Эрхэм та бүхний өмнө цахим ертөнцөд мэндэлж буй Номун Далай хэмээх нэгэн айл өрхөө татаж, үүдээ нээж байна.
Дэлхийн өнцөг булан бүрт эрдэм, эрдэнэ өвөрлөхөөр тархсан Монголчууд бидэнд өнөөг хүртэл өөр өөрийн оршин суугаа улс оронд эх Монгол хэлээр хэвлэгдсэн ном сонин, оюуны бүтээлээс хүртэх боломж, таатай орчин үгүйлэгдсээр ирсэн билээ.
Өнөө цагийн Монгол түмэн та бидэнд эрдэм ухаанд суурилан хэрэгжих учиртай:
♦ хэл соёлоо хадгалж үлдэх, хөгжүүлэх;
♦ хүн төрөлхтөний соёлыг өөрийн соёлын өнгө онцлогоор баяжуулан чимэх хэмээсэн хос үүрэг оногдож буй хийгээд эл үүргээ эс биелүүлвээс
♦ гадаад улс орнуудад суугаа Монголчуудын хувьд эх хэлээ мартах, өв соёлоосоо алслагдах, гадны хэл соёлд аажмаар уусах;
♦ та бидний хэл соёлын үнэт зүйлсийг бусад улс орны ард түмэн утгачилан ойлгохгүйд хүрэх гэсэн мөн л хос түгшүүр хаалга дэлдэж буй нь бодит үнэн болжээ. Энэхүү хос түгшүүрийг арилгаж, үүргээ биелүүлэхийн гол учиг нь та бид аливааг тунгаан шүүж, зохист шийдэлийг гаргаж чадах оюуны бяр тэнхээтэй байх, түүнийгээ Монгол ухааны их далайгаас тэтгэн тэжээж байх явдал билээ. Үйл ажиллагаагаа эхлүүлж буй Номун Далай цахим дэлгүүрийн сүлжээ нь Монгол түмний энэхүү оюун далайг тэтгэн сэлбэх эрхэм зорилготой.
Номун Далай сүлжээг ажиллуулагч одоогийн бүрэлдэхүүн:
♦ Номун Далай сүлжээг санаачлагч, ерөнхий зохицуулагч Д.Сайнбаяр
♦ Номун далай сүлжээний Монгол дахь салбарын зохицуулагч П.Наранбаяр
♦ Номун далай сүлжээний Их Британи дахь салбарын зохицуулагч Д.Цэрэнбат
♦ Номун далай сүлжээний Япон дахь салбарын зохицуулагч M.Тулгат
Номун Далай цахим дэлгүүрийн үйл ажиллагаа
Номун далай цахим дэлгүүр нь одоогоор Чикаго, Улаанбаатар, Лондон, Токио хотуудад төвлөрөн үйл ажиллагаагаа явуулж буй бөгөөд холбогдох цахим хуудсуудад борлуулагдаж буй ном, сэтгүүл болон бусад бүтээгдэхүүний захиалга, төлбөр тооцоог Монгол, Англи, Япон хэл дээр цахим хэлбэрээр хүлээн авч, тухайн улс орнуудад буй салбаруудаас түгээх, шуудангаар хүргэх үйл ажиллагаа явуулж байна.
Одоогоор АНУ, Канад улсад ном борлуулах http://us.mongolianbooks.com, Их Британид ном борлуулах http://eu.mongolianbooks.com/, Японд ном борлуулах http://japan.mongolianbooks.com хуудсууд нь өөрсдийн номын боломжит нөөцөөрөө үйл ажиллагаагаа эхлүүлээд байна. Монгол дах салбар нь үйл ажиллагаа явуулж эхлээд буй салбаруудынхаа захиалгын дагуу хэвлэлийн газар, зохиолч, уран бүтээлчидтэй гэрээ хийж, бөөнөөр нийлүүлэх үйл ажиллагааг голчлон хийж байна.
