Thursday, April 30, 2009

Mobile Content

Харилцаа Холбооны Зохицуулах Хорооноос хөдөлгөөнт агуулгын талаар хийсэн семинарын тухай рэвью бичнэ гэж ВиМо дээр амалсан байснаа энд давхар тавилаа.
Семинарын үеэр ХХЗХ-ны зохицуулалтын албаны мэргэжилтэн Б.Мягмарнаран "Контентийн бизнесийг хөгжүүлэх зохицуулалтын орчин" сэдвээр, USI-ийн С.Буянцогтоо ах "Контентийг хөгжүүлэхэд тулгамдаж буй асуудлууд" сэдвээр, Монгол Контент ХХК-ийн ажилтан Б.Өнөрболд "Контентийн бизнесийн өнөөгийн асуудлууд" сэдвээр илтгэл тавьсан нь миний хувьд хамгийн сонирхолтой илтгэлүүд санагдсан гэж хэлж болно. Улуснет, Скайтель энэ тэр гэсэн компаниуд 3-р үеийн хөдөлгөөнт технологийн давуу талуудын тухай мөн өөрсдийн хэрэглэгчиддээ амалж буй боломжийн талаар нэлээн хэдэн илтгэлүүд тавьсан боловч илтгэгчээсээ болов уу сэдвээсээ болов уу чихэнд нэг их наалдсангүй.
Ямартаа ч үр дүнгүй баахан хуралддагийг бодвол энэ удаагийн семинар агуулгын бизнес гээч юм монголд гарч ирэх цаг нь болсныг зарлаж энэ талаархи төрийн зохицуулалт, эрхзүйн орчин, бизнесийн загвар ямар байх талаар нийтээрээ хэлэлцсэн гайгүй үр дүнтэй хурал болов уу гэж бодлоо. ХХЗХ болоод МХХТГ аль аль нь хувийн хэвшлийнхэний санаа оноог зохицуулалтын бодлогодоо тусгаж өгөх үүднээс энэхүү семинарыг хийж нээлттэй хэлэлцүүлэг хийхийг хүссэн гэж мэдэгдэж байсан.
Ингээд хэлэлцүүлгийн үеэр явагдсан хэд хэдэн санаа гэвэл:
1. Томоохон компаниуд өөрсдийн нэвтрүүлэх гэж буй шинэ технологийн талаар нийтэд зарладаггүй гэсэн шүүмжлэл. Хэдийгээр том компаниуд хамаг стратегиэ олон нийтэд зарлаад байх боломжгүй ч гэсэн Мобикомын жишээн дээр Монгол Контент хэмээх охин компаниа хоёр жилийн өмнөөс агуулгын бизнест бэлдэж байгаад өнөөдөр гэнэт л 3-р үеийн технологи гээд гаргаад ирлээ. Бусад компаниудад ингэж бэлдэх боломж ч олгосонгүй. Ингээд өөрийн охин компани нь мобигийн сүлжээгээр цацагдах бүх агуулгыг үүсгэх бүрэн эрхтэй болоод авах жишээтэй.
2. Traffic sharing буюу хүн гар утаснаасаа сонирхсон агуулгаа үзэхдээ килобайт бүрийнхээ төлбөрийг мобикомд төлж байгаа. Энэ мөнгөнөөс сүлжээгээ ашиглуулан уг агуулгыг дамжуулж өгч байгаа моби мэтийн компани агуулгыг анх бүтээсэн эзэнд хувь өгөх эсэх бас сонирхолтой асуудал...
гэх мэт нэлээд асуудлууд яригдсан боловч яг одоо санаанд байгаа нь энэ хэд бололтой. Дараа санавал нэмж бичье

Saturday, April 25, 2009

Обамагийн Мөхөшгүй Найдварын Гал Монгол хэл дээр хэвлэгдлээ

Манай Монголчууд АНУ-н 44 дэхь ерөнхийлөгч Барак Обамагийн талаар хангалттай сонссон бизээ. Тэгвэл түүний бичсэн Мөхөшгүй Найдварын Гал номыг хэсэг залуус эх хэл дээрээ хөрвүүлэн гаргасан байна.

