Saturday, March 09, 2013

Шифрлэлтийн тухайд (cryptography)

Өмнөх бичлэгийг бичиж суухдаа түнэр харанхуйг зүхэж суухаар нэг ч гэсэн лаа асаа гэдэг зарчим санаанд орж дэмий шүүмжилж байхаар салбарын нэг ч гэсэн оюутан олж уншвал далайд дусал нэмэр юм болов уу гээд жаахан онол бичих гэж үзлээ.
Хүн төрөлхтөн анх үүссэн цагаасаа л нэг нэгнээсээ ямарваа нэг мэдээлэл нуух шаардлагатай тулж иржээ. Дайн тулаантай үед нэгэндээ захиа хүргүүлэхдээ элч нь дундаасаа олзлогдвол захиаг тайлж уншихааргүй болгох гэж анх шифрлэлт үүсчээ. Энэ талаар Б.Ринчен гуайн “Нууцыг задруулсан захиа” зохиолд “Хэлэх үг элчийн аманд” гэдэг зарчмаар дурьдсан байдаг. Эртнээс ашиглаж ирсэн хамгийн энгийн шифрлэлтийн жишээ гэвэл зурвасны үсэгнүүдийн байрыг солих байж болно.
Тухайлбал: БОЛД гэсэн зурвасыг цагаан толгойн байрлалаар бүх үсэгнүүдийг нь 2 байр сэлгэн хойш нь шилжүүлвэл Б үсэг Г болж О үсэг П болно. Харин Л үсэг Н болж Д үсэг Ё болно. Тэгэхээр БОЛД гэсэн зурвасыг илгээгч маань энэ зарчмаар зурвасаа нууцалвал ГПНЁ гэсэн үг болох бөгөөд хөндлөнгийн этгээд энэхүү зурвасыг олж авлаа гэхэд ямар ч утгагуй үсэгний комбинаци болж харагдана. Харин зурвасыг хүлээж авч буй тал энэхүү зурвасны үсэгнүүдийг цагаан толгойн дарааллаар аль чигт нь хэдэн удаа шилжүүлж байж үг болгож тайлж унших боломжтой гэдгийг мэдэх шаардлагатай. Манай тохиолдолд хүлээн авагч тал зүүн тийш нь хоёр удаа шилжүүлэх ёстой бөгөөд үүнийг криптографийн түлхүүр гэнэ.
Орчин үед шифрлэлт маань криптографи хэмээх бүхэл бүтэн шинжлэх ухаан болон хөгжжээ. Мэдээллийг шифрлэх үндсэн хоёр төрлийн алгоритм бий болсоноос компьютерийн шинжлэх ухаан эдгээрийг хослуулан ашиглах болжээ. Энэхүү хоёр төрөл нь:
  1. Симетрик (symmetric) буюу тэгш хэмт алгоритм
  2. Асиметрик буюу тэгш бус хэмт алгоритм
Симметрик алгоритмийн хувьд зурвасыг илгээж буй болон хүлээж авч буй талууд адилхан түлхүүр ашиглах ёстой. Өөрөөр хэлбэл өмнө дурьдсан жишээний дагуу илгээгч тал цагаан толгойн дарааллын дагуу баруун тийш хоёр байр шилжүүлж зурвасаа бичиж байхад хүлээн авагч тал зүүн тийш нь хоёр байр сэлгэж зурвасыг унших боломжтой гэдгийг аль аль талууд мэддэг байх ёстой.
Гэтэл энэхүү шифрлэлтийн зарчмаа илгээгч тал хүлээн авагч талд яаж мэдэгдэх вэ? Цагаан толгойн байрлалын дагуу зурвасын үсэгнүүдийг 2 байр сэлгэж уншина уу гэсэн зурвас хамт явуулвал хэн дуртай нь тайлаад уншчих боломжтой болно. Иймээс үүнийг давж гарахын тулд асиметрик алгоритм үүсчээ.

Асиметрик алгоритм. Зураг дээр дарж томруулж үзнэ үү

Асиметрик алгоритмийн хувьд хүлээн авагч тал нийтийн (public) болон хувийн (private) гэсэн хос түлхүүртэй байх шаардлагатай. Энэхүү хос түлхүүр нь математик алгоритм дээр үндэслэж нэгнээр нь шифрлэсэн мэдээллийг зөвхөн нөгөө түлхүүрээр нь тайлдаг байхаар зохиогдсон. Өөрөөр хэлбэл нийтийн түлхүүрээр шифрлэсэн мэдээллийг зөвхөн хувийн түлхүүрээр л тайлж унших боломжтой бөгөөд нийтийн түлхүүрээр буцаагаад тайлах оролдлого хийсэн ч ямар нэгэн үр дүнд хүрэхгүй юм.
Иймээс манай тохиолдолд хүлээн авагч тал эхлээд илгээгч талд нийтийн түлхүүрээ өгөх бөгөөд илгээгч тал нууц зурвасаа хүлээн авагч талын нийтийн түлхүүрээр шифрлээд буцаагаад явуулна. Харин хүлээн авагч тал шифрлэсэн зурвасыг өөрийн хувийн түлхүүрээр тайлж унших ёстой. Энэхүү алгоритмын сул тал нь математик загвараар тооцоолол нэлээдгүй хийх шаардлагатай болдог.
Асиметрик алгоритм. Зураг дээр дарж томруулж үзнэ үү

Компьютерийн шинжлэх ухаанд энэхүү хоёр алгоритмыг ихэвчлэн хослуулж ашигладаг бөгөөд аль алинийхаа сул талыг нөхөж ажиллах ёстой. Өөрөөр хэлбэл асиметрик алгоритм ашиглан симетрик алгоритмын түлхүүрийг солилцох бөгөөд үүнээс цааш симетрик алгоритмаар мэдээллээ нууцлаж солилцох боломжтой болно.
Үүний үр дүнд дан ганц асиметрик алгоритм ашигласантай харьцуулахад тооцооллын зардал бага гарах бол симетрик алгоритмийг дангаар нь ашиглаж түлхүүрээ бусдад алдахгүй байх боломжтой болно. Хүлээн авагч талын нийтийн түлхүүрийг дундаас нь хэн нэгэн этгээд олж авсан ч гэсэн уг нийтийн түлхүүрээр тухайн мэдээллийг тайлж унших боломжгүй байх бөгөөд зөвхөн хүлээн авагч талд буй хувийн түлхүүрээр л уг мэдээллийн нууцлал тайлагдана.
Дараагийн удаад энэхүү хоёр алгоритмыг амьдрал дээр хэрхэн ашиглаж байгаа талаар тайлбарлахыг хичээе.

