Sunday, May 24, 2009

Eagle TV Bravo!

Урьд шөнө бараг унталгүй ТВ үзлээ. Ноднин 7 сарын 1-нийг эс тооцвол ингэж зурагт үзсэн тохиолдол бараг байхгүй байх аа. Хэдэн монгол сувгуудыг эргүүлж тойруулсаар байгаад сүүлдээ аль суваг нь хэд дээр гардагыг цээжлэхээ шахлаа. Ямартаа ч миний үгээ хэлэх ганц талбар болох блогоороо дамжуулж Eagle TV-ийн хамт олонд үнэн сэтгэлээсээ баярлалаа гэж хэлмээр байна. Сэтгүүлзүйн норм, норматив ямар байх ёстойг би үнэндээ мэдэхгүй ч үзэгчийн хувьд аль нэг талыг бариагүй, дундуураа элдэв фактгүй, сэтгүүлчид нь цэгцтэй үг хэллэгтэй, үзэхэд үнэхээр урамтай байж чадсан ганц ТВ бол Ийгл гэдгийг л хүлээн зөвшөөрлөө.
NTV уг нь шинэлэг арга барилаар нэлээн үзсэн боловч үнэхээр техник тоног төхөөрөмж ч муутай, сэтгүүлчид нь ч шинэ бололтой, үг яриа нь цэгцрээгүй арай л биш байлаа.
TV5, TV9 зэрэг телевизүүд шөнө МАХН ялж байна гэхэд баахан мэдээлэл цаг тутам урсгаад байснаа өглөө 6 цагт АН мэдээлэл хийснээс хойш бүрэн таг болж амьтны ертөнц, аэробик зэрэг нэвтрүүлгээр эфирээ аргацааж гарлаа.
Хамгийн харамсалтай нь бидний татварын мөнгөөр амьдрагч телевиз болох хамгийн мундаг тоног төхөөрөмж, хамгийн сайн сэтгүүлчидтэй МҮОНТВ шөнөжин концерт харуулж байгаад өглөө АН мэдээлэл хийснээс бараг цагийн дараа нэг иймэрхүү юм боллоо гэж хальт харуулаад концертоо үргэлжлүүллээ.
Юутай ч шинэ сумогийн аварга, шинэ ерөнхийлөгчтэй шинэ долоо хоног сайхан эхэлж байнаа...

Thursday, May 21, 2009

Өөрчлөх үү?

