Wednesday, October 22, 2008

By Order

Саяхан Пүне хотын захиргаанаас байгаль орчны бохирдлыг багасгах үүднээс олон нийтийн газар тамхи татахыг хориглосон шийдвэр гаргажээ. Энэ нь гудамж талбай, явган хүний зам энэ тэр гээд өөрөөр хэлбэл тамхичин хүн гэртээ эсвэл бүрэн зөвшөөрөгдсөн бар энэ тэрд л тамхиа чөлөөтэй татах эрхтэй үлдлээ гэсэн үг.
Өндөр хөгжилтэй улс орнууд энэ асуудлыг яаж зохицуулдагийг бүү мэд. Ямар ч байсан тамхиныхаа хогийг хаямаар байсан ч олигтой хогийн сав олддоггүй Пүнегийн 6 сая оршин суугчдад энэ шийдвэр бол амьдралынх нь хэмнэлд нэг их өөрчлөлт оруулсангүй бололтой.
Ганц ялгаа нь гэвэл хаа сайгүй "No Smoking By Order" гэсэн бичиг наасан байх ба хажууд нь оюутан байрын залуучууд хээвнэг тамхиа татаад зогсож байх. Очоод энд тамхи татаж болох юм уу гээд асуухаар өөдөөс нэг ёжтойхон хараад "By Order" (захирамжийн дагуу) гэж хариулна.
Амьдралаас хол хөндий сансрын хууль баталж тэрийгээ мөрдүүлэх гэж хэд хоног зүтгээд дараа нь цаасан дээр нь орхидог хэвшмэл үзэгдэл нь Энэтхэг, Монгол хоёрыг даанч адилхан болгож харагдуулах юм...
Саяхан энэ зун Монголд байхдаа хэдэн ном зарсныхаа мөнгийг олж авах гэж Хүн Амын Орлогын Албан Татвар гээч юмийг төлж үзлээ. "Татвар буй дор төр буй" гэж өөртөө хэлээд л нэг их шударга иргэн болоод татвараа төлөх гэтэл татварын байцаагчийн амнаас гармааргүй үг сонсоод мэл гайхаж билээ.
"100 мянган төгрөг авч байгаа тэрнийхээ татварыг төлнө" гэтэл өөдөөс шууд "30,000-ыг өгчих" гэдэг юм байна. Гайхаад "Хүн амын орлогын албан татвар чинь тийм өндөр биш биз дээ. Тэгээд ч номны орчуулга гэвэл хуулиараа 5% л юм билээ ш дээ" гэтэл өөдөөс нэг их ёжтой харснаа "За чи хэрэв тэгж их хууль журмынх нь дагуу явах гээд байгаа юм бол..." гээд л ийм бичиг тэндээс, тийм бичиг эндээс гэх мэтчилэн нэг амьсгаагаар баахан юм дуржигнуулчихав.
Сонсоод л шууд ядраад дуу ч зөөлөрч аргадангуйгаар "Хууль журамгүйгээр явна гэвэл яах уу эгчээ?" гэтэл "Тэгээд л 30,000-аа өгчих" гэдэг юм байна. За би ч тэгэхээр нь ядарсан оюутан энээ тэрээ гээд түмэн зовлон тоочин амьдралаа өгүүлж байж Нарантуул дээр үнэ "ярихын" дайтай юм болж байж арай гэж хэдэн цаас буулгаж төлөөд хоёр яс салж билээ. Одоо тэр байцаагчийн нэрийг бичээд аягүй бол бид хоёр хэн хэн нь авилгатай тэмцэх газар явах хэрэг гарч магад учир шударга царайлж байгаа нь тэр гээд ээж шигээ хүнийг хоолноос нь салгаад юүх вэ.
Саяхан Ямааны ноолуурын нөхөн олговорын хууль гээд л бас нэг марзан юм баталж байх шиг байсан. Амьдралдаа ямаа самнаж ч үзээгүй над шиг амьтан хэдэн сар сууж байж орчуулсан номныхоо мөнгөнөөс өгсөн татвараа ямааны ноолууранд зориулна гэхээр гол харламаар л санагдаж байна. Хөөрхий хэдэн малчид гээд л subsidize хийгээд байдаг өнөөдүүл нь махныхаа үнийг буулгана гэж байхгүй хөгшин болсон муу аав ээж хоёрыг минь хаврын хавсрага, намрын салхинд борцтой хоолтой хонуулж л байгаа. Насаараа тэдгээр ямаачингуудын өвчин хууч хамаг юмтай ноцолдсоор байгаад бие ч үгүй болж гүйцсэн тэр муу хоёрт маань ямааны ноолуурын мөнгө ямар үр өгөөж өгөх юм бол?
Хамгийн гол хэлэх гэсэн санаа маань By Order гээд цаасан дээр л биелдэг баахан хуультай өнөөх нь амьдралд зохицож өгөхгүй болохоор ард иргэд нь яаж ийгээд цаасан хууль, амьдрал хоёрын дундуур эвтэйхэн "зохицож" дөнгөдөг нэг тийм систем рүү манайх яасан ч эвлэгхэн яваад орчихоов дээ. Тэрбум гаран хүн амтай Энэтхэгт бол мэдээж хууль сахиулахад хэцүү байдаг биз. Харин Пүне хотын иргэдийн талд нь ч хүрэхгүй хүн амтай Монголд маань ийм олон хууль "зохиогч" болон сахиулагч нар юу хийж байдаг юм бол оо?
"Цуст алмаз" гээд хэдэн жилийн өмнө нэлээн шуугиулж байсан нэг кинон дээр гардаг даа. Африкийн "чанга" амьдралын талаар сэтгүүлч хүүхэн манай гол баатраас юм асуух гэхээр өнөөх нь TIA гэж хариулчихаад яваад өгдөг. Хүүхэн гайхаад араас нь чангааж TIA гэж юу гэж байгаа юм гэхэд залуу "This Is Africa" (Энэ бол Африк) гэж хариулчихаад яваад өгдөг. Энэ киног гарсны дараа бидний хэдэн гадаадууд Энэтхэгийн "хэцүү" хууль журамтай яаж ийгээд "зохицох" болохоороо толгой сэгсрээд л TII (This Is India) гэхээс өөр аргагүй болдог юм. Монголд маань ч гэсэн хэчнээн гадаад TIM (This Is Mongolia) гээд бидэн шиг бултах арга зам хайж суудаг бол доо...

