Sunday, November 30, 2008

Мумбай дахь Террор, бидний авах сургамж

Саяхан Мумбайд болж өнгөрсөн аймшигт үйл явдлын талаар нүдтэй чихтэй болгон олж мэдээ байлгүй. Ямартаа ч нийт бараг 4 хоног үргэлжилсэн террорын явцад 190 гаруй хүний амь үрэгдэж 300 гаруй хүн шархдаж байж өчигдөр өглөө нэг юм дуусах шиг боллоо.
Би уг нь лал соёлтой нэлээд найз нөхөдтэй. Иран, Афган, Арабын улсуудаас ирсэн мөн Энэтхэгийн лалууд ч гэсэн Хиндү соёлтнуудыгаа бодвол бидэнтэй илүү нээлттэй харьцаатай хүн чанар сайтай хүмүүс шиг санагддаг юм. Арай либерал зарим нь шашныг зөвхөн ёс суртахууны хэм хэмжээ төдий авч үзэж харьцана. Бусад нь болохоор шашиндаа үнэнч хэдий ч маниусыг хүндэлж харьцана. Хамгийн гол нь хэн нь ч терроризмыг сайшаадаггүй. Нэгэнтэй нь бүр хууч хөөрч байхад манай шашинд хүнийх байтугай амьтны амь таслахыг ч том нүгэл гэж үздэг хэмээж байсан нь саяын 4 хоногийн үйл явдлын үеээр санаанд тод байлаа. Тийм ч учраас би л хувьдаа иймэрхүү үйл явдлаас болж лал соёлтой болгоныг үзэн ядаж чадахгүй. Энэ бүхнийг гагцхүү тэдний нэрийг барьсан хэсэг дампуу нөхдийн хийж байгаа ажил л гэж үздэг. Яг үнэндээ шашныхаа нэрээр гэмгүй хүмүүс хохироож байгаа тэдгээр нөхдүүд бусад энгийн лал шашинтнууддаа дэндүү их гай зовлон авчрах аж Иймэрхүү явдал болсны дараа Энэтхэгт ёстой юм шиг дандаа шашны мөргөлдөөн гардаг. Лал сүмүүд рүү Хиндү нар нь дайрч галдаж шатаагаад л. Энэ болгонд манай найзууд шиг тэдгээр гэм зэмгүй хүмүүс л өртөөд дуусдаг гэж бодохоор өр өвдмөөр. Хаанаас ч билээ дэлхийн 3-р дайн шашнаас болж дэгдэнэ гэж уншиж байсан санагдах юм...


Өнөөдөр Энэтхэгийн дотоод яамны сайд сайн дураараа албан тушаалаасаа огцрох өргөдөл гаргалаа. Бас л том совесть шүү. Мань хүнийг тагнуулаа сайн ажиллуулж иймэрхүү юм болох гэж байгааг мэдэрч чадсангүй гэж жаал шүүмжилжээ. Үр дүнд нь мань хүн "ухамсар, ёс суртахууны"-хаа үүднээс энэ ажлыг цаашид хийж чадахгүй нь гээд огцорч. Манай Онцгой Байдлын хэдэн томчууд хамаг тоног төхөөрөмжийнх нь мөнгийг идчихээд ажилчдаа гар нүцгэн гал руу оруулаад эцэст нь эмгэнэл болоход матрын нулимс унагаад л дараагийн сонгуульд юу ч болоогүй юм шиг нэр дэвшдэгийн хажууд бол ялихгүй л асуудал байх. Бас л нэг сургамж...

