Sunday, February 15, 2009

Mozilla l10n project

Сая хоёр өдөр болж өнгөрсөн Мозиллагийн ивээн тэтгэсэн Workshop (энийг юу гэж орчуулах вэ?)-д оролцлоо. Сонин сайхан юм их байсан ба эдэн дундаас Мозиллагийн нутагшуулалтын төслийг бас хальт сонирхоод авлаа. Тэгсэн Мозиллагийн нутагшуулалтын багийн ахлагч Сэт Биндернагел хэмээх нөхөр Монгол дахь нутагшуулалтын талаар сонирхож байна. Миний хувьд энэ талаархи тодорхой мэдээлэл байхгүй ба одоо байгаа Галт Үнэг 3.0 хувилбар хэний орчуулгаар яаж явагдсан энэ тэрийг ч бас сайн мэдэхгүй учир дэмий л манайд нээлттэй эхийн бүлгэмүүд байдаг иймэрхүү юм болвол нааштай хандах байх аа л гэсэн юм ярьлаа.

Миний мэдэхээр Галт Үнэгийн орчуулга 100% болж чадаагүй ба зарим нэг үг хэллэг дээр ч засаж залруулах юм байгаа мэт. Ганц Галт Үнэг гэлтгүй Мозиллагаас гаргаж буй бусад төслүүдийн нутагшуулалт ч үүнд орох бололтой.
Дашрамд сонирхуулахад хоёр өдрийн өмнө Мозилла Лаб нь Биспин хэмээн вэб суурьтай Хөгжүүлэлтийн Багц Багаж (IDE) гаргасан ба бета хувилбарыг нь туршиж үзэхэд буг ихтэй ч нэлээн томоохон шинэ дэвшил болсон мэт санагдсан. Мөн 3.1 хувилбартаа багтах шинэ шинэ боломжуудын талаар ярилцсан нь нэлээд сонирхол татсан ба Вэбийн Нээлттэй стандарт, HTML5, SVG, Canvas зэргийг энэ хувилбартаа түлхүүхэн дэмжихийг оролдсон бололтой. Canvas ашиглан ойрын хугацаанд гурван хэмжээст графикийг (одоо байгаа хувилбараа нэлээн сайжруулж) сайтар дэмжихийг оролдож байгаа гэнэ.
Мөн Сэтийн яриагаар бол l20n буюу l10n-ий 2дахь хувилбар нь пайтон дээр суурилсан Мозиллагийн нутагшуулалтын шинэ санг ашиглах тусдаа нутагшуулалтын зарчим бөгөөд энэ нь түүнийхээр бол тун удахгүй Мозилла 2.0 гарахын эхлэл болох бололтой.

Би хувьдаа нутагшуулалтын төслийг ихээхэн дэмждэг. Нэгэнт бид шинээр дугуй зохиохын дайтай ажил болгож өдийг хүртэл хөгжөөд ирсэн програм хангамжуудыг нойл сууриас нь эхлэн дахиж бичиж чадахгүйгээс хойш одоо нэгэнт ашиглагдаад явж буй хамгийн шилдэг, хамгийн сүүлийн үеийн гэсэн уямжуудыг өөрсдийн болгон нийцүүлвэл манай өвөө эмээ шиг хүмүүс тооцоолуур ашиглан ойр зуурын ажил хийхийн тулд заавал Англи хэл сурах шаардлагагүй болох юм.
Саяхан Алтансүх тэргүүтэй Нүүдэлчид 2.0 багийнхан Жүүмлагийн Монгол дахь албан ёсны нутагшуулалтын баг болсон байсан. Жүүмлаг манайхан үнэгүй, амархан учир буг ихтэй гээд л байдаг. Үнэндээ тохиргоо, шийдлээсээ л хамаг юм шалтгаална гэж би хувьдаа дотроо боддог юм. Хэрэв Жүүмла Монголоор бүрэн орчуулагдаж Монгол хэл дээрхи гарын авлага, сургалт энэ тэр бий болоод ирвэл юу боллоо гэж тийм цоорхой ихтэй вэб гаргаад байх билээ. Энэ нь шинээр АУС зохион бүтээхээс л хялбар бөгөөд хямд тусах байлгүй.
Монголд одоогоор оюуны өмчийн тухай хууль журам тодорхой цэгцрээгүй байгаа учир мэргэжлийн бус хүмүүс угаасаа л аливаа уямж нь үнэгүй байдаг гэж ойлгоод сурчихсан бололтой. Энэ бүхэн хэзээ нэгэн цагт гольдролдоо орох үед хүмүүс хаалттай програм хангамжаас татгалзаж нээлттэй бөгөөд чөлөөт уямжид шилжиж эхлэх биз. Саяхан нэг сэтгүүл дээрээс "Эдийн засгийн хямралын үед нээлттэй бөгөөд чөлөөт програм хангамж нь урьд өмнөхөөсөө улам ч их хэрэг болох болно" гэсэн өгүүлбэр уншиж байсан. Эдийн засгийн хямрал удаан үргэлжлээсэй гэх нь ч арай хаашаа юм гэхдээ тэр ерөөл бат орших болтугай