Бид уншигч танд Монголын цаг цагийн оюуны сор бүтээлүүдийг хүргэхийг ямагт хичээн ажиллахын зэрэгцээ, таны эрэлт хэрэгцээ, санал сэтгэгдэлд тулгуурлан цахим дэлгүүрийн сүлжээгээ байнга боловсронгуй болгон сайжруулахын төлөө ажиллах болно. Биднийг дэмжих, хамтран ажиллах сонирхолтой хэн бүхэнд бидний үүд хаалга байнга нээлттэй.
Бидэнтэй хамтран ажиллагчид:
Интерпресс хэвлэлийн газар
NEPKO Publishing
Цахим Өртөө Холбоо
ЭМОС клуб
Алтангадас сэтгүүл
Даяар Монгол сонин
Компьютер Таймс сэтгүүл
Замдаан сэтгүүл
Таван Цагариг - Америкт сэтгүүл
Дэмжигчид:
Бүгдээрээ.мн
Bi-Bid.com
Vimо - Virtual Mongol
Ganzorig Consulting
HamagMongol.net
Mонгол Соёлын Төв
MongolianArtist.com
MongolMedee.Net
Orloo.com
Цахим Өртөө сүлжээ
Ингээд Номун Далай - Монгол номын цахим дэлгүүр интернэтийн цахим ертөнцөд мэндэлж буйг ёслол төгөлдөр тэмдэглэхийн сацуу эрхэм Таныг манай дэлгүүрийн сүлжээнд тухлан саатаж оюуны хэрэгцээгээ хангахыг урьж байна.
Номун Далай сүлжээний хамт олон
www.mongolianbooks.com
www.mongolnom.net
5 comments:
Өрсөлдье
(2007.02.07)
ЯРГУЙН ХУВЬСГАЛЫН ХОЁР ДАХЬ ҮЕ ЭХЭЛЛЭЭ
-Иргэний холбооны гүйцэтгэх хорооны гишүүн, эдийн засагч Д.Жаргалсайханы “Иргэний форум”-д тавьсан илтгэлийг уншигчдын хүсэлтээр нийтэлж байна-
“Эх орноо таны төлөө юу хийж чадахыг биш, харин та өөрөө эх орныхоо төлөө юу хийж чадахаа асуу”. Цицерон м.э 63 онд, Ж.Кеннеди түүнээс 1900 жилийн дараа
Иргэд ээ!
Та бидний, төвлөрсөн эдийн засгийн тогтолцооноос зах зээлийг зорин гарсан их нүүдэл сунжирч байна.
Нүүдлийн эхэнд эд хөрөнгийг эзэнтэй болгох, хувиараа аж ахуй эрхлэгчдийг дэмжих, хэдэн зуугаар хэмжигдсэн үнийн хөөрөгдлийг барих зэрэг эдийн засгийн ерөнхий асуудлыг шийдэх хэрэгтэй байсан. Нэг талаас улсын хөрөнгийг буруу, зөв аргаар хувьчилсны үр дүнд, нөгөө талаас олон зуун хүн бизнес эрхэлсний үр дүнд Монгол Улсад хувийн хэвшил үүсэн хөгжиж, эдийн засагт зонхилох болсон.
Засаглалаас эдийн засгийн ерөнхий бодлогод анхаарч баялаг, үнэ цэнэ бүтээх суурь болсон компани, салбарын түвшинд бизнесийн орчныг анзаарсангүй. Чөлөөт өрсөлдөөний орчин нийслэлийн утаа шиг харанхуй болжээ. Зөвхөн засаглалд ойрхон хүмүүс тод хардаг учир бизнес төр рүү хошуурч байна. Пад харанхуй хотод зөвхөн захиргааны байшин л гэрэлтэй байна.
Эдийн засгийн менежмент царцаж, эрч хүчтэй өсч байгаа хувийн хэвшлийн шаардлагыг хангахгүй, дэмжин туслахын оронд саад болж байна.
