Wednesday, January 06, 2010

Тооцоолон бодох үндэс

Нэлээн дээр үед юм бичих хобби хөдлөөд бичиж байсан эссэгээ оллоо. Цааш нь үргэлжлүүлж бичнэ гэж тухайн үедээ бодож байсан боловч өнөөг хүртэл сөхөж хараагүйгээ сая л мэдлээ. Файлууд дотор маань хэнд ч хэрэггүй зэвэрч хэвтэхээр гээд энд тавьлаа.

Хүн төрөлхтөн анх үүссэн цагаасаа л тооцоолол хийх хэрэгцээ шаардлагатай тулгарч байжээ. Овог аймгийнхаа гишүүдийн тооноос эхлээд л ан гөрөө хийхэд хүртэл тооцоо хийх шаардлага гарч тухай бүрт нь тархи тооцоолуурын үүрэг гүйцэтгэдэг байлаа. Яваа яваандаа ойр зуурын тооцоон дээр гар ажиллагаатай арга хэрэгсэл ашиглах болов. Эдгээр нь хуруугаа оролцуулж тоолох, чулуу орлуулах гэх зэрэг байлаа. Тухайлбал дижитал гэдэг үгний “digitus” хэмээх үндэс нь эртний Грекээр “хуруу”, харин калкулятор буюу бидний нэрлэж заншсанаар тооны машин хэмээх нэрний үндэс “calculus” гэдэг жижиг чулууг илэрхийлдэг үгнээс үүсч байж. Эдгээр эртний арга хэрэгслээс саяханыг хүртэл хэрэглэгдэж ирсэн нь сампин байна.

Яваа яваандаа хүмүүсийн хийх тооцоолол улам гүнзгийрч илүү хүндэрч эхлэв. Энэ үед гар аргаар тооцоолох эдгээр хүн-тооцоолуурын арга хоёр сул тал харуулж эхлэжээ. Үүнд:
  1. Хүн-тооцоолуурын ажиллах хүчин чадал хязгаартай ажээ. Энгийн үржих хуваах үйлдлийг хийхэд хүн хэдхэн секунд зарцуулах боловч хэдэн сая дараалсан ийм үйлдэл хийнэ гэдэг хүний санаанд багтамгүй их ажил болох ажээ.

  2. Хүн-тооцоолуур маань алдаа гаргах магадлал өндөр. Урт урт тэгшитгэл бодож тооцоо хийх үед ямар ч мундаг математикч мартаж санахаас эхлээд жижиг сажиг алдаа гаргадаг байна.

1794 онд Францын засгийн газар математикийн загварчилсан хүснэгт гаргах томоохон хэмжээний төсөл эхлүүлэв. Эдгээр хүснэгтэд 1-ээс эхлээд 200,000 хүртэлхи тооны логарифм олох зэрэг ажил орж байв. Энэ ажилд 100 гаран хүн хөлсөлж томоохон математикчид хажуугаар нь хянан дан гараар хийсээр уг төслийг хоёр жилийн дотор дуусгасан гэдэг. Эдгээр ажилчид алдаанаас сэргийлэхийн тулд хоёр хүн нэг тооцоог нэгэн зэрэг цаасан дээр нэмэх хасах үйлдлээр хийж байсан байдаг. Өнөөгийн дижитал компьютерийн тусламжтайгаар өдгөө хэдхэн минутын дотор эдгээр хүснэгтүүдийг бүтээж болно...

Friday, January 01, 2010

Шинэ оны мэнд бас бус

Бараг хагас жил блог бичсэнгүй. Энэ хооронд их ч юм болж өнгөрчээ. Бие засаад гэрээ засдаг үгээр өөрийгөө, хувийн амьдралаа зохицуулах гэж явсаар нийгмийн ямар нэг идэвхитэй үйл ажиллагаанд оролцсонгүй. Харин сая амралтын хэд хоногийг далимдуулж өөртөө жаахан цаг гаргаснаар энэхүү тэмдэглэлийг бичиж байна. Юутай ч уншигч танд юун түрүүнд шинэ оны мэнд хүргэе!