Saturday, October 11, 2008

Reset

Дижитал электроник дээр Set, Reset гэж хоёр чухал ойлголт байх. Мэдээж хүн болгон л set гэхээр тааруулах, reset гэхээр дахиад эхлүүлэх гээд энгийн зурагт хөгжимний контролоос төсөөлж байгаа байлгүй. Яг нэршлийнх нь утгыг тайлбарлаж бичих гэсэн дэндүү нуршаа юм болчих гээд залхуу хүрээд болилоо.

Гэхдээ микроконтроллёр программчилж байхад Reset шиг буянтай товч байдаггүй юм даг. Ямар нэгэн юм болохоо байлаа. Хүссэн үр дүн гарсангүй. Reset... Бүгдийг дахиад эхнээс нь. Программаа дахиад бүгдийг эхнээс нь хянана, өгөгдлүүдээ шалгаж үзнэ, техник гэмтэл гараагүй бол болох л ёстой доо...

Хүний амьдралд ийм нэг Reset товч байдаг болоосой. Нэг жаахан юм болохоо байхаар л дахиад эхлүүлчихдэг. Тэгээд заавал эцсийн үр дүндээ хүрч байж л set хийгддэг. Байсансан бол хэчнээн олон аавын хүү санасандаа хүрээд жаргалтайгаар нүд аних байсан бол...

Энэ л гагцхүү хүн гээч амьтныг микроконтроллёроор удирдуулсан робот гээчээс ялгаж өгдөг юм болов уу. Энэ л гагцхүү биднийг сонголт гээч зүйлийг зөв хийхэд маань түлхэж өгдөг болов уу. Яагаад гэвэл бидэнд контроллёр шиг дараагийн удаа гэсэн ойлголт байхгүй. Сонголт бүхэн маань эцсийнх...

Tuesday, September 23, 2008

Сөнөөлт

Хүн төрөлхтөн юм устгаж сөнөөх болохоороо яагаад ийм идэвхитэй байдаг юм бол?