Их нүүдэл хөдөлж эхэлсэн араагаа сольж чадахгүй хурдаа нэмэн орилж байгаа хуучин машинтай адил болжээ. Сүүлийн хэдэн жилд дэлхийн зах зээл дээрх алт, зэсийн үнэ огцом өсч, Монгол Улс ашигт малтмалын газрын зураг дээр улам тодорч, түүнийг дагаад газрын лицензийн наймаа цэцэглэн, далд эдийн засаг хөгжихийн хэрээр энэ машин улам бүр ээрэн орилж, мотор бүх чадлаараа зүтгэсэн ч газар хороохгүй байна.
Засаглал хэрэглэсэн бензин болон дардан замын тухай, жолоочийн цалинг нэмэгдүүлсэн тухай өөрийгөө магтаж байна. Иргэд бидэнд хэдэн төгрөг зарсан нь биш, үр дүн чухал. Одоогийн үр дүн бол дарга болсон нь хулгайлан баяжиж, ард түмэн нь ядуурсанд л байна. Ард түмэн туйлдаж, хүүхдүүд өлсөж байна.
Дараагийн араагаа залгаж өрсөлдье. Өрсөлдөх чадвартай болъё. Монголын бараа, үйлчилгээ, монгол ажилчин, мэргэжилтэн, Улаанбаатар хот, Монгол Улс эхлээд хөршүүдтэйгээ, дараа нь бүс нутагтаа, яваандаа дэлхийд тодорхой салбарт өрсөлдөх зорилго өөрөө бидний зөв зам болно. Энэ талаар бидэнд сурч, судалсан зүйл их байгаа. Чуулганы зорилт, дэгийн хүрээнд тодорхой гурван зүйл дээр тогтож ярья.
Нэг. Улаанбаатар хотын өрсөлдөх чадвар
Ёс зүйн хувьд бүрэн дампуурсан засаглал, тэдний үйл ажиллагааны хоцрогдсон арга хэлбэр Улаанбаатар хотын эрч хүчтэй хөгжил, түүнийг дагаж байгаа олон хурц асуудлыг шийдэхийн оронд, хамгийн том шаврын хаалт болж байна.
Хот, дүүргийн удирдлага авлига, улс төрийн намуудын дээд удирдлагын барьцаанд хүлэгджээ. Албан тушаалын томилолт өмнөх удирдлагын гэмт үйлдлийг нуун дарагдуулах хэрэгсэл, улс төрийн шагнал болж, улмаар орон нутгийн удирдлага хамаатан садан, танил, найз, хоосон яригчид, ажилд саад бологч, ашиг хонжоо хайгч тохиолдлын хүмүүсээр дүүрч байна.
Иргэддээ үйлчлэх ёстой хот, дүүргийн удирдлага иргэдээ хуурч, тэдний өмч хөрөнгө, газрыг нь хуйвалдан завшиж, бүр амь насыг нь хутгалан хороож байна.
Нийслэл хотын удирдлага иргэдийг хамгаалах биш, харин иргэдийг тэднээс хамгаалах цаг ирлээ. Улаанбаатар хотын иргэдийн өмнө яаралтай шийдэх асуудал олон байна. Та бид бохир агаараар хордож , хог хаягдалдаа дарагдаж, ундны усаар гачигдаж, харанхуй гудамжинд бүдчин амьдарч байна. Ихэнх маань гэрт байдаг бөгөөд жил бүр дөчин мянган хүн нүүн ирж нэмэгдэж буй учир хотжилтоо хөдөөжилт нь давж байна.
Энэ олон асуудлыг шийдэх суурь арга бол хотын гэр хорооллыг орон сууцаар солих ажил юм. 150 мянган айлын орон сууц барих ажил эдийн засаг, нийгэм, соёлын томоохон өөрчлөлт, их үсрэлт болно. Энэ агуу төслийг гэр хороололд амьдарч байгаа өрх бүр хашааныхаа газрыг байраар солих зарчмаар хийж болох бөгөөд энэ төслийг хамтран хэрэгжүүлэхийг Улаанбаатарын нийт иргэддээ Иргэний холбоо уриалж байна.
