Tuesday, March 20, 2007

Надад онгод хайрлаач

Сvvлийн хэд хоног интернет гэдэг юмнаас хол тасархай єнжєєд єнєєдєр нэг RSS update хийтэл миний уншдаг байсан хэдэн блогийн бараг ихэнхид нь шинэ юм юу ч алга. Тэгэхээр би ч ганцаараа муу блогоо vхмэл байдалтай хаячихаагvй бололтой. Зєндєє олон аварга блогчид цаг зав нь болоогvй юм байлгvй сар жилээр нь сураг чимээ тасарсан байна. Хувь хvний volunteer ажил учир чи бич, би тэгвэл бичнэ гэж барьцаад байх бас хэцvv. Нэг бодлын хувьсал явагдаж байгаа юм шиг оронд нь шинэ шинэ мундаг блогчид хаа сайгvй тєржээ. Хvн бvр янз бvрээр сэтгэж янз бvрийн арга барилаар бичицгээх юм. Интернет дэх монгол агуулгыг ихэсгээд байна гэдэг утгаараа баяртай л мэдээ. Хэдхэн жилийн дараа монгол хэлээр хvссэн юмаа хайхад хангалттай илэрцvvд гарч ирэх єгєгдлийн санг бид vvсгэж байна. Тэр илэрцийг ихэсгэхэд томоохон хувь нэмэр оруулах хvмvvс нь єнєє л єєрсдийгєє магтах дуртай volunteer хэдэн блогчид бид юм шив дээ.
Бусад хvмvvст яадаг юм байгаа миний хувьд лав пост хийх санаа ингэж тєрдєг. Ямар нэгэн юм тохиолдох эсвэл унших, vзэх, бvр гудамжинд хэн нэгэнтэй тааралдахад л гялсхийсэн санаа тархинд зурайтал ороод ирдэг юм. Цааш нь vvнтэйгээ холбож vргэлжлvvлэн “бясалгасны” vр дvнд постын маань ерєнхий рам гараад ирнэ. Тэр vед л keyboard ойрхон байвал бушуухан хэдэн єгvvлбэр бичиж авна эсвэл тэмдэглэлийн дэвтэр дээрээ гол утга санаагаа бичиж авдаг. Дэвтэр олдохгvй бол заримдаа гаран дээрээ бичих хvртэл тохиолдол ч бий. Даанч ихэнх нvцгэн бодол маань vзэг дэвтэр keyboard хайх хооронд алга болчихдог учир пост хийх бодлоо орхихоос єєр аргагvйд хvрдэг. Энэ мартамхай занг уу.
Сvvлд нэг бичлэг биччихээд дахиад нэг тиймэрхvv часхийсэн санаа ороод ирдэггvй юм байх даа гэж хэд хоног хvлээсэн боловч миний онгод намайг хаяаад явсан бололтой. Хvний урманд шинэ санаа ч орж ирэхгvй юм, ядаж байхад сvvлийн нэг сар номын хуудас бараг нээж ч vзээгvй болохоор хvнд гайхуулчих юм ч байхгvй юм. Тэгээд л ямар сайндаа хvний цаг vрсэн ийм дэмий бичлэг бичиж суух вэ дээ. Гарьд магнай дээр “Очир ахаа миний бяр дуусчихажээ” гээд газар сэндийчээд суудаг шиг миний онгод дуусчихжээ. Ємнє нь бичиж байсан зvйлсээ хальт гvйлгээд хартал миний бичлэг єдєр ирэх тутам чанар нь муудаад байх шиг. Утга санаа, найруулгаас эхлээд л болохоо больжээ. “Энэ юуных вэ? Энэ хайрынх уу? Тийм ээ энэ бол хайрынхаа” гэдэг шиг хариултыг нь олж чадахгvй болмогц нєгєє муу “онгод” руу л хамаг буруугаа чихчих шив дээ.
Бусад блогчид харин яасан бол? Бvгд хаврын синдром нь хєдлєєд хайр сэтгэлээ хєєгєєд алга болов уу? Уг нь бvгд ажилтай ч гэсэн цаг завын тухай их бичдэг хvмvvс юм сан. Эсвэл минийх шиг онгодууд нь новшроод хаяаад явцгаачихав уу? Нэгэнтээ блог коммьюнити болоод явж байгаагаас хойш хэдvvлээ л бие биендээ урам єгч онгодыг нь дуудалцъя даа. За би эхэлнээ
Зээ Торой банди
Тогос чvлтэм
Тогоруу, Инга
Тулгат, Зоригт сонсоо
Дєлгєєн шиг атмандаж
Хишгээ шиг хийрхэхгvй
Ганбаа шиг гангалж
Галаарид шиг сураг тасралгvйгээр
Єєр єєрсдийн бодсон санаснаа
Yтэр тvргэн тоо vсэг болгон цохьсугай...гэж

Миний онгод эргээд ирэв vv яав энэ чинь. хэхэ


Thursday, March 15, 2007

Онцлон танилцуулах блог

Хадуурал нэртэй блогоор нэг зочлоод гараарай. Яг дээд талын маань эгчийн блог байгаа юм. "Хvн мичнээс vvсээгүй" гэж хэсэг шуугиулсан номын орчуулагч. Єєрєє жаахан хадуурдаг хүн хадуурч єгсєн байна лээ.

Friday, March 09, 2007

Иргэний ухамсар

Миний нэг таньдаг синга залуу хэдэн жилийн ємнє анх монголд сургууль байгуулж байсан юм. Сургуулийнх нь талаар асууж лавлан сургалтыг нь сонсоод мэл гайхах нь тэр. Тэр vед миний бараг 6 сарын цалинтай тэнцэх мєнгєєр нэг сарын курст суулгана гэхийг сонссон би гайхаад “Монгол чинь Сингапур биш ш дээ. Хvмvvст тийм их мєнгє байхгvй” гэтэл єнєєх чинь єєдєєс нэг ёжтой хараад “Чи гудамжинд гараад хар л даа. Хаашаа л харна уу булган шуба ємссєн хvvхнvvд. Зам дээр гараад зогсоход гурван машины нэг нь Ланд Круйзер. Ямар зуданд явж байгаа биш дээрээс нь загварын шоунд ороогvй байж тэр хvмvvст дор хаяж мянган долларын vнэтэй шуба ємсєх хэрэг юу байгаан. УБ хотын тєвд ажил амжуулахад хаашаа ч таксидсан мянгаас илvv гарахгvй. Тэгэхэд vvнээс хэд дахин илvv бензин иддэг Ланд унах хэрэг энэ хvмvvст юу байгаан? Зєвхєн унах унаа ємсєх хувцастаа ийм их мєнгє зарж байгаа хvмvvс ирээдvйдээ, боловсролдоо энэ хэмжээний мєнгє зарах л ёстой” гэж хариулж билээ. Yнэхээр ч мань хvний зєв байж таараад тvvний сургууль одоо гайгvй хєл дээрээ босчихсон байгаа. Тэгэхээр монголчууд ядуу юу?

Єнєєдєр монголын Ай-Ти салбарт ардчилал эхэлснээс хойш хєл тавьсан хамгийн анхны алтан хараацайнуудын нэгтэй уулзаж vзлээ. Маш сонирхолтой яриа єрнvvлснээс хэсэгчлэн хvргэе. Хувь хvнийг нь хvндлэх журмаар нэр усыг нь тавьсангvй.

