Thursday, April 16, 2009

"Мөхөшгүй Найдварын Гал"-аас

Удиртгал


...Энэ явдал 2001 оны 9-р сарын сүүл хавьцаа болж таарсан юм.

“Улс төрийн нөхцөл байдал өөрчлөгдчихөөд байгааг чи ойлгож байгаа биз дээ” хэмээн тэрээр зууш сэрээдэнгээ өгүүлэв.

Түүний юу хэлэх гээд байгааг бүрэн ойлгож байсан ч би “Юу гэсэн үг вэ?” хэмээн асуулаа. Бид түүний хажуудаа тавьсан сонин руу хоёул харц тусгав. Сонины эхний нүүрэн дээр Осама Бин Ладенгийн зураг байсан юм.

“Золигийн ч юм байх юм даа. Тийм ээ?” хэмээн хэлээд тэр толгойгоо сэгсрэв. “Үнэхээр азгүй явдал. Чи мэдээж нэрээ сольж болохгүй. Сонгогчид иймэрхүү зүйлст их эмзэг ханддаг. Хэрэв чи карьерээ дөнгөж эхэлж байсан бол зарим нэг хоч нэр ч юм уу ашиглаад явж болох байлаа. Даанч одоо…” Түүний хоолой тасалдаж алга болон харамссан байдалтай мөрөө хавчаад зөөгчөөс тооцоо хэд гарсныг асуулаа...


...Тэдний ихэнхи нь ажил хийхийг хүсч буй хүн бүхэн амьдралдаа хүрэлцэхүйц цалинтай ажил олж чаддаг байх ёстой гэж боддог, хэн нэгэн өвдлөө гэхэд компанийг нь дампуурсанаар зарлах ёсгүй гэдэгт итгэж байв. Хүүхэд бүр үнэхээр чанартай боловсрол эзэмшиж эцэг эх нь баян биш байсан ч хүүхэд нь коллежид орох боломжтой байх ёстой гэж тэд үздэг бөгөөд энэ нь зүгээр нэг дэмий яриа болоод өнгөрөх асуудал биш гэдэгт бас итгэдэг байна. Тэд гэмт хэрэгтэн, террористуудаас айх аюулгүй байж цэвэр агаараар амьсгалан, цэнгэг усаар хангагдаж үр хүүхдэдээ зарцуулах чөлөөт цагтай байхыг хүсч байсан юм. Тэгсээр насны наран хэвийх үедээ нэр хүндтэйхэн тэтгэвэрт гарах боломжтой байхыг тэд хүсдэг аж...


Дөрөвдүгээр бүлэг: Улстөр


...Барууны үзэлтэй байна уу зүүний үзэлтэн байна уу онц ялгаагүй, ашиг сонирхлын бүлэглэлүүд улс төрийн хандивын талаар яригдаж эхлэхэд бүгд сонгуульд сонгогдох магадлал өндөртэй албан тушаалтнуудыг дагалдана. Мөн түүнчлэн тойрог тогтоох ажил нь конгрессын гишүүдийг сонгуулийн халуухан сорилтоос хамгаалж өгдөг. Тойрог тогтоох үеэр эрх барьж буй нам компьютерээр нарийвчилж гаргасан тоо дүгнэлтэнд үндэслэн тухайн дүүргийн хүн ам дотор Ардчилсан намын эсвэл Бүгд Найрамдах намын гишүүдийн аль нь зонхилж байгаа эсэхийг нягталж үздэг. Үнэн хэрэгтээ ихэнхи сонгогчид өөрсдийн төлөөний хүмүүсээ сонгох биш харин тэднийг төлөөлөгчид нь өөрийг нь сонгох хүмүүсээ шилдэг ажээ...


...Би энэ бүхнээр зөвхөн улс төрчид л иймэрхүү урам хугаралтыг мэдэрдэг гэж хэлэх гэсэнгүй. Гагцхүү ялагдлын шархаа нүднээс далдуурхан долоож байгаад эдгээчихдэг бусад мэргэжлийнхнээс улс төрчийн ялагдал олны нүдэн дээр ил байдгаараа ялгардаг гэдгийг харуулах гэсэн юм...


