Стэнфордын их сургууль 2005 оны 6 сарын 12
Дэлхийн хамгийн шилдэг их сургуулиудын нэгний төгсөлтийн баярыг ийнхүү нээх болсон нь миний хувьд нэр төрийн хэрэг билээ. Би өөрөө коллеж төгсөж чадаагүй нэгэн. Яг үнэндээ энэ бол миний хувьд их сургуулийн төгсөлтийн баяр дээр анх удаагаа ирж байгаа тохиолдол маань. Өнөөдөр би та бүхэнд амьдралынхаа гурван сонирхолтой хэсгээс ярьж өгье.
Би Рийд коллежид 6 сар сурсны эцэст хаяад дахин элсэж 18 сар болсны дараа бүрмөсөн гарсан юм даг. Би яагаад сургуулиа хаясан бэ?
Энэ бүхэн намайг төрөхөөс өмнө эхэлжээ. Миний төрсөн эх залуухан коллежийн оюутан ганц бие эмэгтэй намайг төрмөгц үрчлүүлэхээр шийдсэн байв. Тэрээр гэхдээ хамгийн гол нь намайг коллеж төгссөн боловсролтой гэр бүлд үрчлүүлэхээр хатуу шийдэж нэгэн хуульчийн гэр бүлд намайг төрөнгүүт өгөхөөр бүхнийг зохицуулсан байлаа. Гэтэл яг намайг төрөх үед тэд гэнэт охин хүүхэд үрчилж авахаар шийдэх нь тэр. Ингээд хүүхэд үрчлэх гэр бүлийн жагсаалтанд байсан миний одоогийн эцэг эх рүү шөнө дунд хүүхэд үрчлэлтийн агентлагаас залгаж “Бидэнд нэг эрэгтэй хүүхэд байна. Танайх авах уу” хэмээн асуужээ. Тэд ч “Мэдээж” хэмээн хариулж. Харин төрсөн эх маань бүр сүүлд нь одоогийн ээжийг маань коллеж төгсөөгүй, харин аав маань бүр ахлах сургууль ч төгсөөгүй нэгэн болохыг олж мэджээ. Тэрээр үрчлэлтийн гэрээнд гарын үсэг зурахаас татгалзсан боловч одоогийн ээж аав маань намайг том болсон хойно заавал их сургуульд оруулна гэсэн амлалт өгснөөр зөвшөөрсөн юм гэнэ лээ.
Ингээд 17 жилийн дараа би их сургуульд орлоо. Даанч би хэтэрхий гэнэн загнаж бараг л Стэнфорд шиг үнэтэй коллеж сонгон ажилчин ангийн ээж аавын маань насаараа хураасан мөнгө зөвхөн сургуулийн маань төлбөрийг төлөхөд л зарцуулагдаж байгааг мэдэв. Зургаан сарын дараа надад энэ бүхэн ямар ч ач холбогдолгүй санагдаж эхлэв. Би амьдралдаа юу хийх гээд байгаагаа мэдэхгүй байсны дээр коллеж үүнд маань яаж туслахыг ойлгохгүй байв. Тэгсэн мөртлөө би ээж аавынхаа насаараа хураасан мөнгийг дэмий үрж байлаа. Ийнхүү би сургуулиа хаяхаар шийдэж өөрийгөө бүх юм сайхан болно гэдэгт итгүүлэхийг хичээв. Тэр үедээ баахан түгшүүртэй санагдаж байсан боловч одоо эргээд харахад энэ бол миний амьдралдаа хийсэн хамгийн зөв шийдвэрүүдийн нэг байжээ. Сургуулиасаа гармагц надад ямар ч сонирхолгүй санагддаг байсан хичээлүүддээ суухаа байж харин илүү сонирхолтой хичээлүүдээ сонгон хийж эхлэв.
Энэ бүхэн тийм ч аятайхан биш байлаа. Дотуур байрны өрөө байхгүй болсон тул найзуудынхаа өрөөгөөр шалан дээгүүр хоноглож байв. Ундааны шил цуглуулж 5 центээр буцааж өгөн хоол авч иднэ. Ням гариг бүр хот дундуураа 7 миль газар алхаж Хэйр Кришнагийн сүмд очиж ганц гайгүй хоол үнэгүй олж иддэг байв.