- ...Монголд єнєєдєр ганц Ай-Ти хєгжихгvй байгаа юм биш ээ. Анагаах ухаан, дэд бvтэц ер хєгжих ёстой ихэнх зvйлс хєгжиж чадахгvй байна. Энэ нь бид мєнгєгvйгээс эсвэл чадалгvйгээс болоод биш. Энэ нь ердєє л иргэний нийгэм гэдэг зvйл байхгvй байгаа болохоор тэр. Чи єнєєдєр хэчнээн мундаг программ бичдэг байлаа гээд томоохон танил байхгvй бол хэзээ ч тендерт ялна гэж байхгvй. Авч байгаа мєнгєнийхєє 20%-г зуучлагчид нь єгєхгvйгээр чиний ажил хэзээ ч бvтэхгvй. Ийм нийгэмд хэзээ ч юм хєгжинє гэж байхгvй. Япон, Солонгос, Сингапур єнєєдєр биднээс илvv IQ, илvv ухаантай болохоороо хєгжсєн юм биш. Тэд иргэний нийгмээ л зєв зохион байгуулсан юм. Дээрээс нь Монголчууд бас яадгаа алдчихсан залхуу ч биш. Хэрэв залхуу байсан бол баруунд, Япон, Солонгост ажиллаж байгаа хvмvvс шилдэг ажилчид гэж тооцогдоод явахгvй шvv дээ. Энд хєдєлмєрч байлаа ч хєдєлмєрийг нь зєв vнэлэх систем байхгvй бол хvн адилхан л залхуу болно. Ядаж нийгмийн хуваарилалтыг зєв хийсэн хойно аяндаа юмс хєгжєєд эхлэх болно. Ядаж тендерийг аль нэг яам тамгын газар биш тухайн мэргэжлийнх нь байгууллагуудынх нь ассоциаци холбоо хянадаг байх хэрэгтэй. Нэг салбарын байгууллагууд эвлэлдэн нэгдэж иймэрхvv зvйлсийг хянаж бvгд тэгш эрхтэйгээр бялуу хуваалтанд оролцох боломжтой байх ёстой. Монголд яг одоогоор бол Зэрлэг Єрнийн буюу Wild West ардчилал тогтчихоод байна. Хэн чадалтай нь чадалгvйгээ барьж идээд л. Ардчиллын тулгуур зарчим болох бvгд хож буюу win-win vйлчлэхгvй байна. Yндсийг нь суулгах хєрс байхгvй байхад хэчнээн гоё цэцгийн vр барьж яваад ямар хэрэг байна.

- Тэгэхээр таны бодлоор бид яавал дээр вэ? Залуучууд бид vvнд нь яаж зохицон амьдрах уу?

- Хvн болгон иргэний ухамсартай байх ёстой. Иргэний vvргээ ч, мэргэжлийн ажлаа ч мэддэг байж байж тухайн салбар хєгжинє. Япон, Америк ч бай иргэншсэн нийгэмд бол чи зєвхєн сайн программчин байхад хангалттай. Ажлаа сайн мэддэг байхад л амьдарч болно. Харин монголд чи хэчнээн мэргэжилдээ сайн байлаа гээд нэг сайдын хамаатан, их хурлын гишvvний найз биш бол томорч чадахгvй. Ямар сайндаа банкны системийн нэгдсэн сvлжээний тендерт барилгын компани тvрvvлж байх вэ дээ. Бусад нь яаж vvнд урамшиж, ажиллах урам зориг олж авах вэ гэдэг сонин. Єнєєдєр монголд хvн авч ажиллуулна гэдэг их хэцvv. Компани хєрєнгє оруулалт хийж сургаад л, сургаад л байна. Баахан хєрєнгє оруулалт нєгєє хvнд оруулсны дараа гэнэт ажлаа хаяаад явчихна. Дахиад л шинэ хvн сургах ажил гарна. Эсвэл аль нэг ажлаа хариуцуулж компанитай гэрээлж ажиллаа гэхээр єнєєх нь сар бололгvй дампуураад алга болчихно. Тийм болохоор энэ тогтолцоог єєрчлєхийн тулд залуучууд та нар эхнээсээ дан ганц мэргэжил хєєх биш иргэний нийгэмд амьдрах иргэний ухамсартай байх шаардлагатай...

Єєр бас бус нэлээдгvй зүйлс ярилцсан боловч ерєнхий утга санааг нь товчлон хvргэлээ.

Wednesday, March 07, 2007

Хvйсний баяр

За нэг шал утгагvй баярын сезон эхэлж байх шиг байна. Хvйсний баярын сезон. Маргааш 3 сарын 8. Хуучин коммунист сэтгэлгээгээр бол эмэгтэйчvvд эрх чєлєєгєє олж авсан єдєр. Харин одоо бол олонхи хvмvvсийн хувьд сайхан архидах шалтаг.

Аливаа баяр ёслол бол тухайн улсын ард иргэдэд хуримтлагдсан мєнгийг эргэлтэнд оруулах эдийн засгийн нэг арга хэлбэр болдог гэж уншиж байсан. Хvмvvс амралт, баяр ёслолын vеэр энгийн vеэс хэд дахин их мєнгє vрдэг гэдэг ч vнэн байх. Харин манайд энэ арга хэр тохиромжтой байдаг юм бол доо. Тэртэй тэргvй хvмvvст олигтой хуримтлал ч байхгvй. Байлаа ч эдийн засгаа эргэлтэнд оруулж байгаа нь гэж Солонгосоос оруулж ирсэн хэдэн сарнай, Хятадаас оруулж ирсэн ил захидал, набор гэх мэтийг худалдаж авч байгаагаар л хязгаарлагдаад. Yндэснийхээ эдийн засагт оруулж байгаа хувь нэмэр нь ганц архины vйлдвэрvvдээ дэмжиж байгаагаар л илрэнэ. Хаашдаа л тэр хуримтлагдсан мєнгє нь эргэлтэнд оруулахад цэцэг, шоколадны тєлбєрт гадагшаа гараад байгаа юм бол дотооддоо банкны актив болоод хэвтэж л байг л дээ. За за сайн мэдэхгvй зvйлээ бурж байж хvмvvсийн дургvй хvргэх нь. Монголоор дvvрэн байгаа эдийн засагчид нь эрхбиш энийг тооцоолж гаргаа л байлгvй.

За тэгэхээр Мартын 8-нийхаа асуудал руу эргэж орьё. Єнєєдрєєс эхлээд миний харьцсан ихэнх газрууд баярын уур амьсгалдаа орчихоод ажил хийж байгаа ч амьтан алга. Маргааш бvх нийтийн амралтын єдєр болохоор єнєє орой хаа сайгvй задгай архидалт болох байх. Маргааш шартсан зарим нь шараа тайлж, vлдсэн хэсэг нь бантсандаа ар гэрийнхнээ баярлуулах гэж жаахан явах байх. Нєгєєдєр ч баярын уур амьсгал бас сайн тасрахгvй байх. Яагаад гэвэл нєгєє гайтай баасан ахынх нь тєрсєн єдєр.