Monday, January 26, 2009

Логикийн алдаатай Ертөнцийн Эзэн

Ийм гарчиг өгснөөрөө би хэн нэгний шашин шүтлэгийг муучлах ч юм уу дайрч доромжлох гэсэнгүй. Харин саяхан болж өнгөрсөн Далай ламын номын айлтгалд сууж байхад тэрээр иймэрхүү утгатай үг хэлж байсныг давтсан ухаантай юм.
Жил бүр Далай лам Энэтхэгт талаар нэг тарсан Төвдүүдийн бараг үндэсний баяр болдог номын айлтгал хийж тэднийгээ төдийгүй дэвэн дэлхийн Буддистууд цуглардаг томоохон цугларалт хийдэг. Энэхүү номын айлтгал нь жил бүр өөр өөр газар болох нь олонтаа ч ихэвчлэн өөрийнх нь амьдран суудаг Дарамсала хотод болдог. Сүүлийн гурван жилд миний мэдэхээр Дарамсала, Гоманг, Варанаси гэсэн газруудад болсон. Уг айлтгалын үеэр Далай лам шашны сургааль бүхий аль нэг ном барьж авч уг номын утга учрыг сүсэгтэн олноо тайлбарлаж өгдөг. Тэрээр Төвдөөр номоо айлдахад зэрэгцүүлээд синхроноор Англи, Хятад, Орос, Тайланд зэрэг хэлээр давхар орчуулга хийж явдаг. Жижиг жижиг ЭфЭм станцууд байрлаж үүнд аль олон байгаа мөргөлчдөд зориулан тухайн хэлээр нь орчуулах орчуулагч давхар ажиллаж станцаар цацдаг. Өөрөөр хэлбэл чихэвчний хөгжмөөр Далай ламын Төвдөөр юу ярьж байгааг зэрэгцээд сонсоно гэсэн үг. Монголоос мөргөлчид олноор очдог тул энд сурдаг лам нараас хамгийн удсан нь ихэвчлэн Монгол хэл рүү зэрэгцүүлэн орчуулж мань мэтийг сонорыг мялаах болдог.
Энэ жилийн айлтгал дээр Далай багшийн ярьж байсан зүйлээс санаанд тод үлдсэн нь гэвэл «Олон хүний хувьд энэ ертөнцийг бүтээгч, ертөнцийн эзэн хэмээх хүчирхэг бурхан байх нь санаа зовох зүйлээс нь хөнгөлж итгэл найдварынх нь түшиг болж өгдөг. Өөрийг нь авран хамгаалагч хүчирхэг бурхан байгаа гэсэн бодол нь хүний амьдралыг хамаагүй амар хялбар болгож айсан эмээсэн үед нь түүнийг энэхүү хүчирхэг бурхан ивээлдээ авч яваа гэдгийг санаж өөрийгөө зоригжуулж байдаг. Буддын шашин энэ тал дээр бусад ихэнх шашнаас тэс ондоо байр суурьтай байдаг. Ертөнцийг бүтээгч хүчирхэг эзэн байна гэдэг маань тэрхүү хүчирхэг эзнийг бас бүтээсэн хэн нэгэн байх ёстой гэсэн логикт хүргэж байгаа юм. Үгүй бол тэрхүү бүхнийг чадагч хаанаас гарч ирсэн байх вэ? Харин Буддагийн сургаалиар бол энэ ертөнц маань асар олон жилийн тэртэйгээс үйлийн үр хуралдах замаар бий болсон буюу математикийн хэлээр бол infinite (хязгааргүй) цаг хугацааны өмнөөс өөрөө өөрийгөө бүрэлдүүлэн бий болсон гэдэг. Энэ ертөнцөд бүтээгч эзэн гэж байхгүй. Хүн бид өөрсдөө бурхан юм. Бид өөрсдийн муу сэтгэл нисванисаас салж чадах аваас энэ ертөнцийн нигүүлсэл энэрлийн эзэн болж бурханы хутагийг олох юм.»
Энэ талаар дурдсан ном сонин хаа сайгүй л байдаг. Харин миний хувьд гурван жил дараалан Далай багшийн номонд сууж ойлгосон багахан зүйл маань гэвэл бид тодорхой итгэл бишрэлтэй байх ёстой. Ингэж байж амьдрах эрч хүчээ олж авна. Гэхдээ энэ нь харь хэлээр ном уншиж гүрэм хийх лам, эсвэл алтадсан бурханд итгэх итгэл биш харин өөртөө, өөрөө бүгдийг хийж чадна гэдэгтээ итгэх итгэл, оюун санаа болоод үйл хөдлөлөөрөө буян үйлдэж сайн сайхныг сэтгэж бүтээж байснаар энэ нас болоод хойд төрөлдөө дээдийн хутагийг олж зовлонгоос салах тэрхүү итгэл маань байх юм.
Бурхан багшийн номолсон дөрвөн үнэний дагуу бол:
1. Зовлон үнэн
2. Зовлонгийн шалтгаан үнэн
3. Зовлонгоос гарах нь үнэн
4. Зовлонгоос гарах зам үнэн гэсэн байдаг. Энэ ертөнцөд амьд амьтаны биеийг олж төрсөн л бол зовох нь үнэн. Өвдөх шаналах, өлсөж цангахаас эхлээд зовлон юу эс мундах билээ.
Энэхүү зовлон бас өөрийн гэсэн шалтгаантай байх ёстой. Урьд өмнөх төрөлдөө эсвэл энэ биеийг олоод ч юм уу хүн өөрийн мэдэлтэй, мэдэлгүйгээр оюун санаа, хэл, үйлдлээрээ нүгэл үйлдэн эргээд энэ нь өөрт нь үйлийн үр болж зовлонгийн шалтгаан үүсгэж өгдөгийг мэдэхгүй явдаг.
Өөртөө зовлон зүдгүүрийг үүсгэж байгаа тэрхүү муу сэтгэл нисванисаас салж чадах аваас хүн цаашид бий болох зовлонгоо цэглэж Бурхан болох болно гэсэн энэхүү замаар Бурхан Багш 2700 гаран жилийн өмнө замнаж өдгөө энэхүү сургааль нь үе улиран дамжсаар яваа билээ…

Бага байхад Ийгл телевизээр гардаг байсан Шинэ Гэрээгээр хийсэн хүүхэлдэй ихэд сонирхол татдаг байж билээ. Арай томроод Германд байхдаа Евангели судрыг хальт мөлт ойлгон Германаар уншиж байсан маань ч санаанд тод. Дараа нь Энэтхэгт ирсэн хойноо Араб найзуудаасаа хялбаршуулсан Коран авч үзэхэд маань ч өөрийн эрхгүй сонирхол төрж л байлаа. Харин энэ бүхнийг сонирхон судалж явахнээ хэзээ ч билээ нэг номноос уншиж байсан «People believe what they want to believe» (Хүмүүс юу хүснэ түүндээ л итгэдэг) гэсэн үгс санаанд орж байх ажээ…

