Saturday, October 27, 2007

Иргэншлийн үнэ цэнэ

Энэтхэгт ирээд хоёр жил гаран болов оо. Уг нь надад үнэндээ Энэтхэгт байх таалагддаггүй л дээ. Учиргүй ийшээ хүсэж зориод ч ирсэн хэрэг биш. Монголд боловсролгүй, ажилгүй гудамж метрлэсэн юм болсноос арай дээр сонголт байсан болоод л наашаа ирсэн хэрэг. Тэгээд ч миний хүссэн мэргэжлийг Монголоос арай дээр түвшинд олгоно гэдэг утгаар л сонгосон. Түүнээс Монгол муухай Энэтхэг сайхан болохоор энд ингээд шигдээд хэвтээд байгаа хэрэг ч биш л дээ. Хэрэв зөгнөлт кинон дээр гардаг шиг тархи руу минь хүссэн мэдлэгийг маань хийгээд цаасан диплом гарт минь атгуулчихдаг бол би яг одоо Монгол буцахад ч бэлэн л байна.
Уг нь би Энэтхэгийг муулах дургүй. Энд хэчнээн амьдрахад хүнд, надад өчнөөн төчнөөн бэрхшээл тохиолддог ч гэсэн муу ч сайн ч хоёр жил ард иргэдийнх нь татварын мөнгөөр хоолыг нь хороочихсон болохоор харааж зүхээд байж чаддаггүй юм. Гэхдээ энд ирснээс хойших хоёр жилийн хугацаанд хамгийн ихээр мэдэрсэн юм гэвэл иргэншил гээч зүйлийн үнэ цэнэ л байх.
Сая наашаа ирж байх замдаа Б.Цэнддоогийн “Соёлын довтолгоо”-г уншсан юм. Өдөр болгон халтар хөлтэй Энэтхэгүүдэд уур хүрэхээр энэ номны утга санаа үнэхээр орой руу орно. Соёл, иргэншил гээч зүйл тухайн нийгмийг хөгжилд хөтөлдөг бөгөөд Монголчууд бид 70 жилийн турш коммунист системд алдсан бүхнийхээ төлөөсөнд ядаж өрнийн соёл иргэншил гээч юмтай хоцорч, халуун ус, шүдний оо зэрэг ахуйн соёлоос эхлээд нийгэмд хамтаар амьдрахад шаардлагатай энгийн төлөвшилд суралцаж чадсан тухай Б.Цэнддоо бичсэн байсан.
Мэдээж хэрэг улс гүрэн бүхэн өөр өөрийн гэсэн соёл иргэншилтэй түүнийг нь байнга барууны нүдээр хэмжиж харна гэдэг утгагүй зүйл л дээ. “Гэхдээ хүн төрөлхтөн үүнээс олигтой систем бодож олж чадаагүй байна” гэдэг алдартай үг шиг одоогоор дэлхий дээрхи хөгжлийн чиг хандлагыг тодорхойлоод байгаа ганц иргэншил барууны соёл иргэншил л байна. Түүнээс бус Энэтхэг уг нь дэлхий дээрхи ууган соёл иргэншлүүдийн өлгий, нэлээд хэдэн шашныг эх барьж авсан газар. Өнөөгийн хүн төрөлхтөний ашиглаж байгаа аравтын тооллын систем, шатар, Камасутра бүгд л Энэтхэгт үүссэн. Гэтэл одоо болтол хүмүүс нь нойлын цаас гэдэг ойлголтыг инээдтэй зүйл гэж хүлээж авсан хэвээрээ л байдаг. (Энэтхэгүүд нойлын цаас хэрэглэхийн оронд крантны усаар зүүн гараараа угаачихдаг. Тэр гараа доод амны гар гэж нэрлээд элдэв юманд хүрдэггүй, хоол цайгаа баруун гараараа иддэг. Гэхдээ миний энд гадуур хоол идэх дургүй гол шалтгаан маань тогооч хүн яаж ч хичээгээд нэг гараараа хоол хийж чадахгүй, доод амны гар нь ямар нэгэн байдлаар заавал оролцсон байж таараа гэх бодолтой маань холбоотой юм)
“Дэлхий бөөрөнхий биш”, бас саяхан уншсан “The long tail” зэрэг номууд дээр баруунд ямар ч боловсрол шаарддаггүй энгийн бичээчийн ажил зэрэг нь Энэтхэгт өндөр зэрэглэлийн орон тоонд тооцогдож дор хаяж бакалаврын зэрэгтэй хүн тийм ажил хийдэг тухай бичсэн байдаг. Шалтгаан нь миний бодлоор ердөө иргэншлийн ялгаа байх. Барууны боловсролын системээр ядаж бакалаврын зэрэг авчихаж байгаа хүн тодорхой хэмжээнд барууны соёл иргэншлээс амсчихаад байна гэсэн үг. Ядаж ийм хэмжээний хүн барууныхны ажлыг хийнэ үү гэхээс насаараа бараг гутал өмсөж үзээгүй гэмээр хөлийн ул нь муухан үхрийн ширнээс илүү болчихсон, хүний өөдөөс харж өмдөндөө гараа хийж ухаад тааралдсан болгон руугаа нулимаад явдаг Энэтхэгүүд хэчнээн ухаантай байгаад ч ийм ажил хийхэд хэцүү биз.
“Дэлхий бөөрөнхий биш” ном гарсны дараа нэлээд хүмүүстэй би даяаршлын тухай маргаж билээ. Үнэхээр даяаршил гээч ид шидтэй зүйл явагдаад тэр нь бүгдэд ашигтай байлаа гэхэд нэг тэрбум Энэтхэг, 1.5 тэрбум Хятадтай хоёрхон сая Монголчууд бид яаж өрсөлдөж үр шимийг нь яаж хүртэх болж байна гэдэгт тэд эргэлзээд байж билээ.
Миний бодлоор бидэнд ганцхан давуу тал бий. Хятад улс учиргүй хөгжөөд байна л гээд байдаг. Гэхдээ 700 сая тариачин, байгаль орчныхоо асуудлыг зохицуулталаа тэд хөгжингүй орны тоонд орж чадахгүй байх. Энэтхэг хамаг газраас аутсорсинг хийгээд байна л гээд байдаг. Гэтэл хүн амынх нь 77 хувь нь өдрийн 5 рупийний (150 төгрөг) орлоготой амьдарсан хэвээрээ л байна. Эдгээр дэлхийн хөгжлөөс хоцорч улсаа хойш нь чангаасан этгээдүүд яагаад барууныханд тоогдохгүй байна вэ. Миний бодлоор ердөө иргэншлийн ялгаа л болов уу. Хятад, Энэтхэг соёлжиж иргэншээгүй гэж хэн ч хэлэхгүй ээ. Гагцхүү тэдний иргэншил дэлхий нийтийн чиг хандлагаас тэс ондоо бөгөөд дэндүү консерватив болохоор бусадтайгаа хөлөө нийлүүлж чадахгүй ингэтлээ удаад байгаа болов уу. Харин бидний хувьд ямар ч зүйлд амархан дасан зохицох чадвартай түргэн маневр маань ганц давуу тал болж өгөх ёстой болов уу гэж бодох юм. Энэтхэгт үүрэн телефон 1992 онд орж ирсэн гэсэн. Харин Монголд миний санахаар 1996 онд орж ирсэн болов уу. Саяхан гарсан нэг судалгаа харж байтал нийт хүн амын дундах гар утас ашиглалтын хувиараа Монголчууд нэлээд хэдэн ядуу улс орон, дээрээс нь Энэтхэгийг хол хаясан байж билээ (Хятадыг арай гүйцээгүй байсан санагдаж байна). Мэдээж хэрэг иргэншил, дасан зохицолтоос гадна өөр зөндөө хүчин зүйлс нөлөөлж байгаа л байх. Гэхдээ (миний л бодол шүү) Монгол хүний сэтгэхүй шинэ зүйлст илүү сониуч байдаг байж магадгүй юм...
За за унтах цаг оройтчихож. Өглөө эрт босож чадахгүй болох нь. Энэтхэгүүдэд уурласан уураа гаргаж бичиж байгаад сүүлдээ бүр халуураад алга болж. Дараа энэ талаар жаахан ул суурьтайхан бичихийг бодноо.