Барак Обама бол Ардчилсан намаас нэр дэвших сунгаанд Хиллари Клинтонтой өрсөлдөн ялж, үүний дараагаар ерөнхийлөгчийн сонгуульд Жон МакКейн-тэй өрсөлдөн 2008 оны 11 дүгээр сарын 4-нд ард түмнийхээ хүсэл зоригийн илрэл болон сонгогдсон билээ.

Тэрээр 2009 оны 1 дүгээр сарын 20-нд тангараг өргөснөөр АНУ-н 44 дэхь ерөнхийлөгч болсон юм. Их гүрний анхны хар арьстан ерөнхийлөгч Барак Обама 2006 онд туурвисан энэхүү номондоо Америкийн болон дэлхийн улс төр, нийгэм, үндэстэн угсаатан, арьс өнгөний ялгаварал, хувь хүмүүсийн талаарх үзэл бодлоо дэлгэрэнгүй бичжээ.


Мөн өнгө, мөнгөний эрин үед хүн хүнээрээ байхын чухлыг, итгэл найдвараа алдахгүй, хүсэл эрмэлзлээ гээхгүй амьдрахын утга учрыг туулсан амьдралаараа нотлон өгүүлсэн байна. Мөрөөдөл дуусах газар амьдрал төгсдөг гэдэг. Америк мөрөөдлийг, америк итгэлийг биелүүлэх гэж буй энэ хүний үзэл санаа, дотоод сэтгэлтэй дотно танилцах боломж монголчууд та бидэнд нээгдлээ.

Мөхөшгүй Найдварын Гал номны нээлт 4 дүгээр сарын 27-ны өдрийн 13.00 цагт Улсын Төв Номын Санд болно. Нээлтийн үеэр номыг та 20% хямдралтай худалдаж авах боломжтой юм байна.

Thursday, April 16, 2009

"Мөхөшгүй Найдварын Гал"-аас

Удиртгал


...Энэ явдал 2001 оны 9-р сарын сүүл хавьцаа болж таарсан юм.

“Улс төрийн нөхцөл байдал өөрчлөгдчихөөд байгааг чи ойлгож байгаа биз дээ” хэмээн тэрээр зууш сэрээдэнгээ өгүүлэв.

Түүний юу хэлэх гээд байгааг бүрэн ойлгож байсан ч би “Юу гэсэн үг вэ?” хэмээн асуулаа. Бид түүний хажуудаа тавьсан сонин руу хоёул харц тусгав. Сонины эхний нүүрэн дээр Осама Бин Ладенгийн зураг байсан юм.

“Золигийн ч юм байх юм даа. Тийм ээ?” хэмээн хэлээд тэр толгойгоо сэгсрэв. “Үнэхээр азгүй явдал. Чи мэдээж нэрээ сольж болохгүй. Сонгогчид иймэрхүү зүйлст их эмзэг ханддаг. Хэрэв чи карьерээ дөнгөж эхэлж байсан бол зарим нэг хоч нэр ч юм уу ашиглаад явж болох байлаа. Даанч одоо…” Түүний хоолой тасалдаж алга болон харамссан байдалтай мөрөө хавчаад зөөгчөөс тооцоо хэд гарсныг асуулаа...


...Тэдний ихэнхи нь ажил хийхийг хүсч буй хүн бүхэн амьдралдаа хүрэлцэхүйц цалинтай ажил олж чаддаг байх ёстой гэж боддог, хэн нэгэн өвдлөө гэхэд компанийг нь дампуурсанаар зарлах ёсгүй гэдэгт итгэж байв. Хүүхэд бүр үнэхээр чанартай боловсрол эзэмшиж эцэг эх нь баян биш байсан ч хүүхэд нь коллежид орох боломжтой байх ёстой гэж тэд үздэг бөгөөд энэ нь зүгээр нэг дэмий яриа болоод өнгөрөх асуудал биш гэдэгт бас итгэдэг байна. Тэд гэмт хэрэгтэн, террористуудаас айх аюулгүй байж цэвэр агаараар амьсгалан, цэнгэг усаар хангагдаж үр хүүхдэдээ зарцуулах чөлөөт цагтай байхыг хүсч байсан юм. Тэгсээр насны наран хэвийх үедээ нэр хүндтэйхэн тэтгэвэрт гарах боломжтой байхыг тэд хүсдэг аж...