Даанч эцэст нь надад өөрийн сонирхол, зөн совингоо дагаж ийнхүү бүдэрч явах маань ямар ч утга учиргүй зүйл болон хувирч эхлэв. Нэгэн жишээ гэвэл:
Рийд коллеж тухайн үедээ хамгийн сайн калиграфийн (бичмэл бичлэгийн хэлбэр) курстэй байлаа. Кампусын (сургуулийн эдлэн) хаа сайгүй наасан зарлал, анонс, зураг бүхнийг гараар үзэсгэлэнтэй нь аргагүй калиграфдсан байдаг байв. Би сургуулиасаа гарчихсан хийх ажилгүй байсан тул Калиграфын курст сууж яаж ингэж бичдэгийг сурахаар шийдэв. Би сериф, санс сериф бичлэгийн хэлбэр, янз бүрийн үсэгний хооронд ямар янзаар зай авах зэргээр калиграфийг юу ингэж гайхалтай харагдуулдагийг сурав. Энэ бол үзэсгэлэнтэй, эртний хийгээд урлагийн нарийн мэдрэмж шаардсан байгалийн шинжлэх ухаан дангаараа хийж чадахааргүй эд байлаа.
Энэ бүхэн ирээдүйд миний амьдралд ямар нэгэн практик ач холбогдол өгнө гэсэн итгэл огтхон ч төрөхгүй байлаа. Гэвч арван жилийн дараа бид анхны Макинтош компьютерийг угсарч байх үед энэ бүхэн надад хэрэг болсон юм. Бид Мак-д калиграфийг яг л тэр чигээр нь загварчилсан. Мак бол анхны олон янзын бичлэгийн хэлбэр бүхий компьютер байлаа. Хэрэв би тэрхүү калиграфын курст суугаагүй байсан бол Мак олон янзын бичлэгийн хэлбэр, пропорциональ харьцаатай үсгийн фонтгүй байх байсан юм. Виндөүс яг тэр чигт нь Мак-ийг хуулсан учир одоогийн бараг л бүх персонал компьютер эдгээр фонтгүй байх байсан биз... Мэдээж хэрэг коллежид байх тухайн үед би хоорондоо уялдаа холбоогүй энэ бүхнийг урьдчилан харах боломжгүй байлаа. Харин бүтэн арван жилийн дараа эргэн харахад энэ бүхэн тодоос тод санагдаж байлаа.
Дахин хэлэхэд хоорондоо холбоогүй зүйлсийг чи урдаас харж таньж чадахгүй. Гагцхүү эргээд харахад чинь л тэд ямар нэгэн байдлаар холбогдсон байх болно. Тийм болохоор одооны учир холбогдолгүй бүхэн чинь ирээдүйд хэрэг болно гэдэгтээ итгэ. Өөрийнхөө зөн совин, хувь тавилан, амьдрал, үйлийн үр юу байдаг юм тэр бүхэндээ итгэ. Энэ зарчим миний хувьд хэзээ ч буруудаж байгаагүй бөгөөд амьдралд минь гарсан бүх л томоохон өөрчлөлтийг хийсэн юм даа.
9 comments:
urgeljilel ni ? :D
Сайхан орчуулжээ. Үргэлжлэлийг нь дариу оруулаарай гэж гуйвал хэтэрхий даварсан хэрэг болохгүй гэж найдна.
:)
Keep going!
Хүний амьдрал гэдэг туршлагын цуглуулга юм даа. Сайхан илтгэл байна.
Тиймээ хүн өөртөө л итгэлтэй байх хэрэгтэй.Ийм сайхан нийтлэл оруулсан Отгонпүрэвдээ баярлалаа. Үргэлжлэлийг нь хүлээж байна. ;)
End videog n amidaar n uzne uu:
http://www.youtube.com/watch?v=RtbJM9ksxo8
2-r heseg n bas baina:
http://www.youtube.com/watch?v=DLl59Q2GuC0
ovoo muu gar shuu tee
Hun bolgon tuuniig urguj avsan aav eej shig dandaa commitment-daa hurdeg bol tee?
Post a Comment