Saturday, October 13, 2007

Шоргоолжны үүр


Манай гэрийн хажууд Энэтхэгүүд байшин барьж байгаа байдал. Яг л Шоргоолжны үүрний зарчмаар ажиллаад байгаа юм даа. Лаг лаг том том барилгуудыг ч ямар нэгэн техник кран хэрэглэхгүй ингээд олон хүний хүчээр нүдчихээд байгаа юм даа. Ажиллаж байгааг нь харах сонирхолтой ч юм шиг...

Monday, October 01, 2007

Логиктой дуу

Төрийн шагналт хөгжмийн зохиолч Жанцанноров гуайн зохиосон нэг тун дажгүй дуу байдгийг саяхан олж сонсож билээ. Уг нь дээхнэ үеийн дуу байх. Даанч би гэж хүн урлаг соёл гээч юмаас бүрэн тасархай болохоор саяхан л олж сонссон юм.
Намайг дурсаад уйлдаг болохоор чинь
Чамайг би хайрлан дуулмаар байна гэсэн үгтэй байсан санагдаж байна. Надад яагаад ч юм тун дажгүй логиктой санагдаад байгаа юм. Тухайлбал энэ дуунд зориулаад Pseudo code бичвэл:
1. Begin
2. Check condition: Намайг дурсаад уйлах
3. Start loop: Чамайг би хайрлан дуулна
4. End
Үүнийг жаахан тайлбарлавал программ эхлээд шууд Намайг дурсаад уйлж байгаа нөхцөл хангагдаж буй эсэхийг шалгаж үзнэ. Хэрэв нөхцөл биелж байвал Чамайг би хайрлан дуулна үйлдлийг нөхцөл хангагдахаа болих хүртэл давтах болно.
Өөрөөр хэлбэл Намайг дурсаад уйлахаа болих хүртэл чинь би чамайг хайрлан дуулна гэсэн үг юм даа. Намайг тоохгүй байсан ч хамаагүй би араас чинь дагаад л гүйгээд байна гэсэн утгатай дуунуудаас арай дээр юм болов уу. хэхэ. Өөр ийм логиктой дуу байвал санал болгоорой. Ойрд хоорондоо жаахан холбоо хамааралтай юм болгоныг машины хэлэнд ойлгомжтой болгох гэж үзээд байдаг болчихлоо.