Өөрчлөх үү хэмээн уриалж байсан ерөнхийлөгчөө өөрчилж чадахгүй байгаад нь баахан урам хугарлаа. Шагнал урамшуулалыг хавтгайруулж байна хэмээн өмнөх ерөнхийлөгчөө шүүмжилж байсан мань эр өөрт нь боломж олдонгууд хүрдийг нөгөө тийш нь эргүүлж өөрийн талынханаа шагнаж гарлаа. Би хувьдаа уг нь арай өөр “өөрчлөлт” буюу шагнал хэмээх төмөр олгож тэрийг нь угааж байгаа нь гээд хэдэн архины үйлдвэрүүдийн борлуулалтыг ихэсгэдэг системийг байхгүй болгож оронд нь тухайн салбарын ассоциацууд олон нийтийн санал асуулгаар ч юм уу шаардлагатай хүнээ шагнаж урамшуулдаг эрүүл тогтолцоо руу чиглэх болов уу гэж хүлээж байтал харин мань эр тогтолцоог нь өөрчлөх биш өөрөө тогтолцооны нэг элемент болж хүрдийг зөвхөн нөгөө тийш нь эргүүлж байх юм. Уг нь би өнөөх хүрдийг огт байхгүй болгох юм болов уу гэж харж байсан сан. Нам хошгирсон хэрэг байж дээ.

Би хувьдаа баатрууд гэж үнэлдэг байсан Э.Бат-Үүл, Б.Баабар зэрэг хүмүүс нөгөө төмрийг нь авчихаад л өөрсдийнхөө шүүмжилж эсэргүүцэж тэмцэж байсан тэр нийгмийн тогтолцооны үлдэгдэлийг хүлээн зөвшөөрч буй мэт бүлх залгиж чимээгүй өнгөрөх юм. Аль нэг нь ядаж хэвлэлээр энэ шагналаас татгалзаж байна гээд ганц мэдэгдэл хийчихсэн бол тэд жинхэнэ “баатрууд” болох байлаа. Тэртэй тэргүй тэр төмөртэй, төмөргүй тэдний юу хийж бүтээснийг Монгол улс мэдэж байхад энэ утгагүй тогтолцооны эсрэг үг хэлж чадаагүйгээрээ тэд бас л нэг усан нүд, цусан зүрхтэй хүмүүн бодгаль гэдгээ харууллаа.

Хааяа нэг айлд ороод зурагт асаахаар суваг болгон дээр шахуу “зөн билгийн тулаан” хэмээх сонин шоу гарч байх юм. Материаллаг бус ертөнц үнэхээр байдаг эсэх, зөн билгээр бүхнийг шийдэж болдог эсэхийг нэвтрүүлэг зохион байгуулагчид л мэдэж байгаа байх. Би хувьдаа тэдгээр зөн билигчдийг үзэн ядаад байх шаардлага шалтгаан байхгүй авч нийгэмд үзүүлэх үр нөлөө нь, 8 настай 10 настай хоёр дүүд маань өгч буй мессеж нь юу вэ гэдэг дээр үнэхээр эргэлзэх юм. Хоёр дүү маань хүн заавал хичээж хөдөлмөрлөж амьдрахын оронд материаллаг бус ертөнцийг шүтэж өнөөх зөн билигчдэд өргөл барьц өгөөд явбал амьдраад байх боломжтой юм байна гэдэг ухамсартай хүмүүс болоосой гэж би үнэндээ хүсэхгүй байна. Олон нийтэд, нийгэмд юу үзүүлж юуг өгч байна вэ гэдэг дээр хэвлэл мэдээллийн хэрэгслүүд бага ч гэсэн анхаардаг болоосой. Өнөөдөр олдох хэдэн цаасны төлөө өөрсдийнхөө ч гэсэн үр хүүхдийн хүмүүжилд нөлөөлөх, цаашид ирээдүйд нь хар толбо учруулж ч мэдэх мэдээллийг гаргаж байхдаа нийгмийн хариуцлага, ухамсар гэдэг зүйлийн талаар жаахан ч гэсэн тунгааж үзээсэй.

Материаллаг ертөнцийг шүтэж 70 жил амьдарсан сэтгэхүйгээс салахад нийгэм дэх материаллаг бус сэтгэлгээний хэрэгцээ сад тавьсан үзэгдэл ерээд оны эхэн үеийн ерөнхийлөгчийн үзмэрч, гал гаргадаг Өнөрмаа зэргээр дууссан гэж бодож байтал яагаа ч үгүй байсан бололтой. Харин ч борооны дараахь мөөг шиг олшроод сүүлдээ бүр хүн шатааж алах дээрээ тулсан бөө удганууд зэргийг харахаар нийгэм маань эрүүлжихэд дахиад нэлээд хэдэн жил хэрэг болох нь дээ. Энэ олон ид шидтэнгүүд үнэхээр байдаг эсэхийг чөтгөр бүү мэд. Гэхдээ үнэхээр л байдаг юм бол ЦЕГ гэж байхын хэрэг юу байна. Гэмт хэрэг гарсан газар ганц үзмэрч тавьчихад л хангалттай бус уу?