Эмийн санч, эмч хоёрын ялгаа


Өчигдөр МТ инженерээр сурч буй төгсөх курсын таньдаг дүү хүү онлайн таараад зөвлөгөө асууж байна. Нэг найзтайгаа хамтраад вэб хийж байгаа, аюулгүй байдлын ямар сертификат авбал зүгээр вэ гэнэ. Би гайхаад тийм их нууцлал шаардах вэб хийж байгаа юм уу гэж асуулаа. Яриаг нь сонсоод байтал үгүй бололтой, тэгээд аюулгүй байдлын сертификат яагаад тавих гээд байгааг нь асуутал хакдуулахаас хамгаална биз дээ гэнээ. Дөлөө энэ талаар бас өмнө нь бичиж байсан учраас давхар нуршаад ч яах вэ. Гэхдээ энэ яриа надад хэдхэн хоногийн өмнө Red Hat –ийн нэг инженерийн ярьж байсан зүйлсийг санагдуулсан юм.
Veteran буюу ахмад дайчин гэж хэлэгдэхээр хорь гаруй жил Линкус систем дээр ажиллаж байгаа хижээлдүү насны мань эрийн яриа нэлээд сонирхолтой санагдсан болохоор энд сийрүүлээд тавилаа.
“Анх биднийг МТ сурч байхад одоогийнх шиг олон янзын abstraction, машины ажиллагааг нууж хүнд таатай байдлаар харуулах хэрэглэгчийн олон янзын интерфэйс байсангүй. Бид бичиж буй кодоо машинд тааруулж, өөрсдөө машины оронд өөрсдийгөө тавьж төсөөлж байгаад бичдэг байлаа. Харин одоо бол бүх юм өөр. Машины өөрийнх нь хүчин чадал ч өсч, хэр баргийн код санах ой дүүргэчихнэ гэж айх юмгүй болж. Код хэтэрхий удаан ачааллана гэж санаа зоволтгүй болжээ. Одоо чиний барьж байгаа утас л гэхэд миний тухайн үед ажиллаж байсан серверээс хамаагүй илүү хүчин чадалтай.
Хөгжил дэвшлийн энэ давуу тал бол мэдээж хэрэг зөндөө байлгүй яах вэ. Гэхдээ нэг л маш том сул тал харагдаад байгаа юм. Энэ нь юу вэ гэхээр бүх юм хэтэрхий хэрэглэгчид хялбар болоод ирэхээр доод цөм ойлголт, үндсэн зарчмаа мэддэг хүн байхгүй болоод байна.
Өнөөдөр хаана ч ялгаагүй ихэнх систем админууд интернетээс жор хуулж бичээд өвчтөнд өгчихдөг эмийн санч шиг болжээ. Тухайн үед гарсан асуудлыг “гал унтраах” зарчмаар зогсоогоод л асуудлынхаа үндэс суурийг ойлгохгүй, цаашаа яаж хамгаалахаа мэдэхгүй байна. Кодерууд ч ялгаагүй, бичсэн код нь юун дээр ажиллахыг тооцдог хүн тун цөөхөн байх шиг. Угтаа МТ –ийн хүн эмч шиг л асуудлын ул суурийг сайн мэддэг, үндэслэлтэйгээр асуудалд ханддаг байх шаардлагатай юм. Үүнээс улбаалж буй гол асуудал бол бид өөрсдөө машиныхаа боол нь болох, биднээс машины түвшинд арай илүү дээр мэдлэгтэй нэгэнд хакдуулах нүх сүвээ өөрсдөө бэлддэгт байгаа юм” гэж билээ.
Надад лав их бодитой санагдсан. Учир нь Монголд  дөнгөж сургууль төгссөн байтугай салбартаа нэлээн хэдэн жил ажиллачихсан нөхдүүд бичиж байгаа кодныхоо цаад учрыг олоогүй зүгээр ажиллаж байна гээд суугаад байдаг нь Холливуудын киноноос баахан хараал сурчихаад өөрийгөө Англи хэлтэй хүн гэж бодоод байдагтай ижил санагддаг. Энд тухайн хүний буруу гэхээсээ системийн буруу их байгаа болов уу. Нэг л их .NET, visual орчинд програмчлал заасаар байгаад оюутан маань машинаасаа хэт хөндийрөөд байх шиг. Их сургуульд хэтэрхий их онол үзээд байна гэж шүүмжлээд байдаг, гэхдээ үндсэн концепцоо оюутан ч багш ч ойлгохгүй, заана гэж илэх төдий болоод өнгөрдөг асуудал их бий.
Мань хөгшин сисадмины ярьж байсан бас нэгэн жишээ гэвэл: “Саяхан хэдхэн жилийн өмнө нэлээн мундаг авъяастай гэгддэг кодер хийсэн програмаа сервер дээр тавиадах гээд өгсөн. Би SELinux –ийн журмуудаа кодонд нь зориулж өөрчлөх гээд удаад байсан чинь яараад байна хурдан ажилуулаадах SELinux –ээ унтраа гэсээр байгаад тавиулчихлаа. Маргааш өглөө нь ажилдаа ирэхэд нэг хүн аль хэзээний мань хүний кодноос олсон алдаагаар дамжиж процессийг нь эзэлж аваад /tmp дүүргээд buffer overflow болгочихсон байж билээ. Тэрнээс хойш би хашраад ямар ч “мундаг” кодерын үгэнд итгэхээ байсандаа”
Энд дурьдсан шиг 64K –д багтааж 3D анимэйшнь ассемблер дээр бичих ч яах вэ. Гэхдээ ядаж аюулгүй байдлын сертификат гэдэг нь бичиж байгаа кодны чинь алдаатай ямар ч хамаа байхгүй зүйл шүү гэдгийг их сургууль төгсөж байгаа нөхдөд жаахан ойлгуулмаар. 
Ассемблер дээр бичсэн 3D видео. Нийт кодны хэмжээ нь 64K

Sunday, December 26, 2010

ХХЗХ -ны түр журмын талаар

ICT мэйлинг листээр явуулсан мэйлээ энд тавилаа. ХХЗХ -оос гаргаж буй түр журмын талаар өөрийн үзэл бодлыг илэрхийлсэн юм.


Сайн байцгаана уу

ХХЗХ -оос гаргасан ХАРИЛЦАА ХОЛБООНЫ СҮЛЖЭЭГЭЭР ВЭБ САЙТЫН ҮЙЛЧИЛГЭЭГ ЭРХЛЭХЭД БАРИМТЛАХ ТҮР ЖУРАМ -ын талаар бүгд тодорхой хэмжээнд мэдээлэл авч дор бүрнээ өөрсдийн гэсэн байр суурьтай болсон байх.
Хувийн байр сууриа илэрхийлэхэд энэ нь бидний хувьд ухралт хийсэн алхам мэт санагдаж буй бөгөөд уг журмын 4.2, 4.4 зэрэг заалтууд нь бодит амьдралаас хэтэрхий хөндий, нэг талыг барьсан санагдаж байна. Тухайлбал 4.2 -р заалтад заасан Вэб сайтын үйлчилгээ эрхлэгч нь үндэсний үнэт зүйлийг түлхүү нийтлэх, сурталчлахыг дэмжиж, гадны шашин, соёл, төрийн бодлогыг сурталчилсан агуулгатай мэдээллийг зохистой түвшинд хязгаарлана. гэсэн өгүүлбэрийг яаж тайлж унших нь тун тодорхойгүй. Зохистой түвшин гэдэг нь ямар түвшин болоод гадны шашин соёл, төрийн бодлого гээчийг нь өнөөгийн даяаршсан дэлхийд хэн тодорхойлох зэрэг нь ойлгомжгүй байна.
Хэдийгээр энэхүү журам нь аноним контентээс шалтгаалан үүсч болзошгүй аливаа гэмт үйлдлийг таслан зогсоох зорилготой мэт харагдаж буй боловч буруугаар ашиглагдвал тун хортой мэт санагдаж байна. Ер нь интернетийг хянаж амжилт олсон улс БНАСАУ, БНХАУ хоёроос өөр байдаг эсэхийг сонсоогүй юм байна.
Харин ч энэ маань манай улсад эдийн засгийн хувьд алдагдалтай тусах болов уу. Агуулга бүтээгчид буюу вэбсайтны эзэд гадны хостуудыг сонгож энэ хэмжээгээр дотоодын ISP болон colocation компаниудын хувьд алдагдалтай байх төдийгүй, ядаж гадагш чиглэх урсгал бүртээ бид улс даяараа мөнгө төлж таарах бизээ.

Иймээс дээрхи асуудлуудыг холбогдох хүмүүс нь анхааралдаа авч үзэж үнэхээр зөв зүйтэй ажил хийж буй эсэхээ дахин нэг хянаасай гэж хүсэх байна. Салбарын маань төлөөлөл болсон МОСА, Залуу Програмистуудын Холбоо, Мидас/Монита зэрэг байгууллагууд элдэв найр цэнгүүнд бус харин бидний нийтлэг эрх ашигийг хөндөж буй ийм зүйлс дээр дуу хоолойгоо нэгтгэн өөрсдийн байр сууриа илэрхийлээсэй гэж хүсье.