Saturday, January 24, 2009

Ариун Ганга

Шүүдрийн дуслаар цай чанаж өгвөл эхийн ачийг хариулдаг юм хэмээх хэлцтэй синоним болов уу гэмээр Ариун Гангын усаар цай чанаж өгч эцэг эхийн ачийг хариулдаг утгатай дууны үг, зохиол би нэлээн хэд харж байсан юм билээ. Бодвол аялал жуулчлал сайн хөгжөөгүй байсан тэр үед Монголоос хаа байсан Энэтхэг хүртэл бэдэрч ирээд саванд ус хийж аваад буцаж очин цай чанаж өгөх нь шүүдрийн дусал цуглуулахын дайтай хүнд ажил байсан болоод ингэж зүйрлээ байлгүй. Одоо бол ч мөнгөтэй л бол нисч ирээд л ундааны саванд ус хийж аваад буцаад очиход эхийн ачийг хариулчихаж байгаа мэт төвөггүйхэн болжээ дээ. Гэхдээ гол нь тэр усыг авч очин цай чанаж буй тэр сэтгэл л чухал байх.


Ямартай ч Ариун Ганга мөрөн маань байнга тэнд амьдардаггүй хүн харахад тэгтэл ариун харагдахааргүй ажээ. Анх удаагаа очиж байгааг хэлэх үү андуураад хүн чандарладаг хэсэг дээр нь буучихлаа. Хоёр давхар өндөр шаттай барилга байхаар нь энэ дээрээс бодвол гол руугаа хардаг юм болов уу гэсэн шүү юм бодоод алхаад ортол нэг л биш ээ. Үүдэнд нь баахан уйлж унжсан дүнсгэр хүмүүс оочерлоод зогсчихсон цонх энэ тэр ч үгүй битүү харанхуй заал шиг юманд орчихлоо. Ядаж байхад дээр нь байх хаягны дундах үг нь уначихсан чинь «Электрон … газар» гэсэн утгатай юм болчихож. Хаана ороод ирчихэв хэмээн гайхаад хараад зогсож байтал хэд хэдэн зуух шиг юм нүдэнд өртлөө. Тэгмэгц санаанд юу билээ хэмээн сэрдхийгээд эргээд хартал баахан хүний хүүр хажууд эгнүүлээд тавьчихсан байна. Ээ бүү үзэгд гээд гүйх нь холгүй юм гарч явж билээ. Харин сүүлд мэдэхнээ баячуудынх нь хүн чандарладаг газар байсан бололтой. Энэ барилгын хажуу хавиар ядуус чандарладаг буюу шууд гадаа ил задгай хүүр шатааж байгаа хүмүүс зөндөө. Эд нь 1000 рүпий буюу 25 доллар орчимоор нэг хүн чандарладаг юм гэсэн. Баян ч бай ядуу ч бай үхэгсдээс үлдсэн чандарыг Гангын усанд өргөөд дуусдаг гэнэ.


Үүнээс хэдхэн метрийн зайтай хувцас угаалгын газар болов уу гэмээр зүйл бас харагдана. Зогсоол шиг нидрүүлэг хийчихсэн хүмүүс хувцсаа овоолоод угааж байна. Ингээд зогсохгүй доохно талд нь хүмүүс усанд орж хүүхдүүд цаасан шувуу нисгэн эгээ л манай наадмын талбай мэт гадаад дотоодгүй түмэн амьтан хөлхөж байдаг газар ажээ. Энэтхэгийн хаа ч дагаж явдаг гуйлгачид, элдэв бараа зардаг нөхдүүд ч энэ бүхнээс яаж хоцрох билээ.


Ус нь нэг л их ногоорч харласан мэт харагдах энэ мөрөн өөрийгөө цэвэршүүлэх мундаг системтэй хэмээн сонсож байсан. Доогуур нь газрын гүндээ мөнгөний судалтай ч гэл үү ямар ч байсан энэ их бохир заваан болгоноос ус нь өөрийгөө цэвэршүүлээд ширгэж хатчихалгүй байгаад байдаг бололтой. Харин Монголчууд ариун хэмээн нэрлэсэн шалтгаан нь энэхүү усны эрдэс бодистой холбоотой болов уу. Жирийн ус битүү саванд хийгээд хадгалахад хоёр хоногт л өмхийрч хээгтээд сонин болчихдог. Буцалсан ус тэгж хадгаллаа ч үсрээд л нэг сар болоод уухын эцэсгүй болчихдог. Харин Гангын ус саванд хийгээд авахад шар ногоон туяатай харагдах мөртлөө удах тусмаа энэ нь багасч улам тунгалагжин хэдэн жил хадгалаад гаргаж ирсэн ч үнэр ороогүй байдаг юм гэсэн. Хэдэн жил хадгалсан хүмүүсийн амнаас тэгж сонссон. Харин одоогоор миний авчирсан ус арваад хоночихоод байхад битүү саванд ямар нэг үнэр амтны өөрчлөлт ороогүй л байж байна.
Ариун газарт гарч ирэх бизнес санаа ч мундахгүй бололтой. Завиар явж байтал загас авах уу гээд бас нэг завьтай нөхөр асуудаг юм байна. Ийм уснаас барьсан загасаар ч яах билээ. Угаасаа ч хоол хийж чадах биш ухааны юм бодож байтал баахан жижигхэн жараахай хийчихсэн сав үзүүлдэг юм байна. Учрыг нь сонирхохноо загас гээч лусын амьтан нас уртасгадаг. Загасны амь аврахад загас эргээгээд өөрийнхөө насыг аваарай хэмээн ерөөдөг юм гэнэ. Өөрөөр хэлбэл түрист өнөө савтай жараахайг худалдаж авч усанд нь буцааж тавин насаа уртасгах бөгөөд мань загасчин намайг тавингуут буцаагаад өнөө жараахайг барьж аваад дараагийн хүнд зарах юм болов уу даа. Загасчны хувьд бол ямар нэг алдагдал байхгүй тун ч аятайхан бизнес санагдсан. Загас нь үхэхгүй өөрөөс нь юм гарахгүй. Уг нь загастайгаа тохиролцчихдог бол бүр ч амар. Загас нь суларч усандаа ороод л буцаад мань хүн дээр ирдэг ч юм уу. Хэхэ.


