Monday, July 13, 2009

Оюу толгой & Media business

За ингээд наадмын маргааш намар гээд шууд хамаг газар ажилдаа ороод эхэлж байх шив. Оюу Толгойн гэрээний талаар өнөөдрөөс дахиад хэлэлцэж эхэлж байх шиг байна. Энэ тухай нэг их мэддэг хүн шиг том том яриад байж ч юух вэ. Гэхдээ Д.Энхбат гишүүнтэй twitter-р харилцсан яриагаа энд тавилаа.

enkhbat: ОТ гэрээг хэлэлцэж байна

otgonpurew@enkhbat Болж байгаа процессийг сайн ойлгохгүй байгаа ч 34 хувийг Монголын тал мөнгөөр худалдаж авах ёстой юм уу?

enkhbat@otgonpurew "Зээл+хүү" төлж авна. 1.7 тэрбум $ -ийн зээлээр.

otgonpurew@enkhbat Таны бодлоор хэр зөв зүйтэй гэрээ болсон бэ? Олон талаас олон янзын мэдээлэлд даруулаад толгой эргээд байна?

enkhbat@otgonpurew 1.7B$ зээл авч 34% эзэмших, мөн татварын хөнгөлөлт үзүүлэхийг дэмжихгүй. Бид 20% -г үнэгүй авч,татвараа 100% авах боломж байсан.

enkhbat@otgonpurew Нэг компанид зориулан татварын хуулиа өөрчлөх зөв үү ? Баялгийн эзэн 15-20% үнэгүй авах нь дэлхийн бизнесийн практик

otgonpurew@enkhbat Энэ тал дээр та ганцаардах болов уу? Тантай санал нийлж байгаа гишүүд хэр олон байгаа вэ?

enkhbat@otgonpurew Мөн бид бүх компанид адил нөхцөл өгөх естой. Энэ бол мөн л зах зээлийн чухал зарчим шүү дээ

otgonpurew@enkhbat Санал нийлж байна. Үүнийг гол нь олон нийтэд яаж хүргэх ёстой вэ? Мэдээллийн хэрэгслүүд бол захиалгаар толгой угаачихаад байна

enkhbat@otgonpurew Сэтгүүлчид төрөлжиж мэргэшээгүй учир улс төрийг сумо тайлбарлаж бгаа мэт бичдэг. Бас захиалгаар. Сайн блогчид/columnist хрэгтэй


Мэдээллийн хэрэгслүүд захиалгаар толгой угаагаад байна гэдгийг би учиргүй баримт үндэслэлтэйгээр нотолж чадахгүй. Гэхдээ энэ яриа болж байх өдөр буюу 7 сарын 9-ний өглөө ньюс.мн-ий топ мэдээн дээр ОТ гэрээг эсэргүүцсэн жагсаалын тухай бичиж тэнд ярилцаж байгаа сэдвүүдийн талаар нийтэлсэн байсан бол ердөө ганцхан цагийн дотор өнөө мэдээгээ ор мөргүй алга болгож оронд нь Айвенхоу Майнзын дэд ерөнхийлөгчийн ярилцлагыг тавьсан байлаа. Нэгэнтээ Баабар ах хэвлэл мэдээллийнхэн нийтэлсэн зүйлийнхээ төлөөд биш харин нийтлээгүй зүйлийнхээ төлөө дарамталж мөнгө олдог гэсэн байсан. Танай байгууллагын тухай ийм мэдээлэл ирчихлээ тавих уу яах уу гэж байгаад л оронд нь сурталчилгааных нь мөнгийг авч өнөө мэдээллээ авч хаядаг нэг иймэрхүү систем ажилладаг байж магадгүй юм. Нэлээн дээхнэ бас olloo.mn дээр G Mobile-н тухай нэг мэдээ нийтлэгдээд удаагүй байснаа өнөө мэдээ нь алга болоод оронд нь G Mobile-н баннер гарч ирж харагдсан. Ардчилсан нийгмийн хамгийн үнэт зүйл мэдээллийн нээлттэй, ил тод байдал гэж хаанаас ч билээ уншиж байсан санагдана...

Thursday, July 09, 2009

Би төрөө дээдэлдэг

Анх Берлинд сурч байхад хөл бөмбөгийн фенүүд тухайн дэмждэг багийнхаа логотой ороолт малгайгаар ижилсээд бөөнөөрөө явж байгааг хараад сүрддэг байж билээ. Харин тэгтэл дээхнэ бичиж байсан бичлэгээс маань санаа авч танил ах хүү маань сонирхолтой бүтээгдэхүүн хийсэн байна.
Монголчууд бид эртнээс төрөө дээдэлж ирсэн уламжлалтай ард түмэн. Төрийн толгойд хэн байх нь хамаагүй, төрт ёс, уламжлал заншил хадгалагдан үлдэх ёстой гэж би лав боддог. Тиймээс хэчнээн харийн эрхшээлд орсон ч "Төрийн сүлд минь өршөө" хэмээн эцэг өвгөд маань залбирч байсан биз.
Төрийнхөө сүлдийг улсынхаа баяр наадмаар дээдлэн хүзүү мөрөндөө зүүж Монгол хүн болж төрснөөрөө бахархахад тань энэ ороолт их хэрэг болно гэдэгт итгэлтэй байна.


Гадуур худалдааны цэгүүдээр 3500₮-ээр зарагдаж байгаа гэсэн. Хэрэв бөөнөөр авах болвол 88114047 утсаар холбогдоорой.

Sunday, July 05, 2009

Limp Bizkit

Муу хүн байх ямар хэцүүг
Мөнхөд гуниглаж явах ямар хэцүү гэдгийг хэн ч мэдэхгүй...

Хүн бүхэнд адлагдаж
Байнга худлаа ярьж явах хувь заяатай байх ямар байдгийг хэн ч мэдэхгүй...

Гэхдээ миний мөрөөдөл ухаан санаа шиг минь хов хоосон биш ээ
Би гав ганцаараа цагийг өнгөрөөдөг ч
Хайр сэтгэл минь хэзээ ч чөлөөлөгдөхгүй өшөө хорсол билээ...



Teenager байхадаа дагаж уярдаг байсан ганц хамтлаг минь Европоор аялан тоглолт хийж яваа юм байна. Гоцлол дуучин Fred Durst -ийг дуурайж тэр үед NY-тай улаан малгай буруу харуулж өмсөөд л явдаг байж билээ. Fred Durst -ийн twitter хаяг: http://twitter.com/freddurst

Monday, June 22, 2009

Twitter

Хэдэн сарын өмнө twitter дээр уг нь өөртөө эрх нээсэн юм сан. SNS ашиглах дургүй залхуу надад бүгдэд нь нэг нэг бүртгэл байхаас шинэчилж байсан удаагүй. twitter-ийг ч байдаг л нэг SNS-ээс илүүд тооцож үзэж байсангүй.
Харин өчигдөр орой CNN хараад хэвтэж байтал АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон Иранд болж буй үйл явдлын талаар twitter ашигласан энгийн ард иргэд цэргийн хүчээс илүүтэйгээр маш шуурхай мэдээлэл түгээж байна хэмээн ярьж байх юм. Гэнэт сэтгэл хөдлөөд өнөөдөр мартсан нууц үгээ сэргээж аваад twitter account-аа идэвхижүүлж авлаа. Зөндөө Монголчууд байдаг юм байна. Ямар ч байсан ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын гишүүн З.Энхболд, Д.Энхбат, Х.Тэмүүжин гэсэн олонд нэртэй хүмүүс байхаас гадна блогчид ч цөөнгүй байна. Блог дээр тавьчихад багадаад байдаг товчхон мэдээллийг олонд шуурхай хүргэдэг microblogging гэдэг гайхалтай хэрэгтэй эд ажээ.