...Улстөрчдийн ихэнхи нүгэл өөр нэгэн том нүгэл болох ялахын хүслэн хийгээд ялагдахгүй байхын тэчъяал дээр үндэслэн гарч ирдэг. Яг үнэндээ мөнгөний хойноос хөөцөлдөхийн гол шалтгаан нь энэ л байдаг. Өнөөгийн сонгуулийн сурталчилгааны санхүүжилтын хууль хийгээд явсан мөр болгоныг маань шиншилж явдаг эрэн сурвалжлах сэтгүүл зүй гарч ирэхээс өмнө мөнгөөр улс төрийг шууд утгаар нь хахуульдан авч болдог байв. Улс төрчид кампанит ажлынхаа санхүүжилтыг өөрийн хувийн данс мэтээр үзэж сүржин хүлээн авалтууд зохион байгуулан нэр хүндтэй хүмүүсийн нөлөөн дор сурталчилгаа хийж байх тэр үед хууль тогтоох байгууллага гэдэг хамгийн их мөнгө амлагчдын цугладаг газар байлаа...


...Хамгийн амархан хандив цуглуулах арга бол томоохон компанийн ПиЭйСи-нүүд, тодорхой эрх ашгийн бүлгүүдийн талд орон, олон нийтэд худлаа ярьж дүр эсгэж сурах бөгөөд хэрэв энэ бүх шинэ дүр төрх чинь анх гарч ирж байсан үеэс чинь ихэд өөрчлөгдсөн мэт санагдаж байвал энэ бүхнийг зөвхөн бодит байдалдаа дасан зохицож буй өөрчлөлт хэмээн мэдэрнэ. Энгийн хүмүүсийн зовлон бэрхшээл, Раст Белт бүсийн дуу хоолой, сүйрч буй газар нутаг энэ бүхэн бодит амьдрал гэхээсээ алсаас хүнгэнэх цуурай мэт санагдаж тэмцэх ёстой талбар биш зохицох ёстой хийсвэрлэл лугаа адил мэдрэгдэнэ...


...Жинхэнээсээ хоёр нам эвсэж хос намт төр үүсгэх нөхцөлд өгөө-аваатай үнэнч шударга процесс бий болж буулт хийж буй хэмжээ нь сайн сургууль байгуулах тухайд байна уу төсвийн алдагдлыг багасгах талаар байна уу хамаагүй анхнаасаа тохиролцсон зарим нэг зорилготой хэр нийцэж байгаагаар хэмжигдэнэ. Харин өнөөдөр олонхи болоод буй нам нь өнөөхөө хэвлэл мэдээллээр баалж сонгогчдынх нь өмнө нэр хүндийг нь унагах замаар нөгөө талаа дарамтлан наймаалцаж байх шиг...


Тавдугаар бүлэг: Боломж


...“Бидний хувьд авъяастнуудыг өөрсдөдөө татаад байж чадна Яагаад гэвэл бид хангалттай нэр хүндтэй болсон.” хэмээн тэрээр өгүүлээд “Гэхдээ бүтээн байгуулагчдын хувьд шинэхэн байгуулагдаад буй компани магадгүй маргаашийн хоёр дахь Гүүгл бий болоход асуудал байна. Вашингтон дахь та нөхөд юмс хэчнээн айхтар өрсөлдөөнтэй болсон гэдгийг ойлгодог байх гэж найдаж байна. Бидний хаанчлал мөнхийн биш шүү дээ” гэж билээ...


...Хэдхэн товч дараад л триллионоор хэмжигдэх доллар дэлхий тойрон хамгийн ашигтай цэг рүү шилжиж байна. ЗХУ-ын уналт, Хятад, Энэтхэг дэх зах зээлийн шинэчлэлт, худалдааны саад тотгор арилсан хийгээд Вол-Март маягийн бөөний худалдааны төвүүд гарч ирсэн зэрэг нь хэдэн тэрбум хүнийг тэр дор нь Америк компаниуд болоод Америкийн ард иргэдтэй өрсөлдөөнд оруулж орхижээ. Зохиолч нийтлэлч Томас Фрийдманы бичдэгчлэн дэлхий үнэхээр бөөрөнхий биш болсон эсэхийг бүү мэд. Гэхдээ ямартай ч өдөр өдрөөр улам хавтгайрсаар байгаа бололтой...


