Friday, January 01, 2010

Шинэ оны мэнд бас бус

Бараг хагас жил блог бичсэнгүй. Энэ хооронд их ч юм болж өнгөрчээ. Бие засаад гэрээ засдаг үгээр өөрийгөө, хувийн амьдралаа зохицуулах гэж явсаар нийгмийн ямар нэг идэвхитэй үйл ажиллагаанд оролцсонгүй. Харин сая амралтын хэд хоногийг далимдуулж өөртөө жаахан цаг гаргаснаар энэхүү тэмдэглэлийг бичиж байна. Юутай ч уншигч танд юун түрүүнд шинэ оны мэнд хүргэе!

Өөрчлөх үү хэмээн уриалж байсан ерөнхийлөгчөө өөрчилж чадахгүй байгаад нь баахан урам хугарлаа. Шагнал урамшуулалыг хавтгайруулж байна хэмээн өмнөх ерөнхийлөгчөө шүүмжилж байсан мань эр өөрт нь боломж олдонгууд хүрдийг нөгөө тийш нь эргүүлж өөрийн талынханаа шагнаж гарлаа. Би хувьдаа уг нь арай өөр “өөрчлөлт” буюу шагнал хэмээх төмөр олгож тэрийг нь угааж байгаа нь гээд хэдэн архины үйлдвэрүүдийн борлуулалтыг ихэсгэдэг системийг байхгүй болгож оронд нь тухайн салбарын ассоциацууд олон нийтийн санал асуулгаар ч юм уу шаардлагатай хүнээ шагнаж урамшуулдаг эрүүл тогтолцоо руу чиглэх болов уу гэж хүлээж байтал харин мань эр тогтолцоог нь өөрчлөх биш өөрөө тогтолцооны нэг элемент болж хүрдийг зөвхөн нөгөө тийш нь эргүүлж байх юм. Уг нь би өнөөх хүрдийг огт байхгүй болгох юм болов уу гэж харж байсан сан. Нам хошгирсон хэрэг байж дээ.

Би хувьдаа баатрууд гэж үнэлдэг байсан Э.Бат-Үүл, Б.Баабар зэрэг хүмүүс нөгөө төмрийг нь авчихаад л өөрсдийнхөө шүүмжилж эсэргүүцэж тэмцэж байсан тэр нийгмийн тогтолцооны үлдэгдэлийг хүлээн зөвшөөрч буй мэт бүлх залгиж чимээгүй өнгөрөх юм. Аль нэг нь ядаж хэвлэлээр энэ шагналаас татгалзаж байна гээд ганц мэдэгдэл хийчихсэн бол тэд жинхэнэ “баатрууд” болох байлаа. Тэртэй тэргүй тэр төмөртэй, төмөргүй тэдний юу хийж бүтээснийг Монгол улс мэдэж байхад энэ утгагүй тогтолцооны эсрэг үг хэлж чадаагүйгээрээ тэд бас л нэг усан нүд, цусан зүрхтэй хүмүүн бодгаль гэдгээ харууллаа.