Миний twitter хаяг: http://twitter.com/otgonpurew

Хиллари Клинтоны яриа

Sunday, June 21, 2009

“ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН”-ГИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2009 оны 268 дугаар захирамжаар Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт 670 га газарт “ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН” байгуулахаар шийдвэрлэсэн.
Зорилго, ач холбогдол:
• Энэхүү цэцэрлэгт хүрээлэнг байгуулахад нийслэлийн нэг иргэнд ногдох ногоон байгууламж 6 м2 байгаа бол 12 м2 болон 2 дахин нэмэгдэнэ.
• Сая гаруй хүн амтай нийслэл Улаанбаатар хотод иргэдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх спорт, амралтын цэцэрлэгт хүрээлэн байгуулах
• Нийслэлийн агаарын бохирдол өвлийн улиралд байх ёстой хэмжээнээс 5 дахин их байгаа бөгөөд нийслэлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх замаар агаарын бохирдлыг бууруулах
• Хүн ам ихээр суурьшсан дэлхийн нийслэл хотуудын жишигт нийцсэн Үндэсний цэцэрлэгт хүрээлэн байгуулах.
• Улаанбаатар хотын цэвэр усны нөөцийг хамгаалах
Байршил: Олимпийн гудамж, Маршалын гүүрнээс зүүн тийш Баянзүрхийн гүүр хүртэл Туул голын хойд хөндийд 670 га талбай
Зохион байгуулалт: Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг Монгол Улсын нийт иргэд, байгууллага, аж ахуй нэгжийн оролцоотойгоор байгуулна. Тус цэцэрлэгт хүрээлэнгийн нь зөвхөн ганцхан жилийн дотор баригдах бус 5 жилийн турш баригдах томоохон бүтээн байгуулалтын ажил тул 20 гаруй тэрбум төгрөг шаардлагатай.
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн эхний ээлжийн ажил буюу 150 га талбайн төлөвлөлтийг хийсэн төдийгүй 2009 онд нийт 55 га талбайд мод, бут, сөөг тарьж ургуулах, хамгаалалтын хашаа, төв хаалгыг барих ажлууд хийгдэнэ. Тус ажилд зориулж Нийслэлийн 2009 он төсвийн тодотголоор 1 тэрбум төгрөгийг төсөвлөсөн.
“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” сангийн данс: Улаанбаатар төрийн сан банк 200051063 тоот данс
Хамтран ажиллагчид тавих санал: Цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалтанд оролцон дэмжлэг, туслалцаа үзүүлсэн аж ахуй нэгж, байгуулага, иргэдийг хөрөнгө оруулалтанд оруулсан хувь нэмрийг нь үнэлж
-Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн лого бүхий талархал, батламжийн цом, бэлэг дурсгалын зүйлсийг олгох
- Нэрсийг төв хаалганд байрлах дурсгалын самбарт хүндэтгэн байршуулах
- 1 сая төгрөгнөөс дээш “Хүрэл мод”,
-10 сая төгрөгнөөс дээш “Мөнгөн мод”,
- 30 сая төгрөгнөөс дээш “Алтан мод” бүхий хүндэт өргөмжлөл, дурсгалын зүйлсээр урамшуулна.
Хэрэв тухайн аж ахуй нэгж, байгууллага, хувь хүмүүс хүсвэл өөрсдийн нэрэмжит бичил цэцэрлэгийг байгуулах боломжтой. Хандивын мөнгөн дүнгээс хамаарч мод тарьж коджуулан эздэд нь хүлээлгэн өгөх, хувь хүн албан, байгууллага, анги хамт олон, гэр бүл бологсод өөрсдийн модтой болох, хайртай хүмүүстээ бэлэглэх зэрэг олон талт үйл ажиллагааг зохион байгуулна.
Хэрэгжүүлэгч байгууллагууд
• Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын алба
• Нийслэлийн барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газар
• Улаанбаатар Бизнес Хөгжлийн төв

Та өөрийн хамтран ажиллах саналуудыг "Ногоон дэлхий" багт хандан тавихыг хүсье
8811-1816, gantulgat at gmail.com, Y!: swissbank1
Та бид хүссэн орчиндоо амьдрахыг хүссэн хүсэлдээ нэмэр оруулах боломж байна, таны ч гэсэн хүсэл...

Sunday, June 07, 2009

Хулгай

Өчигдөр орой зурагт хараад хэвтэж байтал Цахирмаа гэдэг киноны трэйлер явж байна. Сүрхий компьютер график ашигласан л кино хийгээд байгаа бололтой. Хамгийн дургүй хүрсэн зүйл гэвэл миний ганц дуртай киноны ганц дуртай ая болох Clint Mansell - Requiem for a Dream -ийг фонон дээр нь тоглуулж байх юм. Ичдэг болоосой. Трэйлэр дээрээ л ашиглаад жинхэнэ кинон дээрээ ядаж ингэж хүний юм битгий хамаагүй ашиглаасай. Би лав нэг иймэрхүү кино учиргүй зөвшөөрөл авч байгаад энэ аяыг ашиглаж байгаа гэж бодохгүй л байна.

Sunday, May 24, 2009

Eagle TV Bravo!

Урьд шөнө бараг унталгүй ТВ үзлээ. Ноднин 7 сарын 1-нийг эс тооцвол ингэж зурагт үзсэн тохиолдол бараг байхгүй байх аа. Хэдэн монгол сувгуудыг эргүүлж тойруулсаар байгаад сүүлдээ аль суваг нь хэд дээр гардагыг цээжлэхээ шахлаа. Ямартаа ч миний үгээ хэлэх ганц талбар болох блогоороо дамжуулж Eagle TV-ийн хамт олонд үнэн сэтгэлээсээ баярлалаа гэж хэлмээр байна. Сэтгүүлзүйн норм, норматив ямар байх ёстойг би үнэндээ мэдэхгүй ч үзэгчийн хувьд аль нэг талыг бариагүй, дундуураа элдэв фактгүй, сэтгүүлчид нь цэгцтэй үг хэллэгтэй, үзэхэд үнэхээр урамтай байж чадсан ганц ТВ бол Ийгл гэдгийг л хүлээн зөвшөөрлөө.
NTV уг нь шинэлэг арга барилаар нэлээн үзсэн боловч үнэхээр техник тоног төхөөрөмж ч муутай, сэтгүүлчид нь ч шинэ бололтой, үг яриа нь цэгцрээгүй арай л биш байлаа.
TV5, TV9 зэрэг телевизүүд шөнө МАХН ялж байна гэхэд баахан мэдээлэл цаг тутам урсгаад байснаа өглөө 6 цагт АН мэдээлэл хийснээс хойш бүрэн таг болж амьтны ертөнц, аэробик зэрэг нэвтрүүлгээр эфирээ аргацааж гарлаа.
Хамгийн харамсалтай нь бидний татварын мөнгөөр амьдрагч телевиз болох хамгийн мундаг тоног төхөөрөмж, хамгийн сайн сэтгүүлчидтэй МҮОНТВ шөнөжин концерт харуулж байгаад өглөө АН мэдээлэл хийснээс бараг цагийн дараа нэг иймэрхүү юм боллоо гэж хальт харуулаад концертоо үргэлжлүүллээ.
Юутай ч шинэ сумогийн аварга, шинэ ерөнхийлөгчтэй шинэ долоо хоног сайхан эхэлж байнаа...

Thursday, May 21, 2009

Өөрчлөх үү?

