Бараг хагас жил блог бичсэнгүй. Энэ хооронд их ч юм болж өнгөрчээ. Бие засаад гэрээ засдаг үгээр өөрийгөө, хувийн амьдралаа зохицуулах гэж явсаар нийгмийн ямар нэг идэвхитэй үйл ажиллагаанд оролцсонгүй. Харин сая амралтын хэд хоногийг далимдуулж өөртөө жаахан цаг гаргаснаар энэхүү тэмдэглэлийг бичиж байна. Юутай ч уншигч танд юун түрүүнд шинэ оны мэнд хүргэе!
Өөрчлөх үү хэмээн уриалж байсан ерөнхийлөгчөө өөрчилж чадахгүй байгаад нь баахан урам хугарлаа. Шагнал урамшуулалыг хавтгайруулж байна хэмээн өмнөх ерөнхийлөгчөө шүүмжилж байсан мань эр өөрт нь боломж олдонгууд хүрдийг нөгөө тийш нь эргүүлж өөрийн талынханаа шагнаж гарлаа. Би хувьдаа уг нь арай өөр “өөрчлөлт” буюу шагнал хэмээх төмөр олгож тэрийг нь угааж байгаа нь гээд хэдэн архины үйлдвэрүүдийн борлуулалтыг ихэсгэдэг системийг байхгүй болгож оронд нь тухайн салбарын ассоциацууд олон нийтийн санал асуулгаар ч юм уу шаардлагатай хүнээ шагнаж урамшуулдаг эрүүл тогтолцоо руу чиглэх болов уу гэж хүлээж байтал харин мань эр тогтолцоог нь өөрчлөх биш өөрөө тогтолцооны нэг элемент болж хүрдийг зөвхөн нөгөө тийш нь эргүүлж байх юм. Уг нь би өнөөх хүрдийг огт байхгүй болгох юм болов уу гэж харж байсан сан. Нам хошгирсон хэрэг байж дээ.
Би хувьдаа баатрууд гэж үнэлдэг байсан Э.Бат-Үүл, Б.Баабар зэрэг хүмүүс нөгөө төмрийг нь авчихаад л өөрсдийнхөө шүүмжилж эсэргүүцэж тэмцэж байсан тэр нийгмийн тогтолцооны үлдэгдэлийг хүлээн зөвшөөрч буй мэт бүлх залгиж чимээгүй өнгөрөх юм. Аль нэг нь ядаж хэвлэлээр энэ шагналаас татгалзаж байна гээд ганц мэдэгдэл хийчихсэн бол тэд жинхэнэ “баатрууд” болох байлаа. Тэртэй тэргүй тэр төмөртэй, төмөргүй тэдний юу хийж бүтээснийг Монгол улс мэдэж байхад энэ утгагүй тогтолцооны эсрэг үг хэлж чадаагүйгээрээ тэд бас л нэг усан нүд, цусан зүрхтэй хүмүүн бодгаль гэдгээ харууллаа.
Хааяа нэг айлд ороод зурагт асаахаар суваг болгон дээр шахуу “зөн билгийн тулаан” хэмээх сонин шоу гарч байх юм. Материаллаг бус ертөнц үнэхээр байдаг эсэх, зөн билгээр бүхнийг шийдэж болдог эсэхийг нэвтрүүлэг зохион байгуулагчид л мэдэж байгаа байх. Би хувьдаа тэдгээр зөн билигчдийг үзэн ядаад байх шаардлага шалтгаан байхгүй авч нийгэмд үзүүлэх үр нөлөө нь, 8 настай 10 настай хоёр дүүд маань өгч буй мессеж нь юу вэ гэдэг дээр үнэхээр эргэлзэх юм. Хоёр дүү маань хүн заавал хичээж хөдөлмөрлөж амьдрахын оронд материаллаг бус ертөнцийг шүтэж өнөөх зөн билигчдэд өргөл барьц өгөөд явбал амьдраад байх боломжтой юм байна гэдэг ухамсартай хүмүүс болоосой гэж би үнэндээ хүсэхгүй байна. Олон нийтэд, нийгэмд юу үзүүлж юуг өгч байна вэ гэдэг дээр хэвлэл мэдээллийн хэрэгслүүд бага ч гэсэн анхаардаг болоосой. Өнөөдөр олдох хэдэн цаасны төлөө өөрсдийнхөө ч гэсэн үр хүүхдийн хүмүүжилд нөлөөлөх, цаашид ирээдүйд нь хар толбо учруулж ч мэдэх мэдээллийг гаргаж байхдаа нийгмийн хариуцлага, ухамсар гэдэг зүйлийн талаар жаахан ч гэсэн тунгааж үзээсэй.
Материаллаг ертөнцийг шүтэж 70 жил амьдарсан сэтгэхүйгээс салахад нийгэм дэх материаллаг бус сэтгэлгээний хэрэгцээ сад тавьсан үзэгдэл ерээд оны эхэн үеийн ерөнхийлөгчийн үзмэрч, гал гаргадаг Өнөрмаа зэргээр дууссан гэж бодож байтал яагаа ч үгүй байсан бололтой. Харин ч борооны дараахь мөөг шиг олшроод сүүлдээ бүр хүн шатааж алах дээрээ тулсан бөө удганууд зэргийг харахаар нийгэм маань эрүүлжихэд дахиад нэлээд хэдэн жил хэрэг болох нь дээ. Энэ олон ид шидтэнгүүд үнэхээр байдаг эсэхийг чөтгөр бүү мэд. Гэхдээ үнэхээр л байдаг юм бол ЦЕГ гэж байхын хэрэг юу байна. Гэмт хэрэг гарсан газар ганц үзмэрч тавьчихад л хангалттай бус уу?
Борлогдож буй ном, бичигдэж буй нийтлэл, хийгдэж буй нэвтрүүлгүүдийн багагүй хувь нь энэхүү мухар сүсгийн холбогдолтой зүйлс байгааг харахад бид хэддүгээр зуунд амьдарч байна вэ гэдэгт эргэлзмээр. Хэрэв үнэхээр л хүн өөрийгөө олох, материаллаг бус ертөнцөд итгэмээр байгаа юм бол яагаад зөв амьдрахуйн философийг айлдсан “Бодь мөрийн зэрэг” бус Ванга эмээгийн зөгнөл тэгтлээ олон хувь борлогдоод байна вэ?
Үргэлжлэл...