Monday, September 01, 2008

Монгол инженерүүд дэлхийд гарах цагаар

Ази Номхон Далайн бүс нутгийн Роботын тэмцээн болох ABU Robocon 2008 Энэтхэгийн Пүне хотноо 8-р сарын 31-д амжилттай болж өндөрлөлөө. Тэмцээнд нийт 16 улсын 17 баг орсноос Монгол улсыг төлөөлж МУИС-ын Мэдээллийн Технологийн Сургууль орж чамлахааргүй амжилт үзүүллээ.
Эхний тойрогт манай баг Фижи улсын багийг цэвэр ялалтаар хожиж энэ өдрийн тэмцээний хамгийн анхны цэвэр ялалтыг хийсэн бол дараа нь Малайзын хүчтэй өрсөлдөгч багтай таарч 22:16 гэсэн онооны харьцаагаар ялсан билээ.
Дараагийн оноолт маань энэ өдрийн хамгийн хүчтэй өрсөлдөгч Египетийн багтай таарснаар манай баг хагас секундын (30 доль) зөрүүгээр ялагдаж тоглолтоо цаашид үргэлжлүүлэх боломжгүй болсон юм.
Египетийн багийн үнэхээр од нь гийсэн өдөр байсан бололтой. Тэмцээний туршид ганц ч ялагдалгүй явсаар финалын тоглолтонд Хятадын багт ганцхан онооны зөрүүгээр хожигдож үзүүрлэлээ.
Юутай ч нийт харьцуулалтаараа Монголын баг 17 багаас айргийн тавд орж ABU (Asia Broadcasting Union)-ий тусгай шагнал болох Шилдэг Инженер баг гэсэн шагнал хүртсэн юм. Энэхүү үзүүлэлт нь Солонгос, Тайланд, Хонг-Конг, Макао, Энэтхэг, Малайз зэрэг улсуудын багууд хүрч чадаагүй амжилт болсон юм.
Өнгөрөгч 2007 оны тэмцээнд Монголоос энэхүү МТС-ын баг мөн оролцож ивээн тэтгэгч байгууллагын тусгай шагнал авч байсан бол энэхүү амжилтаа хангалттай хэмжээнд ахиулж чадлаа. Юутай ч Монгол инженерүүд дэлхийн тавцанд нэрээ дуурсгах цаг ирж байгааг даллан дуудсан мэт билэг дэмбэрэлтэй сайхан тэмцээн болж өндөрлөлөө.
Бурхан гурвын тоонд дуртай байдаг гэсэн. Дараа жил ч гэсэн энэ бүрэлдэхүүнээрээ орж түрүү магнай гэдэг цол авч дэлхийн дэвжээнд эх орныхоо нэрийг дуурсгаарай хэмээн Ч.Лодойравсал захиралтай МУИС-ын МТС-ын хамт олонд чин сэтгэлийн угаас хүсэн ерөөе.

ABU Robocon 2008 - Best Engineering Award

Sunday, July 27, 2008

Амьдрал мандтугай!

Өчигдөр чиний хэн байсан чинь огт хамаагүй. Өнөөдөр чиний хэн байгаа хийгээд маргааш хэн болох чинь л хамагаас чухал...
Амьдрал мандтугай!



I used to rule the world
Seas would rise when I gave the word
Now in the morning I sleep alone
Sweep the streets I used to own

I used to roll the dice
Feel the fear in my enemy's eyes
Listen as the crowd would sing
Now the old king is dead, long live the king

One minute I held the key
Next the walls were closed on me
And I discovered that my castles stand
Upon pillars of salt and pillars of sand

I hear Jerusalem bells a-ringing
Roman cavalry choirs are singing
Be my mirror, my sword and shield
My missionaries in a foreign field
For some reason I can't explain
Once you'd gone there was never
Never an honest word
That was when I ruled the world

It was a wicked and wild wind
Blew down the doors to let me in
Shattered windows and the sound of drums
People couldn't believe what I'd become

Revolutionaries wait
For my head on a silver plate
Just a puppet on a lonely string
Oh, who would ever want to be king?

I hear Jerusalem bells a-ringing
Roman cavalry choirs are singing
Be my mirror, my sword and shield
My missionaries in a foreign field
For some reason I can't explain
I know St. Peter won't call my name
Never an honest word
But that was when I ruled the world

Ohh...

Hear Jerusalem bells a-ringing
Roman cavalry choirs are singing
Be my mirror, my sword and shield
My missionaries in a foreign field
For some reason I can't explain
I know St. Peter won't call my name
Never an honest word
But that was when I ruled the world

Ooh...