Сонгууль харин ч нэг туйлширч хүн болгон хуваагдлын дээд цэгтээ хүрээд байх шиг. Ойр дотныхонтойгоо хүртэл энэ сэдвээс болж санал зөрөлдөөд нөгөө хүнээ гомдоочихгүйн тулд дотроо бухимдаад л өнгөрөх тохиолдол олон юм. Бушуухан дуусч санаа амраагаасай.
Миний хувьд угтаа энэ хоёр хүний хувь хүнийг нь биш зүгээр л зарчим ярьмаар санагдах юм. Аль аль нь надад таалагддаггүй, худалч хулгайч хоёр л нэгнийхээ мууг дуудаад байгаа юм шиг санагддаг. Мөрийн хөтөлбөрүүд нь ч гэж утопи популизм талдаа ихэвчлэн. Нийгмийн халамжийг л баруун солгойгүй цацна гэсэн хоёр ид шидтэн. Харин яг очих ёстой хүндээ тэр халамж нь очиж байгаа эсэхийг зах дээр өөрийнхөө зорсон модон тоглоомыг зарж суугаа 80 гарсан өвгөнөөс асуугаад үз. Эсвэл ирээдүйн шоронгийн атман болж бэлтгэгдэж байгаа траншейны хүүхдүүдээс асуугаад үз.
Харин өнөөгийн нийгэмд байгаа шударга бус, муу муухай бүхнийг солих цаг болсон гэдэгт л би итгэлтэй байдаг. Хэдийгээр шударга гээч үгэнд хэмжигдэхүүн байхгүй энэ нь юуг ч тодорхойлж болох бөөрөнхий утгатай боловч дараах зүйлст өнөөгийн соёлт нийгмийн гишүүн ямар ч хүн эгдүүцнэ гэдэгт итгэж байна.
1. ХЗХ-ны бүүм. Миний санахаар 2002 онд ХЗХ-ны хууль гарснаар эдний луйвар хэрээс хэтэрсэн. Логикоор бодоход өгч чадахааргүй өндөр хүү амалж баахан амьтан луйвардчихаад эргээд хэдхэн жилийн ял аваад инээгээд гарч ирж байгаа нөхдүүд. Энэ хүмүүс жишээ нь 7 сарын 1-нд нэг компьютер тэврээд гарсан нөхрөөс нийгэмд хэр их хохирол учруулсан бол?
2. Эд нарт итгэж байдгаа гөвүүлсэн гэх нийгмийн нөгөө хэсэг. Зарим нь ч мэдлэг мэдээлэлгүйгээсээ болж алдсан биз. Зарим нь бол миний ойлгосноор шуналаасаа л болж алдсан. Энэ хүмүүсийн хохирлыг шуналгүй байсан мань мэтийн татвараар төлж барагдуулна. Тэгсэн мөртлөө өнчин хүүхдийн, өндөр настны асрамжийн газрын төсвийг багасгах нь хэр шударга бол?
3. 7 сарын 1-д тэр олон амьтан бужигнаж байхад хэн хэн чулуу шидэж хэн хэн ямар хохирол учруулав гэдгийг олж тогтоогоод гэрээс нь хүртэл баривчлаад өчнөөн жилийн ял өгчихсөн мөртлөө буу сум нь хүртэл бүртгэлтэй байдаг хүчний байгууллагын хэн нь тушаал өгч хэн нь буудаад таван хүний ар гэрийг хагацалд учруулсан гэдгийг олчихож чадахгүй байна гэдэг хэр үнэний хувьтай асуудал бол?
4. ШКТЭ буюу нэгдсэн 3-р эмнэлгийн гадаа очоод л ганц удаа хараарай. Зэрлэг өрнийн систем монголд яаж яруу тодоор хэрэгждэгийн жишээ тэнд тодоос тод байгаа. Хэдхэн жилийн өмнө тэнд томоос том машины зогсоол байлаа. Энэ эмнэлэг улсдаа хоёрт ордог том эмнэлгийн хувьд эмч ажилчдаас нь эхлээд орж гарч байгаа болгон унаа тэргээ тавих талбай шаардлагатай байлгүй яах вэ. Харин одоо тэр талбай дээр дүнхийсэн 3 том байшин барьчихсан байгаа. Дотор нь бар саун ч байх шиг.
Түргэн тусламжийн машин арынх нь хаалгаар ордог юм билээ. Гэхдээ түргэн тусламж шаардлагагүй ч хөлөө хугалсан, эсвэл явж чадахааргүй аливаа өвчин зовлонтой болсон нэгэн заавал төв зам дээрээс тэр хүртэл алхаж очих ёстой юу? Хүчтэй нь хүчгүйнхээ бүхнийг булааж авдаг тэр нийгэм өрнөдөд нэгэнтээ Зэрлэг өрнийн нэрээр оршин тогтнож байсан гэдэг. Өдгөө харин соёлт хүн төрөлхтөн өөрийгөө хамгаалах боломжгүй, нийгэмд зэрэгцэн оршиж чадахгүй эмзэг хэсэг болох өндөр настан, бага насныхан, тахир дутуу хүмүүсийг өрсөлдөөнөөс гадуур тусад нь байлгаж тэдний эрх ашгийг хамгаалдаг юм билээ. Манайд энэ нь өөрөө хэр шударга байгаа бол?

Шударга бус бүхнийг хэлж гоочлоод нулимчихаад хаяад явах амархан. Харин үүнийг хийх хүсэл зориг, итгэл мөрөөдөл залуу хүмүүс бидэнд бий бил үү?

Thursday, May 07, 2009

Crowdsourcing

Технологи хэтэрхий хурдацтай хөгжиж хүний амьдрал улам бүр технологиос хамаарах болсон өнөө цагт бас нэгэн феноменон (сонирхолтой үзэгдэл) гарч ирэх болсон нь энэхүү crowdsourcing буюу олны хүчийг ашиглах зарчим юм.

Хуучин Вэб 1.0 нь дан нэг талаас мэдээлэл олгох зорилготой уламжлалт сэтгүүлзүй, зар сурталчилгааны хэлбэртэй байсан бол вэб 2.0 гарч ирснээр хэн дуртай нь өөрийн блогийг хөтөлж wikipedia.org дээр өөрсдийн нэвтэрхий толийг хамтдаа бүтээцгээх болж нэг талаас олгодог байсан мэдээллийг хэрэглэгч өөрөө хамтран бүтээлцэх болжээ.

Олны хүчийг ашиглана гэхээр дан ганц нээлттэй эхийн програм хангамжийн хөгжүүлэлт, түгээлт төдий зүйл биш харин уламжлалт маягийн бизнес сэтгэлгээг бүрмөсөн халсан цоо шинэ бизнес загвар байх ажээ.

Уламжлалт эдийн засгийн онолоор бол хувь хүн бүрийн амиа бодсон сэтгэлгээ нь зах зээлийн хөдөлгөгч хүч болж эдийн засгийг өсгөж өгдөг бол өнөө цагийн дэвшилтэт технологийн ачаар хэрэглэгчид бараа үйлчилгээг зөвхөн хэрэглээд зогсохгүй өөрсдөө үүнийгээ хөгжүүлж өөрсдийн хүссэн хэв маягт оруулах боломжтой болжээ. Үүний нөлөөгөөр “Хэрэглэгч Хаан” хэмээх ойлголт жинхэнэ утгаараа хэрэгжиж гагцхүү үйлчлүүлэгчдийнхээ юу хүсч байгааг мэдэж чадвал компани, аж ахуйн нэгжүүд өндөр бүтээмжтэй ажиллах боломжтой болох боллоо.