Борлогдож буй ном, бичигдэж буй нийтлэл, хийгдэж буй нэвтрүүлгүүдийн багагүй хувь нь энэхүү мухар сүсгийн холбогдолтой зүйлс байгааг харахад бид хэддүгээр зуунд амьдарч байна вэ гэдэгт эргэлзмээр. Хэрэв үнэхээр л хүн өөрийгөө олох, материаллаг бус ертөнцөд итгэмээр байгаа юм бол яагаад зөв амьдрахуйн философийг айлдсан “Бодь мөрийн зэрэг” бус Ванга эмээгийн зөгнөл тэгтлээ олон хувь борлогдоод байна вэ?

Үргэлжлэл...

Monday, July 13, 2009

Оюу толгой & Media business

За ингээд наадмын маргааш намар гээд шууд хамаг газар ажилдаа ороод эхэлж байх шив. Оюу Толгойн гэрээний талаар өнөөдрөөс дахиад хэлэлцэж эхэлж байх шиг байна. Энэ тухай нэг их мэддэг хүн шиг том том яриад байж ч юух вэ. Гэхдээ Д.Энхбат гишүүнтэй twitter-р харилцсан яриагаа энд тавилаа.

enkhbat: ОТ гэрээг хэлэлцэж байна

otgonpurew@enkhbat Болж байгаа процессийг сайн ойлгохгүй байгаа ч 34 хувийг Монголын тал мөнгөөр худалдаж авах ёстой юм уу?

enkhbat@otgonpurew "Зээл+хүү" төлж авна. 1.7 тэрбум $ -ийн зээлээр.

otgonpurew@enkhbat Таны бодлоор хэр зөв зүйтэй гэрээ болсон бэ? Олон талаас олон янзын мэдээлэлд даруулаад толгой эргээд байна?

enkhbat@otgonpurew 1.7B$ зээл авч 34% эзэмших, мөн татварын хөнгөлөлт үзүүлэхийг дэмжихгүй. Бид 20% -г үнэгүй авч,татвараа 100% авах боломж байсан.

enkhbat@otgonpurew Нэг компанид зориулан татварын хуулиа өөрчлөх зөв үү ? Баялгийн эзэн 15-20% үнэгүй авах нь дэлхийн бизнесийн практик

otgonpurew@enkhbat Энэ тал дээр та ганцаардах болов уу? Тантай санал нийлж байгаа гишүүд хэр олон байгаа вэ?

enkhbat@otgonpurew Мөн бид бүх компанид адил нөхцөл өгөх естой. Энэ бол мөн л зах зээлийн чухал зарчим шүү дээ

otgonpurew@enkhbat Санал нийлж байна. Үүнийг гол нь олон нийтэд яаж хүргэх ёстой вэ? Мэдээллийн хэрэгслүүд бол захиалгаар толгой угаачихаад байна

enkhbat@otgonpurew Сэтгүүлчид төрөлжиж мэргэшээгүй учир улс төрийг сумо тайлбарлаж бгаа мэт бичдэг. Бас захиалгаар. Сайн блогчид/columnist хрэгтэй


Мэдээллийн хэрэгслүүд захиалгаар толгой угаагаад байна гэдгийг би учиргүй баримт үндэслэлтэйгээр нотолж чадахгүй. Гэхдээ энэ яриа болж байх өдөр буюу 7 сарын 9-ний өглөө ньюс.мн-ий топ мэдээн дээр ОТ гэрээг эсэргүүцсэн жагсаалын тухай бичиж тэнд ярилцаж байгаа сэдвүүдийн талаар нийтэлсэн байсан бол ердөө ганцхан цагийн дотор өнөө мэдээгээ ор мөргүй алга болгож оронд нь Айвенхоу Майнзын дэд ерөнхийлөгчийн ярилцлагыг тавьсан байлаа. Нэгэнтээ Баабар ах хэвлэл мэдээллийнхэн нийтэлсэн зүйлийнхээ төлөөд биш харин нийтлээгүй зүйлийнхээ төлөө дарамталж мөнгө олдог гэсэн байсан. Танай байгууллагын тухай ийм мэдээлэл ирчихлээ тавих уу яах уу гэж байгаад л оронд нь сурталчилгааных нь мөнгийг авч өнөө мэдээллээ авч хаядаг нэг иймэрхүү систем ажилладаг байж магадгүй юм. Нэлээн дээхнэ бас olloo.mn дээр G Mobile-н тухай нэг мэдээ нийтлэгдээд удаагүй байснаа өнөө мэдээ нь алга болоод оронд нь G Mobile-н баннер гарч ирж харагдсан. Ардчилсан нийгмийн хамгийн үнэт зүйл мэдээллийн нээлттэй, ил тод байдал гэж хаанаас ч билээ уншиж байсан санагдана...