Мумбайд 7 газар 10 гаранхан террорист бүгд 300 гаран сумтай калашников барьж ороод л тусгай хүчнийхэнд ч дийлдэхгүй байлдсаар байгаад баахан гэмгүй хүмүүс нөгөө ертөнцөд үдлээ. Энэтхэг учиргүй Америк, Англи шиг нь биш юм аа гэхэд манайхтай харьцуулахад харуул хамгаалалт уг нь чангатай газар. Тусгай хүчний цэрэг цуух нь ч том гүрний энтэй. Манайд хэрэв иймэрхүү зүйл болвол дотоодыг хамгаалах гээч юм нь хэр хөгжсөн байдаг юм бол? Чулуу барьсан бацаануудад зодуулаад зогсож байдаг цагдаа нар калаш барьсан террористууд таарвал юу хийх бол?


Аз болж манайх дотоод шашны мөргөлдөөн энэ тэр байхгүй юм даа. Ядаж л нэг этник грүппийнх болохоор ялгарч хуваагдаад байх шалтгаан байхгүй (баян ядуугаараа л ялгардаггүй юм бол) амар юм. Гэхдээ олон улсын тавцанд АНУ-ыг хэтэрхий аялдан дагагч статус маань ийм явдал хэзээ нэгэн цагт гарахгүй гэсэн баталгаа өгч чадахгүй л байх. Саяын террористууд бол Энэтхэгийг Америк, Англиас харьцаагаа таслахыг шаардаж байсан байх юм. Бас л нэг сургамж...

Ер нь юу болж өнгөрсөн талаар нарийн мэдээлэл авахыг хүсвэл энд дараарай.

За тэгээд амь үрэгдэгсдийн ар гэрийнхэнд эх хэлээрээ ч болтугай гүн эмгэнэл илэрхийлье дээ.

Sunday, November 16, 2008

Audacity of hope


2005 онд гарч байсан V for Vendetta хэмээх зөгнөлт кино баахан шагнал энээ тэрээ аваад тухайн үедээ мандаж байсан санагдана. Ж.Орвэллийн 1984 зохиолоос сэдэвлэсэн болов уу гэмээр уг киноны төгсгөлд гол баатар маань “This country needs more than a building. This country needs hope” (Энэ улсад ганц байшингаас илүү зүйл хэрэгтэй. Энэ улсад итгэл хэрэгтэй байна) гээд олон зууны түүхтэй Английн Бүкингэмийн ордоныг дэлбэлж байгаа нь гардаг.
Итгэл найдвар гээч зүйл аль нэг байшингаас үнэтэй гэж үү?

Би, Монгол улсын иргэн залуу хүний хувьд ирээдүйдээ итгэх итгэлтэй байхыг хүснэ.
Хэн нэгэн харанхуй шөнө араас минь мөрдөж байгаад буудчихгүй гэдэгт, үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө төмөр торны ард олон жил суухгүй гэдэгтээ, саяхан танилцсан танил маань тагнуулын ажилтан биш гэдэгт, хэвлэл мэдээллээр гарч байгаа бүхэн захиалгат тархи угаалт биш гэдэгт итгэхийг хүснэ.
Шударга бүхэн ялна гэдэгт, 14 тэрбум хулгайлсан луйварчин итгэлээ олохын тулд нэг муу байр шатаахад оролцож 2 хард диск хулгайлсан насанд хүрээгүй хүүтэй адил ял авах ёсгүй гэдэгт, эх орны минь нэр хүндийг олон улсын тавцанд хар тамхины наймаагаар дажгүй өндөрт гаргасан дипломат, шударга ёс дуулж байгаад өвс ороож татсан хэдэн хип хопчиноос бага ял авах ёсгүй гэдэгт итгэхийг хүснэ.
Идэж байгаа хоол маань меламингүй гэдэгт, амьсгалж байгаа агаар минь хоргүй гэдэгт, ууж байгаа ус маань мөнгөн усгүй гэдэгт ирээдүйд төрөх үр удам минь элдэв өвчин зовлонгүй төрнө гэдэгт итгэхийг хүснэ.
Иргэний үнэмлэх өвөртөлсөн өөрийгөө эзгүй хээр хоолоо олж иддэг ямаанаас илүү эх орондоо үнэтэй гэдэгт итгэхийг хүснэ.
Залуу халуухан насныхаа мөрөөдлөөр жигүүрлэн байж хийж бүтээсэн болгон минь шударга бус өрсөлдөөнд ялагдан замхарч алга болохгүй гэдэгт итгэхийг хүснэ.
Намайг “эрийн цээн”-д хүрэхээс өмнө хайртай бүхнийг минь өөрсдийгөө “Шилмэл” хэмээн нэрийдэж санал луйвардан гарч ирсэн хэдэн “ухна” устгачихгүй гэдэгт итгэхийг хүснэ.
We shall Prevail!!!