Хотоо хоймроосоо цэгцэлье. Баян хошуу, Долоон буудлаас эхлээд гэрт байгаа бүх иргэд гудамж хороогоороо нэгдэн хоршиж орон сууц, сургуулиа, нийтийн үйлчилгээний газар барих, орчноо тохижуулах нэгдсэн төлөвлөгөө өөрсдөө хийх хэрэгтэй байна. Сургалт, дадлага хийгээд өөрсдөө барилгаа барья. Та ажилтай, бас байртай, хот утаагүй болно.
Монголын архитекторууд, инженерүүд, мэргэжлийн хүмүүсийг энэ санаачилгыг дэмжихийг бид уриалж байна. Бүх оролцогчид хувьцаа эзэмшсэн корпораци байгуулж болно. Энэ ажлыг авлигагүй хийх учир зардал багасч, тэр хэмжээгээр үнэ хямдарч, Эрээний ам метр нь 200 долларын байртай өрсөлдөнө. Өнөөдөр орон сууцны үнийн гуравны нэг нь газрын авлига, янз бүрийн зөвшөөрөл авах хахуульд явж, түүнийг та төлж байна. Яагаад хотын даргаар ахлуулсан газрын зуучлагч нарт олон сая долларын хахууль өгөх ёстой юм бэ?
Тухайн байршил, барилгын ажлын хурд харилцан адилгүй учир үйлчилгээ, барааны санхүүжилтэд нөлөөлөх болно. Үүнийг орон сууцны хоршоодууд хоорондоо өрсөлдөн зохицуулна.
Засгийн газар оролцож байгаа бүх төслийг дагаад тухайн газар нутагт хөгжил цэцэглэл ирдэг ёстой. Их Хурлын ордныг яагаад Баянхошуунд барьж болохгүй гэж. Ордныг дагаад шинэ барилгууд, шинэ зам, бусад дэд бүтэц орж ирнэ.
Улаанбаатараа бид утаагүй, цэвэрхэн, ногоон, дэлхийн хотуудын жишигт хүргэж чадна. Та бид хөдлөхгүй бол хэн ч хөдлөхгүй юм байна.
Газраа байраар сольё.
Хоёр. Бизнесийн өрсөлдөх чадвар
Жолоо барьж буй засаглал хөдөлгүүрээ зөв залж, компаниудаа цагт нь эргэлтэд оруулах учиртай. Гэтэл засаглал өөрөө бизнест оролцож, өрсөлдөөний утгыг алдуулж байна.
Ерөнхийлөгч ашигт малтмалын салбараас орж байгаа орлогын хэсгийг хүн бүрт тэнцүү хуваах санал гаргаж, түүнийг Засгийн газар маргааш нь тогтоол болгочихлоо.
Төр засаг та бидний хөрөнгийг, бүтээсэн зүйлийг тарааж өгөхдөө үнэхээр мэргэшиж байна. Засгийн эрх барьж байгаа намууд ард түмнийг архиар, мөнгөөр угжиж байгаа нь зарим үндэстний эмгэнэлт түүхийг санагдуулж байна. Хятадууд манжуудыг архи, мөнгө, албан тушаалаар угжиж, олон эхнэртэй болгож байгаад алга болгосон. Европчууд Америк тивд очоод индианчуудад архи, мөнгө өгсөөр байгаад аажмаар устгаж, газар нутгийг нь авсан. Үлдсэн цөөхөн нь нутаг заагдаж /резервац/ бүх төрлийн тэтгэлэг авч, үнэгүй хоол, архи, тамхи хэтрүүлэн хэрэглэж байна.
Индианчууд ганцхан бизнес хийдэг нь казино. Монголын төр өөр салбарт ажлын байр бий болгохын оронд нинжа нарт, нинжа амьдралыг нь хуульчлах төлөвлөгөөгөө гүйцээчихвэл монголчууд өөрөө өөрсдийгөө индиан болгож байгаа хэрэг.