Thursday, September 27, 2007

Олон баяр давхацсан өдөр

Өнөөдөр ч бас гайгүй олон баяр давхацсан өдөр юм гээч. Анд Дөлөөгийн маань 23 насны төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Уг нь бид хоёрыг бурхан тоолбол нас чацуу, төөлбөл бие чацуу бол гэж явуулсан юм шиг байгаа юм. Гэтэл мань эр арай яараад надаас хоёр сарын өмнө төрчихөж. Бас арай илүү гарах гэж үзсэн юм байлгүй 5,6 см өндөр болоод өсчихөж. За юутай ч гэсэн анддаа Төрсөн өдрийн баярын мэндийг хүргэж чамайгаа маш их санаж байна гэж хавтгай ертөнцийн нөгөө булангаас мэндчилье дээ. Даанч мань эр өнөөдөр төрсөн өдөртэй манатай завгүй манаргаж яваа сурагтай байна билээ. Өнөө муу IBM Thinkpad-ийнхаа ард л төрсөн өдрөө тэмдэглэж байгаа байх даа. Хөгшин нь байсан бол ядаж хоёулаа цугтаа суухгүй юу хэхэ.
Бас нэгэн баярт мэдээ маань гэвэл аав маань өнөөдөр хүний гавъяат эмч цолоор шагнуулсан гэнэ. Миний мэдэхийн төр засаг энэ шагналд нэлээн л луу унжсан даг. Аав маань шударга нь дэндүү, болохгүй байгаа зүйлстэй эвлэрч чадахгүй заавал шүүмжилчихээд байдаг нь гай болдог юм байлгүй хангалттай хэмжээний гавъяаг нь байгуулчихаад байхад бараг арваад жил унжиж байж өнөөдөр л нэг юм өгч байгаа бололтой. Аав маань өөрөө үүнийг нэг их тоох биш “тэр төмрийг ямар чанаж идэх биш” гээд байдаг байсан боловч ээж бид хэд болохоор яаж ийгээд тодорхойлоод зүтгүүлчих санаатай байдаг байж билээ. Удаж байж олдсон юм болохоор үнэ цэнэ нь бүр л их байж таараа. За ямартаа ч гэсэн төрийн шагнал бол төрийн шагнал. Монгол төрийн маань сүлд манай гэр бүлийг өршөөг.
Ийм л олон баяр давхацаад байгааг бөөрөнхий дэлхийн нөгөө бөөрнөөс хүний хүү Отгонпүрэв харилцаа холбооны дэвшлийн тусламжтайгар олж мэдээд бөөн баяр, Ганеш бурхныхаа төрсөн өдөртэй энд бөөндөөд тэмдэглэж сууна. Энэ хэд хоногийн хугацаанд Энэтхэгт Ганеш гээд бурхных нь төрсөн өдөр гээд хаа сайгүй “бөмбөг” дэлбэрч, хөгжим хангинаад халтар, халтар найзууд маань “Жимми жимми Ажа Ажа” бүжгээ гудамжинд хийцгээгээд балай авч байна даа.

Thursday, September 06, 2007

Үнэгүй программ хангамжаа гэж...

Энэтхэгийн засгийн газар 7 жилийн турш эмнэлгийн мэдээллийн менежментийн систем үүсгэх гэж 160 сая рүпий (400,000$) зарцуулсныхаа эцэст яг тэдний шаардлагыг хангах бэлэн программ хангамж үнэгүй байдгийг олж мэджээ. HMIS (Hospital Management Information System) нэртэй уг программын судалгаа, хөгжүүлэлт зэрэг үе шатууд одоо л дуусч эмнэлгүүд дээр суурилуулалт, сургалт явуулахад нэмж 130 сая рүпий хэрэг болно гэж тооцож байтал хэн нэг нь гэнэт өнөөх үнэгүй программ хангамжийг олоодхож.
HMS (Hospital Management System) хэмээх тэрхүү үнэгүй программыг www.care2x.org сайтаас хэдхэн минутанд татаж аваад өөрсдийн хэрэгцээнд тохируулан ажиллуулж болох ажээ. 7 хэл дээр ажиллуулах боломжтой уг программыг Итали, Малайз, Бразиль, Герман, Франц зэрэг улсуудад өргөнөөр ашигладаг байна. Уг программ нь өвчтөн бүрт өвчтөний түүх нээж, эмнэлгийн багаж тоног төхөөрөмжийн бүртгэл явуулж, сул ор байгаа эсэхийг мэдээлэхээс гадна санхүү, хүний нөөц, түргэний машины бүртгэл зэргийг явуулах боломжтой нэмэлт модулиудтай ажээ.
Одоогоор Энэтхэгүүд 130 саяыг нэмж төлөөд цаашид уг программаа хөгжүүлэх, эсвэл HMS-ийг татаж аваад тохиргоо хийн ажиллуулахын алийг нь ч шийдээгүй байгаа аж. Ямартаа ч уг төслийн багийн ахлагч улсын мөнгө үргүй зарсан шалтгаанаар багагүй гөвүүлж байгаа бололтой хэд хэдэн сонин дээр гараад авч. Хаа газрын төрийн байгууллага л болсон хойно хүнд механизм, судалгаа муутайгаар аливаа төслийг эхэлж байгаа биз. Дээрээс нь Энэтхэг Монголын төрийн байгууллагууд хүнд суртал, хээл хахуулиараа даанч төстэй. Хаа очиж харин энд улсын мөнгө үргүй зарсан гээд төслийн ахлагчтай хариуцлага тооцож байгаа нь яамай даа.
Хэдхэн жилийн өмнө ШКТЭ(3-р эмнэлэг), Халдвартын эмнэлэг зэрэг газрууд бас эмнэлгийн мэдээллийн систем хийлгэж байгаа гэж сонсож байсан. Ямар бүтээгдэхүүнд хэдий хэр их мөнгө зарцуулсан бол?