Wednesday, July 02, 2008

Онцгой байдал арай хэтэрлээ

Эхэндээ ч улс орон даяар онцгой байдал зарлана гэхээр зайлшгүй авах ёстой арга хэмжээ байх л гэж бодож байлаа. Гэтэл өчигдөр орой, өнөө өглөө зурагт хараад л энэ арай анхнаасаа төлөвлөгөөтэй хийгдсэн зүйл биш байгаа даа гэх хардлага төрж эхэллээ.
Монголчууд ийм юм хүслээ гэж үү гээд л баахан цагдаа зодож байгаа бичлэг тавьж баахан өвөө эмээ нар ардчиллын солиотнуудыг харааж зүхэж байгаа ярилцлага өгөх юм. Мэдээж галдан шатаагаад хүчирхийлэл хэрэглээд байгаа нөхдийг өмөөрөөд байхын аргагүй арай дэндүү байсан л даа. Гэхдээ бүх юмийг зөвхөн нэг талаас нь байнга харсаар байтал залхаж байна шүү дээ. Үндэсний радио телевиз гээд л нэг их сүрхий ард түмний дуу хоолой гэж өөрсдийгөө нэрлэнэ. Өнөө өглөөжингөө баахан эмээ өвөө нар төрийн минь сүлд өршөө гэж уйллаа. Хувьсгалт намын залуус ярьж байна гээд л бас нэг баахан нөхдүүд гэрээ шатаалгачихлаа яасан муухай юм танайхыг шатаана даа гээд л баахан дөвчигнөцгөөх.
Энэ бүхэн анхнаасаа төлөвлөгдөж ийм эмх замбараагүй байдал үүсгэн эцэст нь нэг хүчтэй гар гарч ирж бүгдийг нь чанга атгаж төрийн төмөр нүүр харуулах жүжиг явагдаад байна уу? Түүнд нь зориулж одооноос тархи угаах үйл ажиллагаа хийгээд байна уу?
Ард иргэдийн дунд хагалж бутаргах мэдээлэл цацагдаж магадгүй гэсэн үүднээс мэдээллийн цензур тогтоосон гэж тайлбарлаж байгаа. Гэхдээ энэ чинь 21-р зуун шүү дээ. Хүн ганцхан сувгийн мэдээ, хэдхэн хүмүүсийн ярилцлагаар мэдээллийнхээ хэрэгцээг хангадаг тэр 20-р зуун чинь дууссан биз дээ. ЭфЭм радио, зурагтын бусад сувгууд бүгд хаагдсан, сонин хэвлэл, мэдээллийн сайтууд хүртэл нэг л айсан байдалтай зөвхөн нэг талыг л барьж мэдээлнэ. Хаа сайгүй л төр засгаа шүтсэн баахан хүмүүс. Одоо уг нь төрөө шүтдэг биш, төр нь хүнээ шүтдэг нийгэм болсон байлтай. Социализмын үед ямар байсныг би үнэндээ мэдэхгүй ч нэг иймэрхүү л дүр зураг ажиглагдаж байсан болов уу гэж таах юм.

God bless Mongolia

Өчигдөр болсон явдлыг бүгд л их бага хэмжээгээр үзэж сонсоо байлгүй. Би ч өдөржин www.news.mn уншиж байгаад орой гараад явж байхад МАХН-ы байрнаас хар утаа суунаглаж байсан. Галын дөл өөдөө гэсэн шүү юм бодоод холуур тойрч хариад шөнөжин зурагтаар шууд нэвтрүүлэг үзэж суулаа.
Би учиргүй МАХН-ыг үзэн ядаад байдаггүй. Энэ нам бол Монголын түүхийн нэлээн томоохон хуудас мөн. Гэхдээ уг нь тэр хуудсандаа л үлдсэн бол дээр байх байсан юм. Харин өчигдрийн хувьд гэвэл би энэ дүүрчихсэн радикалуудын эсрэг МАХН-ын гишүүн болчихмоор л санагдаж байсан.
Гэхдээ яагаад ийм байдалд хүрэв ээ гэдэг бас их сонин. Харж байхад ихэвчлэн л такси, микрийн жолооч, хар захын наймаачид, бүр гудамжны архичид хүртэл харагдаж байна лээ. Нэг их боловсролтой хүмүүс ийм зүйлд орооцолдоод байхгүй байсан байх.
Яагаад эдгээр хүмүүс ийм байдалд орчихов оо. Үүнд ганц Ц.Элбэгдорж, С.Баяр ч юм уу Батзандан, Магнай нь ч юм уу буруутай юм биш ээ. Үүнд би ч, та ч бид бүгд буруутай. Нийгмийн боловсролтой хэсэг нь энэ хар массаа гэгээрүүлэх үйлсийг олигтой зохион байгуулж чадаагүйдээ бид бүгд буруутай.
Баруунд ч, хаа ч гэсэн улстөрчдийн турхирснаар нийгмийн доод хэсэг иймэрхүү үймээн самуун дэгдээдэг л байх. Үүнээс ноцтой болдог нь ч бий. Их Наймын уулзалт Дэлхийн банкны уулзалт энэ тэр бол хүний амь эрсдэхгүйгээр болно гэж бараг байдаггүй бололтой.
Ганц ялгаа нь гэвэл тэнд хүмүүс үзэл бодлынхоо боол нь болж жагсдаг бол манайд зүгээр л согтуу хөөрсөн залуучууд, архины мөнгө олчих санаатай хамаг юм тонож, бусдыг хохироож жагсдаг бололтой. Үүн дээр л бид нийгмээ соёлжуулах, жагссан ч үзэл бодлынхоо төлөө жагсах, хотжуулж иргэншүүлэх тал дээр бусаддаа туслах ёстой байх. Яг үүн дээр л бидэн шиг залуус хүчээ нэгтгэн хотын соёл, хотын боловсрол, үзэл санааныхаа эзэн байх зэрэг үнэ цэнэт зүйлсийг бусаддаа ойлгуулахад туслах ёстой. I love new UB мэтийн клубууд үүн дээр л голлож ажиллах ёстой байх.
Юутай ч сонгууль дуусангуут бүх юмний үнийг нэмж нийгмийн стресс дээд цэгтээ тулчихсан байх үед нь олон юм ярьдаг улстөрчид нь даарин дээр давс нэмж хөөрөгдөөд эцэст нь хүний амиар золиос хийсэн нэг тийм л үнэ цэнэтэй цуглаан болох шиг боллоо . Ямартаа ч God bless America хэмээх алдарт үгийг дуурайж "Эх орныг минь бурхан ивээг!" хэмээн залбиръя даа...