Saturday, November 15, 2008

Хакдуулсан бэлэгдэл?

Хэрэв би худлаа санаагүй бол Монгол Улсын Үндсэн хуулинд Монгол Улсын Ерөнхийлөгч нь ард түмний эв нэгдлийн бэлгэдэл бидний сайн сайхны симбол байх ёстой гэсэн утгатай өгүүлбэр байдаг байх аа.
Тэгвэл http://www.president.mn/ хэмээх ерөнхийлөгчийн албан ёсных нь вэб хуудас нэг иймэрхүү харагдаж байна.


Харин ч нэг их учиргүй хорлон сүйтгэгч байгаагүй бололтой. Зөвхөн мэдээний хэсэгт нь ганц мэдээ оруулаад л өнгөрч. Одоо бямбаас нямд шилжих шөнө. Маргааш ажил хийх хүн байхгүй. Тэгэхээр хамгийн хурдандаа 11 сарын 17 хүртэл Монголын ард түмний бэлгэдлийг хангагчийн нүүр царай кибер ертөнцөд ингэж харагдах бололтой.
Мэдээллийн аюулгүй байдалдаа ямаанаас бага ач холбогдол өгдөг хүмүүст бага зэрэг сургамж болж магадгүй л юм. Ямар сайндаа миний олж сонссоноор Мэдээллийн Аюулгүй Байдлын тухай хуулийн төслийн багт нь секьюрити компанийн захирал орчихсон тууж явах вэ дээ. Тэр нөхөр аягүй бол кибер ертөнц гэдгийг нь цахилгаан бороохой гэж ойлгоод энэ хакдсан товарищийг барьж авч зодно гээд явна шүү

Tuesday, November 04, 2008

Thursday, October 30, 2008

Коммунист там, Капиталист там хоёрын ялгаа

Нэг онигоо байдаг даа. Нэг нөхөр нас бараад тамд очиход нь эрлэгийн элч өөдөөс нь коммунист тамд очмоор байна уу капиталист тамд очмоор байна уу гэж асуудаг. Мань эр аль алинийг нь эхлээд үзэж болох уу гэтэл эрлэгийн элч дагуулаад капиталист тамд очиж гэнэ. Капиталист тамд тамлуулж байгаа нөхдүүдийн нуруун дээр байж байгаад л чөтгөрүүд гүйж ирээд өдөрт нэг хадаас зоогоод байх юм гэнэ. Дараа нь коммунист тамд очтол нэг л их сайхан сэлгүүцсэн хүмүүс ямар ч зовоож байгаа юм алга гэнэ. Мань эр дотроо энэ коммунист там нь аятайхан юм биш үү гэж бодоод коммунист тамд нь орж гэнэ. Нэг их удалгүй сарын сүүл болоодохсон чөтгөрүүд гэнэт бөөн бөөнөөрөө гарч ирээд сарын норм гүйцээнэ гээд 30 хадаас нэг зэрэг зоож гэнэ... гээд л дээр үеийн нэг онигоо байдаг даа.