Нэгэн жишээ: www.threadless.com хэмээх вэбсайтыг анх 2000 онд сургуулиа хаясан хоёр залуу бүтээж футболканы загвар дизайн цуглуулж хэрэглэгчдийнх нь өгсөн үнэлгээгээр шалгаруулдаг ажил эхлүүлжээ. Өдгөө уг сайт нь долоо хоногт сайн дурын дизайнеруудын бүтээсэн мянга гаран футболканы загвар хүлээн авч хоёр зуун мянга гаран байнгын хэрэглэгчид нь тэдгээр дизайнд үнэлгээ өгч шалгаруулан шалгарсан дизайныг Холливуудын болон хип хоп одод өмсөх болж 2006 оны байдлаар 17 сая долларын ашигтай ажилласан байна. www.threadless.com-ийнхон 5 доллараар футболка үйлдвэрлээд үүнийгээ 12-25 долларын үнэтэй зардаг. Бэлэн дизайныг тэдэнд сайн дурынхан илгээж зар сурталчилгааг нь хэрэглэгчид нь хийгээд өгнө.

Хэрэглэгчид маркетингийн хуурай сурталчилгаанаас илүүтэйгээр өөртэй нь ижил нөхцөл байдалтай бусад хэрэглэгчийн аман дүгнэлтэд итгэх дуртай байдаг ажээ.

Нэгэн жишээ: www.imdb.com хэмээх вэбсайт нь анх 1990 онд байгуулагдаж байсан бөгөөд өдгөө интернет дэх кино урлагийн салбарын хамгийн том мэдээллийн санг үүсгэж чадсан төдийгүй Монгол хэл дээрхи Хадаг, Ингэн тэмээний нулимс зэрэг кинонууд хүртэл эдний мэдээллийн санд байраа эзэлжээ. Хэрэглэгчид өөрсдийн үзсэн киногоо үнэлгээний системийг нь ашиглан үнэлж таалагдсан киноныхоо талаар тойм бичиж жүжигчдийнх нь намтар зэргийг үүсгэж өгдөг бөгөөд мэдээлэл хайсан хэрэглэгчид тухайн кино таалагдвал шууд www.amazon.com -оос худалдаж авах боломжтой ажээ.

Иймэрхүү зүйлс Монголд яриад явахаар нөхдүүд ихэвчлэн хаанахын харь гаригаас ирсэн амьтан бэ гэсэн нүдээр харах тохиолдол цөөнгүй. Зарим нь наадуул чинь зөвхөн баруунд л хэрэгждэг жишээ байна гэцгээх. Гэтэл үнэндээ нүдэн дээр маань crowdsourcing монгол дахь хэлбэрээ олоод хөгжөөд л байна. http://www.agshin.mn/ хэмээх сайт нэлээн дээр гарч ирж байсан одоо бол http://www.istockphoto.com/ -ийн зарчмаар гэрэл зурагчдыг гайгүй сайн цуглуулж гэрэл зургийн агуулгыг бол овоохон хэмжээнд бүрдүүлж чадсан байх гэж бодож байна.

Ойрын жишээ: Синглтон ХХК нь 2009 оны 1-р сарын 20-д http://biznetwork.mn хэмээх Social Networking Site ажилд оруулснаас хойш өдгөө 16523 (2009 оны 5 сарын 6-ны байдлаар) хэрэглэгчтэй болж өдөрт давхардсан тоогоор 100,000 орчим хандалт авч байна. Энд нийт 14 компани бүртгэлтэйгээр өөрсдийн бараа үйлчилгээг сурталчилдаг бөгөөд үйл ажиллагаанд нь мэдэгдэхүйц өөрчлөлт орсон тухай дурдаж байна.

Thursday, April 30, 2009

Mobile Content

Харилцаа Холбооны Зохицуулах Хорооноос хөдөлгөөнт агуулгын талаар хийсэн семинарын тухай рэвью бичнэ гэж ВиМо дээр амалсан байснаа энд давхар тавилаа.
Семинарын үеэр ХХЗХ-ны зохицуулалтын албаны мэргэжилтэн Б.Мягмарнаран "Контентийн бизнесийг хөгжүүлэх зохицуулалтын орчин" сэдвээр, USI-ийн С.Буянцогтоо ах "Контентийг хөгжүүлэхэд тулгамдаж буй асуудлууд" сэдвээр, Монгол Контент ХХК-ийн ажилтан Б.Өнөрболд "Контентийн бизнесийн өнөөгийн асуудлууд" сэдвээр илтгэл тавьсан нь миний хувьд хамгийн сонирхолтой илтгэлүүд санагдсан гэж хэлж болно. Улуснет, Скайтель энэ тэр гэсэн компаниуд 3-р үеийн хөдөлгөөнт технологийн давуу талуудын тухай мөн өөрсдийн хэрэглэгчиддээ амалж буй боломжийн талаар нэлээн хэдэн илтгэлүүд тавьсан боловч илтгэгчээсээ болов уу сэдвээсээ болов уу чихэнд нэг их наалдсангүй.
Ямартаа ч үр дүнгүй баахан хуралддагийг бодвол энэ удаагийн семинар агуулгын бизнес гээч юм монголд гарч ирэх цаг нь болсныг зарлаж энэ талаархи төрийн зохицуулалт, эрхзүйн орчин, бизнесийн загвар ямар байх талаар нийтээрээ хэлэлцсэн гайгүй үр дүнтэй хурал болов уу гэж бодлоо. ХХЗХ болоод МХХТГ аль аль нь хувийн хэвшлийнхэний санаа оноог зохицуулалтын бодлогодоо тусгаж өгөх үүднээс энэхүү семинарыг хийж нээлттэй хэлэлцүүлэг хийхийг хүссэн гэж мэдэгдэж байсан.
Ингээд хэлэлцүүлгийн үеэр явагдсан хэд хэдэн санаа гэвэл:
1. Томоохон компаниуд өөрсдийн нэвтрүүлэх гэж буй шинэ технологийн талаар нийтэд зарладаггүй гэсэн шүүмжлэл. Хэдийгээр том компаниуд хамаг стратегиэ олон нийтэд зарлаад байх боломжгүй ч гэсэн Мобикомын жишээн дээр Монгол Контент хэмээх охин компаниа хоёр жилийн өмнөөс агуулгын бизнест бэлдэж байгаад өнөөдөр гэнэт л 3-р үеийн технологи гээд гаргаад ирлээ. Бусад компаниудад ингэж бэлдэх боломж ч олгосонгүй. Ингээд өөрийн охин компани нь мобигийн сүлжээгээр цацагдах бүх агуулгыг үүсгэх бүрэн эрхтэй болоод авах жишээтэй.
2. Traffic sharing буюу хүн гар утаснаасаа сонирхсон агуулгаа үзэхдээ килобайт бүрийнхээ төлбөрийг мобикомд төлж байгаа. Энэ мөнгөнөөс сүлжээгээ ашиглуулан уг агуулгыг дамжуулж өгч байгаа моби мэтийн компани агуулгыг анх бүтээсэн эзэнд хувь өгөх эсэх бас сонирхолтой асуудал...
гэх мэт нэлээд асуудлууд яригдсан боловч яг одоо санаанд байгаа нь энэ хэд бололтой. Дараа санавал нэмж бичье

Saturday, April 25, 2009

Обамагийн Мөхөшгүй Найдварын Гал Монгол хэл дээр хэвлэгдлээ

Манай Монголчууд АНУ-н 44 дэхь ерөнхийлөгч Барак Обамагийн талаар хангалттай сонссон бизээ. Тэгвэл түүний бичсэн Мөхөшгүй Найдварын Гал номыг хэсэг залуус эх хэл дээрээ хөрвүүлэн гаргасан байна.

Барак Обама бол Ардчилсан намаас нэр дэвших сунгаанд Хиллари Клинтонтой өрсөлдөн ялж, үүний дараагаар ерөнхийлөгчийн сонгуульд Жон МакКейн-тэй өрсөлдөн 2008 оны 11 дүгээр сарын 4-нд ард түмнийхээ хүсэл зоригийн илрэл болон сонгогдсон билээ.