Thursday, July 09, 2009

Би төрөө дээдэлдэг

Анх Берлинд сурч байхад хөл бөмбөгийн фенүүд тухайн дэмждэг багийнхаа логотой ороолт малгайгаар ижилсээд бөөнөөрөө явж байгааг хараад сүрддэг байж билээ. Харин тэгтэл дээхнэ бичиж байсан бичлэгээс маань санаа авч танил ах хүү маань сонирхолтой бүтээгдэхүүн хийсэн байна.
Монголчууд бид эртнээс төрөө дээдэлж ирсэн уламжлалтай ард түмэн. Төрийн толгойд хэн байх нь хамаагүй, төрт ёс, уламжлал заншил хадгалагдан үлдэх ёстой гэж би лав боддог. Тиймээс хэчнээн харийн эрхшээлд орсон ч "Төрийн сүлд минь өршөө" хэмээн эцэг өвгөд маань залбирч байсан биз.
Төрийнхөө сүлдийг улсынхаа баяр наадмаар дээдлэн хүзүү мөрөндөө зүүж Монгол хүн болж төрснөөрөө бахархахад тань энэ ороолт их хэрэг болно гэдэгт итгэлтэй байна.


Гадуур худалдааны цэгүүдээр 3500₮-ээр зарагдаж байгаа гэсэн. Хэрэв бөөнөөр авах болвол 88114047 утсаар холбогдоорой.

Sunday, July 05, 2009

Limp Bizkit

Муу хүн байх ямар хэцүүг
Мөнхөд гуниглаж явах ямар хэцүү гэдгийг хэн ч мэдэхгүй...

Хүн бүхэнд адлагдаж
Байнга худлаа ярьж явах хувь заяатай байх ямар байдгийг хэн ч мэдэхгүй...

Гэхдээ миний мөрөөдөл ухаан санаа шиг минь хов хоосон биш ээ
Би гав ганцаараа цагийг өнгөрөөдөг ч
Хайр сэтгэл минь хэзээ ч чөлөөлөгдөхгүй өшөө хорсол билээ...



Teenager байхадаа дагаж уярдаг байсан ганц хамтлаг минь Европоор аялан тоглолт хийж яваа юм байна. Гоцлол дуучин Fred Durst -ийг дуурайж тэр үед NY-тай улаан малгай буруу харуулж өмсөөд л явдаг байж билээ. Fred Durst -ийн twitter хаяг: http://twitter.com/freddurst

Monday, June 22, 2009

Twitter

Хэдэн сарын өмнө twitter дээр уг нь өөртөө эрх нээсэн юм сан. SNS ашиглах дургүй залхуу надад бүгдэд нь нэг нэг бүртгэл байхаас шинэчилж байсан удаагүй. twitter-ийг ч байдаг л нэг SNS-ээс илүүд тооцож үзэж байсангүй.
Харин өчигдөр орой CNN хараад хэвтэж байтал АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон Иранд болж буй үйл явдлын талаар twitter ашигласан энгийн ард иргэд цэргийн хүчээс илүүтэйгээр маш шуурхай мэдээлэл түгээж байна хэмээн ярьж байх юм. Гэнэт сэтгэл хөдлөөд өнөөдөр мартсан нууц үгээ сэргээж аваад twitter account-аа идэвхижүүлж авлаа. Зөндөө Монголчууд байдаг юм байна. Ямар ч байсан ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын гишүүн З.Энхболд, Д.Энхбат, Х.Тэмүүжин гэсэн олонд нэртэй хүмүүс байхаас гадна блогчид ч цөөнгүй байна. Блог дээр тавьчихад багадаад байдаг товчхон мэдээллийг олонд шуурхай хүргэдэг microblogging гэдэг гайхалтай хэрэгтэй эд ажээ.