Дөрөвдүгээр бүлэг: Улстөр


...Барууны үзэлтэй байна уу зүүний үзэлтэн байна уу онц ялгаагүй, ашиг сонирхлын бүлэглэлүүд улс төрийн хандивын талаар яригдаж эхлэхэд бүгд сонгуульд сонгогдох магадлал өндөртэй албан тушаалтнуудыг дагалдана. Мөн түүнчлэн тойрог тогтоох ажил нь конгрессын гишүүдийг сонгуулийн халуухан сорилтоос хамгаалж өгдөг. Тойрог тогтоох үеэр эрх барьж буй нам компьютерээр нарийвчилж гаргасан тоо дүгнэлтэнд үндэслэн тухайн дүүргийн хүн ам дотор Ардчилсан намын эсвэл Бүгд Найрамдах намын гишүүдийн аль нь зонхилж байгаа эсэхийг нягталж үздэг. Үнэн хэрэгтээ ихэнхи сонгогчид өөрсдийн төлөөний хүмүүсээ сонгох биш харин тэднийг төлөөлөгчид нь өөрийг нь сонгох хүмүүсээ шилдэг ажээ...


...Би энэ бүхнээр зөвхөн улс төрчид л иймэрхүү урам хугаралтыг мэдэрдэг гэж хэлэх гэсэнгүй. Гагцхүү ялагдлын шархаа нүднээс далдуурхан долоож байгаад эдгээчихдэг бусад мэргэжлийнхнээс улс төрчийн ялагдал олны нүдэн дээр ил байдгаараа ялгардаг гэдгийг харуулах гэсэн юм...


...Улстөрчдийн ихэнхи нүгэл өөр нэгэн том нүгэл болох ялахын хүслэн хийгээд ялагдахгүй байхын тэчъяал дээр үндэслэн гарч ирдэг. Яг үнэндээ мөнгөний хойноос хөөцөлдөхийн гол шалтгаан нь энэ л байдаг. Өнөөгийн сонгуулийн сурталчилгааны санхүүжилтын хууль хийгээд явсан мөр болгоныг маань шиншилж явдаг эрэн сурвалжлах сэтгүүл зүй гарч ирэхээс өмнө мөнгөөр улс төрийг шууд утгаар нь хахуульдан авч болдог байв. Улс төрчид кампанит ажлынхаа санхүүжилтыг өөрийн хувийн данс мэтээр үзэж сүржин хүлээн авалтууд зохион байгуулан нэр хүндтэй хүмүүсийн нөлөөн дор сурталчилгаа хийж байх тэр үед хууль тогтоох байгууллага гэдэг хамгийн их мөнгө амлагчдын цугладаг газар байлаа...


...Хамгийн амархан хандив цуглуулах арга бол томоохон компанийн ПиЭйСи-нүүд, тодорхой эрх ашгийн бүлгүүдийн талд орон, олон нийтэд худлаа ярьж дүр эсгэж сурах бөгөөд хэрэв энэ бүх шинэ дүр төрх чинь анх гарч ирж байсан үеэс чинь ихэд өөрчлөгдсөн мэт санагдаж байвал энэ бүхнийг зөвхөн бодит байдалдаа дасан зохицож буй өөрчлөлт хэмээн мэдэрнэ. Энгийн хүмүүсийн зовлон бэрхшээл, Раст Белт бүсийн дуу хоолой, сүйрч буй газар нутаг энэ бүхэн бодит амьдрал гэхээсээ алсаас хүнгэнэх цуурай мэт санагдаж тэмцэх ёстой талбар биш зохицох ёстой хийсвэрлэл лугаа адил мэдрэгдэнэ...


...Жинхэнээсээ хоёр нам эвсэж хос намт төр үүсгэх нөхцөлд өгөө-аваатай үнэнч шударга процесс бий болж буулт хийж буй хэмжээ нь сайн сургууль байгуулах тухайд байна уу төсвийн алдагдлыг багасгах талаар байна уу хамаагүй анхнаасаа тохиролцсон зарим нэг зорилготой хэр нийцэж байгаагаар хэмжигдэнэ. Харин өнөөдөр олонхи болоод буй нам нь өнөөхөө хэвлэл мэдээллээр баалж сонгогчдынх нь өмнө нэр хүндийг нь унагах замаар нөгөө талаа дарамтлан наймаалцаж байх шиг...