Ингээд бас дуусахгvй ээ. 10-аад хоногийн дараа эсрэг хvйснийх нь баяр болно. Уг нь Ардын Арми байгуулагдсаны баяр гэж явснаа сунжраад цэргийн баяр, сvvлдээ эр хvн л бол цэрэг болно гээд эрчvvдийн баяр, нєгєєх нь туйлшраад цэрэг эмэгтэйчvvдийн баяр хvртэл болоод явчихсан байх жишээтэй. Энэ нь Мартын 8-наасаа бараг илvv архидалт хавтгайралт болох байх.

Улс болгонд олон янзын баяр байдаг юм байна лээ. Манайх харин ч цєєхєн баяртай байж магад. Гэхдээ тухайн улсууд баярлах єдрєє баярлаж ажиллах єдрєє ажилладаг. Харин манайд бол нэг баяр л бараг долоо хоног сунжирна. Цагаан сар дуусаад сая бараг хоёр долоо хоног сунжирсан. Дээлтэй євєє эмээ нар золгуут хийгээд яваад л байна лээ. Одоо энэ хvйсний баярууд ч гэсэн нэлээн сунжрах байх.

Миний нэг бодол гэвэл бурхан (бvтээгч ч юм уу юу ч бай) хvнийг бvтээсэн. Бид хvн болж тєрсєндєє баярлаж явах ёстой. Тєрvvлсэн эцэг эхээ баярлуулах ёстой. Харин нэг нь эрэгтэй хvн болж хvvхэд хийдэг, нєгєєх нь хvvхэд тєрvvлдэг эмэгтэй хvн болсондоо баярлана гэдэг шал утгагvй. Энэний хажууд аавуудын єдєр, ээжvvдийн єдєр гэдэг бол байх ёстой vзэгдэл байх.

Эр эм хvн болж тєрсєндєє баярлах биш, хvн болж тєрсєндєє баярладаг нэг єдєр байдаг бол зvгээр ч юм шиг. Тэр єдєр хvн болгон бусад хvнийг хvндэлж хvн гэдэг утгаар нь харьцаж хаана ч болж байсан дайн байлдаан шvvх хурал нэг єдєр зогсож, хоригдлууд, эрхээ хасуулсан хvмvvс нэг єдєр бусад хvнтэй адилхан хэмжээнд харьдаг тийм баярын єдєр байгаасай.

Sunday, February 25, 2007

Бензин

Хvмvvний амьдрал гэгчийг юутай ч зvйрлэмээр эд вэ дээ. Гутрал, гуниг, харуусал, баяр, бахдал, жаргал бvгд хослоод л. Нэг сайхан симфони хєгжим шиг ч юм шиг. Эсвэл орой нь харагдахгvй уул єєдєє мацаж яваа ачааны тэрэг шиг. Єгсєж явах замд юм бvхэн тохиолдоно. Даваа бартаа, дардан зам, уналт. Харин зогсох газар байхгvй. Зогсох л юм бол хvнд ачаатай машин инерциэрээ ухардаг шиг хvний амьдрал тэр чигтээ ухраад эхлэх болно. Байнга л мац мац мац. Мацаж яваа машинд бензин хєдєлгєгч хvч нь болдог бол мацаж яваа хvнд сэтгэл хєдєлгvvр нь болдог ажээ. Муу бензин хийсэн машин тасалдаж хvч алдана. Харин сэтгэлдээ муу зvйл тээсэн хvний амьдрал тасалдаж эрчээ алдана.
Бурхан ч бай бvтээгч ч бай хvнийг энэ ертєнц дээр амьдруулагч нэгэн хvчин уул нь хvний сэтгэлийг цоо шинэ хир буртаггvй бензинээр шахаж єгєєд амьдралыг нь эхлvvлдэг бололтой. Эхээс тєрсєн хvvхэд муу муухай санаж явахыг хэн хаана харсан юм? Харин дараа дараагийнхаа бензин тvгээгvvр дээр зогсохдоо хvн-тэрэг маань сайн муу янз бvрийн бензин хийнэ. Тэр хэмжээгээрээ амьдралынх нь зам нь бартаатай шулуун янз бvр болж эхэлнэ. Муу бензин хийсэн “хулхи” ШТС-ийг ч хараалтай биш. Яах аргагvй байгаа хувь заяатайгаа эвлэрэн бvх хvчээ дайчлан цаашид мацахаас єєр замгvй. Хэрэв зогсох л юм бол ухарна. Ухран ухарсаар жалганд унаж л зогсоно. Жалганд унасан хойно буцаад дээш авирах гэж бvр илvv их шатахуун шаардана аль эсвэл зэвэрч элэгдэн хог болтлоо жалгандаа vлдэх болно.
Ингээд бодохоор бvх зvйл хvнээс биш харин шатахуун шахаж буй тvгээгvvрээс л шалтгаалаад буй мэт. Харин чи би бид бvгдээрээ бусдынхаа хувьд шатахуун тvгээгч нь болж єгдєгєє мэддэг бил vv? Бид хэн нэгнийг санаатай санаагvй ямар нэгэн байдлаар гомдоочихоод тvvнийгээ эргэж санадаг бил vv? Шатахуун шахуулсан нєхдvvд уруудаж єгсєн яаж явааг нь бид анзаардаг бил vv?
Нэгэндээ олигтойхон бензин шахаж байя л даа. Хvний нийгэм болж амьдарч байгаагаас л хойш хvн хvнээсээ л хараат амьдарна. Хог шаар дvvрэн бензинээр нэгнийхээ сэтгэлийг хордуулж хордуулчихаад уруудаад яваад єгсєн хойно нь “ээ чааваас сайн хvн байсан юм сан” гэж харуусах хэрэг юу билээ

Thursday, February 08, 2007

I have a dream

I have a dream Надад нэг мєрєєдєл бий. Би хэзээ нэгэн цагт миний хvv бусдын л адил арьсныхаа єнгєнєєс бус хийсэн хэргээсээ болж шоронд суух сайхан vе ирнэ гэж мєрєєддєг...” гэсэн Мартин Лютер Кингийн алдарт илтгэлийг мэдэхгvй хvн байхгvй биз. Энэ илтгэлийнхээ хvчээр мань эр хэдэн сая эрх нь боогдсон негрvvдийг бусдынх нь адил зиндаанд аваачиж чадсан. Мєрєєдєл гэдэг ийм хvч чадалтай гэж vv?

Миний уулзаж байсан ихэнх Америкчvvд єєрсдийнхєє амжилтыг єєдрєг vзэлтэйгээ холбон тайлбарлах дуртай. Холливудын киноны ихэнх нь Happy End гэж тєгсдєг нь ч vvнтэй холбоотой байх. Тэд єєрсдийгєє урагшаа харж сайн сайханд тэмvvлж амьдардаг хvмvvс гэж дvгнэдэг юм билээ. Одоохондоо би тэр мєрєєдлийн эх оронд нь очиж vзээгvй vнэхээр тийм байдаг эсэхийг нь мэдэхгvй ч миний одоо орчуулж байгаа номон дээр нэг ийм хэсэг гардаг.