Сонгууль харин ч нэг туйлширч хүн болгон хуваагдлын дээд цэгтээ хүрээд байх шиг. Ойр дотныхонтойгоо хүртэл энэ сэдвээс болж санал зөрөлдөөд нөгөө хүнээ гомдоочихгүйн тулд дотроо бухимдаад л өнгөрөх тохиолдол олон юм. Бушуухан дуусч санаа амраагаасай.
Миний хувьд угтаа энэ хоёр хүний хувь хүнийг нь биш зүгээр л зарчим ярьмаар санагдах юм. Аль аль нь надад таалагддаггүй, худалч хулгайч хоёр л нэгнийхээ мууг дуудаад байгаа юм шиг санагддаг. Мөрийн хөтөлбөрүүд нь ч гэж утопи популизм талдаа ихэвчлэн. Нийгмийн халамжийг л баруун солгойгүй цацна гэсэн хоёр ид шидтэн. Харин яг очих ёстой хүндээ тэр халамж нь очиж байгаа эсэхийг зах дээр өөрийнхөө зорсон модон тоглоомыг зарж суугаа 80 гарсан өвгөнөөс асуугаад үз. Эсвэл ирээдүйн шоронгийн атман болж бэлтгэгдэж байгаа траншейны хүүхдүүдээс асуугаад үз.
Харин өнөөгийн нийгэмд байгаа шударга бус, муу муухай бүхнийг солих цаг болсон гэдэгт л би итгэлтэй байдаг. Хэдийгээр шударга гээч үгэнд хэмжигдэхүүн байхгүй энэ нь юуг ч тодорхойлж болох бөөрөнхий утгатай боловч дараах зүйлст өнөөгийн соёлт нийгмийн гишүүн ямар ч хүн эгдүүцнэ гэдэгт итгэж байна.
1. ХЗХ-ны бүүм. Миний санахаар 2002 онд ХЗХ-ны хууль гарснаар эдний луйвар хэрээс хэтэрсэн. Логикоор бодоход өгч чадахааргүй өндөр хүү амалж баахан амьтан луйвардчихаад эргээд хэдхэн жилийн ял аваад инээгээд гарч ирж байгаа нөхдүүд. Энэ хүмүүс жишээ нь 7 сарын 1-нд нэг компьютер тэврээд гарсан нөхрөөс нийгэмд хэр их хохирол учруулсан бол?
2. Эд нарт итгэж байдгаа гөвүүлсэн гэх нийгмийн нөгөө хэсэг. Зарим нь ч мэдлэг мэдээлэлгүйгээсээ болж алдсан биз. Зарим нь бол миний ойлгосноор шуналаасаа л болж алдсан. Энэ хүмүүсийн хохирлыг шуналгүй байсан мань мэтийн татвараар төлж барагдуулна. Тэгсэн мөртлөө өнчин хүүхдийн, өндөр настны асрамжийн газрын төсвийг багасгах нь хэр шударга бол?
3. 7 сарын 1-д тэр олон амьтан бужигнаж байхад хэн хэн чулуу шидэж хэн хэн ямар хохирол учруулав гэдгийг олж тогтоогоод гэрээс нь хүртэл баривчлаад өчнөөн жилийн ял өгчихсөн мөртлөө буу сум нь хүртэл бүртгэлтэй байдаг хүчний байгууллагын хэн нь тушаал өгч хэн нь буудаад таван хүний ар гэрийг хагацалд учруулсан гэдгийг олчихож чадахгүй байна гэдэг хэр үнэний хувьтай асуудал бол?
4. ШКТЭ буюу нэгдсэн 3-р эмнэлгийн гадаа очоод л ганц удаа хараарай. Зэрлэг өрнийн систем монголд яаж яруу тодоор хэрэгждэгийн жишээ тэнд тодоос тод байгаа. Хэдхэн жилийн өмнө тэнд томоос том машины зогсоол байлаа. Энэ эмнэлэг улсдаа хоёрт ордог том эмнэлгийн хувьд эмч ажилчдаас нь эхлээд орж гарч байгаа болгон унаа тэргээ тавих талбай шаардлагатай байлгүй яах вэ. Харин одоо тэр талбай дээр дүнхийсэн 3 том байшин барьчихсан байгаа. Дотор нь бар саун ч байх шиг.
Түргэн тусламжийн машин арынх нь хаалгаар ордог юм билээ. Гэхдээ түргэн тусламж шаардлагагүй ч хөлөө хугалсан, эсвэл явж чадахааргүй аливаа өвчин зовлонтой болсон нэгэн заавал төв зам дээрээс тэр хүртэл алхаж очих ёстой юу? Хүчтэй нь хүчгүйнхээ бүхнийг булааж авдаг тэр нийгэм өрнөдөд нэгэнтээ Зэрлэг өрнийн нэрээр оршин тогтнож байсан гэдэг. Өдгөө харин соёлт хүн төрөлхтөн өөрийгөө хамгаалах боломжгүй, нийгэмд зэрэгцэн оршиж чадахгүй эмзэг хэсэг болох өндөр настан, бага насныхан, тахир дутуу хүмүүсийг өрсөлдөөнөөс гадуур тусад нь байлгаж тэдний эрх ашгийг хамгаалдаг юм билээ. Манайд энэ нь өөрөө хэр шударга байгаа бол?

Шударга бус бүхнийг хэлж гоочлоод нулимчихаад хаяад явах амархан. Харин үүнийг хийх хүсэл зориг, итгэл мөрөөдөл залуу хүмүүс бидэнд бий бил үү?

Thursday, May 07, 2009

Crowdsourcing

Технологи хэтэрхий хурдацтай хөгжиж хүний амьдрал улам бүр технологиос хамаарах болсон өнөө цагт бас нэгэн феноменон (сонирхолтой үзэгдэл) гарч ирэх болсон нь энэхүү crowdsourcing буюу олны хүчийг ашиглах зарчим юм.

Хуучин Вэб 1.0 нь дан нэг талаас мэдээлэл олгох зорилготой уламжлалт сэтгүүлзүй, зар сурталчилгааны хэлбэртэй байсан бол вэб 2.0 гарч ирснээр хэн дуртай нь өөрийн блогийг хөтөлж wikipedia.org дээр өөрсдийн нэвтэрхий толийг хамтдаа бүтээцгээх болж нэг талаас олгодог байсан мэдээллийг хэрэглэгч өөрөө хамтран бүтээлцэх болжээ.

Олны хүчийг ашиглана гэхээр дан ганц нээлттэй эхийн програм хангамжийн хөгжүүлэлт, түгээлт төдий зүйл биш харин уламжлалт маягийн бизнес сэтгэлгээг бүрмөсөн халсан цоо шинэ бизнес загвар байх ажээ.