Friday, August 31, 2007

Search or Research?

Манайд Үйлдвэрлэлийн Менежмент хэмээх үнэн “гунигийн” хичээл орно. Уг нь сонирхолтой байх болов уу гэж бодож байтал эхэлж орж байсан багш нар нь дан Энэтхэгийн хууль дүрэм ярьсаар байгаад залхааж орхисон юм. Харин саяхнаас энэ хичээлд суух ганц шалтгаантай болсон нь эдийн засгийн ухааны доктор, хуульч мэргэжилтэй глобал компаниуд дамжин ажиллаж байсан гэх нэг өвгөн энэ хичээлийг орох болсноос тэр. Үнэн нойрны сэдвийг ч “амьдруулчихаж” чаддаг энэ өвгөн профессор надад яагаад ч юм хэдэн жилийн өмнө унших дуртай байсан комикийн баатар сайхан сэтгэлтэй ухаалаг өвгөнтэй маань адилхан санагдаад байдаг юм. Жижигхэн бөөрөнхий гялаан толгой, цагаан сахалтай, намхан бөгтгөр мань профессор нүдээ эргэлдүүлж ирээд л сонирхолтой жишээ татан оюутнуудыг үнэхээр нойрноос сэртэл нь ярина. Өнөөдөр мань хүний ярьсан яриа нь яагаад ч юм үнэхээр сонирхол татаад энэ талаар бичмээр санагдаад болсонгүй.
Юу гэвэл оюуны өмчийн хуулийн талаар ярьж байснаа мань өвгөн халуураад Энэтхэгт авсан патентын тоо, Япон, Солонгос, Хятадынхтай харьцуулбал дэндүү цөөхөн байдаг талаар ярьж эхэлсэн юм. Цааш нь тэрээр “...Баруунд бол их сургууль болгон хажуудаа судалгааны төв (research institute)-тэй байдаг. Тэнд нь ихэнх шинэ нээлтүүдийг хийж патент цуглуулдаг. Судалгааныхаа ажлыг патентаас олсон мөнгөөрөө эргээд санхүүжүүлнэ. Гэтэл Энэтхэгт ийм хэмжээний сургууль бараг байхгүй.
Яагаад ийм байдаг гэж бодож байна. Яагаад гэвэл бид бусдын зохион бүтээсэн зүйл дээр л ажиллах чадвартай болохоор тэр. Бид шинээр нээж, зохион бүтээж сураагүй л байна. Яагаад гэвэл бид одоо болтол хайсаар л байна. (we’re still on search…) Эхлээд хайсан юмаа олоод дараа нь судалгаагаа хийх ёстой биз дээ (first we’ve to find what we SEARCH and then RESEARCH it).
1947 онд өнөөгийн Энэтхэгийн үүсгэн байгуулагчид туйлын ядуу орныг тусгаар тогтнуулсан. Тэр үед бүгд өлбөрч үхэх дээрээ тулсан байсан. Харин одоо бид цөөхөн ч гэсэн баячуудтай, ядаж нийгмийн нэлээдгүй хэсэг нь өлбөрч үхэх тал дээр санаа зовохоо байж. Гэхдээ тэр 1940-өөд онтой өнөөдрийг харьцуулбал газар нутаг маань нэмэгдсэнгүй. Харин ч бүр багассан гэж хэлж болно (Жамму, Кашмир муж гм) ХАА-н бүтээгдэхүүний үйлдвэрлэл бүр хэд дахин багассан. Тэр цагаас хойш ашигт малтмал гэхээр юм бараг олдсонгүй. Ихэнхийг нь Англичууд байхдаа ухаад явчихаж. Тэр үеийн барууны судлаачдын үзэж байснаар бол Энэтхэг Африкийн зиндаанд очиход тун дөхөөд байж. Гэтэл яаж яваад бид өдий зэрэгт хүрч орхив оо?
Хариулт нь ердөө л өвөг дээдэс маань бидэнд юу хайх ёстойг маань зааж өгснөөс л тэр. Тэд анх улс гүрнээ байгуулчихаад юунаас эхэлж юу хийхээ үнэндээ мэдэхгүй байж. Юу хайх ёстойгоо мэдэхгүй байна гэдэг хайсан юмаа олохгүй байхаас хэцүү ажээ. Будилж будилж бидний хайх ёстой зүйл бол бидний өнөөдөр олох мөнгө биш харин маргааш амьдралыг маань гэрэл гэгээтэй болгох залуучууд юм байна гэдэг дүгнэлтэнд хүрч. Ингээд залуусаа зоригжуулж боловсруулан энэ цаг үеийн жинхэнэ баялаг болох эрдэм мэдлэг оюун ухаанаар цэнэглэгдсэн залуу үе бүхий эх орныг бидэнд үлдээжээ. Бид ядаж юу хайх ёстой вэ гэдгээ мэдсэн. Одоо бид энэ эрлээ үргэлжлүүлсээр л байна. Тун удалгүй бид эрсэн зүйлээ олоод судлах ажилдаа орох болно. Нэгэнтээ судлах ажлаа эхэлчихвэл шинэ нээлт олноор гаргаж патентийг “бөөндөх” болно. Шинэ нээлт гарах тусам нийгэм урагшилж хүмүүсийн амьдрал сайжран дэлхий дахинд эзлэх бидний байр суурь нэмэгдэнэ. Тиймээс та нар бол манай улсын баялаг, биднийг дараагийн эринд хөтлөх ёстой хүмүүс гэдгээ сайн санах хэрэгтэй…”
Бага зэрэг коммунизм үнэртсэн өвгөн багшийн яриа дуусахад танхимд сууж байсан 100-аад оюутан бараг босоод уухайлахад бэлэн болтлоо хөөрчихсөн байв. Харин тэр үед надад яагаад ч юм бид ядаж юу хайх ёстойгоо мэдэх бил үү гэсэн гунигт бодол төрж билээ.