... Судлаачид нийгмийн хєгжлийг сонгодог эдийн засгийн аргаар болон статистикийн аргаар судалж дvгнэдэг. Нэг хvнд ноогдох ДНБ, ажилгvйдлийн тєвшин, насанд хvрсэн эмэгтэйчvvдийн бичиг vсэгт нэвтэрсэн байдал гэх мэт. Энэ мэт статистикууд хэрэгтэй гэдэг нь нэгэнт батлагдсан. Гэвч vvнээс чухал бєгєєд хэмжихэд хэцvv нэг статистик байх ёстой гэж би боддог. Танай нийгэм мєрєєдлєєсєє илvv дурсамжтай юу? Дурсамжаасаа илvv мєрєєдєлтэй юу?

Мєрєєдєл гэдгээр би эерэг, амьдралыг тэтгэгч тэр хvчин зvйлийг илэрхийлж байгаа юм. Бизнесийн байгууллагуудын зєвлєх хийдэг Майкл Хаммер “Хэрэв ямар нэг компани болохоо байлаа гэвэл тэд урьд нь ямар сайхан байсан талаараа vглээд эхэлдэг. Улс орнуудын хувьд ч гэсэн адилхан. Чи єєрийнхєє байсан байр сууриа мартахыг хvсдэггvй. Танай улс 14-р зуунд мундаг байсныг чинь сонсоход надад таатай байна. Гэхдээ наадах чинь зєвхєн тэр vедээ л хvчинтэй. Харин одоо бол одоо. Дурсамж мєрєєдлєєсєє илvv гараад эхэлвэл тєгсгєл ойрхон байна гэсэн vг. Ямарваа нийгмийн амжилттай байх нєхцєл нь тvvнийг юу амжилтанд хvргэснийг санаж цаашид шинээр бvтээх чадалтай байхад оршино” гэж надад нэг удаа ярьж билээ....

Яагаад ч юм надад энэ хэсгийг Монголчуудад зориулсан юм шиг санагддаг. Бид 1990 он гарсаар бараг хуучин 13-р зуундаа эргээд очсон биш билvv. Мэдээж хэрэг их хааныхаа гавъяа, хvчит баатруудынх нь зориг ухааныг магтан дуулах нь буруу биш боловч энийгээ дурсан дурсан амьдраад байх шаардлага байна уу?

Монголчууд ихэнх нь гундуу байна. Шударга бус аргаар жаахан мєнгєжсєн нэг нь цээж дэлдэн жаргалтай харагдавч ерєнхийдєє нийгэм маань нэг л харанхуй. Настайвтар голдуу хvмvvс коммунизмийн vед, цаг сайхан байхад гэж ирээд л ярина. Арай залуу нэг нь Чингис хааны vед ийм байсан гэнэ лээ. Одоо нэг тэгдэггvй юм байх даа гээд л. Энэ бvхэн чинь аль эртээ єнгєрсєн асуудал. Бид нэгэнт сонголтоо хийсэн. Одоо эргэж буцах зам байхгvй урагшаагаа гэрэл гэгээ рvv тэмvvлж амьдрах л чухал.

Барбаярыг хvмvvс сайн мэдэх байх. Би бол энэ хvнийг багагvй хvндэлж бичлэгvvдийг нь уншдаг. Тvvний надад хошин шогийн мэдрэмж, зvйрлэлvvд нь аятайхан санагддаг боловч бичлэгийнх харанхуй єнгє нь л жаахан таалагддаггvй. (Гэхдээ би тvvнийг жинхэнэ амьдралаа биш фантазаа бичдэг байх гэж боддог. My real life fantasy гэсэн толгойтой байдаг болохоор) Тэртэй тэргvй нийгэм харанхуй байна. Тэрийг нь хvмvvст дахин давтан мэдэгдээд мєрєєдлийг нь унтрааж хаяад байх хэрэг байна уу? Энэ олон хvмvvс сєнєж байгаа усан онгоцноос дайжих харх шиг л эх орноосоо зугтааж байгаа нь ч vvнтэй бас холбоотой байх гэж боддог. Хаа сайгvй харанхуй, дээрээс нь сонин хэвлэл vvнийг нь бvр харлуулж хаяад хvнийг амьд явах ямар ч хvсэлгvй болгочихдог. Yvний оронд боол ч болтугай болоод єєр нийгэмд очиж гэрэл гэгээ рvv тэмvvлсэн юм харж vзэж сонсохсон гэж хvмvvс зорих нь арга ч vгvй биз.

Санаа сайн бол заяа сайн, амны билгээс ашдын билэг гэх мэт эртний vгс ч бас vvнтэй холбоотой байх. Сайн юм сэтгэж сайхан юм мєрєєдєж мєнгєгvй ч бай хамаагvй гэрэл гэгээд тэмvvлж яваа хvний амьдрал мєнгєтэй боловч юу хийхээ мэдэхгvй єнєє маргаашаа аргацаан амьдарч яваа нэгнийхээс арай жаргалтай байх болов уу.

Дунд сургуульд байхад манай Монгол хэлний багш биднийг мєрєєд гэж бараг загнадаг сан. Мєрєєдсєн мєрєєдлийн 20% нь биелдэг гэдэгт багш маань vнэн голоосоо итгэдэг бєгєєд “Та нар мєрєєд. Мєрєєдлєє зохион бичлэг болгон бич. Олон жилийн дараа тvvнийгээ уншихад зарим нэг зvйл нь заавал биелсэн байх ёстой” гэж сургадаг сан.

Бусдад бага ч атугай гэрэл гэгээ хайрлах vvднээс нийтээрээ мєрєєдєцгєєе л дєє. Ямар мєнгє тєлєх биш. Мєрєєдлєє биелvvлэхэд л харин жаахан хичээл зvтгэл шаардагдах байх.

Надад нэг мєрєєдєл бий. Эх сайхан Монгол орон маань хєгжин дэвжээсэй гэж би мєрєєддєг. Монгол гэдэг нэрээр овоглосон олон сайхан залуучууд энэ мєрєєдлийг минь биелvvлнэ гэж би бас мєрєєддєг. Тєрж єссєн Улаанбаатар хот маань дэлхийн жишгээр хєгжинэ гэдэгт би итгэдэг. Улаанбаатар хоттой маань ойрхон Монголын Силикон Валлей байгуулагдаж тvvнд нь олон олон монгол залуус гvрэн дамжсан аварга компаниудын ажлыг хийн байгалийн баялагаа биш оюуны чадавхиа экспортолдог цаг ирнэ гэж мєрєєддєг. Тэр vед би ч гэсэн байр сууриа эзэлсэн нэгэн болчихоод эцэг эхийнхээ ачийг хариулах гэж зvтгэж явах болно гэж бас мєрєєддєг...”