Та бүхэнд шинэ онд ажил хөдөлмөрийн амжилт хүсье!

Sunday, October 31, 2010

Өндөг ба хайруулын таваг

Санаандгүй алдаж хагалсан өндөг газрын хөрсөн дээр яах ийхийн зуургүй шажигнан шарагдаж, өнгөн талаасаа хорхой хүргэм шаргалтана. Хазаад идчихмээр байвч бохир хөрсний хөгц амтагдаж, нүүрсхүчлийн гашуун угаар үнэртэнэ. Бас хүлэмжийн хий хормын зуурт хоолыг хор болгож амжжээ.
Ийм л орчинг хүн төрөлхтөн өөрөө бий болгосон. Технологийн ололт, эрчим хүчний шинэ шинэ эх үүсвэр, ашиг орлого хүүлэх агуу баялгийн төлөөх шунал, байгалийн баялгийг гартаа хийхийн тулд үхэлдэн тэмцэлдсэний “ач тус” эх дэлхийг хайруулын таваг болгожээ. Өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж буй ахуйн хэрэгцээ, өөрөө өөрсдөдөө бүрдүүлсэн өндөр хэрэглээндээ боомилогдсон бид нэг л өдөр улайссан ширэм дээр унасан өндөг шиг шарагдах болно.
Энэ бүхний шалтгаан нь мэдээж эдийн засгийн “дайн”. Баялаг бүтээж, бусдыг эрхшээлдээ оруулах гэсэн их гүрнүүдийн санаархал дэлхий ертөнцийг улам бүр хайлуулж, хавтгайруулж, давчдуулж байна. Агаар муутай газрын хүүхэд хавчиг цээжтэй төрдөг шиг хэт халсан дэлхийн гадаргын хүн амьдарчихмаар хэсэг улам бүр хумигдан, нэг бол элсэн цөлөөр хучигдаж, үгүй бол хэдэн мянган жил хөдөлгөөнгүй байсан мөсөн уулын гэнэтийн хайлалтад “живэх” дээрээ тулав. Нэг л өдөр дэлхий ээж гэрлээ унтраачихвал халуун, хайлмал, хавчигдмал дэлхий маань “харанхуй” гэсэн шинэ тодотголоор баяжина.
Бид яаж яваад ийм болчихвоо, үүнд хэн хамгийн их буруутай вэ? Нэн түрүүнд хамгийн хүчирхэг эдийн засагтай, хамгийн их нефтийн хэрэглээтэй, хамгийн өндөр барилгуудтай, хамгийн олон тарган хүнтэй гүрэн санаанд чинь зурсхийж байгаа биз? Зөвхөн гаднаас нь хараад буруутныг тогтоож болдог бол үүн шиг амархан зүйл алга. Гэвч цаад учир шалтгааныг ухаад үзвэл дан ганц Америк биш, ерөөсөө л хомосапенс гэж амьтны сэтгэлгээний гажуудал, “нэг нүдтэй” сэтгэхүйд учир байгаа болов уу. Хурдтай гүйж эхэлсэн хүн гэнэт зогсож чаддаггүй шиг нэгэнт эрчээ авсан үйлдвэрлэл, амаа ангайн өгөөшөө хүлээх аварга загас шиг асар том зах зээл, түүнээс хэдэн мянган их наядаар унах ашиг орлогоос гэнэт татгалзах нэгэн бий билүү?
2008 оны дэлхийн санхүүгийн хямралыг эргэн санъя. Энэ хатгалгаанаас үлдсэн сэв одоо ч цээжнээс арилаагүй, амьсгалах тоолонд хэржигнэж байхад санаж ядах ч юу байхав. “2008 онд эхэлсэн их хямрал эмээгийн чинь үед байсан энгийн нэг хямрал биш юм. Энэ бол жаахан хүч зарцуулж, багавтар эрсдэл туулж, бяцхан зохицуулалт хийгээд л өмнөх үедээ очиж болох эдийн засгийн уналт биш байсан юм. Үгүй ээ, энэ Их хямрал бол хамаагүй чухал эд. Энэ бол даарснаас ч юм уу үүсдэг жирийн нэг хатгалгаа биш, энэ бол зүрхний шигдээс байсныг бидэнд сануулсан дохио байсан юм” хэмээн “Нью-Йорк Таймс” сонины эдийн засгийн тоймч Т.Фрийдман бичжээ.
Гэхдээ аз болоход энэ зүрхний шигдээс нь үхлийн цохилт биш байсан аж. Моргежийн зээлээс үүдэлтэй энэ хямрал АНУ-д зах зээл гэж ер нь байна уу, банк байна уу, жижиглэн худалдаачид байна уу, гол мөрөн байна уу, ой мод байна уу, цаашлаад гариг ертөнц байна уу, алинд нь ч бид эрүүл бусаар хөгжиж байгааг сануулах гэсэндээ дэлдсэн харанга байжээ. Их хямрал бол байгаль эх болоод зах зээл хоёр нийлээд дэлхийн эдийн засгийг тодорхойлогчид болох АНУ, Хятад зэрэгт “Одоо болноо, цаашид энэ хэвээр үргэлжлүүлж болохгүй. Хангалттай л бол хангалттай” хэмээн өвдөж байгаагаа илэрхийлсэн зовиуртай ёололт байжээ.
“Үнэн хэрэгтээ бидний баялаг бүтээж байсан арга маань санхүүгийн ертөнц болоод байгаль дэлхийд хэтэрхий хортой байсан учир 2008 оны есдүгээр сард зах зээлийн болоод экологийн системийн үндсэн суурийг ганхуулж эхэлсэн юм. Хэдийгээр өнгөн талдаа эдгээр нь холбоогүй юм шиг харагдаж байвч эдийн засаг болоод байгаль эхэд тогтворгүй байдал үүссэн нь нэг л ижил учир шалтгаантай. Энэ л шалтгаанаас болоод цагаан баавгай, хулсны баавгай устах болсон. Энэ л шалтгаанаас Ситибанк, Исландын банк дампуурч, Өмнөд туйлын мөсөн эрэг бүгд зэрэг хайлах болжээ. Бодлогогүй алхмууд бүгдийг нь адилхан нэрвэж орхив. Хувь хүний болоод байгууллагын өргөн хэмжээнд хариуцлага алдсан үйлдэл нь санхүүгийн ертөнц, байгаль дэлхийд адилхан хор нөлөө үзүүлсэн талаар би яриад байна. Үүний дээр хувь хүмүүс, банкууд, хөрөнгө оруулалтын фирмүүд эрсдлийг санаатайгаар дутуу тооцох эсвэл нуух, олон нийтэд юу болоод байгааг мэдэгдэлгүйгээр ашгаа хувийн болгож алдагдлаа нийтийн болгох зэрэгт хүргэсэн худал тайлан гаргасан үйлдэл мөн оршино” хэмээсэн Фрийдманы дүгнэлт Танд нэгийг бодогдуулах буй за.
Энэ бол зүгээр нэг баялгийн төлөөх улайрал биш хүмүүсийн, байгууллагын, улс гүрнүүдийн өөрсдийнх нь ухвар мөчид үйлдэл, хариуцлагыг хөндсөн ноцтой дүгнэлт юм. Гэхдээ оношлогддоггүй өвчин, олддоггүй гарц гэж үгүй. Хүн төрөлхтөн манай гаригийг халуун, хавтгай, хавчигдмал болгож буй эрчим хүч болоод хүрээлэн байгаа орчны асуудлыг шийдэж чадах технологи, бодлого шийдэл боловсруулж чадаж гэмээ нь хуучны сайн сайхан бүхнээ буцаан авах боломж бий. Гэвч энэ бүхнийг даруй хийхэд хүргэх хүн төрөлтхний үнэт зүйл болсон эв санааны нэгдэл, эрмэлзэл хаана явна вэ?
Цаг хугацаа алдах тусам дэлхийн суган дахь халууны термометрийн заалт өгсөж, өндөр халуурч буй хүний адилаар дархлаагаа алдан дагжин чичэрсээр байна. Дараагийн 15 жилийн дотор дэлхийн хүн ам дахиад нэг тэрбумаар нэмэгдэж, тэдгээрийн олонхи нь Америктай адил хэрэглэгч, үйлдвэрлэгч болно. Цахилгаан бараа, эрчим хүчний хэрэгцээ энэ хэрээр нэмэгдэж, хог хаягдал тэр чинээгээр овоорно. Энэ их тоон “хүчирхийллийн” өмнө эх дэлхий маань сөхөрч, элгээ эвхэх аюул нэгэнт нүүрлэжээ. Америк хүн шиг, барууны орны иргэн шиг амьдрахыг хүсч байгаа хэнийг ч буруутгах аргагүй юм. Технологи хөгжөөгүй зарим газар хүмүүс зэс гаргаж авах гэж гэрийнхээ гадаа нууцаар цахилгааны утас шатааж, алтыг нь салгахын тулд компьютерийн эх хавтанг чанасаар байх болно. Хоёрхон сая хүнтэй Монголд хүртэл мөнгөн усаар алттай шороо угааж, даарахын эрхэнд дугуйны гадар шатааж амь зогоодог нийгмийн бүхэл бүтэн үе давхарга бий.
Гэтэл ертөнцийн нөгөө бөөрөнд хөрсөндөө газрын тостой төрснийхөө төлөө юу ч хийхгүй жаргаж, амьд шонхороор зугаа гарган амьдрах бүтэн үндэстэн ч бас буй. Тэд экологийн тэнцвэр алдагдахад санаа зовох шаардлагагүй. Учир нь нефтийн шавхагдашгүй ундарга нь хүн төрөлхтнийг эрхшээлдээ байлгах шидэт дохиур юм. Тэнд эмэгтэйчүүдийн эрх зөрчигдөж, шашны ялгавар хүчээ авч байхад “хүний эрх, эрх чөлөө, шударга, тэгш нийгэм” гэж орилдог АНУ аргагүйн эрхэнд хэлээ хазаад өнгөрч байгаа. Тэгвэл цаг уурын өөрчлөлтийн нөлөөнөөс үүдэн улам дулаарч буй дэлхий дээр хэн хамгийн их хохирч байна вэ? Хэрэглээндээ чирэгдсэн баян Америк, баялагтаа бялуурсан тансаг Араб өөрсдөө лайгаа үүрч, үйлээ эдэлдэг бол ч бас яахав.
Цахилгааны эх үүсвэрт холбогдоогүй, автомашин хэрэглэдэггүй, цахилгаан станц байхгүй, нүүрсхүчлийн хий ялгаруулах хэмжээний томоохон үйлдвэргүй дэлхийн хамгийн ядуу хэсэг буюу цаг уурын өөрчлөлтөд хамгийн бага хувь нэмэр оруулж буй бүлэг илүү хохирч байгаа юм. Тэдний амин зуулга нь мод, үр жимс, газар, хөрс тул амьжиргаа нь байгалийн доройтлоос шууд хамаарч байдаг. Энэ бүхнийг зохицуулъя гэхээр эрчим хүчгүйгээр нэг ч алхах хэцүү. Шударга бус гэмээр иймэрхүү уялдаа холбооны хор нөлөөг залруулах “хэргийн эзэд” нь гэтэл юу хийж байна?
Байгаль орчны доройтол нь шинэ сэдэв биш хэдий ч өмнө нь эдийн засгийн хөгжлийн уршиг талаас нь төдийлөн авч хэлэлцдэггүй байсны гор сүүлийн зуунд илүү хүчтэй мэдрэгдэх болов. “Ногоон” хувьсгал нь хүмүүсийн амны уншлага болж, тэр хэрээр “эко од” болохыг хүсэгчдийн эгнээ хүрээгээ тэлжээ. Зүй нь энэ асуудалд илүү бодитой хандах ёстой бөгөөд хэдий чинээ олны анхаарлыг татаж, талархлыг хүлээнэ төдий чинээ “ногоон биш” байдаг нь ч нотлогджээ. Массын сэтгэлийг хөдөлгөхдөө биш аль болох хэмнэлт, хязгаарлалтад чиглэсэн, зарим талаар технологийн хувьд ухарсан “уйтгартай” бодлого л дэлхий ээжид тусалж чадахаар болсон аж.
“Харалган итгэл горьдлого тасрахтай адил аюултай” хэмээн Жорж Монбиот “Халцгай: Дэлхийн шаталтыг хэрхэн зогсоох билээ” номондоо бичсэн байдаг. Чухамдаа ирээдүй хойч гэж алсыг хардаггүй юм гэхэд өнөөдөр амьдарч буй өөрсдөдөө жаахан ч гэсэн чөлөөтэй амьсгалах агаар, алхах талбай үлдээхийн тулд дан ганц геополитикийн бодлогоор далайлгах нь хүчин мөхөсдөх болсон байна. Энэ мэт асуудлыг хөндөж, гарах гарцыг тодорхойлсон нэгэн бүтээлийг монгол залуус саяхан орчуулжээ.
Дэлхийн уур амьсгалыг хүн өөрчилж байгаа ч уур амьсгал ч хүний бие организмийг өөрчилж байгаа нь гашуун үнэн. Цэвэр агаар, цэнгэг усаа алдаж буй хүн төрөлхтөн оюун ухаантайгаа байгаа дээрээ юу хийх ёстойг, ер нь бидэнд яагаад ногоон хувьсгал хэрэгтэйг та Т.Фрийдманы “Халуун, хавтгай, хавчигдмал дэлхий” номоос уншаарай.

Адъяасүрэн Эрдэнэбилэг

Friday, October 15, 2010

Халуун, Хавтгай, Хавчигдмал дэлхий

2007 онд хэвлэгдсэн Томас Л.Фрийдманы "Дэлхий бөөрөнхий биш" номыг хэсэг нөхдийн хамт чадан ядан орчуулж гаргаж байсан маань саяхан санагдана. Тухайн үед мэдлэг, мэдээлэл дутуугаас болоод олон зүйл дээр буруу зөрүү хийсэн байх. Харин саяхан хэсэг нөхдийн хамтаар Т.Фрийдманы дараагийн ном болох Халуун, Хавтгай, Хавчигдмал дэлхий номыг орчуулж дууссаныг Нэпко хэвлэлийн газраар дамжуулан өнөөдөр гар дээрээ хүлээж авлаа.
Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2009 онд зохиогчтой уулзахдаа Ногоон хувьсгалын талаархи түүний номыг Монгол залууст хүргэх хүсэлтэй байгаагаа дуулгасны дагуу Нэпко хэвлэлийн газар албан ёсны эрхийг нь авч Ц.Элбэгдорж, БОАЖЯ -ны сайд Л.Гансүх нарын өмнөх үгтэйгээр хэвлүүлсэн юм.
Зохиогч 2008 онд энэхүү номныхоо анхны хувилбарыг хэвлүүлсэнээс хойш сарын дараа дэлхийн санхүүгийн хямрал нүүрлэж олон сая хүнийг "хоол"-ноос нь салгасан явдал болсон билээ. Энэ тухай дүн шинжилгээ, учир шалтгааныг зохиолч судлан дараагийн удаа бусдад сургамж болгох үүднээс нэмж гурван бүлэг шинээр бичиж номоо шинэчлэн 2009 онд дахин хэвлүүлсэнийг бидний хэсэг нөхөд зориглон барьж авч орчуулсан юм.
Иймээс Халуун, Хавтгай, Хавчигдмал дэлхий ном маань ерөнхийдөө дэлхийн дулаарал, хүн амын нягтшил, глобальчлал, санхүүгийн хямрал энэ бүхнээс гарах арга зам зэргийн талаар хүнд хангалттай мэдлэг, мэдээлэл өгөхүйц сэдэвтэй юм.



