Monday, November 13, 2006

Єнгєрсєн долоо хоног

Сvvлийн vед блогуудыг ажаад байхад блог болгон эзнээ илтгэсэн єєрийн гэсэн хэв шинжтэй байх юм. Мэдээж хэрэг загвар дизайн єєр байх нь ойлгомжтой л доо. Утга агуулга, бичиж байгаа сэдвийн хамрах хvрээ, бичлэгийн хэлбэр гэх мэт бvгд эздээ ямаршуу хvн бэ гэдгийг харуулах ажээ. Дєлгєєн, Наранбаяр хоёр харин vvнийг их гоёоор хот айлтай зvйрлэсэн байна билээ. Нээрээ л єєрсдийн давтагдашгvй хэв шинжийг агуулсан хvн бvрт олдож буй эрх чєлєє нь болохоор арга ч vгvй биз. Хот айлаар бол ч миний блог нэг vхэр малынхаа баасыг цэвэрлэж шинэчилдэггvй орсон гарсан гийчдэд аяга амт муутай цай амсуулмар аядаад явуулдаг нэг тиймэрхvv л айл болж байгаа шинжтэй. Янз бvрийн сатаарах юмс ихтэй, дээрээс нь байнгын интернет холболт байхгvй гэх мэтээр єєрийгєє жаахан худлаа ємєєрєхєєс. Нэг хэсэг блогийнхоо хажуу бєєрєнд блогчидийн холбоос хаягийг хийж тавьсан боловч тэр нь долоо хоног болгон шинэчилж байхгvй бол шинэ блогчидийг гомдоочих гээд байгаа юм шиг санагдаад эхийг нь эцээж тугалыг нь тураахгvйн vvднээс бvгдийг нь аваад хаячихлаа. Тэртэй тэргvй ихэнх уншигч олонтой блогууд энэ талаар хангаттай мэдээлж байгаа байх гэж найдаад гэх vv дээ.
За энэ чинь би юу бичих гэж байгаад хадуурчихлаа гэхээр аан тийм єєрийн гэсэн хэв шинжтэй блог гэдэгт миний бичиж байгаа стиль сvvлийн vед єєрт нэг л таалагдахаа байчихаад хvмvvст шинэ соргог юм єгєхгvй байгаа юм шиг санагдаад жаахан стил жанраа єєрчилж vзье гэж бодлоо л доо. Бичсэн зvйлсээ уншихаар Р.Чойномын
Дундуур шингэнтэй лонх
Булгиж хэлбэлзэх дуртай.
Дутуу эрдэмтэй хvн
Бусдыг дvгнэх дуртай гэсэн 4 мєр санаанд ороод байх юм. Учиргvй л хvн амьтан шvvмжлэхээс биш єєрєє шинэ соргог хийсэн юм алга байна гэж дvгнэлээ. Гэхдээ ихэнх нь миний хэдэн жилийн ємнє бичиж байсан зvйлс болохоор тэр vед ингэж бодож байж дээ хэмээн дахиад єєрийгєє уучлахаас. Харин одоо єнгєрсєн долоо хоногоо тоймловол:

Найзынхаа тєрсєн єдрєєр бєєнєєрєє явж “Departed” гэдэг Холливудын кино (Миний таамаглаж байгаагаар шинэ гарсан кино байх) vзлээ. Ямар нэгэн гvн гvнзгий утга санаа байхгvй, олон юм бодож шаналах хэрэггvй зvгээр л 3 цаг сэтгэл догдлуулсан акшн. Леонардо Ди Каприо, Матт Даймон, Алек Болдвин гэх мэт гол дvрийн 7 жvжигчин нь лав нэлээдгvй алдартай жvжигчид байна лээ. Би бусдынх нь даанч нэрийг нь мэдэхгvй юм. Хэн нь жинхэнэ цагдаа, хэн нь жинхэнэ криминал болохыг ялга гэсэн слогантай гангстер цагдаа нарын тэмцлийн харуулсан энэ киног би бол лайтай л гэж дvгнэнэ. Францис Костелло хэмээх насаараа мафийн толгойлогч хийсэн євгєн жоохон хvvгийн эцэг эхийг нь алж єєр дээрээ єсгєж байгаагаар кино эхэлнэ. Єсгєсєн хvv нь болох Матт Даймон цагдаагийн сургууль тєгсєж цагдаа болоод Костеллогийн нууц мэдээлэгчээр ажиллах ёстой. Харин гангстер гэр бvлд єссєн ч цагдаа болох чин хvсэлтэй Леонардо Ди Каприог цагдаа нар удам судраар нь доромжлон vнэхээр цагдаа эсэхийг нь шалгах гэж Костеллогийн мафид шургалуулна. Энэ хоёрын хэн нь илvv авхаалжтай хэн нь илvv муу санаатайгаас шалтгаалж киноны тєгсгєл шийдэгдэнэ. Кино эхлэхэд Францис Костелло (жvжигчнийх нь нэрийг даанч санадаггvй) “Би амьдарч буй нийгмийнхээ бvтээгдэхvvн нь биш, харин амьдарч буй нийгмээ єєрийнхєє бvтээгдэхvvн болгомоор байна” гэсэн утгатай vг хэлдэг нь надад хамгийн их таалагдсан. За тэгээд vлдсэнийг нь та єєрєє vзнэ биз.
Харри Франкфурт гэдэг хvний On Bullshit гэдэг номыг авч уншлаа. Чин vнэнийг хэлэхэд юу ч ойлгосонгvй. Нэрнээсээ авахуулаад л доторх нь хvртэл надад єєрєє Bullshit санагдчихлаа. Миний ойлгосноор манай нийгмийн деморализац бидэнд дэндvv их Bullshit бий болгож байна л гэсэн утгатай юм болов уу даа. Зохиогч нь Принстон Их Сургуулийн философийн багш, номондоо баахан энд тэндхийн хvмvvсийн бичсэн юмийг иш татаж шvvмжлээд ядаж байхад тэдгээр иш татсан бvтээлvvдийг нь мэдэхгvй болохоор бvр сонирхолгvй санагдчихлаа. Дахиж л бэстсэллэр гэдэг vгэнд хууртахаа болъё. Надаас арай ухаантай хvмvvс л авч уншиж ойлгодог юм шиг байна.
1994 онд С,С++, ассемблер дээр бичигдсэн Дос дээр ажилладаг нэг мундаг тоглоом оллоо. Би уг нь РС тоглоод байдаггvй л дээ. Бvр хийх юмгvй vедээ л жижиг сажиг ганц нэг тоглоом харна уу гэхээс. Тэгтэл энэ тоглоомонд бvр орчих нь ээ. Хоёр єдєр хоёр шєнє суугаад сvvлдээ ядаргаанд орох нь гэж айгаад болилоо. Гvрэн дамнасан аварга авиа компаниудын єрсєлдєєний тухай тоглоом юм. Чи нэг компаний CEO-р очиж єєрийнхєє бааз хотыг сонгон тухайн тивдээ нислэг vйлдэж эхэлнэ. Хийж буй нислэгvvдээ амжилттай болгохын тулд долоо хоногийн хэдэн єдєр ямар онгоцоор ямар vнэтэй хийх вэ зэргийг бодох ёстой. Yйл ажиллагаа чинь жигдрээд эхэлвэл шинэ хотууд руу нислэг хийхээр хэлэлцээр хийх болно. Єєрийнхєє ямар ажилтныг аль хот руу хэлэлцээрт явуулах, єрсєлдєгч компанийхаа нутаг дэвсгэр лvv ороход ямар менежментээр ажиллаж байж ашиг олох, шинээр гарсан технологийг яаж хурдан ашиглах уу, энд тэнд болж байгаа улс тєрийн байдал event-vvдийг хэрхэн єєртєє ашигтайгаар эргvvлэх vv, гэнэтийн аюулаас яаж хамгаалж онгоцнуудаа шинэчилж байх уу, нислэгтэй холбоотой аялал жуулчлал гэх мэтийн ямар бизнесийг давхар хєгжvvлж болох уу гэх зэргээр яг л дотор нь байгаа сэтгэгдэл тєртєл хvнийг улайруулдаг тоглоом байна. Би ингэж байгаа юм чинь бизнес хийдэг менежментийн хvмvvс бол энэнээс болж амьдралаа хаяж ч магадгvй санагдлаа. Дараа сул сервер олдвол татаж авахаар тавинаа. Гадуур нэг их байхгvй байх тэгээд ч хэмжээ багатай юм чинь. Харин зураглалыг нь та хараад 1994 он шvv дээ л гэж бодоорой.
Энэ долоо хоногийн хамгийн том vйл явдал гэвэл аав маань олон улсын хуралд суухаар Дэлид ирж байгаа явдал. Аавтайгаа уулзах гэж Дэли явах билет хайгаад цаг нь тулсан гээд олддоггvй бажга авлаа шvv. Элдэв бусын юм болж байж арай гэж нэг юм sleeper ангиллын вагоны билет л бараг хоёр нугарсан vнээр оллоо. Уг нь манай общая вагон л доо. Даанч сууж байгаа хvмvvс вагоных нь заваан хоёр л хэцvv. Гэхдээ аялал хvнд хэцvv тусмаа надад хєгжилтэй дурсамж ихтэй юм шиг санагдаад байдаг юм. Ямар ч байсан удаан уулзаагvй аавдаа vнсvvлэхийн тєлєє бол 30-аад цаг алгаа ташиж мєнгє нэхдэг манингууд, нvд рvv чичилж байгаад цайгаа зардаг наймаачидтай цуг явах бол энгийн л асуудал байна. Энэ удаагийн аялалаар харин нэгмєсєн дэлхийн долоон гайхамгшийн нэг Таж Махал vзэж нvдээ баясгаад далай ламын суудаг Дарамсала орж мєргєж сэтгэлээ ариусгачихаад ирнэ дээ. Нийт бараг 5000 км тэнэж ирээд явсан газрынхаа сонингоос бєєн бєєнєєр нь тантай хуваалцах болноо.

No comments: