Санаандгүй алдаж хагалсан өндөг газрын хөрсөн дээр яах ийхийн зуургүй шажигнан шарагдаж, өнгөн талаасаа хорхой хүргэм шаргалтана. Хазаад идчихмээр байвч бохир хөрсний хөгц амтагдаж, нүүрсхүчлийн гашуун угаар үнэртэнэ. Бас хүлэмжийн хий хормын зуурт хоолыг хор болгож амжжээ.
Ийм л орчинг хүн төрөлхтөн өөрөө бий болгосон. Технологийн ололт, эрчим хүчний шинэ шинэ эх үүсвэр, ашиг орлого хүүлэх агуу баялгийн төлөөх шунал, байгалийн баялгийг гартаа хийхийн тулд үхэлдэн тэмцэлдсэний “ач тус” эх дэлхийг хайруулын таваг болгожээ. Өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж буй ахуйн хэрэгцээ, өөрөө өөрсдөдөө бүрдүүлсэн өндөр хэрэглээндээ боомилогдсон бид нэг л өдөр улайссан ширэм дээр унасан өндөг шиг шарагдах болно.
Энэ бүхний шалтгаан нь мэдээж эдийн засгийн “дайн”. Баялаг бүтээж, бусдыг эрхшээлдээ оруулах гэсэн их гүрнүүдийн санаархал дэлхий ертөнцийг улам бүр хайлуулж, хавтгайруулж, давчдуулж байна. Агаар муутай газрын хүүхэд хавчиг цээжтэй төрдөг шиг хэт халсан дэлхийн гадаргын хүн амьдарчихмаар хэсэг улам бүр хумигдан, нэг бол элсэн цөлөөр хучигдаж, үгүй бол хэдэн мянган жил хөдөлгөөнгүй байсан мөсөн уулын гэнэтийн хайлалтад “живэх” дээрээ тулав. Нэг л өдөр дэлхий ээж гэрлээ унтраачихвал халуун, хайлмал, хавчигдмал дэлхий маань “харанхуй” гэсэн шинэ тодотголоор баяжина.
Бид яаж яваад ийм болчихвоо, үүнд хэн хамгийн их буруутай вэ? Нэн түрүүнд хамгийн хүчирхэг эдийн засагтай, хамгийн их нефтийн хэрэглээтэй, хамгийн өндөр барилгуудтай, хамгийн олон тарган хүнтэй гүрэн санаанд чинь зурсхийж байгаа биз? Зөвхөн гаднаас нь хараад буруутныг тогтоож болдог бол үүн шиг амархан зүйл алга. Гэвч цаад учир шалтгааныг ухаад үзвэл дан ганц Америк биш, ерөөсөө л хомосапенс гэж амьтны сэтгэлгээний гажуудал, “нэг нүдтэй” сэтгэхүйд учир байгаа болов уу. Хурдтай гүйж эхэлсэн хүн гэнэт зогсож чаддаггүй шиг нэгэнт эрчээ авсан үйлдвэрлэл, амаа ангайн өгөөшөө хүлээх аварга загас шиг асар том зах зээл, түүнээс хэдэн мянган их наядаар унах ашиг орлогоос гэнэт татгалзах нэгэн бий билүү?
2008 оны дэлхийн санхүүгийн хямралыг эргэн санъя. Энэ хатгалгаанаас үлдсэн сэв одоо ч цээжнээс арилаагүй, амьсгалах тоолонд хэржигнэж байхад санаж ядах ч юу байхав. “2008 онд эхэлсэн их хямрал эмээгийн чинь үед байсан энгийн нэг хямрал биш юм. Энэ бол жаахан хүч зарцуулж, багавтар эрсдэл туулж, бяцхан зохицуулалт хийгээд л өмнөх үедээ очиж болох эдийн засгийн уналт биш байсан юм. Үгүй ээ, энэ Их хямрал бол хамаагүй чухал эд. Энэ бол даарснаас ч юм уу үүсдэг жирийн нэг хатгалгаа биш, энэ бол зүрхний шигдээс байсныг бидэнд сануулсан дохио байсан юм” хэмээн “Нью-Йорк Таймс” сонины эдийн засгийн тоймч Т.Фрийдман бичжээ.