Өөрийн орчуулсан хэсгээс хэсэгчлэн оруулбал:

...Үнэн хэрэгтээ бидний баялаг бүтээж байсан арга маань санхүүгийн ертөнц болоод байгаль дэлхийд хэтэрхий хортой байсан учир 2008 оны 9 сард зах зээлийн болоод экологийн системийн үндсэн суурийг ганхуулж эхэлсэн юм. Хэдийгээр өнгөн талдаа эдгээр нь холбоогүй мэт харагдаж байвч эдийн засаг болоод байгаль эхэд тогтворгүй байдал үүссэн нь нэг л учир шалтгаантай...
...Нэгэн гэр бүлд зээл зуучлагч үл хөдлөх хөрөнгө зарж ипотекийн гэрээ байгуулсаны дараа үүнийгээ Фэнни Мае эсвэл Ситибанк мэтийн арай томоохон санхүүгийн байгууллагад зуучилж өгнө. Өнөөх гэр бүл зээлээ төлж чадахгүй асуудалд орсон ч мань хүнд эрсдэл байхгүй. Яагаад гэвэл "тэр байхгүй болж" оронд нь Фэнни ч юм уу Фрэдди ч юм уу ямар нэг хөрөнгө оруулалтын банк уг зээлийг эзэмшинэ. Тэрээр өнөөх гэр бүлд ч гэсэн бүх зүйл адилхан аюулгүй гэдгийг ойлгуулна. Юу гэвэл байрны үнэ үргэлж л өсөх учир зээлээ төлж чадахаа байсан ч байшингаа өөрсдийн худалдаж авсанаас үнэтэйгээр зараад л яваад өгч болно...
...Бүхэл бүтэн улс хөрөнгийн зах зээлийн хангалттай туршлагагүй байж нэг л өдөр Волл Стрийтийн жишээг хараад "Бид бас наадахыг чинь хийж чадна" гэх нь тэр. Хэсэгхэн хугацаанд тэд хийж чадаж байгаа юм шиг харагдаж байв. 2003 онд Исландын хамгийн том гурван банк нийлээд улсынхаа ДНБ-тэй бараг тэнцүү буюу хэдхэн тэрбум долларын хөрөнгөтэй байлаа. Дараагийн гурван жил хагасын дотор тэд 140 тэрбум долларын буюу тооцоход ямар ч утгагүй, Исландын нийт ДНБ -ээс хамаагүй их хөрөнгөтэй болсон байлаа. 2003 - 2007 оны хооронд АНУ -ын хөрөнгийн зах зээл хоёр дахин нэмэгдэж байхад Исландынх ес дахин томорч байв...
...НҮБ -ийн хүн амын сангаас гаргасан тайланд дурьдсанаар "Дэлхийн хүн ам дараагийн 43 жилд 2.5 тэрбумаар буюу өнөөгийн байгаа 6.7 тэрбумаас 2050 он гэхэд 9.2 тэрбум болж нэмэгдэх төлөвтэй байна"...1800 онд Лондон нэг сая хүнтэй, дэлхийн хамгийн том хот байлаа. 1960 он гэхэд 1 саяас дээш хүн амтай 111 хот бий болсон байв. 1995 он гэхэд энэ тоо 280 болж харин өнөөдрийн байдлаар 300 гарсан байна...
...Уур амьсгалын мэргэжилтнүүдийн бүгд хүлээн зөвшөөрдөг нэг зүйл бол манай дэлхий 1740 онтой харьцуулахад дунджаар цельсийн 0,8 градусаар дулаарчихаад байгаа бөгөөд энэ нь 1970 оноос хойш хамгийн огцом өссөн юм...Хүний биеийн температур хэвийн үедээ 37.1 байдаг бөгөөд жаахан ихсээд 38 градус хүрэхэд л сүртэй юм болж хамаг бие хямраад байгааг илтгэдэг. Газрын гадаргын дундаж температурын өөрчлөлт ч гэсэн яг адилхан...

Номын буян дэлгэрэх болтугай!
P.S: Дашрамд дурдахад ном маань Интерном, 3,4 -р хорооллын Билэг их дэлгүүрийн номын дэлгүүрээр 19,000₮ -ний үнэтэй зарагдаж байгаа

Monday, August 16, 2010

We're all living in America

Даяаршил баллах нь ээ гээд л уншсан ном болгон дээр Америкчүүд халаглаад байх юм. Хамаг ажлын байрыг нь Хятад, Энэтхэгүүд зөөчихлөө л гэнэ, террористууд Америк маягийн арга барил ашиглаж байна л гэнэ. Үнэндээ Америкчүүд энэ их даяаршлын шуурганаас хамгийн их хожиж байгаа хүмүүс юм биш үү. Хорвоо дэлхий тэр аяараа Цагаан Ордон яаж "амьсгалахаас" шалтгаалж улс үндэстэн бүхэн өөрийн уламжлалт зан заншил гэхээсээ илүүтэй рэп хөгжим, Кока Кола ундаа МакДональдсаар амьдарч байх шиг. Тэдэнд буруу байхгүй л дээ. Зүгээр л дагаж салбагнаад байгаа бидний буруу. Бүх хүн нэг хувцас өмсөж, бүх дэлгүүрт ижил "брендийн" бараанууд зарагдаж, хаа сайгүй зөвхөн Америк аялгуу эгшиглэхэд буруу юм бий гэж үү? Зүгээр л хорин жилийн өмнөх бүгд дракан пальто өмсөөд Атар талхан дээрээ очерлож нэг ижилхэн хэмнэлтэй мангогоо татаад явж байсан амьдралаа санахад хангалттай биз.
Улс үндэстэн бүхэн өөрийн гэсэн онцлогтой, өөрийн гэсэн соёл заншил, уур амьсгалтай. Хэрэв энэ соёл өнөөгийн энэ ертөнцөд дасан зохицож чадахгүй бол чөтгөр лүүгээ тонил гэсэн ганцхан хууль өдгөө үйлчлээд байх шиг. Бидний бахархаад байдаг нүүдэлчдийн соёл иргэншил тэгвэл яах болж байна? С.Жавхлан мэтийн солиотууд нь хамгаалдаг баатрууд болж жаал "шоудахаас" өөрөөр бид соёл иргэншлээ аварч чадах уу? Зүгээр л хамгийн энгийн жишээ гэвэл ядаж блог унших чадвартай нэгнээс хөдөө очоод малын зүс хэр мэдэхийг нь асуугаад үз? Эсвэл Монгол гэрийн бүрэлдэхүүн бүрийг нэг нэгээр нь нэрлүүл? Тун цөөхөн нь л хариулж чадна даа... 
С.Жавхан шиг цээжээ дэлдэх нь хаашаа ч юм. Гэхдээ бид өөрсдийнхөө онцлог болж буй соёл иргэншлээ даяаршиж буй дэлхий ертөнцөд дасан зохицох хэмжээнд өөрчилж үр хүүхэддээ үүнийгээ сайн сургаж авахгүй бол тун удахгүй түүхийн номон дээр сүүлчийн Монголчууд гээд бидний зураг залрах эс бөгөөс нэвтэрхий толиний хуудаснаа Бушмений араас Монголчууд гэж хагас зэрлэг үндэстэн өнөөг хүртэл эсгий гэртээ "байгаль" жорлонтой амьдарсаар байгаа тухай дурдаж мэдэх юм...