Friday, January 23, 2009

Аялал


Сиддхарта Шакъягийн мэндэлсэн газар Лүмбини, Балба


Одоогоос 2700 гаран жилийн тэртээ нэгэн хүү хөл доороосоо лянхуа цэцэг бадамлуулан мэндэлсэн нь өдгөө дэлхийн хүн амын 3-ны нэгийг өөрийн сургаалиар амьдрах зам мөрийг нь олж өгсөн Сиддхарта Шакъямуни (манайхан уг нь Шагжамуни гэдэг. Гэхдээ Хинди галигаараа Шакъя гэдэг юм билээ. Уг хүн нь брахман Энэтхэг хүн байсан болохоор үүнийг нь дагая гэж бодлоо) байлаа. Непаль (Балба), Энэтхэгийн хилээс холгүйхэн байрлах энэ газар жуулчдаар хахаж байдаг боловч оршин суугчид нь нэг л ядуу өнгө муутайхан, өглөө эрт очсон болоод ч тэр үү хэдхэн метрийн цаадах харагдахтай үгүйтэй битүү манан байлаа.


Бурхан багшийн ээж нь түүнийг төрүүлэхийнхээ өмнө усанд орж байсан газар

Бурхан багш Шагжамунигийн гэгээрлийн хутагийг олсон газар Бодгаяа, Бихар муж


Хиндигээр Бодгаяа, Төвдөөр Дорждан, Монголоор Очирт Завилгаа хэмээн нэрлэсэн энэ газар мянган бурхад мэндлэх учиртай ариун газар юм гэнэ билээ. Өдөртөө л хэдэн мянган жуулчид ирж буцаж байдаг энэ их хөлийн газар бурхан багшийн гэгээрсэн бодь модны хажууд МЭӨ 2-р зууны үеийн Энэтхэгийн Ашок хаанаас эхтэй сүрлэг суварга байрлах ажээ. Суварга дотор бурхан багшийг өнгөрснөөс хойш зуун жилийн дараа царайг нь харсан хүн урласан хэмээх бурхан багшийг хамгийн сайн дүрсэлсэн гэгддэг баримал байрлана. Тойроод бясалгалын цэцэрлэг, мөргөлийн газрууд дүүрэн байх ажээ.
Үнэхээр мянган бурхад мэндлэх газар эсэхийг бүү мэд. Гэхдээ арван тавны бүтэн сартай шөнө бодь модны доор мөнх бусын ертөнцийн наадах цаадахыг эргэцүүлэн суухнаа хүмүүний орчлон дахь диваажингийн нэгэн хэлтэрхийг амтлах шиг мэдрэмж төрөх ажээ.


Бурхан багшийн гэгээрлийн хутагийг олсон бодь модны доорхи суудал нь


Бясалгалын цэцэрлэг


Буддын шашин үүссэн цэг буюу Бурхан багш анхны сургаалиа таван шавидаа айлдсан газар болох Сарнат, Варанаси хот


Бодгаяад гэгээрлийн хутагийг олсныхоо дараа бурхан багш будаа идэн сүү ууснаар үзэл баримтлалаасаа ухарсан хэмээн үзэж өөрийг нь хаяж явсан таван шавийнхаа араас явсаар Сарнат хэмээх энэ газар иржээ. Түүний ирж явааг холоос харсан таван шавь нь өнөө «урвагч» гэсэн байдлаар харьцсан боловч түүнд хүнээс ангид ямар нэгэн зүйл байгааг олж мэдрэн өөрийн эрхгүй татагдаж номлолыг нь сонсох болжээ. Бурхан багш Сарнат дахь бугын цэцэрлэгт амьдарч номлолоо айлдаснаар энэ газар бурхны шашны анхны үүсэл цэг болж Загалмайтнуудын хувьд Ерүсалем, Лал соёлтнуудын хувьд Мекка ямаршуу ариун дагшин газар байдгийн нэгэн адил Буддын шашинтнуудын өлгий болон хувирсан юм. Их Британийн колончлолийн үед Сарнат гахайн сангийн аж ахуй болж хувирсан бөгөөд хэдэн мянган жилийн түүхтэй ариун суваргуудаас нь хавь орчны айл амьтан туйпуу сугалж байшингаа барьдаг байсан гэдэг. 1890 онд Сарнатад ирсэн Шри-Ланкийн сурвалжит гэр бүлээс гаралтай залуухан буддист Ангарик Дармапал энэ бүхнийг болиулах гэж тэмцсээр колончлол дуусаж Англичууд нутаг буцан Энэтхэгүүд засгийн эрх авснаар л энэ ариун газрыг дархалж онголж чадсан юм гэдэг.

Бурхан багш таван шавьтайгаа анх уулзсан цэг. Чауканди суварга, Сарнат

Бурхан багшийн амьдарч байсан газар болох бугын цэцэрлэг. Мулагандикүти, Сарнат

Анх номлолоо номолсон газар болох Дамех суварга, Сарнат


Бурхан багшийн таалал төгссөн газар Күшинагар, Уттар Прадеш муж


Зурган дээр харагдах хоёр цагаан барилгын урт гонзгой хэлбэртэйд нь бурхан багшийн жанч халсан газар түүний аварга том хэвтээ баримал байрлана. Санаа дагаад ч тэр үү нэг л намуухан уйтай газар ажээ.



Эндээс холгүйхэн түүнийг чандарлаж оршуулсан газар болох Рамабар суварга байрлана.

Дараагийн бичлэгтээ ариун Ганга мөрөн болоод Бодгаяа дахь Монгол сүмийн талаар бичихийг хичээнээ.