Миний twitter хаяг: http://twitter.com/otgonpurew

Хиллари Клинтоны яриа

Sunday, June 21, 2009

“ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН”-ГИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2009 оны 268 дугаар захирамжаар Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт 670 га газарт “ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН” байгуулахаар шийдвэрлэсэн.
Зорилго, ач холбогдол:
• Энэхүү цэцэрлэгт хүрээлэнг байгуулахад нийслэлийн нэг иргэнд ногдох ногоон байгууламж 6 м2 байгаа бол 12 м2 болон 2 дахин нэмэгдэнэ.
• Сая гаруй хүн амтай нийслэл Улаанбаатар хотод иргэдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх спорт, амралтын цэцэрлэгт хүрээлэн байгуулах
• Нийслэлийн агаарын бохирдол өвлийн улиралд байх ёстой хэмжээнээс 5 дахин их байгаа бөгөөд нийслэлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх замаар агаарын бохирдлыг бууруулах
• Хүн ам ихээр суурьшсан дэлхийн нийслэл хотуудын жишигт нийцсэн Үндэсний цэцэрлэгт хүрээлэн байгуулах.
• Улаанбаатар хотын цэвэр усны нөөцийг хамгаалах
Байршил: Олимпийн гудамж, Маршалын гүүрнээс зүүн тийш Баянзүрхийн гүүр хүртэл Туул голын хойд хөндийд 670 га талбай
Зохион байгуулалт: Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг Монгол Улсын нийт иргэд, байгууллага, аж ахуй нэгжийн оролцоотойгоор байгуулна. Тус цэцэрлэгт хүрээлэнгийн нь зөвхөн ганцхан жилийн дотор баригдах бус 5 жилийн турш баригдах томоохон бүтээн байгуулалтын ажил тул 20 гаруй тэрбум төгрөг шаардлагатай.
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн эхний ээлжийн ажил буюу 150 га талбайн төлөвлөлтийг хийсэн төдийгүй 2009 онд нийт 55 га талбайд мод, бут, сөөг тарьж ургуулах, хамгаалалтын хашаа, төв хаалгыг барих ажлууд хийгдэнэ. Тус ажилд зориулж Нийслэлийн 2009 он төсвийн тодотголоор 1 тэрбум төгрөгийг төсөвлөсөн.
“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” сангийн данс: Улаанбаатар төрийн сан банк 200051063 тоот данс
Хамтран ажиллагчид тавих санал: Цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалтанд оролцон дэмжлэг, туслалцаа үзүүлсэн аж ахуй нэгж, байгуулага, иргэдийг хөрөнгө оруулалтанд оруулсан хувь нэмрийг нь үнэлж
-Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн лого бүхий талархал, батламжийн цом, бэлэг дурсгалын зүйлсийг олгох
- Нэрсийг төв хаалганд байрлах дурсгалын самбарт хүндэтгэн байршуулах
- 1 сая төгрөгнөөс дээш “Хүрэл мод”,
-10 сая төгрөгнөөс дээш “Мөнгөн мод”,
- 30 сая төгрөгнөөс дээш “Алтан мод” бүхий хүндэт өргөмжлөл, дурсгалын зүйлсээр урамшуулна.
Хэрэв тухайн аж ахуй нэгж, байгууллага, хувь хүмүүс хүсвэл өөрсдийн нэрэмжит бичил цэцэрлэгийг байгуулах боломжтой. Хандивын мөнгөн дүнгээс хамаарч мод тарьж коджуулан эздэд нь хүлээлгэн өгөх, хувь хүн албан, байгууллага, анги хамт олон, гэр бүл бологсод өөрсдийн модтой болох, хайртай хүмүүстээ бэлэглэх зэрэг олон талт үйл ажиллагааг зохион байгуулна.
Хэрэгжүүлэгч байгууллагууд
• Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын алба
• Нийслэлийн барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газар
• Улаанбаатар Бизнес Хөгжлийн төв

Та өөрийн хамтран ажиллах саналуудыг "Ногоон дэлхий" багт хандан тавихыг хүсье
8811-1816, gantulgat at gmail.com, Y!: swissbank1
Та бид хүссэн орчиндоо амьдрахыг хүссэн хүсэлдээ нэмэр оруулах боломж байна, таны ч гэсэн хүсэл...