Wednesday, June 09, 2010

...Байгалийн арвин баялаг нь тухайн улсынхаа эдийн засаг, улс төрд муугаар нөлөөлдөг талтай гэж эдийн засагчид олон жил ярьж бичиж ирсэн. Үүнийг “Голланд өвчин” буюу “байгалийн баялгийн хараал” гэж олон янзаар нэрлэж байна. Голланд өвчин гэдэг нь гэнэт олдсон байгалийн баялгийн улмаас аж үйлдвэрлэл хөгжихгүй, зогсонги байдалд орохыг хэлнэ. Энэ нэр томьёо 1960-аад оны эхээр Голландад Хойд тэнгист байгалийн хийн баялаг орд олсны дараа гарч ирсэн юм. Голланд өвчнөөр өвчилсөн улс оронд юу тохиолдох вэ? Эхлээд газрын тос, алт, байгалийн хий, алмааз болон бусад байгалийн баялгаас олсон асар их мөнгөний ачаар валютын үнэ өснө. Хүчтэй валюттай болсноор үндэсний бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж, дотоодын үйлдвэрийн бүтээгдэхүүн экспортын зах зээлд өрсөлдөх чадваргүй болж, импортын бараа хямдарч хэрэглэгчдэд хүрнэ. Иргэд түнтийсэн бэлэн мөнгөөрөө импортын хямд бараа төвөггүй худалдан авч, улмаар дотоодын үйлдвэрлэл арчигдан, нэг мэдэхэд аж үйлдвэрлэл алга болсон байна.
“Байгалийн баялгийн хараал” бол үүнтэй төстэй эдийн засгийн үзэгдэл.

Байгалийн нөөц баялгаас хараат байснаараа тухайн орны улс төр, хөрөнгө оруулалт, боловсролын тэргүүлэх чиглэл өөрчлөгдөхийн зэрэгцээ хэн ашигт малтмал, баялгийг эзэмшиж удирдах вэ, хэн тэндээс их мөнгө олж баяжих вэ гэдгийг бүгд анхаарч эхэлнэ. Нефт эзэгнэгч улс оронд хөгжил гэж юу болох талаар ойлголт ард түмний дунд ташаа тогтсон байх нь түгээмэл. Ард түмэн нэлэнхүйдээ ядуурч байхад цөөн хэдэн хүн хөлжин баяжиж буйн шалтгааныг төр засгаас боловсрол, хууль эрх зүй, шинэ бүтээл санаачлага, бизнес үйлдвэрлэлийг дэмжиж хөгжүүлж чадахгүй байгаад бус харин хэн нэгэн этгээд улсынх нь газрын тосны мөнгийг хулгайлж, булааж хувьдаа ашиглаж байгаагаас болж байна гэж үзэцгээдэг. Тэдний энэ дүгнэлтэд “Үнэхээр хэн нэг нь хулгайлж байна” гэсэн зөв зүйл бий. Гэхдээ ард түмэн улс орноо хөгжүүлэхийн тулд засгийн мөнгөөс хулгайлж буй хүмүүсийг зогсооё гэж бодохоос бус сайн боловсрол, хууль зүй, аж үйлдвэрлэлийг үндэс сууриас нь бага багаар барьж байгуулж засварлах тухай эс хайхарна...

Monday, April 12, 2010

Газар хөдлөлтийн үед юуг анхаарах вэ?

Хэд хоногийн өмнө одоохон газар хөдөллөө гэж баахан айлгав. Техник технологи айхтар өндөр хөгжсөн газар нь тэгж цаг минутын нарийвчлалтай урьдчилж хэлж чаддаггүй юм гэсэн. Манайхан арай л хэдэн бөө нарынхаа үгэнд ороогүй байлгүй. Хамгийн инээдтэй нь газар хөдөлсөн тохиолдолд юу хийх вэ гэдэг мэдээлэл би бараг олж хараагүй. Харин хөдөллөө шүү, хотоос гараарай л гэж баахан шуугиад байсан. Юутай ч энэ талын мэргэжилтэн ах хүү маань нэгэн зөвлөмж бичсэнийг доор сийрүүллээ.


Одоогийн байдлаар хэзээ газар хөдлөлт болох вэ гэдгийг мэдэх боломжгүй байгаа нь урьдчилан сэргийлэх ажиллагааг төвөгтэй болгож байдаг. Гэсэн хэдий ч газар хөдлөлтийн үед болон дараа нь юу анхаарахыг мэдэж байх нь чухал юм.


Газар хөдлөхөөс өмнө юуг анхаарах вэ

Гэр бүлээрээ болон ганцаарчилан энэ байгалийн гамшигаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч болно. Үүнд:

  • Газар хөдлөлтийн үед ханын шүүгээ, сервантны хаалгыг онгойхоос урьдчилан сэргийлж өөрөө түгжигддэг түгжээтэй болгох
  • Гал тогоо, ванны өрөөний ханын шүүгээнүүдийн дотор талын тавцангуудаас аяга таваг гулсахаас хамгаалж гулсамтгай бус материал ашиглан тавцанг бүрэх
  • Хүндэвтэр шаазан эдлэлүүдийг аль болох доод талын тавир дээр тавих
  • Орон байр эд хөрөнгийнхөө даатгалын хураамжаа сунгасан байх
  • Хөргөгч, ус халаагч, агаар цэвэршүүлэгч гэх мэт хүнд даацын эд зүйлсийг газар хөдлөлтийн үед хөдөлгөөнгүй байлгах арга хэмжээ авах
  • Хуучин шинэ барилганы аль нь ч газар хөдлөлтийн үед тэсвэртэй баригдсан эсэхийг шалгах
  • Орныхоо дээд талд хүнд жааз бүхий зураг, толь, тавиур гэх мэтийг суурилуулахгүй байх
  • Номын тавиур, жааз, ТВ, болон бусад зүйлсийг аль болох хөдөлгөөнд савлахгүйгээр байрлуулах
  • Эд хөрөнгийнхөө зураг хөргийг авсан байх ба энэ нь даатгалаас мөнгөө олж авахад тустай
  • Газар хөдлөлтийн үед хэрэглэж болох муудахгүй хүнсний зүйлс, цэвэр ус, чухал бичиг баримтынхаа хуулбар (паспорт, төрсний гэрчилгээ, даатгалын гэрээ гэх мэт ), гар чиидэн, эмнэлгийн анхны тусламж үзүүлэх хайрцаг, хөнжил, дулаан хувцас гэх мэт зүйлсийг бэлдэн тусгай газар хадгалах
  • Гар утсаа байнга цэнэгтэй байлгах
  • Зам гүүр эвдэрсэн тохиолдолд ямар маршрутаар явахаа төлөвлөх
  • Гэр бүлээ аюулгүй байлгаж болох, уулзах газрыг товлон тогтоох
  • Гэр бүлийн гишүүдэд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх талаар заах


Газар хөдлөлтийн үед юуг анхаарах вэ

Газар хөдлөлт хэдхэн секундын дотор эсвэл хэдэн минутын хугацаагаар үргэлжлэх ба энэ үед анхаарах зүйлээ мэдэж байх нь бэртэл гэмтлээс сэргийлэх юм.:
  • Хурдхан коридорт очиж (хэрэв та хуучин байшинд амьдардаг бол энэ арга нэмэргүй ) зогсох, ширээний доогуур орох , цонхноос хол өрөө тусгаарласан ханын дагуу зогсох гэх мэт арга хэмжээг авах
  • Толгойнхоо дагз нүдээ энд тэнд нисэх зүйлсээс хамгаалах
  • Газар хөдлөлтийн үед лифтээр бүү яв
  • Хэрэв цахилгаан хэрэгсэл ажиллаж байгаа тохиолдолд даруй салга
  • Хэрэв гадаа явж байгаа тохиолдолд аль болох задгай газар, байшин барилга гэрлийн шон, мод болон бусад гэмтээж болох зүйлсээс хол очиж зогс
  • Хэрэв машин жолоодож байгаа тохиолдолд машинаа яаралтай зогсоож машиндаа хүлээх хэрэгтэй. Харин гэрлийн шон, гүүр, дээгүүр доогуур гарц болон бусад аюултай зүйлсээс хол зогсох нь чухал
  • Маш тайван байж өөрийгөө удирдах нь хэрэгтэй