Тэрээр 2009 оны 1 дүгээр сарын 20-нд тангараг өргөснөөр АНУ-н 44 дэхь ерөнхийлөгч болсон юм. Их гүрний анхны хар арьстан ерөнхийлөгч Барак Обама 2006 онд туурвисан энэхүү номондоо Америкийн болон дэлхийн улс төр, нийгэм, үндэстэн угсаатан, арьс өнгөний ялгаварал, хувь хүмүүсийн талаарх үзэл бодлоо дэлгэрэнгүй бичжээ.


Мөн өнгө, мөнгөний эрин үед хүн хүнээрээ байхын чухлыг, итгэл найдвараа алдахгүй, хүсэл эрмэлзлээ гээхгүй амьдрахын утга учрыг туулсан амьдралаараа нотлон өгүүлсэн байна. Мөрөөдөл дуусах газар амьдрал төгсдөг гэдэг. Америк мөрөөдлийг, америк итгэлийг биелүүлэх гэж буй энэ хүний үзэл санаа, дотоод сэтгэлтэй дотно танилцах боломж монголчууд та бидэнд нээгдлээ.

Мөхөшгүй Найдварын Гал номны нээлт 4 дүгээр сарын 27-ны өдрийн 13.00 цагт Улсын Төв Номын Санд болно. Нээлтийн үеэр номыг та 20% хямдралтай худалдаж авах боломжтой юм байна.

Thursday, April 16, 2009

"Мөхөшгүй Найдварын Гал"-аас

Удиртгал


...Энэ явдал 2001 оны 9-р сарын сүүл хавьцаа болж таарсан юм.

“Улс төрийн нөхцөл байдал өөрчлөгдчихөөд байгааг чи ойлгож байгаа биз дээ” хэмээн тэрээр зууш сэрээдэнгээ өгүүлэв.

Түүний юу хэлэх гээд байгааг бүрэн ойлгож байсан ч би “Юу гэсэн үг вэ?” хэмээн асуулаа. Бид түүний хажуудаа тавьсан сонин руу хоёул харц тусгав. Сонины эхний нүүрэн дээр Осама Бин Ладенгийн зураг байсан юм.

“Золигийн ч юм байх юм даа. Тийм ээ?” хэмээн хэлээд тэр толгойгоо сэгсрэв. “Үнэхээр азгүй явдал. Чи мэдээж нэрээ сольж болохгүй. Сонгогчид иймэрхүү зүйлст их эмзэг ханддаг. Хэрэв чи карьерээ дөнгөж эхэлж байсан бол зарим нэг хоч нэр ч юм уу ашиглаад явж болох байлаа. Даанч одоо…” Түүний хоолой тасалдаж алга болон харамссан байдалтай мөрөө хавчаад зөөгчөөс тооцоо хэд гарсныг асуулаа...


...Тэдний ихэнхи нь ажил хийхийг хүсч буй хүн бүхэн амьдралдаа хүрэлцэхүйц цалинтай ажил олж чаддаг байх ёстой гэж боддог, хэн нэгэн өвдлөө гэхэд компанийг нь дампуурсанаар зарлах ёсгүй гэдэгт итгэж байв. Хүүхэд бүр үнэхээр чанартай боловсрол эзэмшиж эцэг эх нь баян биш байсан ч хүүхэд нь коллежид орох боломжтой байх ёстой гэж тэд үздэг бөгөөд энэ нь зүгээр нэг дэмий яриа болоод өнгөрөх асуудал биш гэдэгт бас итгэдэг байна. Тэд гэмт хэрэгтэн, террористуудаас айх аюулгүй байж цэвэр агаараар амьсгалан, цэнгэг усаар хангагдаж үр хүүхдэдээ зарцуулах чөлөөт цагтай байхыг хүсч байсан юм. Тэгсээр насны наран хэвийх үедээ нэр хүндтэйхэн тэтгэвэрт гарах боломжтой байхыг тэд хүсдэг аж...


Дөрөвдүгээр бүлэг: Улстөр


...Барууны үзэлтэй байна уу зүүний үзэлтэн байна уу онц ялгаагүй, ашиг сонирхлын бүлэглэлүүд улс төрийн хандивын талаар яригдаж эхлэхэд бүгд сонгуульд сонгогдох магадлал өндөртэй албан тушаалтнуудыг дагалдана. Мөн түүнчлэн тойрог тогтоох ажил нь конгрессын гишүүдийг сонгуулийн халуухан сорилтоос хамгаалж өгдөг. Тойрог тогтоох үеэр эрх барьж буй нам компьютерээр нарийвчилж гаргасан тоо дүгнэлтэнд үндэслэн тухайн дүүргийн хүн ам дотор Ардчилсан намын эсвэл Бүгд Найрамдах намын гишүүдийн аль нь зонхилж байгаа эсэхийг нягталж үздэг. Үнэн хэрэгтээ ихэнхи сонгогчид өөрсдийн төлөөний хүмүүсээ сонгох биш харин тэднийг төлөөлөгчид нь өөрийг нь сонгох хүмүүсээ шилдэг ажээ...


...Би энэ бүхнээр зөвхөн улс төрчид л иймэрхүү урам хугаралтыг мэдэрдэг гэж хэлэх гэсэнгүй. Гагцхүү ялагдлын шархаа нүднээс далдуурхан долоож байгаад эдгээчихдэг бусад мэргэжлийнхнээс улс төрчийн ялагдал олны нүдэн дээр ил байдгаараа ялгардаг гэдгийг харуулах гэсэн юм...


...Улстөрчдийн ихэнхи нүгэл өөр нэгэн том нүгэл болох ялахын хүслэн хийгээд ялагдахгүй байхын тэчъяал дээр үндэслэн гарч ирдэг. Яг үнэндээ мөнгөний хойноос хөөцөлдөхийн гол шалтгаан нь энэ л байдаг. Өнөөгийн сонгуулийн сурталчилгааны санхүүжилтын хууль хийгээд явсан мөр болгоныг маань шиншилж явдаг эрэн сурвалжлах сэтгүүл зүй гарч ирэхээс өмнө мөнгөөр улс төрийг шууд утгаар нь хахуульдан авч болдог байв. Улс төрчид кампанит ажлынхаа санхүүжилтыг өөрийн хувийн данс мэтээр үзэж сүржин хүлээн авалтууд зохион байгуулан нэр хүндтэй хүмүүсийн нөлөөн дор сурталчилгаа хийж байх тэр үед хууль тогтоох байгууллага гэдэг хамгийн их мөнгө амлагчдын цугладаг газар байлаа...


...Хамгийн амархан хандив цуглуулах арга бол томоохон компанийн ПиЭйСи-нүүд, тодорхой эрх ашгийн бүлгүүдийн талд орон, олон нийтэд худлаа ярьж дүр эсгэж сурах бөгөөд хэрэв энэ бүх шинэ дүр төрх чинь анх гарч ирж байсан үеэс чинь ихэд өөрчлөгдсөн мэт санагдаж байвал энэ бүхнийг зөвхөн бодит байдалдаа дасан зохицож буй өөрчлөлт хэмээн мэдэрнэ. Энгийн хүмүүсийн зовлон бэрхшээл, Раст Белт бүсийн дуу хоолой, сүйрч буй газар нутаг энэ бүхэн бодит амьдрал гэхээсээ алсаас хүнгэнэх цуурай мэт санагдаж тэмцэх ёстой талбар биш зохицох ёстой хийсвэрлэл лугаа адил мэдрэгдэнэ...