Sunday, June 07, 2009

Хулгай

Өчигдөр орой зурагт хараад хэвтэж байтал Цахирмаа гэдэг киноны трэйлер явж байна. Сүрхий компьютер график ашигласан л кино хийгээд байгаа бололтой. Хамгийн дургүй хүрсэн зүйл гэвэл миний ганц дуртай киноны ганц дуртай ая болох Clint Mansell - Requiem for a Dream -ийг фонон дээр нь тоглуулж байх юм. Ичдэг болоосой. Трэйлэр дээрээ л ашиглаад жинхэнэ кинон дээрээ ядаж ингэж хүний юм битгий хамаагүй ашиглаасай. Би лав нэг иймэрхүү кино учиргүй зөвшөөрөл авч байгаад энэ аяыг ашиглаж байгаа гэж бодохгүй л байна.

Sunday, May 24, 2009

Eagle TV Bravo!

Урьд шөнө бараг унталгүй ТВ үзлээ. Ноднин 7 сарын 1-нийг эс тооцвол ингэж зурагт үзсэн тохиолдол бараг байхгүй байх аа. Хэдэн монгол сувгуудыг эргүүлж тойруулсаар байгаад сүүлдээ аль суваг нь хэд дээр гардагыг цээжлэхээ шахлаа. Ямартаа ч миний үгээ хэлэх ганц талбар болох блогоороо дамжуулж Eagle TV-ийн хамт олонд үнэн сэтгэлээсээ баярлалаа гэж хэлмээр байна. Сэтгүүлзүйн норм, норматив ямар байх ёстойг би үнэндээ мэдэхгүй ч үзэгчийн хувьд аль нэг талыг бариагүй, дундуураа элдэв фактгүй, сэтгүүлчид нь цэгцтэй үг хэллэгтэй, үзэхэд үнэхээр урамтай байж чадсан ганц ТВ бол Ийгл гэдгийг л хүлээн зөвшөөрлөө.
NTV уг нь шинэлэг арга барилаар нэлээн үзсэн боловч үнэхээр техник тоног төхөөрөмж ч муутай, сэтгүүлчид нь ч шинэ бололтой, үг яриа нь цэгцрээгүй арай л биш байлаа.
TV5, TV9 зэрэг телевизүүд шөнө МАХН ялж байна гэхэд баахан мэдээлэл цаг тутам урсгаад байснаа өглөө 6 цагт АН мэдээлэл хийснээс хойш бүрэн таг болж амьтны ертөнц, аэробик зэрэг нэвтрүүлгээр эфирээ аргацааж гарлаа.
Хамгийн харамсалтай нь бидний татварын мөнгөөр амьдрагч телевиз болох хамгийн мундаг тоног төхөөрөмж, хамгийн сайн сэтгүүлчидтэй МҮОНТВ шөнөжин концерт харуулж байгаад өглөө АН мэдээлэл хийснээс бараг цагийн дараа нэг иймэрхүү юм боллоо гэж хальт харуулаад концертоо үргэлжлүүллээ.
Юутай ч шинэ сумогийн аварга, шинэ ерөнхийлөгчтэй шинэ долоо хоног сайхан эхэлж байнаа...

Thursday, May 21, 2009

Өөрчлөх үү?