Tuesday, January 20, 2009

Шүнгүй лам, Шүншиггүй бурхан

Энэ үгийг Энэтхэгийн хойд хэсгийн Варанаси хотоос Мумбай явах галт тэргэнд тааралдсан лам ах хэлж билээ. Нийт 10 хоногт 5000 орчим километр тэнэсэн аялал маань өндөрлөж гэрийн бараа харахаар дөхөж явсан царай маань тэр. Жилдээ ганц удаа ном, компьютер хоёроос тархиа салгаж өөр ертөнц үзэж байх зорилгоо гурав дахь жилдээ биелүүлж Бурхан багшийн ариун дагшин газар хэмээгдэх дөрвөн ч газраар 10 хоногийн дотор тойрлоо. Энэ тухай дараа өгүүлэх болно хэмээгээд харин замын хань болж явсан ах ламын хэлсэн энэхүү өвөрмөц хэлцийн талаар тайлбарлавал:

Ах хүү өөрөө миний өмнө нь бичиж байсан Гоманг хэмээх газар Чойрын ном үздэг. Чойр гэдэг нь миний ойлгож буйгаар бол Буддын шашны цөм нь болох философи, гүн ухааны номлол ажээ. Дрэпүн Гоманг дацан өмнө нь Төвдөд үйл ажиллагаагаа явуулдаг байсан хамгийн том гүн ухааны сургууль байж байгаад Төвдүүд Хятадад эзлэгдсэнээс хойш үйл ажиллагаа нь хумигдсан ажээ. Харин Энэтхэгт цагаачилж ирсэн Далай лам бурхны шашны гүн ухааны сургаалийг хойч үедээ залгамжлуулахаар Карнатака мужид Төвдийн цагаачдын районд Гоманг хийдийг байгуулжээ. Одоогоор нийт 5000 орчим ламтайгаас Монголоос 150 орчим лам суралцдаг бөгөөд 16 жил сурч төгсдөг энэхүү сургуульд Буддын гүн ухааны 5 боть судар судалдаг ажээ. Энэхүү 5 ботийг Шүн хэмээн төвдөөр нэрлэдэг ажээ.

Шүншиг гэдэг нь Бурханы дүрийг орлуулж буй баримал, зураг зэргийг тарнидан бурханы хутагийг шингээж буй нэг ёс гэж тайлбарлах болов уу. Ахын хэлсэн үгээр бол Шүншиггүй бурханд юу ч орчихож болно. Чөтгөр ч шүгэлж болно. Яг үүнтэй адилаар Шүн буюу шашныхаа гүн гүнзгий утга санаа философийн номлолыг ойлгоогүй лам хүн мөн чөтгөр шиг аашилж ч болох ажээ.

“Лам болж байгаа хүмүүс сүсэгтнүүдэд гүрэм дором хийхийг өөрийнх нь хийх ёстой ажил гэж ойлгосон байдаг нь манай шашны хамгийн том завхрал болоод байна. Угтаа лам хүний хамгийн түрүүнд хийх ёстой ажил бол шашныхаа ном судрыг уншиж утга санаа бүрийг нь ягштал ойлгох юм. Үүний хажуугаар зовж зүдэрсэн, итгэл хайсан сүсэгтэн түмэнд бүр аргагүйдсэн үед л элдэв засал гүрэм хийж ном уншиж өгөх ёстой юм” хэмээн лам ах 1500 орчим километрийг туулах 30 цагийн аялалын явцад өгүүлж байлаа...

Уг нь цааш жаахан юм бичмээр байсан ч өөрийн эрхгүй нүд анилдаад дээрээс нь Обамагийн тангараг өргөх ёслол www.cnn.com дээр цагийн зөрүүгээр яг гарч таараад сэтгэл санаа хоёрдуулаад байна. Дараа жаахан сэргэг үедээ үргэлжлүүлье

Monday, December 22, 2008

Оны шилдэг

Шинэ жил дөхөөд ирэхээр юм болгонд шилдэг шалгаруулна гэж нэг арга хэмжээ болно. Уг санаанд нь би жаахан дургүй, тэртэй тэргүй бид хэдүүлэхнээ юм болгон дээр шилдэгийг нь шалгаруулаад байвал 2 сая гаран хүнээс шилдэг архичнаар хүртэл хэн нэгэн нь нэг юм авч л таараа. Яваандаа олон жилийнх цуглараад ирэхээр хоёр сая шилдэг иргэнтэй болох юм болов уу даа. Хамгийн дургүй байдаг зүйл маань энэ нь өөрөө нэг төрлийн бизнес болчихсон найраа хийж начин авдагийн дайтай, шилдэг болох гэж хүмүүс мөнгө төлдөг бололтой. Гээд яах билээ дээ. Нэгэнт нийгмийн сэтгэхүй ийм болохоор мань мэт хэчнээн орилоод өөрчилж чадах биш, үүнтэй нь яаж ийгээд зохицоод амьдрах нь л чухал байх.
Харин саяхан Интерном номын их дэлгүүрээс Гранд Бүүк 2008 гэдэг юм гаргаж 2008 онд борлуулалтаараа тэргүүлсэн номнуудыг 10 категорит шалгаруулан өргөмжлөл олгосон юм байна. Тоон дотор үсэг цохиж явна гэгчээр дунд нь манай хэдэн нөхдийн хамтран орчуулсан ном орчихсон тууж явна. Уг ном нь гараад бараг хоёр жил болчихож байгаа гэхэд хүмүүст гайгүй хүрсээр л байгаа бололтой. Уг нь бол энэ ном их л олон хүний хүчин чармайлт, сэтгэл зүтгэлийн үр дүнд бий болсон юм. Хамтарч орчуулсан Б.Индра, Д.Сайнбаяр, Ж.Норов, Э.Норзимаа нараас эхлээд өмнөх үгийг бичиж өгч зааж зөвлөн тусалж байсан Баабар ах, ар гэрийнхэн минь, алдаа оноог минь хэлж өгч байсан зөндөө олон хүнд үүнд баяр хүргэх ёстой байх. Харамсалтай нь батламжин дээр зөвхөн миний нэр байж таарсан нь баахан ичгэвтэр санагдаж байлаа.
Угтаа бол би хэдийгээр энэ номыг анхлан бичээгүй ч монгол уншигчдад хүргэх гэж анх зөвшөөрлөө авахаас эхлээд нээлт хийх хүртлээ яг зургаан сар нойр хоолгүй сууж таарч билээ. Тэгэхээр тэр хөдөлмөрийг тодорхой хэмжээнд үнэлж буй үнэлэмж юм даа л гэж ойлгохоос би ийм мундаг, ганцаараа ингээд хийчихсэн эс бөгөөс энэ миний ном гээд өөрөө биччихсэн юм шиг сагсуураад байх нь хаашаа ч юм.