Monday, February 05, 2007

Хар дарсан зvvд

Урд шєнє ажил дээрээ нэлээн орой болтол сууж байгаад гараад алхаж явтал нэг согтуу нєхєр траншейны таг дэрлээд нам унтаж байна. Бусад vед нэг их тэгж байгаагvй юм байж юу болов гэмээр гэнэт сайхан сэтгэл хєдлєєд ядаж автобусны буудал бараадуулаад хаячихъя гэсэн шvv юм бодлоо. Харанхуй шєнє хоёр цагт энийг оруулаад тавьчих дулаан газар олдохгvй ядаж хvн амьтантай газар бараадуулвал цагдаа нь ч болтугай ирээд авчих байх гэж сэтгээд мєрнєєс нь татан сэрээх гэж оролдов. Нэвширсэн архи vнэртээд єнєєх чинь гэнэт єєдєєс шvдгvй ам гарган босож ирэнгvvтээ “чи ер нь яах гээд байгаан” гээд л гараа зангидан дайрдаг юм байна. “Ийшээ ахаа хvн амьтантай газар очьё” гэтэл харин єєдєєс “Чамд ямар хамаатай юм” гээд шулуухан цохиж авах нь ээ. Идэр есийн хvйтэнд хєлдvv тємєр дэрлээд унтаж байгаа амьтныг хvн бараадуулъя гэсэн сайхан сэтгэл рvv шууд архи цvл хийтэл цутгасанд уурандаа буцааж тvлхээд “тэгвэл тэгээд хєлдєєд vхэж байхгvй юу” гэчихээд цааш алхлаа. Дотроо бухимдаад боож vхэх нь ээ. Шал дэмий юм хийж байх юм гэж єєрийгєє хараагаад л. Тэртэй тэргvй гудамжаар дvvрэн согтуучууд євгєнтєє ч юм уу эмгэнтээ тэврээд тас vсрэн єєрсдийн диваажиндаа “ходий” гэгч нь амь зууж байхад би гэж тэнгэрийн элч гээд єєрийгєє бодчихсон нэг амьтан тэрэнд нь саад болж бусдын амьдралд орооцолдож явдаг таарч дээ хэмээн дотроо vглэсээр цаашаа УБ зочид буудлын ємнvvр алхлаа. Гэв гэнэт нуувчинд отож байгаад гарч ирэв vv гэмээр дэрхийтэл хэдэн талаас хvvхнvvд бvчээд авахаар нь арай л цочсондоо муухай хашгирчихсангvй. Єнєєдvvл чинь “явах уу” гээд л бvгд шалгаагаад унадаг юм байна. Ємнє нь энэ хэцvv нэртэй газрын талаар хангалттай сонсож байсан боловч єєрийн биеэр энэ хvн сvгнvvдтэй таарч vзээгvй байсан болохоор ихэд эвгvйцээд зугтаахын тvvс. Ядаж байхад нь эмэгтэй хvн гэж хэлэх шинж тэмдэг тэдэнд тун бага vлдсэн бололтой. Харанхуй шєнє бараг гэрэлтэж харагдатлаа зузаан тvрхсэн пудрийн цаанаас нэг авгай (лав 40 хvрсэндэг) би хєгшдєєд байвал энийг ав гээд арай залуувтар нэг хvvхэн рvv заах нь тэр. Yгvй ээ надаа ямар ч хvvхэн хэрэггvй гээд л дахиад боож vхэх шахан нэг чангахан орилж аваад цаашаа тvргэн тvргэн алхлаа. Resident evil кинон дээр гардаг Zombie нар хvн хєєгєєд л нэг сонин гэлдэрдэг шиг нєгєє хэд миний араас хэд алхсанаа тэгсгээд хоцров. Арай гэж нэг таксинд суугаад жаахан явж байтал зам дээр хоёр машин наалдчихаж жолооч нар нь бололтой хоёр нєхєр заамдалцаад авчихсан хажуунаас нь нэг хvvхэн нэг залууг нь цvнхээрээ дэлсэж єгч байнаа. Лав тэр хvvхэн согтуу байх шvv гэсэн юм бодсоор цааш єнгєрлєє. Нэг шєнийн дотор хангалттай бухимдсан болохоор бушуухан харьж дэр толгой нийлvvлье гэж бодоод орцондоо ортол дахиад л нэг согтуу. Орцны хана дагуулан бvр юу ч болж байгаагаа мэдсэн шинжгvй сарьж єгч байна. Нэгэнт сургамж авсан байсан тул дахиж єєртєє гай тарихыг ч хvссэнгvй хамраа дараад л хажуугаар нь чавхадчихлаа. Гэртээ орж дэр толгойгоо нийлvvлж аваад бодит ертєнцєєс тасрахын агшинд “олигтойхон хар дарвал энэнээс арай бага бухимдана даа” гэсэн бодол тєрєн алдав шvv.

Ээ хєєрхий нийгэм маань ийм байдаг. Над мэт нь худлаа хэнхэгтэж том том юм яриад ч vvнийг засах юу ч хийж чадахгvй. Засах гэж оролдлоо ч зарим нь зєвшєєрєхгvй. Тэгээд ч єнєє маргаашынхаа хоолны мєнгийг яаж олох уу гэж шаналж яваа над шиг оюутан юугаа ч єєрчлєх билээ дээ. Хvн хvнээсээ л хараат амьдардаг хорвоо юм болохоор эднийг хичнээн тоохгvй гээд ч амьдралд маань их бага хэмжээгээр орооцолдох л юм. Дээрээс нь хvн чанар гэх мэт...

Гадаадад байгаа хvмvvст дандаа хар талын мэдээлэл єгєєд байна гэж би их бухимддаг. Гэхдээ яаж ч чадалгvй бас нэг ийм заваан хар мэдээлэл цацчихлаа. Дараагийн удаа л арай гэрэл гэгээтэйхэн шиг мэдээлэл бичиж нутаг нэгтнvvдээ vргээлгvй татах арга хэмжээ авахыг бодьё доо.

Monday, January 29, 2007

Намайг март

Амраг минь чи намайг март
Алтан дэлхий дээрхи анхны учралаа ч март
Ахиад надтай учрах ёсгvй гэдгээ санаж
Амраг минь чи намайг яг одоо март

Зvгээр л чи намайг март
Зvvдэндээ ч гэсэн хайхаа боль
Зvггvй хувь тохиол чи бид хоёрыг учруулсан ч
Зєвхєн би л чинийх болох ёсгvй гэдгийг сана

Хорвоо дэлхий хэчнээн уужим болохыг
Хожмын учралууд хэчнээн олон болохыг
Хонгор чиний минь гэнэхэн нvд
Холдоод явсны минь хойно л харах болноо...

Tuesday, January 23, 2007

Бодь мєрийн зэрэг

Монголд ирээд удаагvй нэг ийм ном олж vзлээ. 30-д эрдэмтэн судлаачид Тєвд, Англи, Орос, эртний Монгол хэлvvдээс одоогийн бидэнд ойлгогдохоор хєрвvvлсэн болохоор их аятайхан. Орчуулагчид vvнийгээ Мартин Лютер Библийг эртний хэллэгээс ардын хэлэнд орчуулж байсантай жишин зvйрлэжээ. Ямартаа ч хэдэн жилийн ємнє Пvрэвбат гуайн гаргаж байсныг бодвол энгийн мань мэт ойлгохоор орчуулга болжээ. Зохиогчийн эрхийг “Гэгээрэлд хvрэх зам” гэдэг сан эзэмшдэг болохоор товчхон review хийхгvй бол copyright зєрчсєн хэрэгт унах вий гэж айлаа. Одоохондоо уншиж дуусах арай болоогvй байгаа боловч надад таалагдсан хэсгvvдээс товчхон сонирхуулъя.