Уламжлалт эдийн засгийн онолоор бол хувь хүн бүрийн амиа бодсон сэтгэлгээ нь зах зээлийн хөдөлгөгч хүч болж эдийн засгийг өсгөж өгдөг бол өнөө цагийн дэвшилтэт технологийн ачаар хэрэглэгчид бараа үйлчилгээг зөвхөн хэрэглээд зогсохгүй өөрсдөө үүнийгээ хөгжүүлж өөрсдийн хүссэн хэв маягт оруулах боломжтой болжээ. Үүний нөлөөгөөр “Хэрэглэгч Хаан” хэмээх ойлголт жинхэнэ утгаараа хэрэгжиж гагцхүү үйлчлүүлэгчдийнхээ юу хүсч байгааг мэдэж чадвал компани, аж ахуйн нэгжүүд өндөр бүтээмжтэй ажиллах боломжтой болох боллоо.

Нэгэн жишээ: www.threadless.com хэмээх вэбсайтыг анх 2000 онд сургуулиа хаясан хоёр залуу бүтээж футболканы загвар дизайн цуглуулж хэрэглэгчдийнх нь өгсөн үнэлгээгээр шалгаруулдаг ажил эхлүүлжээ. Өдгөө уг сайт нь долоо хоногт сайн дурын дизайнеруудын бүтээсэн мянга гаран футболканы загвар хүлээн авч хоёр зуун мянга гаран байнгын хэрэглэгчид нь тэдгээр дизайнд үнэлгээ өгч шалгаруулан шалгарсан дизайныг Холливуудын болон хип хоп одод өмсөх болж 2006 оны байдлаар 17 сая долларын ашигтай ажилласан байна. www.threadless.com-ийнхон 5 доллараар футболка үйлдвэрлээд үүнийгээ 12-25 долларын үнэтэй зардаг. Бэлэн дизайныг тэдэнд сайн дурынхан илгээж зар сурталчилгааг нь хэрэглэгчид нь хийгээд өгнө.

Хэрэглэгчид маркетингийн хуурай сурталчилгаанаас илүүтэйгээр өөртэй нь ижил нөхцөл байдалтай бусад хэрэглэгчийн аман дүгнэлтэд итгэх дуртай байдаг ажээ.

Нэгэн жишээ: www.imdb.com хэмээх вэбсайт нь анх 1990 онд байгуулагдаж байсан бөгөөд өдгөө интернет дэх кино урлагийн салбарын хамгийн том мэдээллийн санг үүсгэж чадсан төдийгүй Монгол хэл дээрхи Хадаг, Ингэн тэмээний нулимс зэрэг кинонууд хүртэл эдний мэдээллийн санд байраа эзэлжээ. Хэрэглэгчид өөрсдийн үзсэн киногоо үнэлгээний системийг нь ашиглан үнэлж таалагдсан киноныхоо талаар тойм бичиж жүжигчдийнх нь намтар зэргийг үүсгэж өгдөг бөгөөд мэдээлэл хайсан хэрэглэгчид тухайн кино таалагдвал шууд www.amazon.com -оос худалдаж авах боломжтой ажээ.

Иймэрхүү зүйлс Монголд яриад явахаар нөхдүүд ихэвчлэн хаанахын харь гаригаас ирсэн амьтан бэ гэсэн нүдээр харах тохиолдол цөөнгүй. Зарим нь наадуул чинь зөвхөн баруунд л хэрэгждэг жишээ байна гэцгээх. Гэтэл үнэндээ нүдэн дээр маань crowdsourcing монгол дахь хэлбэрээ олоод хөгжөөд л байна. http://www.agshin.mn/ хэмээх сайт нэлээн дээр гарч ирж байсан одоо бол http://www.istockphoto.com/ -ийн зарчмаар гэрэл зурагчдыг гайгүй сайн цуглуулж гэрэл зургийн агуулгыг бол овоохон хэмжээнд бүрдүүлж чадсан байх гэж бодож байна.

Ойрын жишээ: Синглтон ХХК нь 2009 оны 1-р сарын 20-д http://biznetwork.mn хэмээх Social Networking Site ажилд оруулснаас хойш өдгөө 16523 (2009 оны 5 сарын 6-ны байдлаар) хэрэглэгчтэй болж өдөрт давхардсан тоогоор 100,000 орчим хандалт авч байна. Энд нийт 14 компани бүртгэлтэйгээр өөрсдийн бараа үйлчилгээг сурталчилдаг бөгөөд үйл ажиллагаанд нь мэдэгдэхүйц өөрчлөлт орсон тухай дурдаж байна.