Гэхдээ аз болоход энэ зүрхний шигдээс нь үхлийн цохилт биш байсан аж. Моргежийн зээлээс үүдэлтэй энэ хямрал АНУ-д зах зээл гэж ер нь байна уу, банк байна уу, жижиглэн худалдаачид байна уу, гол мөрөн байна уу, ой мод байна уу, цаашлаад гариг ертөнц байна уу, алинд нь ч бид эрүүл бусаар хөгжиж байгааг сануулах гэсэндээ дэлдсэн харанга байжээ. Их хямрал бол байгаль эх болоод зах зээл хоёр нийлээд дэлхийн эдийн засгийг тодорхойлогчид болох АНУ, Хятад зэрэгт “Одоо болноо, цаашид энэ хэвээр үргэлжлүүлж болохгүй. Хангалттай л бол хангалттай” хэмээн өвдөж байгаагаа илэрхийлсэн зовиуртай ёололт байжээ.
“Үнэн хэрэгтээ бидний баялаг бүтээж байсан арга маань санхүүгийн ертөнц болоод байгаль дэлхийд хэтэрхий хортой байсан учир 2008 оны есдүгээр сард зах зээлийн болоод экологийн системийн үндсэн суурийг ганхуулж эхэлсэн юм. Хэдийгээр өнгөн талдаа эдгээр нь холбоогүй юм шиг харагдаж байвч эдийн засаг болоод байгаль эхэд тогтворгүй байдал үүссэн нь нэг л ижил учир шалтгаантай. Энэ л шалтгаанаас болоод цагаан баавгай, хулсны баавгай устах болсон. Энэ л шалтгаанаас Ситибанк, Исландын банк дампуурч, Өмнөд туйлын мөсөн эрэг бүгд зэрэг хайлах болжээ. Бодлогогүй алхмууд бүгдийг нь адилхан нэрвэж орхив. Хувь хүний болоод байгууллагын өргөн хэмжээнд хариуцлага алдсан үйлдэл нь санхүүгийн ертөнц, байгаль дэлхийд адилхан хор нөлөө үзүүлсэн талаар би яриад байна. Үүний дээр хувь хүмүүс, банкууд, хөрөнгө оруулалтын фирмүүд эрсдлийг санаатайгаар дутуу тооцох эсвэл нуух, олон нийтэд юу болоод байгааг мэдэгдэлгүйгээр ашгаа хувийн болгож алдагдлаа нийтийн болгох зэрэгт хүргэсэн худал тайлан гаргасан үйлдэл мөн оршино” хэмээсэн Фрийдманы дүгнэлт Танд нэгийг бодогдуулах буй за.
Энэ бол зүгээр нэг баялгийн төлөөх улайрал биш хүмүүсийн, байгууллагын, улс гүрнүүдийн өөрсдийнх нь ухвар мөчид үйлдэл, хариуцлагыг хөндсөн ноцтой дүгнэлт юм. Гэхдээ оношлогддоггүй өвчин, олддоггүй гарц гэж үгүй. Хүн төрөлхтөн манай гаригийг халуун, хавтгай, хавчигдмал болгож буй эрчим хүч болоод хүрээлэн байгаа орчны асуудлыг шийдэж чадах технологи, бодлого шийдэл боловсруулж чадаж гэмээ нь хуучны сайн сайхан бүхнээ буцаан авах боломж бий. Гэвч энэ бүхнийг даруй хийхэд хүргэх хүн төрөлтхний үнэт зүйл болсон эв санааны нэгдэл, эрмэлзэл хаана явна вэ?
Цаг хугацаа алдах тусам дэлхийн суган дахь халууны термометрийн заалт өгсөж, өндөр халуурч буй хүний адилаар дархлаагаа алдан дагжин чичэрсээр байна. Дараагийн 15 жилийн дотор дэлхийн хүн ам дахиад нэг тэрбумаар нэмэгдэж, тэдгээрийн олонхи нь Америктай адил хэрэглэгч, үйлдвэрлэгч болно. Цахилгаан бараа, эрчим хүчний хэрэгцээ энэ хэрээр нэмэгдэж, хог хаягдал тэр чинээгээр овоорно. Энэ их тоон “хүчирхийллийн” өмнө эх дэлхий маань сөхөрч, элгээ эвхэх аюул нэгэнт нүүрлэжээ. Америк хүн шиг, барууны орны иргэн шиг амьдрахыг хүсч байгаа хэнийг ч буруутгах аргагүй юм. Технологи хөгжөөгүй зарим газар хүмүүс зэс гаргаж авах гэж гэрийнхээ гадаа нууцаар цахилгааны утас шатааж, алтыг нь салгахын тулд компьютерийн эх хавтанг чанасаар байх болно. Хоёрхон сая хүнтэй Монголд хүртэл мөнгөн усаар алттай шороо угааж, даарахын эрхэнд дугуйны гадар шатааж амь зогоодог нийгмийн бүхэл бүтэн үе давхарга бий.