Monday, August 27, 2007

Dilemma

Бороо зүсрээд л... Зорилготой амьдар, байнга тэмц, бүү шантар гэж ухаан санаа минь шаардана. Тэгээд энэ бүхний эцсийн үр дүн юу юм бэ гэж дотоод сэтгэл минь гайхна.
Цээжин дотор хөндүүр оргиулах гашуун дурсамж бүрийг март гэж дотоод сэтгэл минь зөвлөнө. Дөнгөж сая уншсан хичээлээ цугт нь мартчихваа хэмээн ухаан санаа минь зэмлэнэ.
Бороо зүсрээд л... Номын сангийн цонхоор мөнх ногоон навчис дээр пад пад хийн унах том том дуслууд нь харагдана. Үүргэлээд сэрэхэд дэвтэр дээгүүр шүлсний минь том том дусал зурайн харагдана.
Хэзээ цэлмэх нь мэдэгдэхгүй сав саарал тэнгэрээс бороо тасралтгүй шаагина. Хэзээ дуусах нь мэдэгдэхгүй 1,0-ууд миний нүдний өмнүүр хөврөнө.
Алдсан бүхэндээ харамсаж дотоод сэтгэл минь уйлна. Олсон бүхэндээ эрэмшиж илүү ихийг олохоор ухаан санаа минь яарна...

Sunday, August 26, 2007

Food critic

Өнөөдөр хагас амралтын өдөр гээд номын сангаас ховхорч шинэ гарсан гээд байсан Ratatoille гэдэг хүүхэлдэйн кино үзлээ. Аргагүй Pixar хийсэн гэсэн шиг мундаг анимейшнь болж дээрээс нь би ч угаасаа хүүхэлдэйн, хүүхдийн кинонд нугасгүй болохоор гоё л байлаа. Гол нь киноны тухай биш уг кинонд гарсан нэг мэргэжлийн тухай өгүүлэх гэсэн юм.


Уг кинонд Парист байдаг нэг рестораны тухай өгүүлдэг. Нэг харх тэнд ахлах тогооч хийгээд учиргүй амттай хоол хийж энэ тэр. Харин тэр ресторанд нь нэг айхавтар нөхөр үе үе зочилж хоол иддэг. Тэр нь Food critic хэмээх ажил хийдэг улс даяараа алдаршсан нөхөр. Баруунд бодвол энэ түгээмэл үзэгдэл байлгүй. Миний хувьд бол анх удаагаа л энэ киноноос ийм мэргэжил байдаг гэдгийг мэдэж авлаа. Манайхаар бол мэргэжлийн хяналтын байцаагч юм уу даа. Гэхдээ бас яг ч тийм биш бололтой. Health inspector гээд яг мэргэжлийн хяналтынхны хийдэг ажлыг хийж буй бас өөр нэг нөхөр байгаа юм. Тэр нь хоолны газрын гал тогооны ариун цэвэр зэргийг шалгадаг. Харин Food critic маань илүү үйлчлүүлэгчид ойртсон мэргэжил. Тухайн хоолны газар хэр хурдан үйлчилж байгаа, хийсэн хоол нь хэр амт чанартай байна, үйлчилгээ нь үнэндээ хэр зохицсон байна зэргийг үйлчлүүлэгчийн нүдээр олж хардаг. Буцаад энэ талаараа дүгнэлт бичиж сонинд хэвлүүлдэг. Тэр нь тухайн рестораны нэр хүндийн асуудал болдог гэх мэт.

