Sunday, April 27, 2008

Engineering in India Part 2

Инженерийн боловсролын нэр хүндийн талаар нэгэнтээ дээр дурдсан. Даяаршлын үр шимээр хожиж яваа хүмүүс болох Энэтхэгүүдийн хувьд энэхүү science, engineering чиглэл нь дэлхийн тавцанд гарах түлхүүр нь болж өгдөг. Тиймдээ ч үүндээ дэндүү их ач холбогдол өгнө. Ганцхан жишээ гэвэл миний сурч буй инженерийн нэг жилийн төлбөр коллежоосоо хамааран 3300-3500$ байхад эдийн засгийн онол гэсэн мэргэжил коллежоосоо хамааран 300-400$ байх жишээтэй.

Төлбөртэйгээ шууд хамааралтайгаар хичээлийн агуулга нь ч өсөөд явчихна. Юу гэвэл BA буюу Bachelor of Arts (дотор нь эдийн засгийн онол, нийгэм судлал, улс төр судлал энэ тэр гэсэн мэргэжлүүд ордог) бүтэн жил буюу 2 семестэрийн турш 6 онолын хичээл үзэж байхад инженерүүд зөвхөн нэг семестерт 5 онолын хичээл 3 дадлага хичээл үзнэ.

Тэгэхээр нэг жилийн дотор инженерийн оюутан 10 онолын хичээлийн шалгалт 6 дадлага хичээлийн шалгалт өгөх ба нийт өгч буй эдгээр 16 шалгалтынхаа ядаж 13т нь тэнцэж байж дараагийн курстээ орох эрхтэй болно.

Надад бас нэг сонин санагдаж байсан зүйл гэвэл энд сургуулийн Admission буюу сургуульд сурах эрхийг ганцхан жилээр өгдөг. Жишээ нь анх Монголоос ирж байгаа оюутанд зөвхөн нэгдүгээрт курст сурах эрхийн бичгийг нь л өгнө гэсэн үг. Тухайн оюутан нэгдүгээр курстээ дээр дурдсан шаардлагыг хангаж тэнцлээ гэсэн тохиолдолд хоёрдугаар курсийнх нь Admission-ийг өгөх жишээтэй.

Монголд би лав их сургуулийн шалгалтыг тэнцэнэ гэж өгч байснаа санадаггүй юм даг. Аль болох өндөр оноо авах гэж л шалгалтанд бэлддэг байсан. Энд ирээд л анх надтай нийлээд бараг бүх оюутнууд өнөө 13 шалгалтынх нь босгыг л давчих гэж яаж нойр хоолгүй суудгийг үзсэн юм даг.

Оюутан шалгалтнаас нийт 100 оноо авах ёстойгоос 40-ийг нь л авбал тэнцдэг. Гэхдээ энэ 40 оноо маань их марзан. Манайхны сэтгэхүйд тогтсон Америк маягийн тестийн систем биш Британи маягийн уламжлалт хэлбэрээр. Тийм болохоор яг тэдэн асуултанд зөв хариулсан учир тэд авах ёстой гэсэн хүлээлт байх аргагүй. Шалгалт өгч буй тухайн хичээл 6 Unit буюу бүлгээс тогтоно. Шалгалтанд энэ Unit болгонтой холбоотой нэг нэг асуулт буюу 6 асуулт л ирнэ. Энэ 6 асуулттай холбоотой мэдэх бүхнээ 3 цагийн турш гараа сарвайтал бичиж байгаад гарч ирэхэд хурууны өндөг мэдээ алдсан байх тохиолдол ч зөндөө.

Гээд чиний бичсэн зүйлийг шалгаж буй хүн яаж дүгнэх нь бас бүрхэг. Ядаж л гаргацтай цэвэрхэн үг, найруулгын алдаагүй бичиж схем зургуудыг бүгдийг нь зурсан байхад 10 онооны асуулт байвал 6,7 оноо өгөх жишээтэй. Энэтхэгүүдийн хувьд 100% гэсэн ойлголт байдаггүй. Анх ирж байхад миний дүнгийн хуудсан дээрхи 100% гэсэн дүнг хараад сургалтын албаныхан тачигнатлаа инээж байж билээ. Хүн ямар нэг зүйлийг 100% эзэмшинэ гэж хэзээ ч байдаггүй гэсэн философитой хүмүүс.

Тэгэхээр дээрхи 10 онооны асуултанд яаж ч хичээгээд хамгийн дээд тал нь 8-9 оноо л авбал их юм. Иймэрхүү байдлаар тооцоололт хийгээд явахад дор хаяж өнөө 6 бүлгийн 4-5 бүлгийг нь яс мэдэж байж 40 оноо зулгааж шалгалтанд тэнцэх магадлалтай.