Онигооны дагуу амьдрах гэж онигоотой юм аа. Бүтэн семестерийн турш тайван сайхан байж байгаад л семестэр дуусах болонгуут бусад оюутнуудын бүтэн семестер гүрийж байж хийсэн юмийг хэдхэн хоногт дуусгах гэж суусаар байтал ядаргаа болох нь ээ. Хараад байхад би ганцаараа ч ийм биш бололтой. Энэ Монгол хүний уужуу ухаан уу :-)

Wednesday, October 22, 2008

By Order

Саяхан Пүне хотын захиргаанаас байгаль орчны бохирдлыг багасгах үүднээс олон нийтийн газар тамхи татахыг хориглосон шийдвэр гаргажээ. Энэ нь гудамж талбай, явган хүний зам энэ тэр гээд өөрөөр хэлбэл тамхичин хүн гэртээ эсвэл бүрэн зөвшөөрөгдсөн бар энэ тэрд л тамхиа чөлөөтэй татах эрхтэй үлдлээ гэсэн үг.
Өндөр хөгжилтэй улс орнууд энэ асуудлыг яаж зохицуулдагийг бүү мэд. Ямар ч байсан тамхиныхаа хогийг хаямаар байсан ч олигтой хогийн сав олддоггүй Пүнегийн 6 сая оршин суугчдад энэ шийдвэр бол амьдралынх нь хэмнэлд нэг их өөрчлөлт оруулсангүй бололтой.
Ганц ялгаа нь гэвэл хаа сайгүй "No Smoking By Order" гэсэн бичиг наасан байх ба хажууд нь оюутан байрын залуучууд хээвнэг тамхиа татаад зогсож байх. Очоод энд тамхи татаж болох юм уу гээд асуухаар өөдөөс нэг ёжтойхон хараад "By Order" (захирамжийн дагуу) гэж хариулна.
Амьдралаас хол хөндий сансрын хууль баталж тэрийгээ мөрдүүлэх гэж хэд хоног зүтгээд дараа нь цаасан дээр нь орхидог хэвшмэл үзэгдэл нь Энэтхэг, Монгол хоёрыг даанч адилхан болгож харагдуулах юм...
Саяхан энэ зун Монголд байхдаа хэдэн ном зарсныхаа мөнгийг олж авах гэж Хүн Амын Орлогын Албан Татвар гээч юмийг төлж үзлээ. "Татвар буй дор төр буй" гэж өөртөө хэлээд л нэг их шударга иргэн болоод татвараа төлөх гэтэл татварын байцаагчийн амнаас гармааргүй үг сонсоод мэл гайхаж билээ.
"100 мянган төгрөг авч байгаа тэрнийхээ татварыг төлнө" гэтэл өөдөөс шууд "30,000-ыг өгчих" гэдэг юм байна. Гайхаад "Хүн амын орлогын албан татвар чинь тийм өндөр биш биз дээ. Тэгээд ч номны орчуулга гэвэл хуулиараа 5% л юм билээ ш дээ" гэтэл өөдөөс нэг их ёжтой харснаа "За чи хэрэв тэгж их хууль журмынх нь дагуу явах гээд байгаа юм бол..." гээд л ийм бичиг тэндээс, тийм бичиг эндээс гэх мэтчилэн нэг амьсгаагаар баахан юм дуржигнуулчихав.
