Saturday, January 24, 2009

Ариун Ганга

Шүүдрийн дуслаар цай чанаж өгвөл эхийн ачийг хариулдаг юм хэмээх хэлцтэй синоним болов уу гэмээр Ариун Гангын усаар цай чанаж өгч эцэг эхийн ачийг хариулдаг утгатай дууны үг, зохиол би нэлээн хэд харж байсан юм билээ. Бодвол аялал жуулчлал сайн хөгжөөгүй байсан тэр үед Монголоос хаа байсан Энэтхэг хүртэл бэдэрч ирээд саванд ус хийж аваад буцаж очин цай чанаж өгөх нь шүүдрийн дусал цуглуулахын дайтай хүнд ажил байсан болоод ингэж зүйрлээ байлгүй. Одоо бол ч мөнгөтэй л бол нисч ирээд л ундааны саванд ус хийж аваад буцаад очиход эхийн ачийг хариулчихаж байгаа мэт төвөггүйхэн болжээ дээ. Гэхдээ гол нь тэр усыг авч очин цай чанаж буй тэр сэтгэл л чухал байх.


Ямартай ч Ариун Ганга мөрөн маань байнга тэнд амьдардаггүй хүн харахад тэгтэл ариун харагдахааргүй ажээ. Анх удаагаа очиж байгааг хэлэх үү андуураад хүн чандарладаг хэсэг дээр нь буучихлаа. Хоёр давхар өндөр шаттай барилга байхаар нь энэ дээрээс бодвол гол руугаа хардаг юм болов уу гэсэн шүү юм бодоод алхаад ортол нэг л биш ээ. Үүдэнд нь баахан уйлж унжсан дүнсгэр хүмүүс оочерлоод зогсчихсон цонх энэ тэр ч үгүй битүү харанхуй заал шиг юманд орчихлоо. Ядаж байхад дээр нь байх хаягны дундах үг нь уначихсан чинь «Электрон … газар» гэсэн утгатай юм болчихож. Хаана ороод ирчихэв хэмээн гайхаад хараад зогсож байтал хэд хэдэн зуух шиг юм нүдэнд өртлөө. Тэгмэгц санаанд юу билээ хэмээн сэрдхийгээд эргээд хартал баахан хүний хүүр хажууд эгнүүлээд тавьчихсан байна. Ээ бүү үзэгд гээд гүйх нь холгүй юм гарч явж билээ. Харин сүүлд мэдэхнээ баячуудынх нь хүн чандарладаг газар байсан бололтой. Энэ барилгын хажуу хавиар ядуус чандарладаг буюу шууд гадаа ил задгай хүүр шатааж байгаа хүмүүс зөндөө. Эд нь 1000 рүпий буюу 25 доллар орчимоор нэг хүн чандарладаг юм гэсэн. Баян ч бай ядуу ч бай үхэгсдээс үлдсэн чандарыг Гангын усанд өргөөд дуусдаг гэнэ.


Үүнээс хэдхэн метрийн зайтай хувцас угаалгын газар болов уу гэмээр зүйл бас харагдана. Зогсоол шиг нидрүүлэг хийчихсэн хүмүүс хувцсаа овоолоод угааж байна. Ингээд зогсохгүй доохно талд нь хүмүүс усанд орж хүүхдүүд цаасан шувуу нисгэн эгээ л манай наадмын талбай мэт гадаад дотоодгүй түмэн амьтан хөлхөж байдаг газар ажээ. Энэтхэгийн хаа ч дагаж явдаг гуйлгачид, элдэв бараа зардаг нөхдүүд ч энэ бүхнээс яаж хоцрох билээ.


Ус нь нэг л их ногоорч харласан мэт харагдах энэ мөрөн өөрийгөө цэвэршүүлэх мундаг системтэй хэмээн сонсож байсан. Доогуур нь газрын гүндээ мөнгөний судалтай ч гэл үү ямар ч байсан энэ их бохир заваан болгоноос ус нь өөрийгөө цэвэршүүлээд ширгэж хатчихалгүй байгаад байдаг бололтой. Харин Монголчууд ариун хэмээн нэрлэсэн шалтгаан нь энэхүү усны эрдэс бодистой холбоотой болов уу. Жирийн ус битүү саванд хийгээд хадгалахад хоёр хоногт л өмхийрч хээгтээд сонин болчихдог. Буцалсан ус тэгж хадгаллаа ч үсрээд л нэг сар болоод уухын эцэсгүй болчихдог. Харин Гангын ус саванд хийгээд авахад шар ногоон туяатай харагдах мөртлөө удах тусмаа энэ нь багасч улам тунгалагжин хэдэн жил хадгалаад гаргаж ирсэн ч үнэр ороогүй байдаг юм гэсэн. Хэдэн жил хадгалсан хүмүүсийн амнаас тэгж сонссон. Харин одоогоор миний авчирсан ус арваад хоночихоод байхад битүү саванд ямар нэг үнэр амтны өөрчлөлт ороогүй л байж байна.
Ариун газарт гарч ирэх бизнес санаа ч мундахгүй бололтой. Завиар явж байтал загас авах уу гээд бас нэг завьтай нөхөр асуудаг юм байна. Ийм уснаас барьсан загасаар ч яах билээ. Угаасаа ч хоол хийж чадах биш ухааны юм бодож байтал баахан жижигхэн жараахай хийчихсэн сав үзүүлдэг юм байна. Учрыг нь сонирхохноо загас гээч лусын амьтан нас уртасгадаг. Загасны амь аврахад загас эргээгээд өөрийнхөө насыг аваарай хэмээн ерөөдөг юм гэнэ. Өөрөөр хэлбэл түрист өнөө савтай жараахайг худалдаж авч усанд нь буцааж тавин насаа уртасгах бөгөөд мань загасчин намайг тавингуут буцаагаад өнөө жараахайг барьж аваад дараагийн хүнд зарах юм болов уу даа. Загасчны хувьд бол ямар нэг алдагдал байхгүй тун ч аятайхан бизнес санагдсан. Загас нь үхэхгүй өөрөөс нь юм гарахгүй. Уг нь загастайгаа тохиролцчихдог бол бүр ч амар. Загас нь суларч усандаа ороод л буцаад мань хүн дээр ирдэг ч юм уу. Хэхэ.


3 comments:

БЭ said...

ариун гангын усаар угааж
ачийг тань нэг хариулахсан...

л гэж мэдэх юм байна, тэрнээс ариун гангын усаар цай чанана гэж юу байхав дээ, хавийн амьтадын орж хирээ угаадаг, элдэв шатаасан чандарын хольцтой усаар цай чанаж байна гэж төсөөлсөн дотор арзаганачихлаа...ккк

тэгэхдээ л нэг очиж үзэх юмсан.

A.Амарсайхан said...

Ээ дээ над шиг хүн бол наад "ариун" ус руу чинь сэжиглээд хэзээ ч ойртохгүй юм байна санаж.
Хүнхэрийнхээ тагнай хага ташсан сайхан рашаанаасаа хүртээд, зөвхөн Монголдоо, Алтайдаа залбираад сууж байя даа.
Ариун Ганга гээчийг амьдаар нь үзэхэд ямар байдгийг харуулж, миний Алтайн сугаас ундрах ямар ч жижигхэн булаг хамаагүй ариун гэдгийг харуулсан Огоодоо их баярлалаа.

S. B. said...

хэ хэ саяхан энэтхэгийн Аравинд Адига гэдэг зохиолчийн Цагаан бар гэдэг ном уншсан, тэнд бас Ганга мөрний тухай иймэрхүү зүйл бичсэн байсан санагдана.