Монголд лав яг дутагддаг байсан тэр зүйл шиг надад санагдсан. Хүн заавал өөрийн биеэр орж үзэж байж эсвэл орж үзсэн хэн нэгэнтэй зөвлөлдөж байж л хоолны газрын сонголт хийх хэрэгтэй болдог. Уг нь хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах холбоо ч бил үү нийгэмлэг ч бил үү нэг юм байдаг юм шиг байна билээ. Тэр нь жирийн үйлчлүүлэгчээс хэтэрхий хол. Нэг удаа гайгүй нэр хүндтэй нэг хоолны газрынхантай хэрүүл хийгээд та нарыг хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах холбоонд хэлнэ гэсэн чинь хэлэхгүй юу яахыг нь харъя энэ тэр гэж хэдэрлэж билээ. Өөрөөр хэлбэл хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах холбоо нь тэр газрыг шалгаад таагүй дүгнэлт гаргалаа ч их бодож жаахан торгууль тавиад л өнгөрдөг юм шиг байгаа юм. Уг нь гаргасан дүгнэлтээ олон нийтийн хэвлэл мэдээллээр цацаж эргээд хэрэглэгчиддээ анхааруулга, тухайн үйлчилгээний газар нэр хүндийг нь муутгахуйц хүнд цохилт өгдөг алхам хийж байвал зүгээр юм шиг. Хүн мөнгөө төлөөд тодорхой үйлчилгээ авч байгаа. Гэхдээ тэр үйлчилгээ нь төлсөн мөнгөнийх нь хэмжээнд чанартай байгаа эсэхийг тогтоодог ямар нэг хяналт байх ёстой болов уу. Өөрөөр хэлбэл 200 төгрөгний хуушуур зардаг цайны газар, үнэтэй ресторан хоёрыг үйлчилгээнийх нь хувьд харьцуулах аргагүй ч хэрэглэгч бол хэрэглэгч. 200 төгрөг төлөөд хуушуур авсан ч 20,000-аар үнэтэй хоол авсан ч идэж байгаа хоол үйлчлүүлж байгаа хэм хэмжээ нь төлсөн мөнгөндөө тохирсон байх ёстой л гэж хэлэх гээд байна. Мэргэжлийн хяналт ч юм уу тиймэрхүү төрийн байгууллага нь ариун цэврийн стандарт зэргээ шалгадаг юм байгаа биз. Иймэрхүү шалгалт нь эрүүл ахуйн хувьд л болохоос үйлчлүүлэгч тухайн үйлчилгээнд хэр сэтгэл хангалуун байгааг мэдэж чаддаггүй. Тэгээд ч энэ нь олон нийтэд ил тод биш. Буцаагаад хэрэглэгчийн, үйлчлүүлэгчийн эрхийг хамгаалдаг нэг систем байж тэр нь олон нийтэд ил тод, хүн заавал өөрийн бие дээр туршилт хийж “хулхидуулсныхаа” дараа тухайн газар луу дахиж зүглэхээ болих биш хийсэн дүгнэлт бүхнээ бусадтай хуваалцаж, үйлчилгээний газрын хувьд чанараа сайжруулахгүй бол болохгүй гэх айдас төрүүлж байдаг нэг тийм газар чухал болов уу.

Гэхдээ хяналт гэхээр яаж ийгээд заавал авилгалтай холбогддог юм шиг надад санагдаж байсан. Яамаар ч юм бэ дээ. Ухаан хүрэхгүй юм аа.

Thursday, August 16, 2007

Нутаг сэлгэлээ

Гэрээсээ гарч байдгийнхаа баруун хаяанд ирээд долоо хонолоо. Хуучин амьдралын хэмнэлдээ эргэж орох гэж багагүй л ажил болох нь бололтой. Гэр-сургууль-номын сан-гэр гэх нэгэн бодлын уйтгартай ч юм шиг амьдрал маань ирсэн өдрөөс маань л шууд тосоод авах нь тэр. Гээд яах билээ дээ. Ямартаа ч нэг диплом гэх ламинатортой цаас, толгойдоо жаахан мэдлэгийн хэлтэрхийтэй болоод очвол өнөөдрийн миний уйтгартай амьдралаас арай дээр зүйл намайг тосох байх гэж найдаад л гүрийнэ дээ...