Pune University-ийн Энэтхэг дэх бусад сургуулиудаас ялгардаг ганц том ялгаа байдаг гэсэн. Энэ нь шалгалтын өндөр стандарт. Өнөөх 6 бүлэг хичээлийг хоёр хэсэг болгон гурав гурван бүлгээр нь хуваадаг. Хоёр хэсэгт нь зориулж шалгалтанд хоёр тусдаа цаас ирнэ. Эхний 3 бүлгийн хариултыг зөвхөн эхний хэсэг дээр нөгөө хэсгийнхийг нөгөө цаасан дээр л хариулна. Энэ хоёр цаасан дээр миний шалгалтанд орох суудлын дугаар байх ба хоёр цаас тусдаа хоёр тийшээ салаад явна. Хоёр өөр газар хоёр өөр хүн шалгана. Хэн нь ч ямар хүний материал засаж байгаагаа мэдэх аргагүй нөгөө хэсэг дээрээ хэдэн оноо авсан нь ч мэдэгдэхгүй. Эцэст нь дахиад өөр хүний гарт өнөө хоёр хэсгийн цаас ирж уулзахад л тэр хоёрыг нэгтгэж дүнг нь бичээд болоо.

Инженерийн шалгалтыг Пүне даяар байх 100 гаруй инженерийн коллежид яг нэг өдөр нэг цагт зэрэг эхэлнэ. (бусад мэргэжлийнхэн ч адил зарчмаар гэхдээ өөр өдөр) Шалгалтын хувиарыг Pune University-ээс гаргасан хойно ямар ч exception байх аргагүй. Хөл гараа хугалчихсан хүмүүс хүртэл яг шалгалтын үеэр өргөдөл гаргаад өөр ангид ганцаараа сууж өгдөг. Бичих чадваргүй болсон зарим нь хажуудаа харуултайгаар хамаатан садан найз нөхөддөө хэлж бичүүлдэг тохиолдол ч бий.

Энэтхэгүүд юм бүхэнд хариуцлагагүй, цалгар, назгай ханддаг. Тэгсэн мөртлөө шалгалтын бүх зүйл л гайхамшигтай яв цав явагдана. Яг цагтаа эхэлж, яг цагтаа дуусна, дүрэмд дурдаагүй л бол ямар ч онцгой тохиолдол байсан зөвшөөрөхгүй гэх зэргээр. Яагаад ийм байдгийнх нь учрыг саяхан л ойлгосон. Юу гэвэл сарын өмнө B.Commerce-ийн шалгалтын үеэр нэг коллеж дээр тест задалсан гэсэн. Үр дүнд нь B.Commerce-ийн өнөө шалгалтыг 10 хоногоор хойшлуулж тест задалсан сургууль дээр Pune University-ээс баахан арга хэмжээ авч мандатыг нь хураагаад дараа нь хамаг ажилчдыг нь цагдаа нар дээлийг нь нөмрүүлээд аваад явсан. Ямар нэгэн тохиолдлоор тест задалсан эсвэл шалгалтын материал засах гэсэн оролдлого гарвал эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг хуультай юм гэнэ.

Дахиад л таслах боллоо. Хэтэрхий том сэдэв барьж авсан бололтой. Маргааш дахиад үргэлжлүүлье

7 comments:

A.Амарсайхан said...

Монголд дээд сургууль коллежийн тоонд хязгаар тавиад, хэдхэн сургуульд өрсөлдүүлээд, ингэж шүүслээд, яг жинхэнэ суръя гэж бодсон зүтгэлтэй оюутан авдаг болох юмсан. /Том мөрөөдлөө шүү/

Battur said...

бичлэгүүдийг чинь байнга уншдаг, их сонирхолтой. IT мэргэжлээр сурч байгаа хүмүүст өөрийн чинь блог их хүч, тэмүүлэл өгдөг гэж боддийм. одоогийн оюутнууд ч бас их азтай юм аа, очко, огоо нарын бичлэгүүдээс зөндөө зүйл авч байгаа гэдэгт итгэж байна. амжилт ;)

ganga said...

Арын хаалгаар өргөж дүгнэх аргагүй, тухайн заагдсан сэдэв бүлгээр их бага хэмжээний заавал мэдлэгтэй гардаг. Сайхан шудрага систем юм. Манайхан чанаргүй нийгмийн ухааны олон хувийн дээд сургуультай байхаар цөөхөн хэдэн чанартай сургуультай болоосой. Чи энэ боловсролын системын тухай бичлэгээ сонин.мн гаргаж Монголд байдаг олон хүнд хүргэмээр. Байрлалаа, хэрэгтэй бичлэг байна.

ganga said...
This comment has been removed by the author.
Tuvshin said...

http://www.youtube.com/watch?v=-B0xXi3jwbg

JACK said...

Sain ban uu uu tanii bichleguudiig unshlaa, ih taalagdlaa.
teged taniah asuuh yum bna. Bin University of Pune-iig sonirhoj bgaa l daa business administration chigleer bachalor degree-d ni. Surgaltiin chanar her ve? Mon jiliin tolbor ene ter ni ymar bdag ve? Ene talaar medeelel ogoh bolomj bnauu?

stev4n said...

3d scanning from Surfdev, a specialist scanning service performed by a reverse engineering company.

Find a list of services provided by Aphweb including vacuum forming fibreglass composites CAD/CAM to high specification, working from drawings and models using modern and traditional methods