Гэтэл ертөнцийн нөгөө бөөрөнд хөрсөндөө газрын тостой төрснийхөө төлөө юу ч хийхгүй жаргаж, амьд шонхороор зугаа гарган амьдрах бүтэн үндэстэн ч бас буй. Тэд экологийн тэнцвэр алдагдахад санаа зовох шаардлагагүй. Учир нь нефтийн шавхагдашгүй ундарга нь хүн төрөлхтнийг эрхшээлдээ байлгах шидэт дохиур юм. Тэнд эмэгтэйчүүдийн эрх зөрчигдөж, шашны ялгавар хүчээ авч байхад “хүний эрх, эрх чөлөө, шударга, тэгш нийгэм” гэж орилдог АНУ аргагүйн эрхэнд хэлээ хазаад өнгөрч байгаа. Тэгвэл цаг уурын өөрчлөлтийн нөлөөнөөс үүдэн улам дулаарч буй дэлхий дээр хэн хамгийн их хохирч байна вэ? Хэрэглээндээ чирэгдсэн баян Америк, баялагтаа бялуурсан тансаг Араб өөрсдөө лайгаа үүрч, үйлээ эдэлдэг бол ч бас яахав.
Цахилгааны эх үүсвэрт холбогдоогүй, автомашин хэрэглэдэггүй, цахилгаан станц байхгүй, нүүрсхүчлийн хий ялгаруулах хэмжээний томоохон үйлдвэргүй дэлхийн хамгийн ядуу хэсэг буюу цаг уурын өөрчлөлтөд хамгийн бага хувь нэмэр оруулж буй бүлэг илүү хохирч байгаа юм. Тэдний амин зуулга нь мод, үр жимс, газар, хөрс тул амьжиргаа нь байгалийн доройтлоос шууд хамаарч байдаг. Энэ бүхнийг зохицуулъя гэхээр эрчим хүчгүйгээр нэг ч алхах хэцүү. Шударга бус гэмээр иймэрхүү уялдаа холбооны хор нөлөөг залруулах “хэргийн эзэд” нь гэтэл юу хийж байна?
Байгаль орчны доройтол нь шинэ сэдэв биш хэдий ч өмнө нь эдийн засгийн хөгжлийн уршиг талаас нь төдийлөн авч хэлэлцдэггүй байсны гор сүүлийн зуунд илүү хүчтэй мэдрэгдэх болов. “Ногоон” хувьсгал нь хүмүүсийн амны уншлага болж, тэр хэрээр “эко од” болохыг хүсэгчдийн эгнээ хүрээгээ тэлжээ. Зүй нь энэ асуудалд илүү бодитой хандах ёстой бөгөөд хэдий чинээ олны анхаарлыг татаж, талархлыг хүлээнэ төдий чинээ “ногоон биш” байдаг нь ч нотлогджээ. Массын сэтгэлийг хөдөлгөхдөө биш аль болох хэмнэлт, хязгаарлалтад чиглэсэн, зарим талаар технологийн хувьд ухарсан “уйтгартай” бодлого л дэлхий ээжид тусалж чадахаар болсон аж.
“Харалган итгэл горьдлого тасрахтай адил аюултай” хэмээн Жорж Монбиот “Халцгай: Дэлхийн шаталтыг хэрхэн зогсоох билээ” номондоо бичсэн байдаг. Чухамдаа ирээдүй хойч гэж алсыг хардаггүй юм гэхэд өнөөдөр амьдарч буй өөрсдөдөө жаахан ч гэсэн чөлөөтэй амьсгалах агаар, алхах талбай үлдээхийн тулд дан ганц геополитикийн бодлогоор далайлгах нь хүчин мөхөсдөх болсон байна. Энэ мэт асуудлыг хөндөж, гарах гарцыг тодорхойлсон нэгэн бүтээлийг монгол залуус саяхан орчуулжээ.
Дэлхийн уур амьсгалыг хүн өөрчилж байгаа ч уур амьсгал ч хүний бие организмийг өөрчилж байгаа нь гашуун үнэн. Цэвэр агаар, цэнгэг усаа алдаж буй хүн төрөлхтөн оюун ухаантайгаа байгаа дээрээ юу хийх ёстойг, ер нь бидэнд яагаад ногоон хувьсгал хэрэгтэйг та Т.Фрийдманы “Халуун, хавтгай, хавчигдмал дэлхий” номоос уншаарай.
Адъяасүрэн Эрдэнэбилэг