Thursday, May 07, 2009

Crowdsourcing

Технологи хэтэрхий хурдацтай хөгжиж хүний амьдрал улам бүр технологиос хамаарах болсон өнөө цагт бас нэгэн феноменон (сонирхолтой үзэгдэл) гарч ирэх болсон нь энэхүү crowdsourcing буюу олны хүчийг ашиглах зарчим юм.

Хуучин Вэб 1.0 нь дан нэг талаас мэдээлэл олгох зорилготой уламжлалт сэтгүүлзүй, зар сурталчилгааны хэлбэртэй байсан бол вэб 2.0 гарч ирснээр хэн дуртай нь өөрийн блогийг хөтөлж wikipedia.org дээр өөрсдийн нэвтэрхий толийг хамтдаа бүтээцгээх болж нэг талаас олгодог байсан мэдээллийг хэрэглэгч өөрөө хамтран бүтээлцэх болжээ.

Олны хүчийг ашиглана гэхээр дан ганц нээлттэй эхийн програм хангамжийн хөгжүүлэлт, түгээлт төдий зүйл биш харин уламжлалт маягийн бизнес сэтгэлгээг бүрмөсөн халсан цоо шинэ бизнес загвар байх ажээ.

Уламжлалт эдийн засгийн онолоор бол хувь хүн бүрийн амиа бодсон сэтгэлгээ нь зах зээлийн хөдөлгөгч хүч болж эдийн засгийг өсгөж өгдөг бол өнөө цагийн дэвшилтэт технологийн ачаар хэрэглэгчид бараа үйлчилгээг зөвхөн хэрэглээд зогсохгүй өөрсдөө үүнийгээ хөгжүүлж өөрсдийн хүссэн хэв маягт оруулах боломжтой болжээ. Үүний нөлөөгөөр “Хэрэглэгч Хаан” хэмээх ойлголт жинхэнэ утгаараа хэрэгжиж гагцхүү үйлчлүүлэгчдийнхээ юу хүсч байгааг мэдэж чадвал компани, аж ахуйн нэгжүүд өндөр бүтээмжтэй ажиллах боломжтой болох боллоо.

Нэгэн жишээ: www.threadless.com хэмээх вэбсайтыг анх 2000 онд сургуулиа хаясан хоёр залуу бүтээж футболканы загвар дизайн цуглуулж хэрэглэгчдийнх нь өгсөн үнэлгээгээр шалгаруулдаг ажил эхлүүлжээ. Өдгөө уг сайт нь долоо хоногт сайн дурын дизайнеруудын бүтээсэн мянга гаран футболканы загвар хүлээн авч хоёр зуун мянга гаран байнгын хэрэглэгчид нь тэдгээр дизайнд үнэлгээ өгч шалгаруулан шалгарсан дизайныг Холливуудын болон хип хоп одод өмсөх болж 2006 оны байдлаар 17 сая долларын ашигтай ажилласан байна. www.threadless.com-ийнхон 5 доллараар футболка үйлдвэрлээд үүнийгээ 12-25 долларын үнэтэй зардаг. Бэлэн дизайныг тэдэнд сайн дурынхан илгээж зар сурталчилгааг нь хэрэглэгчид нь хийгээд өгнө.

Хэрэглэгчид маркетингийн хуурай сурталчилгаанаас илүүтэйгээр өөртэй нь ижил нөхцөл байдалтай бусад хэрэглэгчийн аман дүгнэлтэд итгэх дуртай байдаг ажээ.

Нэгэн жишээ: www.imdb.com хэмээх вэбсайт нь анх 1990 онд байгуулагдаж байсан бөгөөд өдгөө интернет дэх кино урлагийн салбарын хамгийн том мэдээллийн санг үүсгэж чадсан төдийгүй Монгол хэл дээрхи Хадаг, Ингэн тэмээний нулимс зэрэг кинонууд хүртэл эдний мэдээллийн санд байраа эзэлжээ. Хэрэглэгчид өөрсдийн үзсэн киногоо үнэлгээний системийг нь ашиглан үнэлж таалагдсан киноныхоо талаар тойм бичиж жүжигчдийнх нь намтар зэргийг үүсгэж өгдөг бөгөөд мэдээлэл хайсан хэрэглэгчид тухайн кино таалагдвал шууд www.amazon.com -оос худалдаж авах боломжтой ажээ.

Иймэрхүү зүйлс Монголд яриад явахаар нөхдүүд ихэвчлэн хаанахын харь гаригаас ирсэн амьтан бэ гэсэн нүдээр харах тохиолдол цөөнгүй. Зарим нь наадуул чинь зөвхөн баруунд л хэрэгждэг жишээ байна гэцгээх. Гэтэл үнэндээ нүдэн дээр маань crowdsourcing монгол дахь хэлбэрээ олоод хөгжөөд л байна. http://www.agshin.mn/ хэмээх сайт нэлээн дээр гарч ирж байсан одоо бол http://www.istockphoto.com/ -ийн зарчмаар гэрэл зурагчдыг гайгүй сайн цуглуулж гэрэл зургийн агуулгыг бол овоохон хэмжээнд бүрдүүлж чадсан байх гэж бодож байна.

Ойрын жишээ: Синглтон ХХК нь 2009 оны 1-р сарын 20-д http://biznetwork.mn хэмээх Social Networking Site ажилд оруулснаас хойш өдгөө 16523 (2009 оны 5 сарын 6-ны байдлаар) хэрэглэгчтэй болж өдөрт давхардсан тоогоор 100,000 орчим хандалт авч байна. Энд нийт 14 компани бүртгэлтэйгээр өөрсдийн бараа үйлчилгээг сурталчилдаг бөгөөд үйл ажиллагаанд нь мэдэгдэхүйц өөрчлөлт орсон тухай дурдаж байна.

1 comment:

me said...

biznetwork dajgui ni ch dajgui l yum baina bil ee, gehdee undur shalguuraar humuusee hereglegch bolgoj avmaar yum shig sanagdsan, yadaj l uurdsiinh ni web iin ner hund shuu dee, sayahan orohod end tendehiin humuus eree tseereegui yums zunduu bichsen haragdsan. nadad ter ni taalagdaagui, nuuh yuun. helj l orhiyo.