“Хамаг амьтан жаргалан хийгээд жаргалын шалтгаанаас vл хагацах болтугай. Хамаг амьтан зовлон хийгээд зовлонгийн шалтгаанаас хагацах болтугай” хэмээн Бурхан Буддагийн ерєєснийг “хамаг амьтан жаргаг, жаргахдаа хийж байгаа бvхий л vйл нь дандаа зєв vйл байг, тэр зєв vйлvvд нь цаашид vргэлжлvvлэн жаргах шалтгаан болон бvрэлдэг, хамаг амьтан зовлонгvй амьдраг, зовлонгvй амьдрахдаа хожим хойно зовлонгийн шалтгаан болох буруу зєрvvгээс ямагт хол байг” хэмээн тайлбарласан байх юм.
Нисванис буюу сэтгэлийн гэм гэдэг нь муу бvхний vндэс болдог бєгєєд 84,000 нисванис байдаг гэж энэ номонд дурдсан нь бид ямар их муу муухайгийн дунд оршино вэ гэсэн бодол тєрvvллээ.
Там, бирд, муу заяа гэх мэтийг бодит, физик утгаар нь биш тєсєєллєєс vvдэн гарч ирэх сэтгэлийн мэдрэмжтэй холбож ойлгохыг бас орчуулагчид зєвлєсєн байна.

Номын агуулга маань уг нь гэгээрэлд хvрэх арга замыг заасан шинжтэй боловч ерєнхийдєє миний ємнє нь бичиж байсанчлан ихэнхдээ зєв амьдрахуйн ухаан ёс зvйн хэм хэмжээг бичсэн ажээ. Тухайлбал багш хvний ёс зvйг ингэж бичжээ:
Yргэлж завсаргvй номоо бясалгаж
Yлгэр жишээгээр мянгантаа нотолж
Yй олонд бясалган тvгээвч
Yнэндээ багш бол юу ч гуйхгvй

Ужиг євчтэй ч эм гуйхгvй
Унтмаар байсан ч хэвтэр гуйхгvй
Умдаасч єлслєє ч идэш гуйхгvй
Улаан нvцгэрсэн ч хувцас гуйхгvй
Улдаж тамирдсан ч унаа гуйхгvй
Учир нь багш шунах ёсгvй
Энэ нь уг нь гэгээрэлд хvрэхэд хєтлєх бясалгалын багшид л зориулсан мэт боловч ерєнхий багш гэдэг ухагдахуун нь хvнд юм сургахын тєлєє л хичээх ёстой гэсэн ёс суртахууныг давхар єгvvлсэн мэт. За ингээд олон vг нуршилгvй та єєрєє сонирхон уншина биз дээ.

Sunday, January 21, 2007

Гvндалай Эрvvл мэндийн салбарт шинэчлэл авчирсан уу

Монголд ирсэн чинь ер нь юм юм л болж байгаа бололтой. Саяхан аавын маань бичсэн энэ нийтлэл “Зууны мэдээ” сонин дээр гарсан байсан. Уншиж амжаагvй хvн байвал гэж бодоод тавьчихлаа.