Сонсоод л шууд ядраад дуу ч зөөлөрч аргадангуйгаар "Хууль журамгүйгээр явна гэвэл яах уу эгчээ?" гэтэл "Тэгээд л 30,000-аа өгчих" гэдэг юм байна. За би ч тэгэхээр нь ядарсан оюутан энээ тэрээ гээд түмэн зовлон тоочин амьдралаа өгүүлж байж Нарантуул дээр үнэ "ярихын" дайтай юм болж байж арай гэж хэдэн цаас буулгаж төлөөд хоёр яс салж билээ. Одоо тэр байцаагчийн нэрийг бичээд аягүй бол бид хоёр хэн хэн нь авилгатай тэмцэх газар явах хэрэг гарч магад учир шударга царайлж байгаа нь тэр гээд ээж шигээ хүнийг хоолноос нь салгаад юүх вэ.
Саяхан Ямааны ноолуурын нөхөн олговорын хууль гээд л бас нэг марзан юм баталж байх шиг байсан. Амьдралдаа ямаа самнаж ч үзээгүй над шиг амьтан хэдэн сар сууж байж орчуулсан номныхоо мөнгөнөөс өгсөн татвараа ямааны ноолууранд зориулна гэхээр гол харламаар л санагдаж байна. Хөөрхий хэдэн малчид гээд л subsidize хийгээд байдаг өнөөдүүл нь махныхаа үнийг буулгана гэж байхгүй хөгшин болсон муу аав ээж хоёрыг минь хаврын хавсрага, намрын салхинд борцтой хоолтой хонуулж л байгаа. Насаараа тэдгээр ямаачингуудын өвчин хууч хамаг юмтай ноцолдсоор байгаад бие ч үгүй болж гүйцсэн тэр муу хоёрт маань ямааны ноолуурын мөнгө ямар үр өгөөж өгөх юм бол?
Хамгийн гол хэлэх гэсэн санаа маань By Order гээд цаасан дээр л биелдэг баахан хуультай өнөөх нь амьдралд зохицож өгөхгүй болохоор ард иргэд нь яаж ийгээд цаасан хууль, амьдрал хоёрын дундуур эвтэйхэн "зохицож" дөнгөдөг нэг тийм систем рүү манайх яасан ч эвлэгхэн яваад орчихоов дээ. Тэрбум гаран хүн амтай Энэтхэгт бол мэдээж хууль сахиулахад хэцүү байдаг биз. Харин Пүне хотын иргэдийн талд нь ч хүрэхгүй хүн амтай Монголд маань ийм олон хууль "зохиогч" болон сахиулагч нар юу хийж байдаг юм бол оо?
"Цуст алмаз" гээд хэдэн жилийн өмнө нэлээн шуугиулж байсан нэг кинон дээр гардаг даа. Африкийн "чанга" амьдралын талаар сэтгүүлч хүүхэн манай гол баатраас юм асуух гэхээр өнөөх нь TIA гэж хариулчихаад яваад өгдөг. Хүүхэн гайхаад араас нь чангааж TIA гэж юу гэж байгаа юм гэхэд залуу "This Is Africa" (Энэ бол Африк) гэж хариулчихаад яваад өгдөг. Энэ киног гарсны дараа бидний хэдэн гадаадууд Энэтхэгийн "хэцүү" хууль журамтай яаж ийгээд "зохицох" болохоороо толгой сэгсрээд л TII (This Is India) гэхээс өөр аргагүй болдог юм. Монголд маань ч гэсэн хэчнээн гадаад TIM (This Is Mongolia) гээд бидэн шиг бултах арга зам хайж суудаг бол доо...