Тэгээд нэг ийм батламж авлаа гээд гэрээс минь зургийг нь явуулахаар хэчнээн шилдэг шалгаруулна гэж утгагүй юм гэж боддог байсан ч бас сэтгэл хөдөлдөг л юм байна. Тэгэхээр энэ нэр хүндэд дурладаг Монгол хүний сэтгэхүй юу эсвэл угаасаа хүн гээч амьтан ийм амбицтай байдаг юм болов уу. Одон медаль, шилдэг шалгаруулалт хоёр монголд бөхдөггүй байгаад байдагийн учир шалтгаан над шиг ингэж баярладаг хүн олон байдаг болохоор тэр байх даа.

Ямартаа ч хамгийн их баярласан зүйл маань гэвэл аав маань монголоос мессеж бичихдээ "Миний хоёр хүүгийн орчуулсан номнууд тэргүүлж, аав ээж хоёр нь уйлж байна. Хоёр морь нь түрүүлсэн уяачийг манлай уяач гэдэг биз дээ. Бид хоёр одоо манлай уяач болоо байлгүй" гэсэн байж билээ. Эгчийн маань орчуулсан "Хүн мичнээс үүсээгүй", "Бурхдын хотын эрэлд" номны цувралууд бас Психотроникийн хүрээлэнгийн нэр дээр дэвшиж тэргүүлсэн юм гэсэн. Шүүдрийн дуслаар цай чанаж энэ хоёрынхоо ачийг хариулж чадаагүй хэдий ч урмыг нь сэргээх бага ч гэсэн амжилт үзүүлж чадсандаа л өөртөө баярлаж байна.

Sunday, December 14, 2008

Мөхөшгүй найдварын гал


Залуу нас гэж юуг хэлэх вэ?


Хөрстийн амьдралд хөл алдсан

Хөлчүүхэн зүрхний минь тольтон дээгүүр

Шувууны сүүдэр шиг дайраад өнгөрсөн

Шунхан улаан залуу нас мину! хэмээн цаг үеэсээ түрүүлж сэтгэснээсээ болж хэлмэгдлийн шуурганд өртөж явсан агуу шүлэгч нэгэн бээр халаглан бичиж байжээ.

Уг нь биологийнхоо үүднээс энэ нь хүний эд эсийн хөгжил ид жигдэрсэн 20-40 орчим насыг хэлдэг аж. Харин нийгэмд эзлэх байр суурийнхаа хувьд энэ нь нийгмийг оройлогч оюун санаа болоод үзэл бодлынх нь түүчээ болж өгдөг болов уу хэмээн би мунхаглана. Үе үеийн шинэчлэл авчирсан хувьсгал бүхэн залуу сэтгэлгээтэй, залуу хүмүүсийн эрч хүч, мөрөөдөл, итгэлийн үрээр бүтсэн юм шиг надад санагддаг. Тиймдээ ч одоогийн хүн амын маань дийлэнх олонхи болчихоод байгаа залуу настнуудыг залуу сэтгэлгээтэй болгон хүмүүжүүлж чадвал ирээдүйд итгэх итгэлийг минь аврах шинэ эрин үеийг авчирч чадна гэдэгт би найддаг.


Залуу хүнийг юу тодорхойлдог вэ?


Миний бодлоор ганц биологийн насжилтаар нь хүнийг хөгшин залуу хэмээн хэмжих нь өрөөсгөл юм шиг санагддаг. Өөртөө хийгээд бусдад итгэх итгэл, эрч хүч мөрөөдлөөр дүүрэн, хар хорын санаа суугаагүй, шинэ бүхэнд дурлаж байдаг нэгнийг залуу хүн хэмээн тодорхойлох буй за хэмээн дотроо би төсөөлнөм. Мөн шударга үнэнийг байнга эрэлхийлэн мөрөөдөл сэтгэлээрээ жигүүр хийн дэрвэж явдаг, авралгүй болсон газар ч найдвар тавин итгэж чаддаг нэгэн байх ёстой болов уу.


Итгэл найдвар гэж юу вэ?


Залуу хүнийг тодорхойлох гол шинжийн нэг болох энэ итгэл найдвар гээч зүйл нь нийгмийн хөгжлийн гол хөдөлгүүр болдог гэдэгт би итгэдэг. Итгэл хэмээх үг нь байгаа бодит зүйлийг болно хэмээн өөдрөгөөр төсөөлөхийг хэлж буй бол найдвар гээч нь хэдийгээр хамаг горьдлого тасартал муу нөхцөл байдал үүссэн ч сэтгэлдээ бууж өгөхгүй тэмцсээр байгааг илэрхийлэх болов уу.


Америк итгэл гэж юу вэ?


Сүүлийн хэдхэн жилд Ирак дахь дайн дажин, эдийн засгийн саармагжилтаасаа болоод дэлхийд тэргүүлэгч гүрний байр суурь нь ганхаж эхэлсэн хэдий ч муугаар бодоход АНУ ойрын хориод жилдээ энэхүү нэр нөлөөгөө амархан алдчихгүй болов уу. Харин Америк кино бүхний төгсгөлд гардаг Happy End буюу жаргалтай төгсгөл нь өнөөгийн Америкчүүдийг тэргүүлэгч гүрнийх нь хэмжээнд аваачих өөдрөг үзэл санаатай, ирээдүйд итгэх итгэлтэй болгосон буй за.