Сонирхуулчихаар нэг блог гэвэл зээ дүүгийн маань өдрийн тэмдэглэл байна. Аав ээж хоёр нь хөтөлж явуулж байгаа бололтой. Мань хүн ч юун блогтой манатай, компьютерийн маус байтугай жинхэнэ маус, Микки маусаа ч ялгахгүй амьтан тив алгасаж дэмий тэнэчихээд л ангайгаад байж байгаа байх. Өмнө нь нэг их сүйд болдоггүй байсан, нас ахихаар нялхраад байх юм гэж :-) Тэр золигийг санаад байна шүү хэхэ.


Мартсанаас орчуулсан номны маань борлуулалт тун сайн байгаа нь миний мундагийнх биш уг ном маань өөрөө цаг үеэ олсон бүтээл байсан болохоор тэр болов уу. Хамгийн гол нь өмнө нь энэ талаар багагүй шуугисан болохоор нийгэмд тодорхой хэмжээний хүлээлт үүсчихсэн байсантай холбоотой байх. Баабар нэгэнтээ өөрийгөө Монголын номын зах зээлд рекорд тогтоож “20-р зууны Монгол” номоо хамгийн олон хувиар борлуулж чадсан гэж байсан. Харин нутгаас гарахынхаа өмнөхөн уулзахад минь яаж ийм богино хугацаанд өдий хэмжээний ном борлуулж чадсаныг минь гайхаж асууж байсан. Би ч хариуд нь Вэб 2.0-ын гавъяа гэсэн утгатай юм ярьсан. Тэгэхээр ямартаа ч одооны амжилт маань чамлахааргүй бололтой.
Хавтгай ертөнцийн тухай номыг хавтгай байдлаар орчуулж борлуулалтыг нь ч бас хавтгай байдлаар хийх юм сан гэж зорьсон маань тодорхой хэмжээнд биелсэн гэж хэлж болно. Одоогоор АНУ, Их Британи, Японд зарагдаж буй ба онлайн номын зах болох Номун Далайг номын анд Д.Сайнбаяр санаачилж бусад кибер андууд маань дэмжин ажиллаж байгаад баяртай байна. Монголчууд эвтэй байхдаа хүчтэй гэдэг шиг энд тэндэхийн чадалтай залуус нэгдээд юм хийж буй нь үнэхээр бахархууштай ажээ. Номун Далайгаас гадна Оллоо өөрийн цахим дэлгүүрээ нээн ажиллуулж байгаа нь одооноос л манайд цахим худалдаа нэвтрэх шинж орсоных биз. Юутай ч эрхэм уншигч та Оллоо, Номун Далай хоёроос номоо худалдан авч болохоос гадна Японд суугаа хүмүүс 080-3158-9799 утсаар АНУ-д суугаа бол 773-495-4854 утсаар Их Британиас бол 447790420393 утсаар холбогдож номоо авах боломжтой шүү.
Бас нэг сонирхолтой зүйл гэвэл Датаком компани Монхаяг үйлчилгээ нэвтрүүлсэнтэй холбоотойгоор Саруултуяа анд маань татгалзахын эрхгүй санал тавьж блогт маань Монхаяг өглөө. Та хэрэв Монхаягийн вэб хуудаснаас плагинийг нь татаад суулгачихсан бол браузертаа Отгонпүрэв гээд шууд кириллээр бичихэд миний блог руу үсрээд ороод ирнэ. Блогчидыг энэ талаар илүүтэй сонирхох байх гэж бодож байна. Энэ их даяаршилын хар шуурганд өөрсдийн хэл соёлоо авч үлдэхэд маань энэ үйлчилгээ бага ч гэсэн нэмэр болох болов уу. Англиар биш Монгол хэлээр, тэгээд латинаар биш кириллээр бичиж брэнд нэрээ авч үлдэнэ гэдэг бизнесийнхэний хувьд ч чухал байх гэж бодож байна.
Саяхан нэг найз маань миний блогийг зарлалын самбар аятай болсон байна гэсэн гомдол мэдүүлсэн. Нээрээ ч бодоод байтал 6 сараас хойш дан мэдээллийн чанартай зүйлсээр эрхэм уншигчийг залхаасан бололтой. Уг нь блог уншиж буй хүн миний дотоод ертөнцөд нэвтрэх гэж үнэт цагаа зарж байхад нь би аль ч мэдээллийн сайтан дээрээс уншчихаж болохоор “хэрэгтэй хэрэггүй” зар тавьж сууна гэдэг жаахан үл хүндэтгэсэн л асуудал болох шиг боллоо. Иймийн тул хүлцэл өчөөд дараагийн удаа арай олигтой юм бичихийг хичээх болноо.

Wednesday, August 01, 2007

Номун Далай - Монгол номын цахим дэлгүүрийн нээлт


Эрхэм та бүхний өмнө цахим ертөнцөд мэндэлж буй Номун Далай хэмээх нэгэн айл өрхөө татаж, үүдээ нээж байна.

Дэлхийн өнцөг булан бүрт эрдэм, эрдэнэ өвөрлөхөөр тархсан Монголчууд бидэнд өнөөг хүртэл өөр өөрийн оршин суугаа улс оронд эх Монгол хэлээр хэвлэгдсэн ном сонин, оюуны бүтээлээс хүртэх боломж, таатай орчин үгүйлэгдсээр ирсэн билээ.