Тавдугаар бүлэг: Боломж


...“Бидний хувьд авъяастнуудыг өөрсдөдөө татаад байж чадна Яагаад гэвэл бид хангалттай нэр хүндтэй болсон.” хэмээн тэрээр өгүүлээд “Гэхдээ бүтээн байгуулагчдын хувьд шинэхэн байгуулагдаад буй компани магадгүй маргаашийн хоёр дахь Гүүгл бий болоход асуудал байна. Вашингтон дахь та нөхөд юмс хэчнээн айхтар өрсөлдөөнтэй болсон гэдгийг ойлгодог байх гэж найдаж байна. Бидний хаанчлал мөнхийн биш шүү дээ” гэж билээ...


...Хэдхэн товч дараад л триллионоор хэмжигдэх доллар дэлхий тойрон хамгийн ашигтай цэг рүү шилжиж байна. ЗХУ-ын уналт, Хятад, Энэтхэг дэх зах зээлийн шинэчлэлт, худалдааны саад тотгор арилсан хийгээд Вол-Март маягийн бөөний худалдааны төвүүд гарч ирсэн зэрэг нь хэдэн тэрбум хүнийг тэр дор нь Америк компаниуд болоод Америкийн ард иргэдтэй өрсөлдөөнд оруулж орхижээ. Зохиолч нийтлэлч Томас Фрийдманы бичдэгчлэн дэлхий үнэхээр бөөрөнхий биш болсон эсэхийг бүү мэд. Гэхдээ ямартай ч өдөр өдрөөр улам хавтгайрсаар байгаа бололтой...


...Эрчим хүчнийхээ эх үүсвэрийг хянаж чадахгүй улс үндэстэн ирээдүйгээ ч хянах боломжгүй. Украйн энэ тал дээр магадгүй сонголтгүй шахуу байгаа байх. Гэхдээ дэлхий дээрхи хамгийн хүчирхэг хийгээд баян улс болох бидэнд бол сонголт бий...


...Одоо та бид 300 тэрбум долларын төсвийн алдагдалтай байгаа бөгөөд үүн дээр улсын өр шууд нэрмээс болон нэмэгдэж байгаа. Энд мөн жил бүр Нийгмийн Халамжийн Сангаас 180 тэрбум долларыг өр болгон авч байна. Нийт өрийн нийлбэр одоо 9 триллион доллар болоод байгаа бөгөөд энэ өрийг манай улсын иргэн бүрт хуваавал хүн бүрт ойролцоогоор 30,000 доллар оногдож байна гэсэн үг юм...


Зургадугаар бүлэг: Сүсэг бишрэл


...Цөөхөн эмэгтэйчүүд л гэнэт үр хөндүүлэхээр шийддэг болохоос ямар ч жирэмсэн эмэгтэй зүрх шимшрэм ийм шийдвэр гаргахдаа ёс суртахууных нь талаас бодолцож үздэг, сэтгэл зүрхтэйгээ тэмцэлдэн байж ингэж шийддэг байх хэмээн өөрийнхөө үзэл бодлоос би түүнд тайлбарлав. Харин ч үр хөндөлтийг хориглосноор нэгэн цагт энэ улсад байсанчлан эмэгтэйчүүд найдваргүй, аюултай газар үр хөндүүлж, хийсэн эмч ч хийлгэсэн эмэгтэйчүүд ч гэмт хэрэгт орооцолдох эх үндэс тавигдана гэдгийг ярив. Миний бодлоор бол бид харин үр хөндөлт хийлгэхэд нөлөөлж буй хүчин зүйлсийг нь эхний ээлжинд таслан зогсоох ёстой гэдгээ ч тайлбарлалаа...