Амьдралынхаа эзэн болох хамгийн гол нөхцөл бол хөдөлмөрлөх эрх гэдгийг монголчууд дөнгөж ойлгож, олон мянгаараа дэлхий дээгүүр ажил хайгаад явж байхад Саарал ордон хүүхэд бүрт, шинэ гэр бүлд, одоо бүх хүнд бэлэн мөнгө өгч байна. Их мөнгийг шууд гар дээр гэнэт тараавал хэрэглээний барааны үнэ огцом өсч, ядуу хүмүүсийн амьдралд эсрэгээр нөлөөлдөг. Эрх баригчдын дахиад хуулбарлаж эхлээд байгаа Орост ч ингэж бэлнээр өгөөгүй.
Зүй нь бол энэ хөрөнгийг бизнесийн өрсөлдөх, бүтээх чадварыг өсгөхөд оруулбал Монгол Улсад илүү өгөөжтэй болно. Орлогын тодорхой хэсгийг бодитой төслүүдэд зарцуулж, аль нэг бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нарийвчлан судалж, олон улсын зах зээлд арилжаалах хэмжээнд хүргээд худалдаж чаддаг судалгаа шинжилгээний, ашгийн бус байгууллага “Монголын бүтээмжийн сан” ч юм уу байгуулж болох юм.
Монголын хувийн секторт судалгаа шинжилгээний ажил дутагдаж, шаардлагатай боловсон хүчин, санхүүгийн эс үүсвэрийг нэг компанийн түвшинд төвлөрүүлж, салбарын төвшинд зохион байгуулж чадахгүй байна. Жишээ нь: Монгол ямааны ба сарлагийн сүүний бяслагийг олон улсын зах зээлд гаргах гэх мэт ажлыг хэлж байна.
Бизнесийн өрсөлдөх чадварыг сулруулж байгаа бас нэг хүчин зүйл бол хүний нөөцийн асуудал. Эх оронд нь ажлын хүч дутагдаж түүнийг гадаадаас авч байхад, монголчууд хэдэн зуун мянгаараа гадаадад ажил хайж, төр засаг түүнд нь зуучилж, дарга нар зуучлах эрхийн төлөө байлдаж байгаа нь өрөвдөлтэй.
Хөдөлмөрийн зах зээл дээр эрэлт нийлүүлэлт таарахаа байлаа. Их, дээд сургуулиудаас жилд 120 гаруй мянган залуус төгсч байгаа ч дөнгөж тавны нэг нь ажил олж байна. Гэтэл Монголд өрлөгчин, засварчин, гагнуурчин, өрмийн машинч хэрэгтэй байна. Их сургуульд ороогүй бүх хүүхдийг техник мэргэжлийн сургалтанд хамруулах, үйлдвэрлэл дээр дадлагажуулах, энэ ажилд оролцсон компаниудыг урамшуулах, улмаар ажилчин хүний нэр хүндийг дээшлүүлэх шаардлагатай байна. Монгол барилгачин хятад барилгачнаас илүү байх бүх боломж бий шүү дээ.
Барилгын салбарт импортоор авч байгаа материалуудыг орлуулах, дотооддоо үйлдвэрлэвэл хэмнэсэн валютаа боловсон хүчнээ бэлтгэх, бусад үйлдвэрлэлийн хүчин зүйлээ боловсронгүй болгоход зарцуулж болно.
Гурав. Засаглалын менежментийн өрсөлдөх чадвар
Засаглал өөрөө хөгжлийг өдөөгч, чиглүүлэгч, тохируулагч байх учиртай. Үүний оронд төр, Засгийн газар, яам, агентлагийн болон аймаг, сум, хот, дүүргийн хэмжээнд удирдах болон гүйцэтгэх боловсон хүчнийг мэдлэг чадвар, удирдлагын туршлагаар нь өрсөлдүүлэх биш, аль нэг улс төрийн намын даржин даргын хувийн шалгуураар авч байна.