Өнөө цагийн Монгол түмэн та бидэнд эрдэм ухаанд суурилан хэрэгжих учиртай:
хэл соёлоо хадгалж үлдэх, хөгжүүлэх;
хүн төрөлхтөний соёлыг өөрийн соёлын өнгө онцлогоор баяжуулан чимэх хэмээсэн хос үүрэг оногдож буй хийгээд эл үүргээ эс биелүүлвээс
гадаад улс орнуудад суугаа Монголчуудын хувьд эх хэлээ мартах, өв соёлоосоо алслагдах, гадны хэл соёлд аажмаар уусах;
та бидний хэл соёлын үнэт зүйлсийг бусад улс орны ард түмэн утгачилан ойлгохгүйд хүрэх
гэсэн мөн л хос түгшүүр хаалга дэлдэж буй нь бодит үнэн болжээ. Энэхүү хос түгшүүрийг арилгаж, үүргээ биелүүлэхийн гол учиг нь та бид аливааг тунгаан шүүж, зохист шийдэлийг гаргаж чадах оюуны бяр тэнхээтэй байх, түүнийгээ Монгол ухааны их далайгаас тэтгэн тэжээж байх явдал билээ. Үйл ажиллагаагаа эхлүүлж буй Номун Далай цахим дэлгүүрийн сүлжээ нь Монгол түмний энэхүү оюун далайг тэтгэн сэлбэх эрхэм зорилготой.

Номун Далай сүлжээг ажиллуулагч одоогийн бүрэлдэхүүн:
♦ Номун Далай сүлжээг санаачлагч, ерөнхий зохицуулагч Д.Сайнбаяр
♦ Номун далай сүлжээний Монгол дахь салбарын зохицуулагч П.Наранбаяр
♦ Номун далай сүлжээний Их Британи дахь салбарын зохицуулагч Д.Цэрэнбат
♦ Номун далай сүлжээний Япон дахь салбарын зохицуулагч M.Тулгат

Номун Далай цахим дэлгүүрийн үйл ажиллагаа
Номун далай цахим дэлгүүр нь одоогоор Чикаго, Улаанбаатар, Лондон, Токио хотуудад төвлөрөн үйл ажиллагаагаа явуулж буй бөгөөд холбогдох цахим хуудсуудад борлуулагдаж буй ном, сэтгүүл болон бусад бүтээгдэхүүний захиалга, төлбөр тооцоог Монгол, Англи, Япон хэл дээр цахим хэлбэрээр хүлээн авч, тухайн улс орнуудад буй салбаруудаас түгээх, шуудангаар хүргэх үйл ажиллагаа явуулж байна.

Одоогоор АНУ, Канад улсад ном борлуулах http://us.mongolianbooks.com, Их Британид ном борлуулах http://eu.mongolianbooks.com/, Японд ном борлуулах http://japan.mongolianbooks.com хуудсууд нь өөрсдийн номын боломжит нөөцөөрөө үйл ажиллагаагаа эхлүүлээд байна. Монгол дах салбар нь үйл ажиллагаа явуулж эхлээд буй салбаруудынхаа захиалгын дагуу хэвлэлийн газар, зохиолч, уран бүтээлчидтэй гэрээ хийж, бөөнөөр нийлүүлэх үйл ажиллагааг голчлон хийж байна.

Бид уншигч танд Монголын цаг цагийн оюуны сор бүтээлүүдийг хүргэхийг ямагт хичээн ажиллахын зэрэгцээ, таны эрэлт хэрэгцээ, санал сэтгэгдэлд тулгуурлан цахим дэлгүүрийн сүлжээгээ байнга боловсронгуй болгон сайжруулахын төлөө ажиллах болно. Биднийг дэмжих, хамтран ажиллах сонирхолтой хэн бүхэнд бидний үүд хаалга байнга нээлттэй.

Бидэнтэй хамтран ажиллагчид:
Интерпресс хэвлэлийн газар
NEPKO Publishing
Цахим Өртөө Холбоо
ЭМОС клуб
Алтангадас сэтгүүл
Даяар Монгол сонин
Компьютер Таймс сэтгүүл
Замдаан сэтгүүл
Таван Цагариг - Америкт сэтгүүл

Дэмжигчид:
Бүгдээрээ.мн
Bi-Bid.com
Vimо - Virtual Mongol
Ganzorig Consulting
HamagMongol.net
Mонгол Соёлын Төв
MongolianArtist.com
MongolMedee.Net
Orloo.com
Цахим Өртөө сүлжээ

Ингээд Номун Далай - Монгол номын цахим дэлгүүр интернэтийн цахим ертөнцөд мэндэлж буйг ёслол төгөлдөр тэмдэглэхийн сацуу эрхэм Таныг манай дэлгүүрийн сүлжээнд тухлан саатаж оюуны хэрэгцээгээ хангахыг урьж байна.

Номун Далай сүлжээний хамт олон
www.mongolianbooks.com
www.mongolnom.net