Wednesday, April 01, 2009

“МЭДЭЭЖ” ДҮҮТЭЙ ЗОЛГОХ МЭНДИЙН САМБАЙ

Ардын уран зохиолч Д.Пүрэвдорж агсаны 2008 оны 12 сард Өнөөдөр сонинд өгсөн нийтлэлийг тэнэж яваад сая л олж уншлаа. Уншаагүй нэг нь уншихад тун ч хэрэгтэй эд байх шиг байна.
Энд таалагдсан хэсгээсээ ишилж тавилаа. Бүтнээр тавих гэснээ зөвшөөрөлгүй бас дэмий байх гээд холбоос заачихлаа.


…Хармаанд один самар есть
Хайрлаад байна не кушал
Хажууд одна девка есть
Ичээд байна не сказал…
…Ийм два птиц шиг
Ижилсээд давалаад сажийя
Ингэж сажийхаас илүү
Счастья где байх юм бэ… мэт нь
тэдний буртагшин уусахыг наанаа элэглэж цаанаа эмзэглэсэн нэгэн жишээ. Гэтэл өдгөө тэдний шавь нар орос хэлний оромцогоо орхиод англи үгний амсуургаар гайхуулж үндэсний хэл, бичгээ аанай л гадуурхаж улаантантай усан төрлийн зулай гишгэжээ, Мэдээжээ! Чи нийслэлийнхээ хаягийг нэг харчих. Чөмөггүй ширээлж чөдөртэй жороолоочийн толгойгүй бөгс тонтгонож буйтай адил гэдэг үнэн. Толгойтойсон бол арай ч ингэтлээ садарлахгүй. Өндөр байшингийн гэрлэн хаяг, зоогийн газар мэтэд монгол хэл минь гологдоо юу. Түүхийн түүчээ баатрууд, түмний манлай мэргэд домог туулийн гэгээн дүрүүд гурван буурал хантай, гучин гурван говь, тахилга тайлгат уул уснаас минь нэр олохгүй байгаа хүмүүсийг ухааны харалган дайрчээ...

...Энд би хэлний хос морьтнуудын тухай ярих гээгүй. Хорвоогийн аль ч орон гүрэнд очсон та нарын хэлдэг хаана байгаа нь үл мэдэгдэх “Ичих булчирхай” бус нүүр улайхааргүй сайхан билгүүн залуусаар бахархдагаа хэлье. Бас харийн үг, хэлэнд нутагших тохиол, бэхжсэн хэл өөрийгөө цэвэршүүлэх хүчтэй байдгийг ч үгүйсгэх гээгүй. Гагцхүү монголоо алдаж модоо бариачдын “навчинд” бараалхах санаа сэдсэн юм. Гэтэл нэгэн хошигнооч “цаадуулын чинь чихэнд үнэн үг хийвэл сэгсрэнэ. Харин алт хайлаад цутгавал ахиад нэм гэж аашлаж байгаад хярвасрана” гэж урам хугалсан боловч би мятарсангүй...

...Хүйсийг жендер, шигшээг тендер, шалган байцаахыг аудит, орон сууцны зээлийг ипотек, өргөөг хаус, дэлгүүрийг маркет, зочид буудлыг хотел, гэснээр агуу их соён гэгээрүүлэгчээр тодрох уу, айлын идүүр долоосон гөлөг харагдах уу. Хэл саармагжвал үндэстэн сульдаж хэл мөхвөөс үндэстэн үгүйрнэ гэдгийг мэдэх хүн тэдний дунд баймаар атал яагаад сунчин дутаж сурамгай доголоно вэ.
Харийн ном жамыг хамагчтай мэт дагаж яваагаа, дэлхийн дээвэрт дэвж явна хэмээн эндүүрэх юм даа чааваас...

...Чи ярилцагч бүсгүйгээ “нэрийг нь хэлэлтгүй, монголд мэдэхгүй хүн байхгүй” гэлээ. Тэрэгний дугуй шиг ээмэгтэй, тэхийн эвэр шиг хумстай тэр бүсгүй үнэхээр дэгжин боловч, “аймаар гоё”, “аягүй сайхан” гээд л дөрвөн мөч савчаад байв. Миний санаанд чөлөөт цагаар “найт клабт” ордог, шоопинг хийдэг аймаар сэксдэх, кайф авах, имиж бүрдүүлэх, салоонд очих, саунд суух мэтээс өөр юм үлдээгүй. Гэхдээ би тэр сайхан бүсгүйг уснаас гаргаж хаясан жараахай шиг болгосон өнөөгийн орчинд бухимдсан шүү...