Газар хөдлөлт болсны дараа

Хурдан сэтгэх нь газар хөлдөлтийн хор хохирлыг багасгах магадлалтай:
  1. Газар хөдлөсний дараахь цохилтонд бэлтгэлтэй бай энэ нь доргилтоос ч хүчтэй байж болох юм
  2. Шархдагсдад тусламж үзүүлж боломжтой бол түргэн тусламж дууд
  3. Барилга руу орохдоо болгоомжтой байх ба хана, фундаментийн цууралт өгсөн байшинд бүү ор
  4. Хагарч няцарсан шилнээс болгоомжлон байнга гуталтай бай
  5. Цахилгаан, хий, усаа эвдэрч гэмтсэн гэж үзвэл шалгуулахаас нааш бүү хэрэглэ
  6. Шүүгээ, шкафны хаалга онгойлгохдоо болгоомжтой бай, хөдөлсөн зүйлс нүүр рүү унах аюултай
  7. Утасны шугамыг яаралтай шалгаж ажилд оруулах
  8. Хүлээцтэй тайван тэвчээртэй бай: газар хөдлөлтийн гамшгийн хэмжээнээс шалтгаалан тусламж хэдэн цаг өдрөөр хойшлох магадлалтай

Газар хөдлөлтийн улмаас үүссэн хөндлөнгийн аюул нүүрлэж болох юм. Үүнд:
  • Далайн эргийн орчимд цунами
  • Уулын бүс нутагт газрын хөрсний болон шаврийн гулсалт үүсэх
  • Цахилгааны шугам гэмтсэнээс үүдэлтэй гал түймэр гарах
  • Голын гольдрил өөрчлөгдөх , усан цахилгаан станц эвдэрснээс үер болох

Газар хөдлөлт нь аймшигтай байгалийн үзэгдэл байж болох ба энэхүү айдсыг сайтар төлөвлөсөн урьдчилан сэргийлэх арга хэмжээ шат болгонд авснаар багасгах бүрэн боломжтой юм.

Sunday, March 28, 2010

Тогтворгүй хөгжил буюу ирээдүйгээсээ хулгайлж амьдрах нь

Өчигдөр орой “Эх дэлхийн цаг” энэ тэр гээд нэг цаг цахилгааны хэрэглээгээ хязгаарлахыг уриалсан уриа хаа сайгүй явав даа. Уг нь ч сайхан зөв санаачлага, хэрэгжүүлж чадаад үр дүн гардаг бол сайхан л санаа. Гэхдээ өнөөгийн бидний амьдарч буй нийгэм, өнөөгийн бидний хэрэглэж ашиглаж буй бүхэнтэй харьцуулахад нэг цаг цахилгаан ашиглахгүй таг харанхуй байх нь “том өрөө рүү таавчиг шидсэн юм шиг” л үр дүнтэй эд шүү дээ.

Хөгжил дэвшил гэдэг хүний өөрийнх нь мөн чанар ажээ. Үүгээрээ л бид бусад амьд бодгалиас ялгагддаг байх. Өөрөөр хэлбэл “тэд” орчинтойгоо дасан зохицож хөгждөг бол “бид” орчноо өөрсдөдөө тохиромжтой байдлаар өөрчлөн шинэчлэдэг. Тэгэхээр аливаа өсөлт хөгжилтийг буруутгах нь утгагүй. Ямар С.Жавхлан шиг хөдөө гараад гэр бариад амьдаръя гэлтэй биш. Гэхдээ бидний өсөж хөгжиж буй арга барил маань хэр “тогтвортой” вэ буюу бид энэ байдлаараа хэр удаан хөгжин дэвжиж чадах вэ гэдэг л хамгийн чухал.

Хэдхэн жилийн өмнөхтэй харьцуулахад Монгол улс чадлынхаа хирээр хөгжчихөөд байна. Бидний нүдэнд үл анзаарагдах жижиг сажиг шинэчлэл, сайн сайхан өөрчлөлтүүд “мянгын дугуйны” хурдаар ч гэлээ бий болсоор л байна. Худлаа гэвэл цонхоороо харахад чинь л жип хөлөглөж брэнд хувцасласан нөхдүүд хаа сайгүй дүүрэн. Яаж үүнийгээ олж авч, энэ нь нийгмийн хэчнээн хувийг эзэлж буй нь бол тусдаа асуудал. Гэхдээ л ямар нэгэн байдлаар бид урагш тэмтчиж бүдчин алхсаар л байна.

Өнгөрсөн намар сар гаран хөдөөгүүр ажил амралт хослуулан тэнэж үзлээ. Хөдөөний малчин айл миний багын төсөөлөлөөс тэс өөр болжээ. Ядаж л багаар бодоход нарны зай хураагууртай, түүгээрээ зурагтаа үзээд хотын мань мэтийн үзэж амжаагүй байгаа киног хүртэл DVD –р худалдаад авчихсан, айлд ядахнаа нэг хүн гар утас барьдаг гэхмэтчилэн сайн сайхан зүйлс зөндөө л байна. Гэхдээ энэ бүх хөгжил дэвшлийн үнэ цэнэ юу вэ? Ийм үнээр бид цаашид хөгжсөөр байвал хаа хүртэл хол алхах вэ гэдгийг л тооцох хэрэгтэй.

Ганцхан жишээ: Нэг километр сайжруулсан шороон зам тавихад багаар бодоход ойр ойрчных нь нэг квадрат километр талбай сүйддэг гэнэ. Зам тавьж байх явцад машин тэрэг тойрч өөрсдийнхөө зам гаргаж явна, зам анги зардал хэмнээд яг хажуугийнх нь шороог ухаж кариер босгоод шороон засмалаа тэгшилнэ гэх мэтчилэн. Худлаа гэвэл Сүхбаатар аймгийн Дарьганга сум руу ганц яваад л үз. Зам зуур өөрийн эрхгүй сэтгэл чинь өвдөх вий.

Арай томхон жишээ үзье. Дэлхийн газрын гадарга орчмын дундаж температурын өөрчлөлт 2.0 С –ээс илүү дулаарахад дэлхийн экосистемд ноцтой өөрчлөлт гарна гэж үздэг гэнэ. Харин сүүлийн 100 жилийн дотор хүний үйл ажиллагаанаас 90% нь хамаарч 0.74 градусаар дулаарчихаад байна. Монгол орны хувьд 1940-2007 оны хооронд газар орчмын агаарын температур 2.1 С –ээр дулаарсан гэх мэдээ байна. Үүнд хамгийн түрүүнд нөлөөлж буй хүчин зүйлсийн нэг бол 2006 оны байдлаар улсын хэмжээгээр 141,469 автомашин замын хөдөлгөөнд оролцож байсан бол 2007 он гэхэд 161,989, 2008 он гэхэд 190,459 автомашин та бидний унаа болоод явж буй нь яах аргагүй мөн.

Тэгэхээр мянгын дугуйгаар ч гэсэн хурдлаад буй улс орны маань өсөлт хөгжил биднийг хааш нь дагуулна вэ? Ганцхан жилийн дотор 2 сая гаруй хүн ам багаар бодоход 20,000 автомашин худалдаж авч байна гэдэг биднийг тодорхой хэмжээнд урагшлаад байгааг харуулж байна бус уу? Харин үүний төлөөс нь юу вэ гэдгийг та бид эртнээс бодох шаардлагатай болж байх шиг байна. Ядаж л нийтийн тээвэр гээч юмийг арай боловсронгуй болгож жил болгон машин авах шаардлага гараад буй тэр 20,000 хүнийг төрийн бодлогоор цөөлөхөөс энэ бүхэн эхэлнэ.