...Жинхэнээсээ хоёр нам эвсэж хос намт төр үүсгэх нөхцөлд өгөө-аваатай үнэнч шударга процесс бий болж буулт хийж буй хэмжээ нь сайн сургууль байгуулах тухайд байна уу төсвийн алдагдлыг багасгах талаар байна уу хамаагүй анхнаасаа тохиролцсон зарим нэг зорилготой хэр нийцэж байгаагаар хэмжигдэнэ. Харин өнөөдөр олонхи болоод буй нам нь өнөөхөө хэвлэл мэдээллээр баалж сонгогчдынх нь өмнө нэр хүндийг нь унагах замаар нөгөө талаа дарамтлан наймаалцаж байх шиг...


Тавдугаар бүлэг: Боломж


...“Бидний хувьд авъяастнуудыг өөрсдөдөө татаад байж чадна Яагаад гэвэл бид хангалттай нэр хүндтэй болсон.” хэмээн тэрээр өгүүлээд “Гэхдээ бүтээн байгуулагчдын хувьд шинэхэн байгуулагдаад буй компани магадгүй маргаашийн хоёр дахь Гүүгл бий болоход асуудал байна. Вашингтон дахь та нөхөд юмс хэчнээн айхтар өрсөлдөөнтэй болсон гэдгийг ойлгодог байх гэж найдаж байна. Бидний хаанчлал мөнхийн биш шүү дээ” гэж билээ...


...Хэдхэн товч дараад л триллионоор хэмжигдэх доллар дэлхий тойрон хамгийн ашигтай цэг рүү шилжиж байна. ЗХУ-ын уналт, Хятад, Энэтхэг дэх зах зээлийн шинэчлэлт, худалдааны саад тотгор арилсан хийгээд Вол-Март маягийн бөөний худалдааны төвүүд гарч ирсэн зэрэг нь хэдэн тэрбум хүнийг тэр дор нь Америк компаниуд болоод Америкийн ард иргэдтэй өрсөлдөөнд оруулж орхижээ. Зохиолч нийтлэлч Томас Фрийдманы бичдэгчлэн дэлхий үнэхээр бөөрөнхий биш болсон эсэхийг бүү мэд. Гэхдээ ямартай ч өдөр өдрөөр улам хавтгайрсаар байгаа бололтой...


...Эрчим хүчнийхээ эх үүсвэрийг хянаж чадахгүй улс үндэстэн ирээдүйгээ ч хянах боломжгүй. Украйн энэ тал дээр магадгүй сонголтгүй шахуу байгаа байх. Гэхдээ дэлхий дээрхи хамгийн хүчирхэг хийгээд баян улс болох бидэнд бол сонголт бий...


...Одоо та бид 300 тэрбум долларын төсвийн алдагдалтай байгаа бөгөөд үүн дээр улсын өр шууд нэрмээс болон нэмэгдэж байгаа. Энд мөн жил бүр Нийгмийн Халамжийн Сангаас 180 тэрбум долларыг өр болгон авч байна. Нийт өрийн нийлбэр одоо 9 триллион доллар болоод байгаа бөгөөд энэ өрийг манай улсын иргэн бүрт хуваавал хүн бүрт ойролцоогоор 30,000 доллар оногдож байна гэсэн үг юм...


Зургадугаар бүлэг: Сүсэг бишрэл


...Цөөхөн эмэгтэйчүүд л гэнэт үр хөндүүлэхээр шийддэг болохоос ямар ч жирэмсэн эмэгтэй зүрх шимшрэм ийм шийдвэр гаргахдаа ёс суртахууных нь талаас бодолцож үздэг, сэтгэл зүрхтэйгээ тэмцэлдэн байж ингэж шийддэг байх хэмээн өөрийнхөө үзэл бодлоос би түүнд тайлбарлав. Харин ч үр хөндөлтийг хориглосноор нэгэн цагт энэ улсад байсанчлан эмэгтэйчүүд найдваргүй, аюултай газар үр хөндүүлж, хийсэн эмч ч хийлгэсэн эмэгтэйчүүд ч гэмт хэрэгт орооцолдох эх үндэс тавигдана гэдгийг ярив. Миний бодлоор бол бид харин үр хөндөлт хийлгэхэд нөлөөлж буй хүчин зүйлсийг нь эхний ээлжинд таслан зогсоох ёстой гэдгээ ч тайлбарлалаа...


...Америкчуудийн 95 хувь нь бурхан байдаг гэдэгт итгэдэг ба гуравны хоёр нь сүмд явдаг, 37 хувь нь өөрсдийгөө жинхэнэ Загалмайтан гэж тодорхойлдог бөгөөд улам л олон хүмүүс эволюцийн онолд итгэхээсээ тэнгэрийн элч байдаг гэдэгт итгэх болжээ...


...Авраам, Исаак хоёрын түүх энэ тал дээр энгийн мөртлөө тун ч бодитой жишээ болж чадна. Библид бичсэнээр бол бурхан Авраамд хандан ганц хайртай хүү Исаакийг золиослож өөрт нь өргөл барихыг шаарддаг. Үүнийг сонсоод өөдөөс нь огтхон ч маргалгүйгээр Авраам Исаакийг дагуулан уул өөд гарч тахилын тавцан дээр хүүгээ хэвтүүлж хүлээд, бурхны заасанчлан хутгаа далайдаг...


...Ихэвчлэн сүмийн цуглаан нэг л бүтэлгүй болж байх үед сүмийн номлогч хялбар жишээ болгон “Адам, Ева хоёр хамгийн анх үүссэн. Түүнээс Адам Стив хоёр үүсээгүй юм шүү” хэмээн ижил хүйстнүүдийг доромжлон хашгирч байхыг би олонтаа сонссон...

Tuesday, April 14, 2009

Эрх чөлөө гэж юу вэ?



LinuxFoundation-с зарласан уралдаанд түрүүлсэн бүтээл.

Wednesday, April 01, 2009

“МЭДЭЭЖ” ДҮҮТЭЙ ЗОЛГОХ МЭНДИЙН САМБАЙ

Ардын уран зохиолч Д.Пүрэвдорж агсаны 2008 оны 12 сард Өнөөдөр сонинд өгсөн нийтлэлийг тэнэж яваад сая л олж уншлаа. Уншаагүй нэг нь уншихад тун ч хэрэгтэй эд байх шиг байна.
Энд таалагдсан хэсгээсээ ишилж тавилаа. Бүтнээр тавих гэснээ зөвшөөрөлгүй бас дэмий байх гээд холбоос заачихлаа.


…Хармаанд один самар есть
Хайрлаад байна не кушал
Хажууд одна девка есть
Ичээд байна не сказал…
…Ийм два птиц шиг
Ижилсээд давалаад сажийя
Ингэж сажийхаас илүү
Счастья где байх юм бэ… мэт нь
тэдний буртагшин уусахыг наанаа элэглэж цаанаа эмзэглэсэн нэгэн жишээ. Гэтэл өдгөө тэдний шавь нар орос хэлний оромцогоо орхиод англи үгний амсуургаар гайхуулж үндэсний хэл, бичгээ аанай л гадуурхаж улаантантай усан төрлийн зулай гишгэжээ, Мэдээжээ! Чи нийслэлийнхээ хаягийг нэг харчих. Чөмөггүй ширээлж чөдөртэй жороолоочийн толгойгүй бөгс тонтгонож буйтай адил гэдэг үнэн. Толгойтойсон бол арай ч ингэтлээ садарлахгүй. Өндөр байшингийн гэрлэн хаяг, зоогийн газар мэтэд монгол хэл минь гологдоо юу. Түүхийн түүчээ баатрууд, түмний манлай мэргэд домог туулийн гэгээн дүрүүд гурван буурал хантай, гучин гурван говь, тахилга тайлгат уул уснаас минь нэр олохгүй байгаа хүмүүсийг ухааны харалган дайрчээ...