Saturday, October 11, 2008

Reset

Дижитал электроник дээр Set, Reset гэж хоёр чухал ойлголт байх. Мэдээж хүн болгон л set гэхээр тааруулах, reset гэхээр дахиад эхлүүлэх гээд энгийн зурагт хөгжимний контролоос төсөөлж байгаа байлгүй. Яг нэршлийнх нь утгыг тайлбарлаж бичих гэсэн дэндүү нуршаа юм болчих гээд залхуу хүрээд болилоо.

Гэхдээ микроконтроллёр программчилж байхад Reset шиг буянтай товч байдаггүй юм даг. Ямар нэгэн юм болохоо байлаа. Хүссэн үр дүн гарсангүй. Reset... Бүгдийг дахиад эхнээс нь. Программаа дахиад бүгдийг эхнээс нь хянана, өгөгдлүүдээ шалгаж үзнэ, техник гэмтэл гараагүй бол болох л ёстой доо...

Хүний амьдралд ийм нэг Reset товч байдаг болоосой. Нэг жаахан юм болохоо байхаар л дахиад эхлүүлчихдэг. Тэгээд заавал эцсийн үр дүндээ хүрч байж л set хийгддэг. Байсансан бол хэчнээн олон аавын хүү санасандаа хүрээд жаргалтайгаар нүд аних байсан бол...

Энэ л гагцхүү хүн гээч амьтныг микроконтроллёроор удирдуулсан робот гээчээс ялгаж өгдөг юм болов уу. Энэ л гагцхүү биднийг сонголт гээч зүйлийг зөв хийхэд маань түлхэж өгдөг болов уу. Яагаад гэвэл бидэнд контроллёр шиг дараагийн удаа гэсэн ойлголт байхгүй. Сонголт бүхэн маань эцсийнх...

Tuesday, September 23, 2008

Сөнөөлт

Хүн төрөлхтөн юм устгаж сөнөөх болохоороо яагаад ийм идэвхитэй байдаг юм бол?

Monday, September 01, 2008

Монгол инженерүүд дэлхийд гарах цагаар

Ази Номхон Далайн бүс нутгийн Роботын тэмцээн болох ABU Robocon 2008 Энэтхэгийн Пүне хотноо 8-р сарын 31-д амжилттай болж өндөрлөлөө. Тэмцээнд нийт 16 улсын 17 баг орсноос Монгол улсыг төлөөлж МУИС-ын Мэдээллийн Технологийн Сургууль орж чамлахааргүй амжилт үзүүллээ.
Эхний тойрогт манай баг Фижи улсын багийг цэвэр ялалтаар хожиж энэ өдрийн тэмцээний хамгийн анхны цэвэр ялалтыг хийсэн бол дараа нь Малайзын хүчтэй өрсөлдөгч багтай таарч 22:16 гэсэн онооны харьцаагаар ялсан билээ.
Дараагийн оноолт маань энэ өдрийн хамгийн хүчтэй өрсөлдөгч Египетийн багтай таарснаар манай баг хагас секундын (30 доль) зөрүүгээр ялагдаж тоглолтоо цаашид үргэлжлүүлэх боломжгүй болсон юм.
Египетийн багийн үнэхээр од нь гийсэн өдөр байсан бололтой. Тэмцээний туршид ганц ч ялагдалгүй явсаар финалын тоглолтонд Хятадын багт ганцхан онооны зөрүүгээр хожигдож үзүүрлэлээ.
Юутай ч нийт харьцуулалтаараа Монголын баг 17 багаас айргийн тавд орж ABU (Asia Broadcasting Union)-ий тусгай шагнал болох Шилдэг Инженер баг гэсэн шагнал хүртсэн юм. Энэхүү үзүүлэлт нь Солонгос, Тайланд, Хонг-Конг, Макао, Энэтхэг, Малайз зэрэг улсуудын багууд хүрч чадаагүй амжилт болсон юм.
Өнгөрөгч 2007 оны тэмцээнд Монголоос энэхүү МТС-ын баг мөн оролцож ивээн тэтгэгч байгууллагын тусгай шагнал авч байсан бол энэхүү амжилтаа хангалттай хэмжээнд ахиулж чадлаа. Юутай ч Монгол инженерүүд дэлхийн тавцанд нэрээ дуурсгах цаг ирж байгааг даллан дуудсан мэт билэг дэмбэрэлтэй сайхан тэмцээн болж өндөрлөлөө.
Бурхан гурвын тоонд дуртай байдаг гэсэн. Дараа жил ч гэсэн энэ бүрэлдэхүүнээрээ орж түрүү магнай гэдэг цол авч дэлхийн дэвжээнд эх орныхоо нэрийг дуурсгаарай хэмээн Ч.Лодойравсал захиралтай МУИС-ын МТС-ын хамт олонд чин сэтгэлийн угаас хүсэн ерөөе.

ABU Robocon 2008 - Best Engineering Award