...Долдугаар сарын нэгний самууныг чи бичихдээ, Батзандан, Магнай, Жаргалсайхан нарыг зандалчилсан, турхирсан гээд тэдний “голыг самнах”-ыг уриалан уулгамчилжээ. Ард түмнээ гишүүнчилж, ахмад, эмэгтэйчүүд, залуусыг тасдан азаргалан хурааж үндэсний эв нэгдлийг хэн бутаргасан билээ? Шударга бусыг тэвчилгүй бухимдсан олон түмний хилэгнэл сонгуулийн луйвраар тэсэрсэн юм биш үү. Тэдний дунд дарвиж, цадиггүйтсэн хүүхэд, залуус өөр ертөнцөөс ирээгүй. Тэднийг хэн ажилгүй, ёс төргүй, хоолгүй болгов оо? “Шавь” төвтэй сургалт гэдгээр эцэг, эх багшийн чандмалсан холбоог хэн тасалсан юм бэ? Хэн тэднийг гарзын тээш, ганзагын гээш болгосон юм бэ? Энэ бүхнийг эрэгцүүлэхийн оронд амгалан тайвныг алдуулсан хэрэгт тэднийг хоморголон шоронд хатаахыг зөвтгөөд хуулийнхан хамгийн зөв шийдвэр гаргана гэж цовхорчээ. Тэр хуулийнхан дунд намчирхалын халдвар тээгч байхгүй гэж миний дүүд чөтгөр л шивнээгүй бол бурхан хэлээгүй ээ. Үрээ залгих цурхай лугаа үндсээ хадраач олдох вий. Өнөөдөр үр хүүхдээ улс төрийн улайрлаар барьж идвээс өргөөгөө хэнд өвлүүлж, өрхөө хэнээр татуулахаа үл бодох үүлгэрүүдийг чи юунд эс тооцно вэ. Бодлоо богшоож бичээчдээ...

...Монгол хэл бол тусгаар тогтнол. Эх орондоо хайртай бүхэнтэй галын шугам дээр нэгдэе. Чи бид хоёрт буу байхгүй. Үндэсний дайсан бус гэхэд нөхөр гэж хараахан хэлэмгүй хэцүү нэртүүдтэй үзгээрээ хатгалдая
Эрхэм дүүдээ энэ удаад самбай барилаа. Санаанд хүрсэн хойно чинь хадагтай золгоё оо...

эх сурвалж

4 comments:

A.Амарсайхан said...

Үнэхээр бодох ёстой зүйл шүү. Хэл хэцүүдэж байгаа.

Gantulga T. T./T.Т.Гантулга/ said...

Бодууштай зүйлс хэлсэн байна шүү, эрдэм номын хүмүүс нь ингэж хэлээд л байдаг. Эргэцүүлж бодоод хэрэгжүүлэх хүмүүс нь харин алт хараад л сууж байх юм.

Зарим зүйлс дээр санал нийлэхгүй юм байна. Шавь төвтөй сургалт гэж нэрлээд байгаагаас биш бие даан суралцах чадвартай хүн бий болгох гэсэн санаатайгаар хэт огцом "туршилт" хийгдсэнийг буруутгаж болох ч Хуулан бичлэг хийдэг хүн бий болгох нь сайн зүйл гэж үү?

Блогийнхоо хэлийг Англи болгоод байгаа ч хүнд хэрэгтэй зүйлсээ Монголоор нь давхар тавьж байнаа.

A Girl in a Field said...

Hmm, anhaarya aa, neeree.

Mongol helnii (delgerengui) tailbar toli bichgiig avna aa, tsalingaasaa huraaj baigaad (5 boti ni 150 000 tugrug)

ganga said...

Сайхан хүн өөд болчихлоо доо. Түүний шүлэг найрагт дуртай. Үргэлжилсэн үгийн "Улаан гэрийн хоригдол", "Бор гэрийн богд", "Тарчилсан сүнс" бас сайхан. Их сургамжтай санагдаад энэ самбайг би бас блогтоо дээр оруулсан байсан.