Thursday, June 26, 2008

Сонгууль тойрсон хийрхэл

Монголд ирсэн биш харин нохой нь хүртэл "Сон-Гууль" гэж хуцаад байх шиг санагдах юм. Амтай болгоны амны сэдэв болж хамаг газрын ажил зогссон бололтой. Ядаж байхад нь улстөрчдийн сурталчилгаа нь хошин шогийн мэдрэмж лайтай нэмэхийг нь яана.
Баянзүрхээс нэр дэвшиж байгаа нэг бие даагч зүүн гараа өргөөд "Би Ирлээ" гэсэн слогантай марзан зураг тавьчихсан байх юм. Тэр нөхөр ирэхээрээ ч яадаг юм. Терминатор байгаа биш.
Бас нэг зурган дээрхи имиж нь лав улайм цайм луйварчин шиг харагдах бие даагч залуу "Шуналгүй байна" гэсэн слогантай орж байх юм.
Бас нэг хүүхэн ардаа Монголын газрын зургийг тавьчихаад 80-аад оны уриа лоозонг санагдуулам "Эх орон дуудаж байна" гэсэн сүртэй бичиг хадчихаж.
За энэ бие даагчид ч яах вэ хэн нэгний тоглоомын хүүхэлдэй байдаг юм байгаа биз. Хоёр том намынх нь сурталчилгаа ч гэсэн үнэхээр humour сайтай.
Ардчилсан нам бие галбирын хэмжээ нь эрс тэс 4 нэр дэвшигчээ "эвтэй дөрвөн амьтан" хэмээн нэрлэсэн байх юм. Өнөө дөрөв нь ч нэг нь заан шиг том биетэй нэг нь сармагчин шиг урт гартай энэ тэр гээд төстэй л юм билээ.
Ерөнхий сайд нь хүртэл нэр дэвшсэн нэг тойрогт МАХН-ы сурталчилгаа нь "нэг хоёрын гурваа" гэж байх юм. Тэгээд мангарын гурван цуваагаар зогсчихсон өнөө гурвынхаа малийсан зураг тавьчихаж.
Манай урлагийнхан сонгууль гээд даанч завгүй байгаа бололтой. Уг нь энэ их хошин шогийн үзэгдлээр драмын жүжиг тавидаг бол зугаатай л юм болох байх даа.
Зурагт асаагаад үзэх юм байхгүй, нэг бол нөгөөг муулсан нэг бол өөрийгөө магтсан баахан гонжоомнууд. Радио, интернет дэх Монгол сайтууд энэ тэрээс бол бүр үзэж сонсчихмоор юм ч олдохоо байж. Амраа ахын энэ онигоо шиг л юм болж байна даа.
Хаа сайгүй малийсан баахан нүүрнүүд. Нэг л их буянтай хүний царай гаргаж малилзаад л. 9 давхар байшингийн талаас илүүг нь халхалсан том том плакатнууд. Сонгууль дуусаад л энэ плакатнууд бөгс ч арчиж болохгүй хог болдог байх даа. Зөвхөн иймэрхүү плакатнуудад л гэхэд хэдий хэр их мөнгө зарцуулагддаг бол?

Sunday, June 22, 2008

Гэртээ ирлээ

Холын холоос санан санасаар
Хоног тоолон яарсаар ирлээ...