...Эрчим хүчнийхээ эх үүсвэрийг хянаж чадахгүй улс үндэстэн ирээдүйгээ ч хянах боломжгүй. Украйн энэ тал дээр магадгүй сонголтгүй шахуу байгаа байх. Гэхдээ дэлхий дээрхи хамгийн хүчирхэг хийгээд баян улс болох бидэнд бол сонголт бий...


...Одоо та бид 300 тэрбум долларын төсвийн алдагдалтай байгаа бөгөөд үүн дээр улсын өр шууд нэрмээс болон нэмэгдэж байгаа. Энд мөн жил бүр Нийгмийн Халамжийн Сангаас 180 тэрбум долларыг өр болгон авч байна. Нийт өрийн нийлбэр одоо 9 триллион доллар болоод байгаа бөгөөд энэ өрийг манай улсын иргэн бүрт хуваавал хүн бүрт ойролцоогоор 30,000 доллар оногдож байна гэсэн үг юм...


Зургадугаар бүлэг: Сүсэг бишрэл


...Цөөхөн эмэгтэйчүүд л гэнэт үр хөндүүлэхээр шийддэг болохоос ямар ч жирэмсэн эмэгтэй зүрх шимшрэм ийм шийдвэр гаргахдаа ёс суртахууных нь талаас бодолцож үздэг, сэтгэл зүрхтэйгээ тэмцэлдэн байж ингэж шийддэг байх хэмээн өөрийнхөө үзэл бодлоос би түүнд тайлбарлав. Харин ч үр хөндөлтийг хориглосноор нэгэн цагт энэ улсад байсанчлан эмэгтэйчүүд найдваргүй, аюултай газар үр хөндүүлж, хийсэн эмч ч хийлгэсэн эмэгтэйчүүд ч гэмт хэрэгт орооцолдох эх үндэс тавигдана гэдгийг ярив. Миний бодлоор бол бид харин үр хөндөлт хийлгэхэд нөлөөлж буй хүчин зүйлсийг нь эхний ээлжинд таслан зогсоох ёстой гэдгээ ч тайлбарлалаа...


...Америкчуудийн 95 хувь нь бурхан байдаг гэдэгт итгэдэг ба гуравны хоёр нь сүмд явдаг, 37 хувь нь өөрсдийгөө жинхэнэ Загалмайтан гэж тодорхойлдог бөгөөд улам л олон хүмүүс эволюцийн онолд итгэхээсээ тэнгэрийн элч байдаг гэдэгт итгэх болжээ...


...Авраам, Исаак хоёрын түүх энэ тал дээр энгийн мөртлөө тун ч бодитой жишээ болж чадна. Библид бичсэнээр бол бурхан Авраамд хандан ганц хайртай хүү Исаакийг золиослож өөрт нь өргөл барихыг шаарддаг. Үүнийг сонсоод өөдөөс нь огтхон ч маргалгүйгээр Авраам Исаакийг дагуулан уул өөд гарч тахилын тавцан дээр хүүгээ хэвтүүлж хүлээд, бурхны заасанчлан хутгаа далайдаг...


...Ихэвчлэн сүмийн цуглаан нэг л бүтэлгүй болж байх үед сүмийн номлогч хялбар жишээ болгон “Адам, Ева хоёр хамгийн анх үүссэн. Түүнээс Адам Стив хоёр үүсээгүй юм шүү” хэмээн ижил хүйстнүүдийг доромжлон хашгирч байхыг би олонтаа сонссон...

2 comments:

Pearle Deppsu said...

Энэ ном худалдаанд гарсан уу? би л лав гарсан гэж сонсоогүй л байна. эсвэл анзаараагүй өнгөрчихөв үү?

уул нь 1 сарын 20нд гаргана гэсэн, тэгээд амжаагүй 2 сард болсон. Одоо 4 сар хэхэ

за юутай ч гарсан эсэхийг нь хэлээрэй,

MW said...

Гарах гээд дуншиж байгаа юм биш үү? Авч уншинаа.