Burke
БНЭУ-д ирээд бараг гурван жил боллоо. Инженерийн боловсрол олж авах гэж Энэтхэгийн засгийн газрын тэтгэлгээр бэдэрч яваа минь энэ.
Манай электроникийн багш нэг удаа биднээс engineer гэдэг үгний утгыг асууж билээ. Бид ч санаандаа орсноороо engine (хөдөлгүүр) гэдэг үгнээс гаралтай энэ тэр хэмээн буудаж байтал мань эр in genius буюу сод ухаантан гэсэн үгнээс гаралтай хэмээн тайлбарлаж билээ.
Үнэндээ инженер гэхээр манайхны сэтгэхүйд л ТИС-ийн хэдэн архичид санаанд буугаад байдгаас уг нь нийгмийг чирч явдаг хамгийн оюунлаг хэсэгт эмч, инженер хоёр ордог гэх.
Юутай ч Энэтхэгийн инженерийн боловсролын талаар зөвхөн өөрийнхөө мэдэх хүрээнд бусадтайгаа хуваалцъя гэж бодлоо. Гэхдээ би бусад улс орон дахь инженерийн боловсрол ямаршуу төвшинд явагддагийг сайн мэдэхгүй, Энэтхэгийг мөн хөндлөн гулд аялж арай амжаагүй болохоор миний бичсэн болгоноор Энэтхэгийг ч юм уу инженерийн боловсролыг дүгнэнэ гэвэл өрөөсгөл асуудал болох байх.
За юутай ч өөрийнхөө мэдэх Пүне хотын хэмжээнд боловсролын талаар авч үзвэл: Пүне хотын их сургууль буюу Pune University нь Махараштра мужийн нийслэл Мумбайгаас 200-аад км зайтай байрлах Пүне хотод анх 1948 онд байгуулагджээ. Байгуулагдсан цагаасаа засгийн газрын ивээл дор байсан ба Махараштра мужийн эдийн засгийн үсрэнгүй хөгжил нь энэхүү мужийн голлох их сургууль болох Pune University –г нэлээд өндөр стандартад барьж байх онцгой шаардлага болсон гэдэг. Өнөөдөр Энэтхэгийн нийт мөнгөний эргэлтийн 34% нь Махараштра муж түүний дотор Мумбайд төвлөрч байдаг гэсэн. Яг энэ их мөнгөний эргэлтээс 200-аадхан км зайтай байрлах мужийнхаа хувьд ганц урдаа барих сургууль нь гээд бодохоор засгийн газраас өндөр шаардлага тавигддаг нь аргагүй биз. Тиймдээ ч Энэтхэгүүд өөрсдөө Eastern Oxford энэ тэр хэмээн сүржин нь аргагүй Пүне-гээ өргөмжилдөг. Яг үнэндээ бол Энэтхэгтээ л Оксфорд болдог байж магадгүй.
Миний ойлгосноор Pune University нь одоо бараг шалгалт авч диплом үйлдвэрлэдэг төдий газар болсон юм болов уу даа. Бусад газар их сургуулийн систем нь ийм байдаг эсэхийг бүү мэд. Ямартаа ч аутсорсингийн эх нутаг дахь энэ сургууль өөрөө франчайсингаар амьдардаг юм шиг байгаа юм. Юу гэвэл Пүне хотын хэмжээнд байх 228 хувийн коллеж тодорхой стандарт шаардлагыг хангасны эцэст Pune University-ийн нэрээр хичээл заах эрхтэй болно. Өөрсдөө төлбөрөө тогтооно, оюутнуудаа өөрсдөө элсүүлнэ, Pune University-ийн хичээлийн төлөвлөгөө, стандартаар хичээлээ заана. Семестер дуусахад Pune University-ээс хүмүүс ирж шалгалт аваад дүнг нь гаргаж буцаагаад коллежид нь явуулна. Оюутнууд сургуулиа төгсөхдөө Pune University-ийн диплом авна. Харин хэр их юм сурч чадах нь ямар коллеж сонгож орохоос шалтгаална.
За тэгэхээр би тухайлбал Pune University-ийн харъяанд байх MIT буюу Maharashta Institute of Technology (Massachusetts Institute of Technology-ийн яг хуулбар байгаа биз) хэмээх коллежид B.E Comp буюу Bachelor of Computer Engineering гэдэг мэргэжлээр сурдаг.
Манай коллеж болох MIT нь нийт Энэтхэгийн хувийн коллежууд дотор чанараараа 13-т ордог гэсэн. Тэгэхээр бас муугүй л сургуульдаа орох байх. Мэдээж хэрэг үүнд IIT (Indian Institute of Technology) эд нар өрсөлдөөгүй нь ойлгомжтой. Юу гэвэл тэд чинь засгийн газрын онцгой ивээл доорхи сургуулиуд. Гэхдээ л 6-хан сая хүн амтай Пүнед 100 гаран инженерийн коллеж байдаг байхад 1 тэрбум хүнтэй Энэтхэг даяарх коллеж дундаас 13т орно гэдэг чамлахааргүй үзүүлэлт байх.
(Миний бас нэг боддог бодол гэвэл MIT гэдэг нэр тийм их амжилт авчирдаг юм бол Монголд ч гэсэн яагаад нэг MIT байгуулж болохгүй гэж? Mongolian Institute of Technology гээд л)
Жил болгон Робокон Индиа-г манай сургууль спонсорлож кампустаа хийлгэдэг. Харин энэ жил яаж ч болсон юм ABU Robocon 2008 Пүне-д тэр дундаа манай кампуст, манай коллежийн ивээл дор хийгдэхээр болсон байна лээ. Хөл бөмбөгийн ч олигтой талбай байхгүй шороо пургисан кампуст маань өнөө гадна дотны роботчид ирэхээр яана даа хэхэ. Робокон гэснээс 8 сарын 29-нд эхлэх Робоконд оролцох Монгол багийнханаа чадлаараа дэмжих гэж үзнээ. Үүнд өөр хотуудаар байдаг Монголчууд ч гэсэн ирж дэмжвэл болох юм шүү.
За за шөнө дундарчихлаа. Үүр цайхаас өмнө жаахан нойр аваад маргааш инженерийн боловсролын тухай үргэлжлүүлж бичнээ.
No comments:
Post a Comment