...Энд би хэлний хос морьтнуудын тухай ярих гээгүй. Хорвоогийн аль ч орон гүрэнд очсон та нарын хэлдэг хаана байгаа нь үл мэдэгдэх “Ичих булчирхай” бус нүүр улайхааргүй сайхан билгүүн залуусаар бахархдагаа хэлье. Бас харийн үг, хэлэнд нутагших тохиол, бэхжсэн хэл өөрийгөө цэвэршүүлэх хүчтэй байдгийг ч үгүйсгэх гээгүй. Гагцхүү монголоо алдаж модоо бариачдын “навчинд” бараалхах санаа сэдсэн юм. Гэтэл нэгэн хошигнооч “цаадуулын чинь чихэнд үнэн үг хийвэл сэгсрэнэ. Харин алт хайлаад цутгавал ахиад нэм гэж аашлаж байгаад хярвасрана” гэж урам хугалсан боловч би мятарсангүй...

...Хүйсийг жендер, шигшээг тендер, шалган байцаахыг аудит, орон сууцны зээлийг ипотек, өргөөг хаус, дэлгүүрийг маркет, зочид буудлыг хотел, гэснээр агуу их соён гэгээрүүлэгчээр тодрох уу, айлын идүүр долоосон гөлөг харагдах уу. Хэл саармагжвал үндэстэн сульдаж хэл мөхвөөс үндэстэн үгүйрнэ гэдгийг мэдэх хүн тэдний дунд баймаар атал яагаад сунчин дутаж сурамгай доголоно вэ.
Харийн ном жамыг хамагчтай мэт дагаж яваагаа, дэлхийн дээвэрт дэвж явна хэмээн эндүүрэх юм даа чааваас...

...Чи ярилцагч бүсгүйгээ “нэрийг нь хэлэлтгүй, монголд мэдэхгүй хүн байхгүй” гэлээ. Тэрэгний дугуй шиг ээмэгтэй, тэхийн эвэр шиг хумстай тэр бүсгүй үнэхээр дэгжин боловч, “аймаар гоё”, “аягүй сайхан” гээд л дөрвөн мөч савчаад байв. Миний санаанд чөлөөт цагаар “найт клабт” ордог, шоопинг хийдэг аймаар сэксдэх, кайф авах, имиж бүрдүүлэх, салоонд очих, саунд суух мэтээс өөр юм үлдээгүй. Гэхдээ би тэр сайхан бүсгүйг уснаас гаргаж хаясан жараахай шиг болгосон өнөөгийн орчинд бухимдсан шүү...

...Долдугаар сарын нэгний самууныг чи бичихдээ, Батзандан, Магнай, Жаргалсайхан нарыг зандалчилсан, турхирсан гээд тэдний “голыг самнах”-ыг уриалан уулгамчилжээ. Ард түмнээ гишүүнчилж, ахмад, эмэгтэйчүүд, залуусыг тасдан азаргалан хурааж үндэсний эв нэгдлийг хэн бутаргасан билээ? Шударга бусыг тэвчилгүй бухимдсан олон түмний хилэгнэл сонгуулийн луйвраар тэсэрсэн юм биш үү. Тэдний дунд дарвиж, цадиггүйтсэн хүүхэд, залуус өөр ертөнцөөс ирээгүй. Тэднийг хэн ажилгүй, ёс төргүй, хоолгүй болгов оо? “Шавь” төвтэй сургалт гэдгээр эцэг, эх багшийн чандмалсан холбоог хэн тасалсан юм бэ? Хэн тэднийг гарзын тээш, ганзагын гээш болгосон юм бэ? Энэ бүхнийг эрэгцүүлэхийн оронд амгалан тайвныг алдуулсан хэрэгт тэднийг хоморголон шоронд хатаахыг зөвтгөөд хуулийнхан хамгийн зөв шийдвэр гаргана гэж цовхорчээ. Тэр хуулийнхан дунд намчирхалын халдвар тээгч байхгүй гэж миний дүүд чөтгөр л шивнээгүй бол бурхан хэлээгүй ээ. Үрээ залгих цурхай лугаа үндсээ хадраач олдох вий. Өнөөдөр үр хүүхдээ улс төрийн улайрлаар барьж идвээс өргөөгөө хэнд өвлүүлж, өрхөө хэнээр татуулахаа үл бодох үүлгэрүүдийг чи юунд эс тооцно вэ. Бодлоо богшоож бичээчдээ...

...Монгол хэл бол тусгаар тогтнол. Эх орондоо хайртай бүхэнтэй галын шугам дээр нэгдэе. Чи бид хоёрт буу байхгүй. Үндэсний дайсан бус гэхэд нөхөр гэж хараахан хэлэмгүй хэцүү нэртүүдтэй үзгээрээ хатгалдая
Эрхэм дүүдээ энэ удаад самбай барилаа. Санаанд хүрсэн хойно чинь хадагтай золгоё оо...

эх сурвалж

Tuesday, March 31, 2009

Marley & Me

Уг нь кино үзээд уйлдаггүй юм сан. Энэ кинон дээр л тэссэнгүй охин шиг баахан уйлав.


Шинэхэн гэр бүл, шинэ ажил, шинэ газар, шинэ нохой гээд л бүх юм эхэлнэ. Нэгэн гэр бүлийн аз жаргалтай, гунигтай бүх л мөчүүдэд хайртай нохой нь л цуг байсан. Тэрхүү гэр бүлийн амьдралыг Марли нохойн хөгжилтэй үйлдлүүдээр харуулж хүний амьдрал, хайр дурлал, гэр бүл, аз жаргал бүхнийг өгүүлж чаджээ.
Ийм нэртэй романаас сэдэвлэн бүтээсэн юм байна. Нэг ёсондоо бодит амьдралаар хийсэн гэсэн үг. Тэгэхээр ямартаа ч бодит амьдралд илүү ойрхон хүнд нэгийг бодогдуулж чадсан кино болжээ.
Уг ном нь ч жилийн өмнө лав Нью-Йорк Таймсын бестселлэр болж байсан юм байна.

Friday, March 20, 2009

Д.Пүрэвдорж таалал төгсчээ

Хавар намар цасан сархиат
Харлаг тахь шиг Эрээн уул минь
Эрх л багын нутаг чамдаа
Эргэн эргэн очмоор байх юм... хэмээх шүлгийг балчир надад аав минь нутгийнхаа Эрээн уулын нөмөрт одод авивчих шөнөөр уншиж өгдөг сөн. Тэр цагаас хойш бараг хорин жил өнгөрчээ. Тэрхүү Эрээн ууланд агуу найрагчийн хүүхэд нас өнгөрсөн юм гэнэ билээ. Сэтгэлд үлдсэн өнөөх Эрээн уулын зураглал энэ шүлгийг зохиосон өвгөнтэйгээ тэртэй хол санагдана...
Хамгийн сүүлд 2 жилийн өмнө өвгөн найрагч "Дэлхий бөөрөнхий биш" номын нээлтэн дээр маань ирчихээд номоор ном сольё гээд өөрийнхөө бичсэн "Тарчилсан сүнс" номыг мутарлаад өгч байж билээ.
Сая ньюс.мн-ээс энэ тухай уншчихаад ямар их цочирдов оо. Доор нь бичсэн байсан нэг сэтгэгдэл уншаад би ч ганцаараа ингэж цочирдоогүй юм байна хэмээн сэтгэлээ. Уг сэтгэгдэлд:
Таныг амирлав хэмээх хар дарсан зүүд мэт гашуун сураг зүрхэнд минь
Чавхны чулуу шиг харван тусахуйд ухаан, мэлмий хоёр зэрэг харанхуйлав.
Чандмань эрдэнэ амлаад ч дахиж ирэхгүй явчихжээ гэхээс
Чандын сэтгэл эзгүйрч Таныгаа үгүйлэн гашуудав.
Ай хөөрхий, хар цагаан сүлэлдсэн энэ орчлонд
Адвиш нэгэн хүмүүний амин учиг тасарч
Асгарах нулимс, харуусах сэтгэлийг зулын гэгээгээр зөөллөн
Ах минь намайг өнчрөөн бурхны орон руу явчихжээ.
Амьдын жаргал, адын хорлол аль алиныг нь эгээрч
Асарлахын одод дунд мөнхийн гэрэл болон харважээ. Цааш нь үргэлжлүүлэе гэвч зүрх шимшрээд чадахгүй нь. Бурхны оронд заларч цагаа болохоор Монгол орондоо сайн төрлийг олж төрөх болтугай,Та. um mani badmi hum um mani badmi hum um mani badmi hum гэжээ.