Мөхөшгүй найдварын гал


2008 оны 7 дугаар сарын 1-ний гунигт үйл явдал, эдийн засгийн дараалсан уналтууд, ард олны ядуурал бухимдал, нийгэм дэх шударга бус үйл явдал, энэ бүхэнтэй тэмцэх ёстой төр засгийн унхиагүй байдал зэргээс шалтгаалан бидний залууст ирээдүйдээ итгэх итгэл алдарч эхэлснийг нуух юун. Энэ бүхэнд багахан ч атугай гэрэл гэгээ нэмэх мэт Америкчүүд түүхэндээ байгаагүй “хаан” сонголтыг 2008 оны 11-р сарын 5-ны өдөр хийж түүхэндээ анх удаагаа өнгөт арьстан ерөнхийлөгчтэй боллоо. Хэдийгээр энэ нь Монголчууд бидэнд шууд утгаараа үзүүлэх нөлөө бага ч оюун санаа хийгээд үзэл бодлын хувьд цоо шинэ залуу хүн дэлхийд тэргүүлэгч гүрнийг жолоодох болсон нь залуу сэтгэлгээтэй, залуу эрч хүчтэй хэн бүхний хувьд хонгилын үзүүрт гэрэл нэмсэн мэт ажээ. Тиймдээ ч санаа нийлсэн хэдэн нөхдийн хамт түүний 2006 онд хэвлүүлэн гаргаж байсан ”Audacity of Hope” номын эрхийг хөөцөлдөн авч тун удалгүй эх хэлээрээ “Мөхөшгүй найдварын гал” нэртэйгээр хэвлүүлэхээр ажиллаж байна.


Мөрөөдөл дуусах газар амьдрал дуусдаг бизээ. Америк мөрөөдлийг, Америк итгэлийг биелүүлэх гэж буй энэ хүний үзэл санаа, дотоод сэтгэлтэй дотно танилцсанаар эх хайртай монгол орноо Р.Чойном зохиолчийн хэлмэгдэж байсан тэр үеийнх шиг байдалд оруулж түүн шиг халаглан залуу насаа өнгөрөөхгүй байх боломжийг энэ ном бага ч атугай бидэнд өгөх буйзаа. Номын буян арвижих болтугай!


Холбоотой мэдээлэл:

Мөхөшгүй найдварын гал та бидний зүрхэнд мандан бадраг!

Мөхөшгүй найдварын гал

Audacity of hope

Sunday, November 30, 2008

Мумбай дахь Террор, бидний авах сургамж

Саяхан Мумбайд болж өнгөрсөн аймшигт үйл явдлын талаар нүдтэй чихтэй болгон олж мэдээ байлгүй. Ямартаа ч нийт бараг 4 хоног үргэлжилсэн террорын явцад 190 гаруй хүний амь үрэгдэж 300 гаруй хүн шархдаж байж өчигдөр өглөө нэг юм дуусах шиг боллоо.
Би уг нь лал соёлтой нэлээд найз нөхөдтэй. Иран, Афган, Арабын улсуудаас ирсэн мөн Энэтхэгийн лалууд ч гэсэн Хиндү соёлтнуудыгаа бодвол бидэнтэй илүү нээлттэй харьцаатай хүн чанар сайтай хүмүүс шиг санагддаг юм. Арай либерал зарим нь шашныг зөвхөн ёс суртахууны хэм хэмжээ төдий авч үзэж харьцана. Бусад нь болохоор шашиндаа үнэнч хэдий ч маниусыг хүндэлж харьцана. Хамгийн гол нь хэн нь ч терроризмыг сайшаадаггүй. Нэгэнтэй нь бүр хууч хөөрч байхад манай шашинд хүнийх байтугай амьтны амь таслахыг ч том нүгэл гэж үздэг хэмээж байсан нь саяын 4 хоногийн үйл явдлын үеээр санаанд тод байлаа. Тийм ч учраас би л хувьдаа иймэрхүү үйл явдлаас болж лал соёлтой болгоныг үзэн ядаж чадахгүй. Энэ бүхнийг гагцхүү тэдний нэрийг барьсан хэсэг дампуу нөхдийн хийж байгаа ажил л гэж үздэг. Яг үнэндээ шашныхаа нэрээр гэмгүй хүмүүс хохироож байгаа тэдгээр нөхдүүд бусад энгийн лал шашинтнууддаа дэндүү их гай зовлон авчрах аж Иймэрхүү явдал болсны дараа Энэтхэгт ёстой юм шиг дандаа шашны мөргөлдөөн гардаг. Лал сүмүүд рүү Хиндү нар нь дайрч галдаж шатаагаад л. Энэ болгонд манай найзууд шиг тэдгээр гэм зэмгүй хүмүүс л өртөөд дуусдаг гэж бодохоор өр өвдмөөр. Хаанаас ч билээ дэлхийн 3-р дайн шашнаас болж дэгдэнэ гэж уншиж байсан санагдах юм...


Өнөөдөр Энэтхэгийн дотоод яамны сайд сайн дураараа албан тушаалаасаа огцрох өргөдөл гаргалаа. Бас л том совесть шүү. Мань хүнийг тагнуулаа сайн ажиллуулж иймэрхүү юм болох гэж байгааг мэдэрч чадсангүй гэж жаал шүүмжилжээ. Үр дүнд нь мань хүн "ухамсар, ёс суртахууны"-хаа үүднээс энэ ажлыг цаашид хийж чадахгүй нь гээд огцорч. Манай Онцгой Байдлын хэдэн томчууд хамаг тоног төхөөрөмжийнх нь мөнгийг идчихээд ажилчдаа гар нүцгэн гал руу оруулаад эцэст нь эмгэнэл болоход матрын нулимс унагаад л дараагийн сонгуульд юу ч болоогүй юм шиг нэр дэвшдэгийн хажууд бол ялихгүй л асуудал байх. Бас л нэг сургамж...

Мумбайд 7 газар 10 гаранхан террорист бүгд 300 гаран сумтай калашников барьж ороод л тусгай хүчнийхэнд ч дийлдэхгүй байлдсаар байгаад баахан гэмгүй хүмүүс нөгөө ертөнцөд үдлээ. Энэтхэг учиргүй Америк, Англи шиг нь биш юм аа гэхэд манайхтай харьцуулахад харуул хамгаалалт уг нь чангатай газар. Тусгай хүчний цэрэг цуух нь ч том гүрний энтэй. Манайд хэрэв иймэрхүү зүйл болвол дотоодыг хамгаалах гээч юм нь хэр хөгжсөн байдаг юм бол? Чулуу барьсан бацаануудад зодуулаад зогсож байдаг цагдаа нар калаш барьсан террористууд таарвал юу хийх бол?