...Америкчуудийн 95 хувь нь бурхан байдаг гэдэгт итгэдэг ба гуравны хоёр нь сүмд явдаг, 37 хувь нь өөрсдийгөө жинхэнэ Загалмайтан гэж тодорхойлдог бөгөөд улам л олон хүмүүс эволюцийн онолд итгэхээсээ тэнгэрийн элч байдаг гэдэгт итгэх болжээ...


...Авраам, Исаак хоёрын түүх энэ тал дээр энгийн мөртлөө тун ч бодитой жишээ болж чадна. Библид бичсэнээр бол бурхан Авраамд хандан ганц хайртай хүү Исаакийг золиослож өөрт нь өргөл барихыг шаарддаг. Үүнийг сонсоод өөдөөс нь огтхон ч маргалгүйгээр Авраам Исаакийг дагуулан уул өөд гарч тахилын тавцан дээр хүүгээ хэвтүүлж хүлээд, бурхны заасанчлан хутгаа далайдаг...


...Ихэвчлэн сүмийн цуглаан нэг л бүтэлгүй болж байх үед сүмийн номлогч хялбар жишээ болгон “Адам, Ева хоёр хамгийн анх үүссэн. Түүнээс Адам Стив хоёр үүсээгүй юм шүү” хэмээн ижил хүйстнүүдийг доромжлон хашгирч байхыг би олонтаа сонссон...

Tuesday, April 14, 2009

Эрх чөлөө гэж юу вэ?



LinuxFoundation-с зарласан уралдаанд түрүүлсэн бүтээл.

Wednesday, April 01, 2009

“МЭДЭЭЖ” ДҮҮТЭЙ ЗОЛГОХ МЭНДИЙН САМБАЙ

Ардын уран зохиолч Д.Пүрэвдорж агсаны 2008 оны 12 сард Өнөөдөр сонинд өгсөн нийтлэлийг тэнэж яваад сая л олж уншлаа. Уншаагүй нэг нь уншихад тун ч хэрэгтэй эд байх шиг байна.
Энд таалагдсан хэсгээсээ ишилж тавилаа. Бүтнээр тавих гэснээ зөвшөөрөлгүй бас дэмий байх гээд холбоос заачихлаа.


…Хармаанд один самар есть
Хайрлаад байна не кушал
Хажууд одна девка есть
Ичээд байна не сказал…
…Ийм два птиц шиг
Ижилсээд давалаад сажийя
Ингэж сажийхаас илүү
Счастья где байх юм бэ… мэт нь
тэдний буртагшин уусахыг наанаа элэглэж цаанаа эмзэглэсэн нэгэн жишээ. Гэтэл өдгөө тэдний шавь нар орос хэлний оромцогоо орхиод англи үгний амсуургаар гайхуулж үндэсний хэл, бичгээ аанай л гадуурхаж улаантантай усан төрлийн зулай гишгэжээ, Мэдээжээ! Чи нийслэлийнхээ хаягийг нэг харчих. Чөмөггүй ширээлж чөдөртэй жороолоочийн толгойгүй бөгс тонтгонож буйтай адил гэдэг үнэн. Толгойтойсон бол арай ч ингэтлээ садарлахгүй. Өндөр байшингийн гэрлэн хаяг, зоогийн газар мэтэд монгол хэл минь гологдоо юу. Түүхийн түүчээ баатрууд, түмний манлай мэргэд домог туулийн гэгээн дүрүүд гурван буурал хантай, гучин гурван говь, тахилга тайлгат уул уснаас минь нэр олохгүй байгаа хүмүүсийг ухааны харалган дайрчээ...

...Энд би хэлний хос морьтнуудын тухай ярих гээгүй. Хорвоогийн аль ч орон гүрэнд очсон та нарын хэлдэг хаана байгаа нь үл мэдэгдэх “Ичих булчирхай” бус нүүр улайхааргүй сайхан билгүүн залуусаар бахархдагаа хэлье. Бас харийн үг, хэлэнд нутагших тохиол, бэхжсэн хэл өөрийгөө цэвэршүүлэх хүчтэй байдгийг ч үгүйсгэх гээгүй. Гагцхүү монголоо алдаж модоо бариачдын “навчинд” бараалхах санаа сэдсэн юм. Гэтэл нэгэн хошигнооч “цаадуулын чинь чихэнд үнэн үг хийвэл сэгсрэнэ. Харин алт хайлаад цутгавал ахиад нэм гэж аашлаж байгаад хярвасрана” гэж урам хугалсан боловч би мятарсангүй...