Хааяа нэг айлд ороод зурагт асаахаар суваг болгон дээр шахуу “зөн билгийн тулаан” хэмээх сонин шоу гарч байх юм. Материаллаг бус ертөнц үнэхээр байдаг эсэх, зөн билгээр бүхнийг шийдэж болдог эсэхийг нэвтрүүлэг зохион байгуулагчид л мэдэж байгаа байх. Би хувьдаа тэдгээр зөн билигчдийг үзэн ядаад байх шаардлага шалтгаан байхгүй авч нийгэмд үзүүлэх үр нөлөө нь, 8 настай 10 настай хоёр дүүд маань өгч буй мессеж нь юу вэ гэдэг дээр үнэхээр эргэлзэх юм. Хоёр дүү маань хүн заавал хичээж хөдөлмөрлөж амьдрахын оронд материаллаг бус ертөнцийг шүтэж өнөөх зөн билигчдэд өргөл барьц өгөөд явбал амьдраад байх боломжтой юм байна гэдэг ухамсартай хүмүүс болоосой гэж би үнэндээ хүсэхгүй байна. Олон нийтэд, нийгэмд юу үзүүлж юуг өгч байна вэ гэдэг дээр хэвлэл мэдээллийн хэрэгслүүд бага ч гэсэн анхаардаг болоосой. Өнөөдөр олдох хэдэн цаасны төлөө өөрсдийнхөө ч гэсэн үр хүүхдийн хүмүүжилд нөлөөлөх, цаашид ирээдүйд нь хар толбо учруулж ч мэдэх мэдээллийг гаргаж байхдаа нийгмийн хариуцлага, ухамсар гэдэг зүйлийн талаар жаахан ч гэсэн тунгааж үзээсэй.

Материаллаг ертөнцийг шүтэж 70 жил амьдарсан сэтгэхүйгээс салахад нийгэм дэх материаллаг бус сэтгэлгээний хэрэгцээ сад тавьсан үзэгдэл ерээд оны эхэн үеийн ерөнхийлөгчийн үзмэрч, гал гаргадаг Өнөрмаа зэргээр дууссан гэж бодож байтал яагаа ч үгүй байсан бололтой. Харин ч борооны дараахь мөөг шиг олшроод сүүлдээ бүр хүн шатааж алах дээрээ тулсан бөө удганууд зэргийг харахаар нийгэм маань эрүүлжихэд дахиад нэлээд хэдэн жил хэрэг болох нь дээ. Энэ олон ид шидтэнгүүд үнэхээр байдаг эсэхийг чөтгөр бүү мэд. Гэхдээ үнэхээр л байдаг юм бол ЦЕГ гэж байхын хэрэг юу байна. Гэмт хэрэг гарсан газар ганц үзмэрч тавьчихад л хангалттай бус уу?

Борлогдож буй ном, бичигдэж буй нийтлэл, хийгдэж буй нэвтрүүлгүүдийн багагүй хувь нь энэхүү мухар сүсгийн холбогдолтой зүйлс байгааг харахад бид хэддүгээр зуунд амьдарч байна вэ гэдэгт эргэлзмээр. Хэрэв үнэхээр л хүн өөрийгөө олох, материаллаг бус ертөнцөд итгэмээр байгаа юм бол яагаад зөв амьдрахуйн философийг айлдсан “Бодь мөрийн зэрэг” бус Ванга эмээгийн зөгнөл тэгтлээ олон хувь борлогдоод байна вэ?

Үргэлжлэл...

6 comments:

Badka said...

Хэрвээ Баабарын "Шинжлэх ухааныг өмөөрөхүй" нийтлэлийг нь уншвал яагаад нийгмийн үлэмж хэсэг нь элдэв мистик балай зурхайд амьдралаа даатгаж, мөрдлөгөө болгоод байгааг бараг ойлгох байхаа. Тэр тун сайн бичлэг байна лээ.

A.Амарсайхан said...

За тэр "Өөрчилье" гээд хашгираад хошгируулаад байсан залууд үнэнхүү хулхидуулчихлаа гэдэгтэй санал нэг байна шүү.
Хичнээн ажил болж байж, очиж санал өгч байснаа бодохоос дургүй хүрчих юм. Ийм амьтныг сонгочих гэж дээ, сохор л байна даа бид.

Цэцболд said...

Монголчууд мухар зүйлд итгэх болсон нь илүүтэй болсон гэдэг дээр санал нэг байна.