Аз болж манайх дотоод шашны мөргөлдөөн энэ тэр байхгүй юм даа. Ядаж л нэг этник грүппийнх болохоор ялгарч хуваагдаад байх шалтгаан байхгүй (баян ядуугаараа л ялгардаггүй юм бол) амар юм. Гэхдээ олон улсын тавцанд АНУ-ыг хэтэрхий аялдан дагагч статус маань ийм явдал хэзээ нэгэн цагт гарахгүй гэсэн баталгаа өгч чадахгүй л байх. Саяын террористууд бол Энэтхэгийг Америк, Англиас харьцаагаа таслахыг шаардаж байсан байх юм. Бас л нэг сургамж...

Ер нь юу болж өнгөрсөн талаар нарийн мэдээлэл авахыг хүсвэл энд дараарай.

За тэгээд амь үрэгдэгсдийн ар гэрийнхэнд эх хэлээрээ ч болтугай гүн эмгэнэл илэрхийлье дээ.

Sunday, November 16, 2008

Audacity of hope


2005 онд гарч байсан V for Vendetta хэмээх зөгнөлт кино баахан шагнал энээ тэрээ аваад тухайн үедээ мандаж байсан санагдана. Ж.Орвэллийн 1984 зохиолоос сэдэвлэсэн болов уу гэмээр уг киноны төгсгөлд гол баатар маань “This country needs more than a building. This country needs hope” (Энэ улсад ганц байшингаас илүү зүйл хэрэгтэй. Энэ улсад итгэл хэрэгтэй байна) гээд олон зууны түүхтэй Английн Бүкингэмийн ордоныг дэлбэлж байгаа нь гардаг.
Итгэл найдвар гээч зүйл аль нэг байшингаас үнэтэй гэж үү?

Би, Монгол улсын иргэн залуу хүний хувьд ирээдүйдээ итгэх итгэлтэй байхыг хүснэ.
Хэн нэгэн харанхуй шөнө араас минь мөрдөж байгаад буудчихгүй гэдэгт, үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө төмөр торны ард олон жил суухгүй гэдэгтээ, саяхан танилцсан танил маань тагнуулын ажилтан биш гэдэгт, хэвлэл мэдээллээр гарч байгаа бүхэн захиалгат тархи угаалт биш гэдэгт итгэхийг хүснэ.
Шударга бүхэн ялна гэдэгт, 14 тэрбум хулгайлсан луйварчин итгэлээ олохын тулд нэг муу байр шатаахад оролцож 2 хард диск хулгайлсан насанд хүрээгүй хүүтэй адил ял авах ёсгүй гэдэгт, эх орны минь нэр хүндийг олон улсын тавцанд хар тамхины наймаагаар дажгүй өндөрт гаргасан дипломат, шударга ёс дуулж байгаад өвс ороож татсан хэдэн хип хопчиноос бага ял авах ёсгүй гэдэгт итгэхийг хүснэ.
Идэж байгаа хоол маань меламингүй гэдэгт, амьсгалж байгаа агаар минь хоргүй гэдэгт, ууж байгаа ус маань мөнгөн усгүй гэдэгт ирээдүйд төрөх үр удам минь элдэв өвчин зовлонгүй төрнө гэдэгт итгэхийг хүснэ.
Иргэний үнэмлэх өвөртөлсөн өөрийгөө эзгүй хээр хоолоо олж иддэг ямаанаас илүү эх орондоо үнэтэй гэдэгт итгэхийг хүснэ.
Залуу халуухан насныхаа мөрөөдлөөр жигүүрлэн байж хийж бүтээсэн болгон минь шударга бус өрсөлдөөнд ялагдан замхарч алга болохгүй гэдэгт итгэхийг хүснэ.
Намайг “эрийн цээн”-д хүрэхээс өмнө хайртай бүхнийг минь өөрсдийгөө “Шилмэл” хэмээн нэрийдэж санал луйвардан гарч ирсэн хэдэн “ухна” устгачихгүй гэдэгт итгэхийг хүснэ.
We shall Prevail!!!

Saturday, November 15, 2008

Хакдуулсан бэлэгдэл?

Хэрэв би худлаа санаагүй бол Монгол Улсын Үндсэн хуулинд Монгол Улсын Ерөнхийлөгч нь ард түмний эв нэгдлийн бэлгэдэл бидний сайн сайхны симбол байх ёстой гэсэн утгатай өгүүлбэр байдаг байх аа.
Тэгвэл http://www.president.mn/ хэмээх ерөнхийлөгчийн албан ёсных нь вэб хуудас нэг иймэрхүү харагдаж байна.


Харин ч нэг их учиргүй хорлон сүйтгэгч байгаагүй бололтой. Зөвхөн мэдээний хэсэгт нь ганц мэдээ оруулаад л өнгөрч. Одоо бямбаас нямд шилжих шөнө. Маргааш ажил хийх хүн байхгүй. Тэгэхээр хамгийн хурдандаа 11 сарын 17 хүртэл Монголын ард түмний бэлгэдлийг хангагчийн нүүр царай кибер ертөнцөд ингэж харагдах бололтой.
Мэдээллийн аюулгүй байдалдаа ямаанаас бага ач холбогдол өгдөг хүмүүст бага зэрэг сургамж болж магадгүй л юм. Ямар сайндаа миний олж сонссоноор Мэдээллийн Аюулгүй Байдлын тухай хуулийн төслийн багт нь секьюрити компанийн захирал орчихсон тууж явах вэ дээ. Тэр нөхөр аягүй бол кибер ертөнц гэдгийг нь цахилгаан бороохой гэж ойлгоод энэ хакдсан товарищийг барьж авч зодно гээд явна шүү