Сонгууль харин ч нэг туйлширч хүн болгон хуваагдлын дээд цэгтээ хүрээд байх шиг. Ойр дотныхонтойгоо хүртэл энэ сэдвээс болж санал зөрөлдөөд нөгөө хүнээ гомдоочихгүйн тулд дотроо бухимдаад л өнгөрөх тохиолдол олон юм. Бушуухан дуусч санаа амраагаасай.
Миний хувьд угтаа энэ хоёр хүний хувь хүнийг нь биш зүгээр л зарчим ярьмаар санагдах юм. Аль аль нь надад таалагддаггүй, худалч хулгайч хоёр л нэгнийхээ мууг дуудаад байгаа юм шиг санагддаг. Мөрийн хөтөлбөрүүд нь ч гэж утопи популизм талдаа ихэвчлэн. Нийгмийн халамжийг л баруун солгойгүй цацна гэсэн хоёр ид шидтэн. Харин яг очих ёстой хүндээ тэр халамж нь очиж байгаа эсэхийг зах дээр өөрийнхөө зорсон модон тоглоомыг зарж суугаа 80 гарсан өвгөнөөс асуугаад үз. Эсвэл ирээдүйн шоронгийн атман болж бэлтгэгдэж байгаа траншейны хүүхдүүдээс асуугаад үз.
Харин өнөөгийн нийгэмд байгаа шударга бус, муу муухай бүхнийг солих цаг болсон гэдэгт л би итгэлтэй байдаг. Хэдийгээр шударга гээч үгэнд хэмжигдэхүүн байхгүй энэ нь юуг ч тодорхойлж болох бөөрөнхий утгатай боловч дараах зүйлст өнөөгийн соёлт нийгмийн гишүүн ямар ч хүн эгдүүцнэ гэдэгт итгэж байна.
1. ХЗХ-ны бүүм. Миний санахаар 2002 онд ХЗХ-ны хууль гарснаар эдний луйвар хэрээс хэтэрсэн. Логикоор бодоход өгч чадахааргүй өндөр хүү амалж баахан амьтан луйвардчихаад эргээд хэдхэн жилийн ял аваад инээгээд гарч ирж байгаа нөхдүүд. Энэ хүмүүс жишээ нь 7 сарын 1-нд нэг компьютер тэврээд гарсан нөхрөөс нийгэмд хэр их хохирол учруулсан бол?
2. Эд нарт итгэж байдгаа гөвүүлсэн гэх нийгмийн нөгөө хэсэг. Зарим нь ч мэдлэг мэдээлэлгүйгээсээ болж алдсан биз. Зарим нь бол миний ойлгосноор шуналаасаа л болж алдсан. Энэ хүмүүсийн хохирлыг шуналгүй байсан мань мэтийн татвараар төлж барагдуулна. Тэгсэн мөртлөө өнчин хүүхдийн, өндөр настны асрамжийн газрын төсвийг багасгах нь хэр шударга бол?
3. 7 сарын 1-д тэр олон амьтан бужигнаж байхад хэн хэн чулуу шидэж хэн хэн ямар хохирол учруулав гэдгийг олж тогтоогоод гэрээс нь хүртэл баривчлаад өчнөөн жилийн ял өгчихсөн мөртлөө буу сум нь хүртэл бүртгэлтэй байдаг хүчний байгууллагын хэн нь тушаал өгч хэн нь буудаад таван хүний ар гэрийг хагацалд учруулсан гэдгийг олчихож чадахгүй байна гэдэг хэр үнэний хувьтай асуудал бол?
4. ШКТЭ буюу нэгдсэн 3-р эмнэлгийн гадаа очоод л ганц удаа хараарай. Зэрлэг өрнийн систем монголд яаж яруу тодоор хэрэгждэгийн жишээ тэнд тодоос тод байгаа. Хэдхэн жилийн өмнө тэнд томоос том машины зогсоол байлаа. Энэ эмнэлэг улсдаа хоёрт ордог том эмнэлгийн хувьд эмч ажилчдаас нь эхлээд орж гарч байгаа болгон унаа тэргээ тавих талбай шаардлагатай байлгүй яах вэ. Харин одоо тэр талбай дээр дүнхийсэн 3 том байшин барьчихсан байгаа. Дотор нь бар саун ч байх шиг.
Түргэн тусламжийн машин арынх нь хаалгаар ордог юм билээ. Гэхдээ түргэн тусламж шаардлагагүй ч хөлөө хугалсан, эсвэл явж чадахааргүй аливаа өвчин зовлонтой болсон нэгэн заавал төв зам дээрээс тэр хүртэл алхаж очих ёстой юу? Хүчтэй нь хүчгүйнхээ бүхнийг булааж авдаг тэр нийгэм өрнөдөд нэгэнтээ Зэрлэг өрнийн нэрээр оршин тогтнож байсан гэдэг. Өдгөө харин соёлт хүн төрөлхтөн өөрийгөө хамгаалах боломжгүй, нийгэмд зэрэгцэн оршиж чадахгүй эмзэг хэсэг болох өндөр настан, бага насныхан, тахир дутуу хүмүүсийг өрсөлдөөнөөс гадуур тусад нь байлгаж тэдний эрх ашгийг хамгаалдаг юм билээ. Манайд энэ нь өөрөө хэр шударга байгаа бол?

Шударга бус бүхнийг хэлж гоочлоод нулимчихаад хаяад явах амархан. Харин үүнийг хийх хүсэл зориг, итгэл мөрөөдөл залуу хүмүүс бидэнд бий бил үү?