Sunday, November 30, 2008

Мумбай дахь Террор, бидний авах сургамж

Саяхан Мумбайд болж өнгөрсөн аймшигт үйл явдлын талаар нүдтэй чихтэй болгон олж мэдээ байлгүй. Ямартаа ч нийт бараг 4 хоног үргэлжилсэн террорын явцад 190 гаруй хүний амь үрэгдэж 300 гаруй хүн шархдаж байж өчигдөр өглөө нэг юм дуусах шиг боллоо.
Би уг нь лал соёлтой нэлээд найз нөхөдтэй. Иран, Афган, Арабын улсуудаас ирсэн мөн Энэтхэгийн лалууд ч гэсэн Хиндү соёлтнуудыгаа бодвол бидэнтэй илүү нээлттэй харьцаатай хүн чанар сайтай хүмүүс шиг санагддаг юм. Арай либерал зарим нь шашныг зөвхөн ёс суртахууны хэм хэмжээ төдий авч үзэж харьцана. Бусад нь болохоор шашиндаа үнэнч хэдий ч маниусыг хүндэлж харьцана. Хамгийн гол нь хэн нь ч терроризмыг сайшаадаггүй. Нэгэнтэй нь бүр хууч хөөрч байхад манай шашинд хүнийх байтугай амьтны амь таслахыг ч том нүгэл гэж үздэг хэмээж байсан нь саяын 4 хоногийн үйл явдлын үеээр санаанд тод байлаа. Тийм ч учраас би л хувьдаа иймэрхүү үйл явдлаас болж лал соёлтой болгоныг үзэн ядаж чадахгүй. Энэ бүхнийг гагцхүү тэдний нэрийг барьсан хэсэг дампуу нөхдийн хийж байгаа ажил л гэж үздэг. Яг үнэндээ шашныхаа нэрээр гэмгүй хүмүүс хохироож байгаа тэдгээр нөхдүүд бусад энгийн лал шашинтнууддаа дэндүү их гай зовлон авчрах аж Иймэрхүү явдал болсны дараа Энэтхэгт ёстой юм шиг дандаа шашны мөргөлдөөн гардаг. Лал сүмүүд рүү Хиндү нар нь дайрч галдаж шатаагаад л. Энэ болгонд манай найзууд шиг тэдгээр гэм зэмгүй хүмүүс л өртөөд дуусдаг гэж бодохоор өр өвдмөөр. Хаанаас ч билээ дэлхийн 3-р дайн шашнаас болж дэгдэнэ гэж уншиж байсан санагдах юм...


Өнөөдөр Энэтхэгийн дотоод яамны сайд сайн дураараа албан тушаалаасаа огцрох өргөдөл гаргалаа. Бас л том совесть шүү. Мань хүнийг тагнуулаа сайн ажиллуулж иймэрхүү юм болох гэж байгааг мэдэрч чадсангүй гэж жаал шүүмжилжээ. Үр дүнд нь мань хүн "ухамсар, ёс суртахууны"-хаа үүднээс энэ ажлыг цаашид хийж чадахгүй нь гээд огцорч. Манай Онцгой Байдлын хэдэн томчууд хамаг тоног төхөөрөмжийнх нь мөнгийг идчихээд ажилчдаа гар нүцгэн гал руу оруулаад эцэст нь эмгэнэл болоход матрын нулимс унагаад л дараагийн сонгуульд юу ч болоогүй юм шиг нэр дэвшдэгийн хажууд бол ялихгүй л асуудал байх. Бас л нэг сургамж...

Мумбайд 7 газар 10 гаранхан террорист бүгд 300 гаран сумтай калашников барьж ороод л тусгай хүчнийхэнд ч дийлдэхгүй байлдсаар байгаад баахан гэмгүй хүмүүс нөгөө ертөнцөд үдлээ. Энэтхэг учиргүй Америк, Англи шиг нь биш юм аа гэхэд манайхтай харьцуулахад харуул хамгаалалт уг нь чангатай газар. Тусгай хүчний цэрэг цуух нь ч том гүрний энтэй. Манайд хэрэв иймэрхүү зүйл болвол дотоодыг хамгаалах гээч юм нь хэр хөгжсөн байдаг юм бол? Чулуу барьсан бацаануудад зодуулаад зогсож байдаг цагдаа нар калаш барьсан террористууд таарвал юу хийх бол?


Аз болж манайх дотоод шашны мөргөлдөөн энэ тэр байхгүй юм даа. Ядаж л нэг этник грүппийнх болохоор ялгарч хуваагдаад байх шалтгаан байхгүй (баян ядуугаараа л ялгардаггүй юм бол) амар юм. Гэхдээ олон улсын тавцанд АНУ-ыг хэтэрхий аялдан дагагч статус маань ийм явдал хэзээ нэгэн цагт гарахгүй гэсэн баталгаа өгч чадахгүй л байх. Саяын террористууд бол Энэтхэгийг Америк, Англиас харьцаагаа таслахыг шаардаж байсан байх юм. Бас л нэг сургамж...

Ер нь юу болж өнгөрсөн талаар нарийн мэдээлэл авахыг хүсвэл энд дараарай.

За тэгээд амь үрэгдэгсдийн ар гэрийнхэнд эх хэлээрээ ч болтугай гүн эмгэнэл илэрхийлье дээ.

5 comments:

Pearle Deppsu said...

миний нэг найз мусалман. тэгээд бас хэлж л байдаг юм. тэр шашинд Осама Бин Ладен ямар хамаатай юм бэ? тэр Корам сударт террористууд ямар хамаатай юм гээд л...

үнэн дээ үнэн

Ган-Очир said...

аймар юм болсон шүү нээрээ. мэдсэн юм шиг яг тэр өдрүүдэр Бангалорет 4 хоног нар гараагүй бороо орсон шд.

Javkhlan said...

жирийн лал шашинтан хэлмэгдэж байна гэдэг үнэн шүү. гэхдээ тэр террористууд нь өөрсдөө хийж байгаа үйлдэлээ аллахын нэрийн өмнөөс гэж хэлж тайлбаралдаг болохоор аргагүй л байх л даа.

cpd said...

Манай цагдаа, хүчнийхэн ийм үед бэлтгэл муутай нь үнэн байх. Гэхдээ энэ явдалыг 7 сарын 1 тэй харьцуулах нь шал утгагүй хэрэг.

Хэрэв ийм юм болвол шууд буу барьж очоод буудана биз дээ. 7 сарын 1 нд бол төр эзэнгүй болоод төрийн эзэн байх хүн намынхаа байранд чулуунаас нуугдаад байсан болохоор цагдаа яах ч арга байгаагүй. Товчоор бол цагдаа удирдлагагүй байсан.

solongoo said...

Ёстой харамсалтай үйл явдал болсон. Уг нь Мумбай явах их хүсэлтэй байсан юм сан, Леополд кафед суух гэх мэт, халдлагад өртсөн нь дэндүү харамсмаар.
Даанч одоогоор Мумбай явах ямар ч хүсэлгүй болсон. Тийм эмгэнэлтэй үйл явдал болсон газар яагаад ч сэтгэл амар зорчиж чадахгүй болсон мэт. Нэг тийм хар юм сэтгэлд үлдээстэй.