Компаниуд төр засгаас дэндүү их хамааралтай байгаа учир Монголын томоохон хувийн компаниуд төрөлжихийн оронд өргөжих бодлого баримталж байна. Тэд хүч чадлаа шинийг бүтээх, санаачлахад биш, өөрийгөө төр засгийн эрсдэлээс хамгаалахад зориулж байна. Тэд төр засагтай нягт холбоо тогтоох, болж өгвөл өөрийн хүнээ засаглалд шургуулах, түшмэлүүдэд шууд ба шууд бус хандив өргөх замаар наад зах нь өөрийгөө хамгаалах, цаашилбал том бага тендерт шалгарахад л санаа бодлоо төвлөрүүлж байна.
Албан тушаалыг худалдан авах гажиг үзэгдэл нийгэм, бизнесийн салбарт хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээ, сонгуулиас сонгуульд эрч хүчээ авдаг өрсөлдөөн боллоо. Сайд нар албан тушаал ямар үнэтэйг өөрсдөө ч ярьж байна.
Засаглал өөрөө үйлчилгээ бөгөөд түүнийг хийж байгаа хүмүүс сайн үйлчилгээтэй компанитай адил чадалтай, мэдлэг туршлагатай хүмүүс /технократууд/ байх ёстой.
Өрсөлдөөнийг орон нутгийн засаглалд нэвтрүүлэх, улсын хөрөнгө оруулалтыг өвлийн өвгөн шиг бэлэглэхийн оронд аймгуудыг өрсөлдүүлж, хамгийн хурдан өгөөжтэй төсөлд оролцуулбал жинхэнэ өөрчлөлт гарна. Тухайн орон нутгийнхан юугаар өрсөлдөж чадахаа Сангийн яамныхнаас хэдэн арав дахин илүү мэдэхгүй гэж үү.
Салбарын яамны төрийн нарийн бичгийн дарга ч гэсэн мэргэжлийн менежер байх ёстой. Жишээ нь: Эрүүл ахуйн шаардлагыг хангаагүй барааг хилээр оруулахгүй байх ажлыг технократ хүн бол өрсөлдөөнтэй хамтран шийдэж болно. Үнэхээр бүх шаардлага хангасан, баталгаатай хүнсний хэдэн дэлгүүр ажиллуулахад л бүх худалдан авагчид татагдаж, муу бараа тэртээ тэргүй авахгүй болно
Өрсөлдөөн ямар ч яам, сайдаас хэдэн арав дахин хямд, хурдан зохицуулж чадна.
Засаглалын менежментийг өрсөлдөөнтэй болгоё. Ажлаа хийж чадахгүй байгаа орон нутгийн удирдлагыг огцруулж, өөрчилж чадах шаардлагатай байна.
Монголд чадалтай боловсон хүчин байгаа шүү дээ.
Иргэд ээ!
Бид оюун ухаан, хүч чадлаа хуйвалдах, хуваах, бусдаас гуйхын оронд хийх, бүтээхэд зориулъя. Бид бүтээмжээ нэмж, шударгаар өрсөлдөж чадвал энэ сайхан, баян нутагтаа хүн шиг амьдрах болно.
Дарга нар аа! Чадахгүй бол ядаж саад битгий болооч ээ.
Улаанбаатарт хүчилтөрөгч, Монголд шударга өрсөлдөөн хэрэгтэй байна.
Монголдоо сайхан амьдаръя.
Та бид чадна.
Та бүхэнд ийм сайхан ажил эхлүүлж байгаад баяр хүргэе.
Оогоо одоо ямар ном орчуулах санаатай байна, саяны номын орчуулгаараа бас эрч хүч ороо биздээ. олон сайхан ном орчуулж өгөөрэй.
Амжилт хүсье.
http://au.mongolianbooks.com
Post a Comment