Ойрмогхон телевизvvдээр миний гайгvй хvндэлж дотроо дэмжиж явдаг ЭНИХ-нийхний нэг тєлєєлєл буюу Батзандан гэгч “улаан хувьсгалч Дорж” царайтай нэг залуу мань Гvндалайг ємєєрч алдаж байнаа. Бас бус гайгvй сэхээтэн царайтай нэг хэдэн хvн тэгээд жирийн бас нэг хэдэн хvн, єнєє Эв нэгдлийн засгийн газрын сєрєг хvчин гэж єєрсдийгєє зарлаад мань Гvндалайн эрvvл мэндийн бодлогыг хагас дутуу ч гэсэн шvvмжлэх аядаад, миний дотроо арай шударгадуу талын улс гэж бодож явсан ИЗН ыхан хvртэл мань эрийг огцруулж болохгvй гэсэн мэдэгдэл гаргаж байна аа. Эд, маань ноён Гvндалайг их шударга, шударга vнэний цагаан тагтаа, энэ тэмцлийн манлайлагч, чухам Эрvvл мэндийн системийг сvйрлээс аврагч аятай юм яриад явчихсанд энэ системд насаараа хоол хороож яваа жирийн эмч, жирийн иргэний хувьд чухам гайхах харамсахын учир vзэг цаас нийлvvлж сууна.
Манай эрvvл мэндийн тогтолцооны сайхан муухай та бидэнтэй цуг урд vеэс євлєгдєж ирсэн, сvvлийн 16 жилийн туршид энэ тогтолцоонд хийх ёстой тун олон шинэчлэлийг цаг vед нь хийж чадаагvй,хэзээ ч улстєржиж болохооргvй энэ эмзэг салбарыг МАХН маань бусад бvх салбарын адил бараг багийн бага эмчийг хvртэл єєрсдийнхєє “тал”ын “найдвартай” хvнээр тавьж, боловсон хvчнийг ажлын чадвараар бус, танил тал ахан дvvс, єєрсдийн намын харьяаллаар сонгож,хувь хvний vзэл бодол аль нандин чанараа аяга хоол єчvvхэн албан тушаалаар зольж чаддаг бэртэгчдээр, нийгмийг, энэ системийг дvvргэсний горыг та бид єнєєдєр нийтээрээ амсч байгаа нь туйлын vнэн. Энэ горыг цаашид ч бид зовиуртайгаар ямар нэг хугацаагаар амсах л болно.Энэ муу тал муухай талыг, энэ системийн алдаа оноо дэндvv олон хvчин зvйлээр нєхцєлддєгийн хувьд Гиппократаас эхлээд эртнээс наашхи олон мэргэд, нийгэмд аль хор хохирол багатай талаас нь шийдэх гэж тулд эмчийн тангараг эмнэлгийн ёс зvйн кодекс мэт зvсэн бvрийн эрх зvйн хэм хэмжээг тогтоож иржээ. Yvний гол амин сvнс нь эрvvл мэндийн ийм эмзэг, хором цаг тутам, оношлогоо эмчилгээний нь чанар чансаа, хvнлэг ёс, єрєвдєн нигvvслэх, итгэл сэтгэл дээр ямагт суурилдаг салбарыг, эмч эмнэлгийнхнийхээ муу муухайг тvмэнд зарлан тунхаглаад байхын хирээр сайн сайхан болгож засаад, засраад байдаггvй, харин гомдоод бvр єшрєєд итгэл алдраад, хvнд сайн сайхан єєдрєгєєр хандаж явсан болгон руу нь ус цацаад ирэхээр, єнєє нийгмийн авах ёстой vйлчилгээ нь улам бvр дордоод байдгаас хvн тєрєлхтєн олон vеэрээ эмнэлгийнхний алдаа оноо муу муухайг, мэрэгжлийн хамт олон дотор нь хэлцvvлэхийн тулд л хvнлэг сэтгэлтэй нь тооцуулахын тулд л дээр хэлсэн эмчийн тангарагаас єгсvvлээд ёс зvйн элдэв хэм хэмжээг тогтоож байжээ. Уншигч та багшийн тангараг, мужааны тангараг нягтлан бодогчийн тангараг тогоочийн тангараг гэж дуулаагvй нь vvнтэй холбоотой. Бас эмчийн алдаа, муу оношлогоо, муу эмчилгээ болгон хорон муу санаан дээр vндэслээд байдаггvй, Анагаах ухааны бодит бололцоо эмчийн єєрийнх нь чадал, мэргэжлийн бэлтгэл гээд дэндvv олон зvйлтэй холбоотойгоос гадна хамгийн аймшигтай нь хамгийн их алдаж онож явж хамгийн сайн эмч болдог гэсэн суут Пирогов Бильрот нарын хэлсэн гашуун vнэнийг ч зєвшєєрєхєєс єєр аргагvй байдалд ордог ийм эмзэг асуудлуудыг эрхэм сайд Гvндалай vл ойлгон, системийн хэмжээнд засах оролдлого хийхийн оронд (энэ хvн тийм чадвартай хvн биш) эмх замбараагvй байдалд оруулж бужигнуулж системийн хамт олны итгэл сэтгэлээр тоглож, талцуулж, урам зоригийг нь хугалан тавитаргvйтэн дураараа авирлаж тєрд итгэх олны итгэлээр тоглов. Тэрээр эмнэлгийн алдаа дутагдалд гомдсон олны сэтгэл зvй дээр чадварлаг тоглож єєрєє ардын баатраар тодрох популизм хийв.Тэрээр нийтийн хэлцvvлэг, мэрэгжсэн яамны аппаратаа эс тоон зарчмын чанартай ганц ч зєв шийдэл олсонгvй. Тэрээр урдах хvмvvсийн ажлын нааштай vр дvн, гол концепци, бодлогуудыг зvгээр л хогийн саванд чихэж орхиод, хуульгvй дураараа авирлаж ирэв. Хувьсгалт намын болоод єєр хэнийг ч байлаа, ард тvмний намын хvмvvсээр солидог улигт компаничилсан солилт л хийв. Эрхэлсэн ажлын онцлогоос шалтгаалсан иргэний болоод улс тєрийн идэвхи хомс эмнэлгийн хамт олон “солисон ч дээрдvvлж солиосой” л гэсэн даруухан шаардлага тухай бvрд нь тавьж байсан. Гэтэл дагуулж ирсэн нєхдийн аль нь ч энэ шаардлагад нийцэж таараагvйгээс хамт олны урам хугарч итгэл алдарч, зvй ёсны эсэргvvцэлтэй алхам болгондоо тулж ирсэн. Энэ бас хууль ёсыг хэрхэн завхруулж болдогийг харуулсан vлгэр жишээ vзvvлэн болж ирлээ. Уг нь Эрvvл мэндийн салбарын сайдаар тохоон томилогдсон хэнбугай ч ажлаа авангуут боловсон хvчинд тавих бодлогоо тодорхойлж єєрийн шалгуураа зарлах ёстой байв. Тухайлбал ажил хэрэгч,мэрэгжлийн єндєр чадвартай,хамт олны жинхэнэ лидер, илэрхий улстєржєєд байдаггvй, тєрийн албан хаагчийнхаа байр суурин дээр єєрт оногдсон vvргээ яв цав гvйцэтгэн ажилладаг, аль ч нам эвсэлийн vед томилогдсон бай ажил хэрэгч чанараар нь хvний мєс ноён нуруугаар нь цэгнэн улсын, тєрийн ажилд тэр хvний мэдлэг оюун, ажлын туршлагыг авч ашиглах ёстой байв. Гэвч мань хvн тэгсэнгvй, санал зєрсєн нvдэндээ торсон, арай их тєсєв захиран зарцуулдгаас нь толгой дараалан халж эхэлсэн. Хамгийн анх Нэг, Хоёрдугаар эмнэлэг, Халдварт євчин судлалын тєвийн, ажил аваад бараг нэг жил болоогvй, гэхдээ ажлын эхлэл сайтай байсан гурван даргыг vгийн солиогvй сольж єєрсдийн хvмvvсээ томилсон. Шинээр томилогдсон дарга нар нь очингуутаа урд даргатай хамт ажиллаж байсан хvмvvсийг ямар ч vндэслэлгvйгээр халж солисон.Хамт олны сэтгэл зvй, итгэл зvтгэл, хууль ёс,тєлєвшиж эхэлж байсан ажлын эрvvл уур амьсгал бvгд алдагдсан. Халаа сэлгээ нэг хэсэг намжсанаа, Гvндалайн єєрийн нь хэлдгээр олны анхаарал єєр лvv нь ялигvй саараад ирэхээр дахиад л халгаа сэлгээг тодорхой цаг хугацааны дараа эхлvvлсээр тэр нь дахиад л хэрvvл тэмцлийг єрнvvлсэн эмх замбараагvй халгаа сэлгээг єнєєдєр болтол vргэлжлvvлж ирлээ.Yvнийг эрvvл мэндийн системийн шинэчлэл гэж эмч эмнэлгийн ажилтан бид хэзээ ч хэлж чадахгvй. Yvнийгээ мань сайд орой болгон телевизээр гарахдаа чухам л эрvvл мэндийн системийнхний идээ бээрийг шахаж байгаа байдлаар ярьж єєрийгєє сурталчилсан.