Дараагийн жишээ. Та доорхи зурган дээр буй цэнхэр толбонууд юуных гэж бодож байна?


Цэвэр усны хангамж, ой модны эзлэх хувь, бүр байгаад цөлжилтийн район ч биш. Энэ бол Монгол Улсын Засгийн газраас 2008 оны байдлаар ашиглалтын болоод хайгуулын лиценз олгогдоод буй газрууд. Өөрөөр хэлбэл хэзээ нэгэн цагт ухаад хөрсийг нь эргүүлж хаях хамгийн магадлалтай газрууд гэсэн үг. Нийт 1.5 сая кв.км эх орны маань 60% одоогийн байдлаар хэзээ мөдгүй ухагдах магадлалтай болчихоод байна гэсэн үг. Тэгээд юу гэж үү?

“Уул уурхайн ашиглалт олборлолтыг байгаль орчинд халгүй техник технологи ашиглан явуулах ёстой боловч 2007 оны зун хийсэн үзлэг шалгалтад 21 аймгийн нутаг дэвсгэрийг бүрэн хамруулсан алт олборлох үйл ажиллагаанд химийн хортой бодис ашиглалтын үзлэг явуулахад гар аргаар алт ялгах үйл ажиллагаандаа мөнгөн ус, цианит натри хэрэглэх нь түгээмэл байгаагаас Баянхонгор аймгийн 13, Өмнөговь аймгийн 51, Дорноговь аймгийн 16, Булган, Төв аймгийн нутагт тус бүр 2, Сэлэнгэ аймагт 5, Дархан-Уул аймагт 3 цэгт, нийт 37.3 га талбай мөнгөн усаар бохирдож, зөвхөн эдгээр аймгуудын нутагт л гэхэд 200 гаруй мянга орчим тонн шлам үүссэнийг илрүүлж хууль бус алт олборлогчдын 57 тээрмийг хурааж, 16 кг мөнгөн ус, 1 тонн 200 кг цианид илрүүлж хураажээ. Зөвхөн Өмнөговь аймгийн нутагт 51 тээрэм ажиллуусны уршгаар 25 мянга орчим тонн шлам шороо үүссэнийг тогтоож, нийт 18.06 га талбай бохирдсон байжээ” (“Байгаль Орчны Тогтвортой байдлыг хангах” Мянганы хөгжлийн 7-р зорилтын бодлогын судалгаа, үнэлгээний ажлын тайлан. М.Батбаясгалан. 2009 он)

Дээр өгүүлсэн шлам гэдэг нь усны бохирдолыг хэлдэг гэнэ. Шлам шороо гэхээр бохирдсон усанд хордсон хөрсийг хэлж буй бололтой. Өөрөөр хэлбэл зөвхөн 2007 оны байдлаар (түрүүний дурьдсан газар нутгийн 60%-ийг биш) ухаад буй газар нутгаас шалтгаалж нөгөө сайхан магтан дуулаад байдаг Монголын тал нутгаас чинь 18.06 га талбайг ямар ч зориулалтаар ашиглах боломжгүй болсон байна гэсэн үг.Нэг ёсондоо таны хүнсэнд хэрэглэх мал амьтан бэлчих, ногоо цагаа тарих, үр хүүхэд чинь түүн дээр тоглож хөрвөөх, та өөрөө гадна дотны найзууддаа бахархаж дээр нь пиво ууж хэвтэх талбайнаас өдий хэрээр хоргодож байгаа ажээ.

Үүнд оройтоогүй байгаа дээр нь бидний хийж болох ганц л алхам байна. Ардчилсан нийгмийн (хэрэв үнэхээр бидний амьдарч буй нийгэм ардчилсан бол шүү дээ) гишүүний хувьд та таныг төлөөлөн сонгогдож буй эрх баригчид өнөөдөр таны гарт атгуулах 70,000 төгрөгний төлөө биш ирээдүйд үр хүүхдийн чинь амьдрах орчныг бодож төлөвлөж шийдвэр гаргахыг шаардах эрхтэй. Түүнээс төв талбай дээр хаврын нэг сар майхан барьж хэвтээд та бид хоёрыг шизотой, эсвэл овоо мөнгө авчээ л гэж үзнэ үү гэхээс илүүд тооцох амьтан олдохгүй байх. Угаасаа монголын нийгэмд хэчнээн зөв үзэл санааны төлөө байсан ч жагсаж тэмцээд эрх баригчдад дуу хоолойгоо хүргэсэн гэж бодох нь ургаа хад руу цуурайтуулан хашгираад хэзээ нурж унах бол гэж хүлээхтэй ялгаагүй зүйл болсон байх.

За тэгээд зав гарвал энэ тал дээр үргэлжлүүлэн жоохон ноцтой бичихийг хичээх болноо.

Thursday, February 25, 2010

Солиорол

“Алаг хорвоо”гэдэг номын нээлт болно

Монголын «Бөө судлалын академи» ТББ-ын тэргүүн Ш.Эрдэнэчимэг «Алаг хорвоо» нэртэй номондоо маяачуудын он тооллын талаар бичсэн аж. Тэрбээр "Би долдугаар сарын 1-ний үймээн, халдварт өвчин, зуд болж олон мал устах гээд ирээдүйд болох байгалийн аюулыг урдчилж зөн совингоороо мэдэж Засгийн газарт сануулдаг байсан. Гэвч миний тоогоогүй. Тиймээс би цаашид цаг агаар таван cap хүртэл хүйтэрч, зун нь 60 градус халж, өвөл нь 60 градусаас давж хүйтэрнэ зэрэг таамаглалуудаа нэгтгэсэн «Алаг хорвоо» гэдэг ном гаргасан гэлээ. Номын нээлт энэ сарын 28-нд болох юм байна.

Б.Анхцэцэг

Эх сурвалж www.news.mn


Маяагийн он тооллын нууцыг тайлсан гэв

1 цаг 15 минутын өмнө

"Стратегийн өмгөөлөл гүйцэтгэл" төрийн бус байгууллага дэлхийд алдаршсан Маяагийн он тооллыг эртний Монгол он тоолол болохыг тайлсан хэмээн мэдэгдэж, хэвлэлийн хурал хийв. Маяагийн он тоолол 2012 онд дуусдаг. Үүнийг зарим хүн дэлхийн сүйрэхийг зөгнөсөн хэмээн үзэж ирсэн.

Тэгвэл дээрх төрийн байгууллага Маяагийн он тооллын нууцыг тайлснаар 2012 онд дэлхий мөстлөгийн үед орж бүх зүйлс устаж, цаггүй эрин үе эхлэхийг тогтоосон гэнэ. Мөн ирэх онд Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотод хүчтэй газар хөдөлнө хэмээв. Дээрх мэдээллийг "Стратегийн өмгөөлөл гүйцэтгэл" ТББ, Бөө судлалын академийн тэргүүн Ш.Эрдэнэчимэг хийсэн.

Түүний хэлж буйгаар Өмнөговьт унасан биет нь нарны идэвхжлээс болсон гэнэ. Тэрбээр сэтгүүлчийн асуултад хариулт өгөх, зураг авахуулах зэргээс татгалзсан юм.


Ө.Буян-Орших


Нэг өдрийн дотор энэ төрлийн хоёр мэдээ гарна гэдэг арай хэтэрч байгаа юм биш үү. Зуднаар нохой таргалдаг, зовлонгоор лам цаддаг гэгчээр энэ хүмүүст ичих нүүр байхгүй, хүмүүсийн зовлонгоор тоглож сэтгэл санаагаар нь даажигнаж ханахгүй юм аа. Ядаж байхад бүгд нэг нэг ТББ-тай байх ч шиг...