Их сайхан бичлэг байна.

snbr said...

shagnaliig het ih havtgairuulj olgoh ni buruu ni oilgomjtoi. gehdee ene havtgairal dund baabar, bat-uul nar shagnal avsan yum gej bodohgui baina. ted nart olgoson shagnal bol NUDEE olson shagnal bailaa. Ogt shagnalgui, uramshuulalgui niigem gej baidaggui. amerikt ch yapond ch mash ner hund buhii shagnaluud bii. gehdee bid une tseniig ni het ih geej baina daa. niitiin duuchin bat-erdene shig humuus harin tatgalzval ih zugeer baigaa yum harin.

М.Огоо said...

Сайнаад: Цэрэг армиас бусад тохиолдолд төрөөс олгодог шагналтай газар бий юу? Би үүн дээр л эргэлзэж байна. Жишээ нь State Award авсан ямар нэг ном АНУ-д байдаг уу.
Мэдээж хэрэг ямар ч нийгэмд шагнал урамшуулал байх л ёстой байх. Гэхдээ тухайн салбарын академи, ассоциаци энэ тэр байгууллагаас нь мэргэжлийн ч байна уу өнцгөөс шалгаруулж өгөх ёстой болохоос Төр энэ бүхнийг хийх ёстой юу.
Монголд ганц нэг салбарын шагналууд гарч ирж л байгаа байх. Гэхдээ төр шагнал өгч байхад хажууд нь ямар ч мундаг салбарын ассоциаци байлаа гээд төрөөс өгч байгаа шагналыг гүйцнэ гэж үү?
Баабар, Бат-Үүлийг шагнал авах ёсгүй гэж би лав дүгнэхгүй. Үнэхээр хийсэн бүтээсэн гавъяатай хүмүүс. Гагцхүү миний хэлэх гээд байгаа санаа энэ буруу гэмээр тогтолцоог тэд сөрж чадалгүй чимээгүйхэн шагналаа авчихлаа гэдэг л байна. Магадгүй 20 жилийн өмнө гарч байсан тэр эр зориг нь дутагдаа юм болов уу.
Ерөнхийлөгчийг би төрөөс олгодог шагналыг л үр үндсээр нь байхгүй болгож, хуучин олгогдсон шагналыг дүйцүүлэх салбарын шагналаар орлуулж, төрийн энэ эрх мэдлийг салбар ассоциацуудад нь өгөх болов уу гэж бодож байлаа. Хэтэрхий юниверсаль юм юм чаддаг төртэй байх хэцүү биш гэж үү?

snbr said...

Odoo sanaag tani oilgoloo. Salbaraas ni olgodog ni bol olon ulsiin jishig. Uuntei bol sanal neg baina. Gehdee 20 jiliin oi temdeglej bui ene uyed Bat-Uul jishee ni tatgalzval shagnaliin system-iig uurchluh geheesee iluutei 20 jiliin oin bayariig ih sonin setgelzuid unguruuh bolj baina. Tegeheer temtsel hiih timing was not right i think. 21 jileer uur hen neg ni hiih yum. Bat-Uul 20 jiliin oigoor Baatar tsol avsan ni huvi hunii ambition geheesee olon politic baisan, bas AVAH YOSTOI OLON SHALTGAAN baisan bolov uu. Neg yosondoo ter uuniig Zorigiin tuluu, uur busad buh oroltsson ard tumnii tuluulul bolj avsan. Ene uyed SHAGNALIIN SYSTEM-iin esreg eserguutsel hiine gedeg ni tsagaa olson asuudal bolohgui yum. Busdaar bol chamtai sanal neg baina aa. Aa getel Mongoliin Shinjleh uhaanii academy gej yamar baidag gej sanana? Hudaldaa aj uildveriin tanhim, MMM hureelengiin ter yamar Grand expo... dandaa shahaanii baliar business hiisen humuus... yer ni niigmiin mentality orvongooroo uurchlugduhgui bol ch hetsuuhen horvoo yum aa daa. Gehdee bid ediin zasgiin hugjliin ehnii shatand yavj baigaa bolohoor odoo iim zam tuulah l heregtei bolj baina daa. sonirholtoi sedev hundsund bayarlalaa.