Гvндалайн телевизээр ярисан яриаг сонссон согтуу эрийн зvрх хєєрч байгалийн жамаараа тєрж чадахгvй байсан эхнэр хvvхдийг нь аврахаар кесерев хагалгаа хийн vхэл амьдралийн торгон ир дээр ач тач vзэлцэж байгаа эмчид, ил тод байдал эрх чєлєєгєє эдлэн хагалгааны нь єрєєнд дайран орж авилгач хvнд сурталтнаар нь дуудаж ид хаваа гайхуулах,зvй ёсны хэвтэх дарааллаараа явж байсан хєдєєний євчтєний “эрх ашгийг хамгаалж” халамцуу эр эмнэлгийнхнийг, олонд дуулдахаар чанга чанга хараан зvхэж, гутаан доромжлох, vйлийн vрээр туссан хvнд євчинтэй нь юу чаддаг болгоноо хэрэглэн хєлс хvчээ шавхан тэмцэж байгаа жирийн эмч нарыг “сайдынх нь телевизэр хэлсэн болгон”-оос иш татан дарамтлаж, юун хvнд євчтєн дээрээ дараагийн хийх эмчилгээгээ бодохтой манатай болтол сэтгэлээр унагах, ийм л маягийн реформ энэ системд нэг жил vргэлжиллээ. Улс тєрчийн хувьд єєрийгєє хvмvvсийн анхаарлын тєвд ямагт байлгах иймэрхvv тактик байж болох ч уг тактик нь нийт нийгэм хvмvvст дэндvv хэрэгтэй энэ системээр бvхэлд нь тоглож золиослох замаар нэг популист єєртєє “сайхан пиар” хийхийг ерєєсєє ч зєвшєєрч зєвтгєж болшгvй!
Эрvvл мэндийн сайдаар тохоон томилогдсон хэн боловч давын ємнє бодох тунгаах дараагийн асуудал бол манай эрvvл мэндийн систем ямар угшилтайг, сvvлийн 16 жилд юуг алдаж юуг оносныг, єнгєрсєн 8О гаруй жилд ямар ололт олж ямар тvвшинд хvрснийг, энэ том барилгыг хаанаас нь аль тоосгоноос нь эхэлж засч засварлахыг сайтар бодож, мэргэжлийн хамт олон, эрдэмтэн мэргэд, єєр намынх ч бай хамаагvй хуучин сайд удирдлага, ер нь энэ салбарыг мэддэг болгонтой зєвлєлдєж, хєгжил шинэчлэлийн тэр зєв гараа цэгийг сонгох ёстой байв. Гол концепци, хvрсэн тєвшнийг нурааж сандчаах бус, илvv улам сайжруулсан, хууль эрх зvйн болоод эдийн засгийн оновчтой олон олон хєшvvргvvдийг бодлоготой дэс дараатай хэрэгжvvлж єнєєгийн Монгол хєрсєнд таарсан Эрvvл мэндийн системийн эрvvл бvтэц, vйл ажиллагааг илvv дэмжин босгох ёстой байв. Гэтэл мань сайд тэгсэнгvй. Мэдээж энд мэдлэг мэрэгжил, ажлын туршлага, хvний тєлєвшил сох дутсан. Эхлээд мэрэгжилтнvvдийнхээ vгийг нэг хоёр удаа овоо сонсмоор аядсанаа энэ салбарын талаар мэрэгжлийн хэдэн vгтэй болоод ирэнгvvтээ єнєє муу системээ муу муухайгаар нь дуудан телевиз болгоноор єєрийгєє “ардын баатар” болгосоор Эрvvл мэндийн систем гэсэн єнєє муу “барилгаа” бvр ганхуулж улам салмайруулж орхилоо.
Эрvvл мэндийн систем єнєєдєр аймшигтайгаар унаж байна. Бvр том далайд живж буй том хєлєг мэт живж байна. Yvний горыг бид улам бvр улам хvнд арьс махан дээрээ алаг vр ахан дvvс дээрээ ялгаагvй амсах цаг ирж байна. Гагцхvv эзэмшсэн мэргэжил сэтгэл зvрхнийхээ дуудлагаар хvнийг хайрладаг, єєр ямар ч сайхан ажил санал болголоо “тэнгэрийн энэ хаяандаа тэмээчин эгэл заяандаа” дуртай, мэрэгжилдээ vнэнч хэдэн арван мянган эгэл даруу эмч ажилчдынх нь єдєр тутмын шагнал горилоогvй итгэл зvтгэл бvтээл дээр энэ систем инерцээрээ л салгалж явна. Гэвч тэд єєрсдийнх нь албаны амин чухал асуудлууд ЭМЯаман дээр нь хичнээн тєчнєєн сараар ямар ч шийдэлд хvрэлгvй ерєєсєє сєхєж ч vзээгvй байгааг, он гараад эмнэлэг нь ямаршуухан санхvvжилттэй, ямар ажил хэрэгжvvлэх гэж байгааг, єєрсдийн нь амь амьдрал залуу халуун насаа зориулсан энэ системийг хир єєдрєг ирээдvй хvлээж байгааг тєсєєлєх ч vгvй явна Тэд єдий болтол ямарваа нэг асуудал авч хэлцэхээр эрvvл мэндийн сайдын зєвлєл нь єнєєдєр болтол нэг ч удаа хуралдаагvйг, даатгалын шинэ хуулиар юу баримталж ажиллахаа ч, санхvvжилтын сайн биш гэхнээ муухан хувилбараа ч сайдын зєвлєлєєрєє эцэслэн хэлцэж шийдээгvй явна гэж даанч зvvдлээ vгvй явна.Тэд сайдынх нь телевизээр хэлсэн бодлогогvй vгс доромжлолоор гул барисан цадиггvй хvмvvсийн дайралт доромжлолд л булуулж явна.Уншигч тантай орой болгон телевизээр учирдаг эрvvл мэндийн сайд, ийм єєрчлєлтийг ийм замаар, ингэж хийхээр манай систем ийм болно, та нарт учирдаг зовлон бэрхшээл ингэж хєнгєрнє, vvний vр дvнд миний шvvмжлээд байгаа дутагдлууд ингэж арилна гэж “ажил” ярьж байхыг дуулсан уу? Ийм юм хийнэ гэсэн мєрийн хєтєлбєрийг нь сонссоно уу? Хий л дэвсэн хєєрсєн тvvндээ хэн нэгнийг заавал буруутгасан, ичдэггvй шар нvvрээ телевизээр харуулан байж бусдыг дайрсан буруутгасан, єєрийгєє дєвийлгєсєн, гэнэн царай vзvvлсэн, утга авцалдаа муутай реклам, сайндаа л бэлгэвч хэрэглэх хувийн туршлага энэ мэтэд ямар их цаг зарав аа энэ хугацаанд. Хавдарын эмнэлгийн томилгоо, Эрvvл монгол хvн хєтєлбєр мэтийг олон тvмэн эхлээд нааштай хvлээж авч байсныг vгvйсгэшгvй. Гэтэл Эрvvл монгол хvн хєтєлбєр нь л гэхэд зорилго чиглэл,хvн хvч хєрєнгє мєнгєний нєєц нь хvртэл ерєєс тодорхойгvй, Хэнтий аймгаас эхэлсэн болоод Хєвсгєлийн сонгуулийн хавсрага болоод дуусч байх жишээтэй. Гvндалайн хийсэн ажил гэж саявтархан єдєр тутамын нэг сонинд тєлбєртэй нийтлvvлсэн, єєрийн нь тєлєєний хvмvvс болох Нэгдvгээр эмнэлэг, Халдвартын эмнэлгийн дарга нарын нvvр дvvрэн нийтлэлд цаад зах нь 2О гаруй жилийн ємнєєс, молхи миний бие хvртэл 1О гаруй жилийн ємнєєс гар бие оролцож байсан vйл ажиллагааг хамруулан бичжээ. (Ичэхэд яанаа! Ихэнх хvмvvс нь єнєєдєр амьд сэрvvн байгаа ш дээ!)
Ийм байхад , энэ хvнийг энэ системээс яаралтай зайлуулмаар байхад,єнєє ард тvмний дуу хоолой гэгддэг Иргэний хєдєлгєєнvvд маань, та нар маань даанч яав!
Гайгvй шударга гэгддэг ИЗН, миний харьялагддаг АН маань ч гэсэн “сайдуудыг бєєндєх” ухааны юм яриад байгааг юу гэж ойлгох болж байна аа?
Энэ толгой эргэм, мэргэн тvргэн “улс тєр”єє тvр орхиод та бидний, ядахнаа vр хvvхдийн чинь єнєєдрийн “уушиг” болсон “амьд явах эрхтэй” маань салшгvй холбоотой Эрvvл мэндийн системээ аварья л даа!
Хойшид чинагшид Эрvvл мэндийн систем гэдэг энэ эмзэг тогтолцоог улс тєрийн тоглоом, золиос болгох, намчирхан талцах, энэ чиглэлийн боловсролгvй тавьтаргvй хvмvvсийн шоглоом болгодгоос vvрд ангижруулья л даа!
Энэ системд юм хийж чадах мэрэгжлийн чадалтай боловсон хvчин зєндєєн бий!
Намд биш тєрд ажиллаж чадах ийм хvмvvсийг энэ системд олж тавьж байя!
Харин намууд маань эндэх тэндэх угшилтай гэдгээр нь битгий “хордуулж” vзээрэй!


АУны доктор, дэд проф. Зэвэгийн Мэндсайхан 2ОО7.О1.О2