Thursday, May 21, 2009

Өөрчлөх үү?

Сонгууль харин ч нэг туйлширч хүн болгон хуваагдлын дээд цэгтээ хүрээд байх шиг. Ойр дотныхонтойгоо хүртэл энэ сэдвээс болж санал зөрөлдөөд нөгөө хүнээ гомдоочихгүйн тулд дотроо бухимдаад л өнгөрөх тохиолдол олон юм. Бушуухан дуусч санаа амраагаасай.
Миний хувьд угтаа энэ хоёр хүний хувь хүнийг нь биш зүгээр л зарчим ярьмаар санагдах юм. Аль аль нь надад таалагддаггүй, худалч хулгайч хоёр л нэгнийхээ мууг дуудаад байгаа юм шиг санагддаг. Мөрийн хөтөлбөрүүд нь ч гэж утопи популизм талдаа ихэвчлэн. Нийгмийн халамжийг л баруун солгойгүй цацна гэсэн хоёр ид шидтэн. Харин яг очих ёстой хүндээ тэр халамж нь очиж байгаа эсэхийг зах дээр өөрийнхөө зорсон модон тоглоомыг зарж суугаа 80 гарсан өвгөнөөс асуугаад үз. Эсвэл ирээдүйн шоронгийн атман болж бэлтгэгдэж байгаа траншейны хүүхдүүдээс асуугаад үз.
Харин өнөөгийн нийгэмд байгаа шударга бус, муу муухай бүхнийг солих цаг болсон гэдэгт л би итгэлтэй байдаг. Хэдийгээр шударга гээч үгэнд хэмжигдэхүүн байхгүй энэ нь юуг ч тодорхойлж болох бөөрөнхий утгатай боловч дараах зүйлст өнөөгийн соёлт нийгмийн гишүүн ямар ч хүн эгдүүцнэ гэдэгт итгэж байна.
1. ХЗХ-ны бүүм. Миний санахаар 2002 онд ХЗХ-ны хууль гарснаар эдний луйвар хэрээс хэтэрсэн. Логикоор бодоход өгч чадахааргүй өндөр хүү амалж баахан амьтан луйвардчихаад эргээд хэдхэн жилийн ял аваад инээгээд гарч ирж байгаа нөхдүүд. Энэ хүмүүс жишээ нь 7 сарын 1-нд нэг компьютер тэврээд гарсан нөхрөөс нийгэмд хэр их хохирол учруулсан бол?
2. Эд нарт итгэж байдгаа гөвүүлсэн гэх нийгмийн нөгөө хэсэг. Зарим нь ч мэдлэг мэдээлэлгүйгээсээ болж алдсан биз. Зарим нь бол миний ойлгосноор шуналаасаа л болж алдсан. Энэ хүмүүсийн хохирлыг шуналгүй байсан мань мэтийн татвараар төлж барагдуулна. Тэгсэн мөртлөө өнчин хүүхдийн, өндөр настны асрамжийн газрын төсвийг багасгах нь хэр шударга бол?
3. 7 сарын 1-д тэр олон амьтан бужигнаж байхад хэн хэн чулуу шидэж хэн хэн ямар хохирол учруулав гэдгийг олж тогтоогоод гэрээс нь хүртэл баривчлаад өчнөөн жилийн ял өгчихсөн мөртлөө буу сум нь хүртэл бүртгэлтэй байдаг хүчний байгууллагын хэн нь тушаал өгч хэн нь буудаад таван хүний ар гэрийг хагацалд учруулсан гэдгийг олчихож чадахгүй байна гэдэг хэр үнэний хувьтай асуудал бол?
4. ШКТЭ буюу нэгдсэн 3-р эмнэлгийн гадаа очоод л ганц удаа хараарай. Зэрлэг өрнийн систем монголд яаж яруу тодоор хэрэгждэгийн жишээ тэнд тодоос тод байгаа. Хэдхэн жилийн өмнө тэнд томоос том машины зогсоол байлаа. Энэ эмнэлэг улсдаа хоёрт ордог том эмнэлгийн хувьд эмч ажилчдаас нь эхлээд орж гарч байгаа болгон унаа тэргээ тавих талбай шаардлагатай байлгүй яах вэ. Харин одоо тэр талбай дээр дүнхийсэн 3 том байшин барьчихсан байгаа. Дотор нь бар саун ч байх шиг.
Түргэн тусламжийн машин арынх нь хаалгаар ордог юм билээ. Гэхдээ түргэн тусламж шаардлагагүй ч хөлөө хугалсан, эсвэл явж чадахааргүй аливаа өвчин зовлонтой болсон нэгэн заавал төв зам дээрээс тэр хүртэл алхаж очих ёстой юу? Хүчтэй нь хүчгүйнхээ бүхнийг булааж авдаг тэр нийгэм өрнөдөд нэгэнтээ Зэрлэг өрнийн нэрээр оршин тогтнож байсан гэдэг. Өдгөө харин соёлт хүн төрөлхтөн өөрийгөө хамгаалах боломжгүй, нийгэмд зэрэгцэн оршиж чадахгүй эмзэг хэсэг болох өндөр настан, бага насныхан, тахир дутуу хүмүүсийг өрсөлдөөнөөс гадуур тусад нь байлгаж тэдний эрх ашгийг хамгаалдаг юм билээ. Манайд энэ нь өөрөө хэр шударга байгаа бол?

Шударга бус бүхнийг хэлж гоочлоод нулимчихаад хаяад явах амархан. Харин үүнийг хийх хүсэл зориг, итгэл мөрөөдөл залуу хүмүүс бидэнд бий бил үү?

4 comments:

Н.Цэцболд said...

Их сайхан нийтлэл байна.

A Girl in a Field said...
This comment has been removed by the author.
A Girl in a Field said...
This comment has been removed by the author.
A Girl in a Field said...

>Xаяад явах амархан.
Unen shuu!

>Харин үүнийг хийх хүсэл зориг, итгэл мөрөөдөл залуу хүмүүс бидэнд бий бил үү?

HAMGIIN durtai buguud sain chadah yumaa hun bur dor doroo hiigeed HUVIA oligtoihon borluulj, sharluulaad(=hund lai bolohgui) yavj baital asuudal ehneesee shiidegdej ehlene gej munhagladag negen bilee, bi beer