...Хүйсийг жендер, шигшээг тендер, шалган байцаахыг аудит, орон сууцны зээлийг ипотек, өргөөг хаус, дэлгүүрийг маркет, зочид буудлыг хотел, гэснээр агуу их соён гэгээрүүлэгчээр тодрох уу, айлын идүүр долоосон гөлөг харагдах уу. Хэл саармагжвал үндэстэн сульдаж хэл мөхвөөс үндэстэн үгүйрнэ гэдгийг мэдэх хүн тэдний дунд баймаар атал яагаад сунчин дутаж сурамгай доголоно вэ.
Харийн ном жамыг хамагчтай мэт дагаж яваагаа, дэлхийн дээвэрт дэвж явна хэмээн эндүүрэх юм даа чааваас...

...Чи ярилцагч бүсгүйгээ “нэрийг нь хэлэлтгүй, монголд мэдэхгүй хүн байхгүй” гэлээ. Тэрэгний дугуй шиг ээмэгтэй, тэхийн эвэр шиг хумстай тэр бүсгүй үнэхээр дэгжин боловч, “аймаар гоё”, “аягүй сайхан” гээд л дөрвөн мөч савчаад байв. Миний санаанд чөлөөт цагаар “найт клабт” ордог, шоопинг хийдэг аймаар сэксдэх, кайф авах, имиж бүрдүүлэх, салоонд очих, саунд суух мэтээс өөр юм үлдээгүй. Гэхдээ би тэр сайхан бүсгүйг уснаас гаргаж хаясан жараахай шиг болгосон өнөөгийн орчинд бухимдсан шүү...

...Долдугаар сарын нэгний самууныг чи бичихдээ, Батзандан, Магнай, Жаргалсайхан нарыг зандалчилсан, турхирсан гээд тэдний “голыг самнах”-ыг уриалан уулгамчилжээ. Ард түмнээ гишүүнчилж, ахмад, эмэгтэйчүүд, залуусыг тасдан азаргалан хурааж үндэсний эв нэгдлийг хэн бутаргасан билээ? Шударга бусыг тэвчилгүй бухимдсан олон түмний хилэгнэл сонгуулийн луйвраар тэсэрсэн юм биш үү. Тэдний дунд дарвиж, цадиггүйтсэн хүүхэд, залуус өөр ертөнцөөс ирээгүй. Тэднийг хэн ажилгүй, ёс төргүй, хоолгүй болгов оо? “Шавь” төвтэй сургалт гэдгээр эцэг, эх багшийн чандмалсан холбоог хэн тасалсан юм бэ? Хэн тэднийг гарзын тээш, ганзагын гээш болгосон юм бэ? Энэ бүхнийг эрэгцүүлэхийн оронд амгалан тайвныг алдуулсан хэрэгт тэднийг хоморголон шоронд хатаахыг зөвтгөөд хуулийнхан хамгийн зөв шийдвэр гаргана гэж цовхорчээ. Тэр хуулийнхан дунд намчирхалын халдвар тээгч байхгүй гэж миний дүүд чөтгөр л шивнээгүй бол бурхан хэлээгүй ээ. Үрээ залгих цурхай лугаа үндсээ хадраач олдох вий. Өнөөдөр үр хүүхдээ улс төрийн улайрлаар барьж идвээс өргөөгөө хэнд өвлүүлж, өрхөө хэнээр татуулахаа үл бодох үүлгэрүүдийг чи юунд эс тооцно вэ. Бодлоо богшоож бичээчдээ...

...Монгол хэл бол тусгаар тогтнол. Эх орондоо хайртай бүхэнтэй галын шугам дээр нэгдэе. Чи бид хоёрт буу байхгүй. Үндэсний дайсан бус гэхэд нөхөр гэж хараахан хэлэмгүй хэцүү нэртүүдтэй үзгээрээ хатгалдая
Эрхэм дүүдээ энэ удаад самбай барилаа. Санаанд хүрсэн хойно чинь хадагтай золгоё оо...

эх сурвалж