн өөрийн эрхгүй татагдаж номлолыг нь сонсох болжээ. Бурхан багш Сарнат дахь бугын цэцэрлэгт амьдарч номлолоо айлдаснаар энэ газар бурхны шашны анхны үүсэл цэг болж Загалмайтнуудын хувьд Ерүсалем, Лал соёлтнуудын хувьд Мекка ямаршуу ариун дагшин газар байдгийн нэгэн адил Буддын шашинтнуудын өлгий болон хувирсан юм. Их Британийн колончлолийн үед Сарнат гахайн сангийн аж ахуй болж хувирсан бөгөөд хэдэн мянган жилийн түүхтэй ариун суваргуудаас нь хавь орчны айл амьтан туйпуу сугалж байшингаа барьдаг байсан гэдэг. 1890 онд Сарнатад ирсэн Шри-Ланкийн сурвалжит гэр бүлээс гаралтай залуухан буддист Ангарик Дармапал энэ бүхнийг болиулах гэж тэмцсээр колончлол дуусаж Англичууд нутаг буцан Энэтхэгүүд засгийн эрх авснаар л энэ ариун газрыг дархалж онголж чадсан юм гэдэг.

Бурхан багш таван шавьтайгаа анх уулзсан цэг. Чауканди суварга, Сарнат

Бурхан багшийн амьдарч байсан газар болох бугын цэцэрлэг. Мулагандикүти, Сарнат

Анх номлолоо номолсон газар болох Дамех суварга, Сарнат


Бурхан багшийн таалал төгссөн газар Күшинагар, Уттар Прадеш муж


Зурган дээр харагдах хоёр цагаан барилгын урт гонзгой хэлбэртэйд нь бурхан багшийн жанч халсан газар түүний аварга том хэвтээ баримал байрлана. Санаа дагаад ч тэр үү нэг л намуухан уйтай газар ажээ.



Эндээс холгүйхэн түүнийг чандарлаж оршуулсан газар болох Рамабар суварга байрлана.

Дараагийн бичлэгтээ ариун Ганга мөрөн болоод Бодгаяа дахь Монгол сүмийн талаар бичихийг хичээнээ.

Tuesday, January 20, 2009

Шүнгүй лам, Шүншиггүй бурхан

Энэ үгийг Энэтхэгийн хойд хэсгийн Варанаси хотоос Мумбай явах галт тэргэнд тааралдсан лам ах хэлж билээ. Нийт 10 хоногт 5000 орчим километр тэнэсэн аялал маань өндөрлөж гэрийн бараа харахаар дөхөж явсан царай маань тэр. Жилдээ ганц удаа ном, компьютер хоёроос тархиа салгаж өөр ертөнц үзэж байх зорилгоо гурав дахь жилдээ биелүүлж Бурхан багшийн ариун дагшин газар хэмээгдэх дөрвөн ч газраар 10 хоногийн дотор тойрлоо. Энэ тухай дараа өгүүлэх болно хэмээгээд харин замын хань болж явсан ах ламын хэлсэн энэхүү өвөрмөц хэлцийн талаар тайлбарлавал:

Ах хүү өөрөө миний өмнө нь бичиж байсан Гоманг хэмээх газар Чойрын ном үздэг. Чойр гэдэг нь миний ойлгож буйгаар бол Буддын шашны цөм нь болох философи, гүн ухааны номлол ажээ. Дрэпүн Гоманг дацан өмнө нь Төвдөд үйл ажиллагаагаа явуулдаг байсан хамгийн том гүн ухааны сургууль байж байгаад Төвдүүд Хятадад эзлэгдсэнээс хойш үйл ажиллагаа нь хумигдсан ажээ. Харин Энэтхэгт цагаачилж ирсэн Далай лам бурхны шашны гүн ухааны сургаалийг хойч үедээ залгамжлуулахаар Карнатака мужид Төвдийн цагаачдын районд Гоманг хийдийг байгуулжээ. Одоогоор нийт 5000 орчим ламтайгаас Монголоос 150 орчим лам суралцдаг бөгөөд 16 жил сурч төгсдөг энэхүү сургуульд Буддын гүн ухааны 5 боть судар судалдаг ажээ. Энэхүү 5 ботийг Шүн хэмээн төвдөөр нэрлэдэг ажээ.

Шүншиг гэдэг нь Бурханы дүрийг орлуулж буй баримал, зураг зэргийг тарнидан бурханы хутагийг шингээж буй нэг ёс гэж тайлбарлах болов уу. Ахын хэлсэн үгээр бол Шүншиггүй бурханд юу ч орчихож болно. Чөтгөр ч шүгэлж болно. Яг үүнтэй адилаар Шүн буюу шашныхаа гүн гүнзгий утга санаа философийн номлолыг ойлгоогүй лам хүн мөн чөтгөр шиг аашилж ч болох ажээ.

“Лам болж байгаа хүмүүс сүсэгтнүүдэд гүрэм дором хийхийг өөрийнх нь хийх ёстой ажил гэж ойлгосон байдаг нь манай шашны хамгийн том завхрал болоод байна. Угтаа лам хүний хамгийн түрүүнд хийх ёстой ажил бол шашныхаа ном судрыг уншиж утга санаа бүрийг нь ягштал ойлгох юм. Үүний хажуугаар зовж зүдэрсэн, итгэл хайсан сүсэгтэн түмэнд бүр аргагүйдсэн үед л элдэв засал гүрэм хийж ном уншиж өгөх ёстой юм” хэмээн лам ах 1500 орчим километрийг туулах 30 цагийн аялалын явцад өгүүлж байлаа...

Уг нь цааш жаахан юм бичмээр байсан ч өөрийн эрхгүй нүд анилдаад дээрээс нь Обамагийн тангараг өргөх ёслол www.cnn.com дээр цагийн зөрүүгээр яг гарч таараад сэтгэл санаа хоёрдуулаад байна. Дараа жаахан сэргэг үедээ үргэлжлүүлье