Мөнх бусын хорвоод ирэх нь үнэн буцах нь бас үнэн ажээ. Он цаг улирсаар биднийг эрийн цээнд хүрэх гэсээр байтал өвгөд минь энгэрээ түшээд нэг нэгээрээ одсоор l байх бололтой.

Tuesday, March 03, 2009

Номны орчуулгын талаар

БизНетворк дээр Номны орчуулга бүлэгт бичиж байсан зүйлсээ дахиад тавьчихлаа. Хэрэг болох нэгэнд нь хэрэг болж юу магад.


...Гэхдээ анх World is flat-ийг орчуулахаар болчихоод Баабар ахтай уулзаж байхад өгсөн зөвлөгөөг мөн өөрийн олж мэдсэн зүйлстэй холбоод ерөнхийд нь бичвэл:


  1. Ном орчуулна гэдэг бол мөнгө олох ажил биш. Манай хүн ам өөрөө хэд билээ, үүнээс хэд нь байнга ном уншдаг билээ, гэтэл зэрэгцээд манайд ном сэтгүүлийн нэгдсэн хяналт байхгүй болохоор үг үсэг холбож чаддаг болгон ном бичнэ. Болсон болоогүй, зөв буруу, энд тэндээс хуулсан орчуулсан янз бүрийн л юм байна. Энэ бүгдээс ялгарч гарах ном бүтээнэ гэдэг маань өөрөө хөөрхөн ажил болно. Монголд хамгийн ашигтай гүйдэг гурван л янзын ном байна. Үүнд:

1. Баяжих арга ухааны ном

2. Англи (ер нь аливаа) хэлний ном

3. Шашны ном. Надад яг тооцоолчихсон тоо баримт байхгүй ч Баабар ахын хэлсэн мөн зүгээр л номын дэлгүүрийн лангуун дээр харагддаг дүр зургаас дүгнэхэд ингэж л санагдсан.

Бас Монгол хэлээр ном уншдаг газар Монголоос өөр бараг байхгүй гэж болно. Өвөр Монголчуудыг би лав учиргүй кириллээр ном уншаад байдаг гэж бодохгүй байна. Гадаадад байгаа 200 мянга орчим монголчуудыг потенциальны хэрэглэгч гэж тооцож болох боловч нэгдүгээрт хэрэв орчуулгын ном хийж байгаа бол эдгээр хэрэглэгчид нь уг номыг эх хэлээр нь аваад уншчихсан байх магадлалтай, хоёрдугаар тээвэр энэ тэр гэсэн элдэв зардлыг нь тооцвол гадаад руу ном гаргах нь өөрөө буяны ажил маягийн л зүйл болох байх.

  1. Номыг мөнгөн ашиг талаас нь бус харин уг номон дээр гарсан утга агуулгыг нийтэд түгээж өөртөө ч нэр хүнд олно гэдэг талаас нь харж үзвэл орчуулгын ажил байх боломжтой. Гэхдээ энэ нөхцөлд уг номыг утга агуулгад нь нийцүүлэн сайтар сонгох мөн гайгүй сайн маркетинг хийж олон хүний анхаарлыг татах хэрэгтэй болов уу. Уран зохиолын ном төдий бол олны анхаарлыг тэгтлээ татаад байх нь юу л бол. Угаасаа манай нийгэмд уран зохиолын ном тун ч хэцүүхэн байр суурьтай болсон юм шиг санагддаг. Харин нийгэмд шинэ санаа шинэ сэдэл өгөхүйц олны анхаарлыг татсан ном бол байж болох юм. (Мэдээж хэрэг уран зохиолын ном нийгэмд хэрэгтэй л дээ. Гэхдээ хүмүүст хүргэх гээд зарцуулж буй цаг заваа тооцож үзвэл арай өөр ном сонгосон нь дээр байж магадгүй)
  2. Бас тодорхой хүрээнд баригдсан ном орчуулахад хүндрэлтэй байж магадгүй юм шиг надад санагддаг. Жишээлбэл МТ-ийн мэргэжилтнүүд ихэнх нь өөрсдөө Англи хэлтэй, мөн интернетээс хүссэн номныхоо электрон хувилбарыг олоод авчих боломжтой учир хэрэв олон хүнд хүргэе гэж бодож байгаа бол тодорхой мэргэжлийн хүрээнд баригдаж ном бүтээх нь амжилт олохгүй байж магадгүй. Дээрээс нь тухайн салбарын үг хэллэг Монголоор бүрэн орчуулагдахад хэцүү бол олон гадаад үг орсон орчуулга кириллээр бичсэн гадаад ном шиг л харагдах байх.
  3. Орчуулга гэдэг маань өөрөө чөмөг ширгээсэн ажил гэж Наранбаяр анд маань нэгэнтээ бичсэн байсан. Зөвхөн эх зохиолын нэг өгүүлбэрийг компьютерийн компилятор эх кодоос машины хэл рүү автоматаар буулгаж байгаа юм шиг амьгүй зүйл хийнэ гэдэг том алдаа. Өгүүлбэр бүрийг орчуулахдаа контекстэд нь баригдаж ядаж ойр хавийнх нь хэдэн хуудсыг уншсан байж байж буулгахгүй бол зохиогчийн уг өгүүлбэрийг бичсэн санаа оноо уншигч бүрт ойлгомжтой хүрч чадахгүй байх магадлалтай. Аавын маань захидаг үг болох чиний нэр уг бүтээл дээр хэвлэгдээд л гарсан бол насан туршид чинь сайн бол сайн, муу бол муу орчуулагч/зохиолч гэсэн тамга чамайг дагалдаж явах болно гэдгийг сайтар анхаарч үг үсэг бүрээ няхуур, чамбай бичих шаардлагатай. Мөн эх зохиол дээр гарч буй оноосон нэрс, үг хэллэг зэрэг зүйлсийг хэд хэдэн эх сурвалжаас сайтар харьцуулж ойлгож орчуулга дээрээ үүнийг тайлбарлан хэрэгтэй газар нь зүүлт (footnote) оруулж байж гайгүй орчуулга гарах болов уу.


За тэгэхээр яг одоогоор санаанд орсон зүйлс гэвэл энэ л байна. Шуудхан л ийм ном орчуул тийм ном орчуул гэж зөвлөөд байх зүйл надад алга. Би өөрөө ч учиргүй их бичгийн хүн болчихож амжаагүй байгаа учир бусдыг сургахад арай эрт байх шиг байна. Юутай ч номын цагаан буян дэлгэрэх болтугай.

Sunday, February 15, 2009

Mozilla l10n project

Сая хоёр өдөр болж өнгөрсөн Мозиллагийн ивээн тэтгэсэн Workshop (энийг юу гэж орчуулах вэ?)-д оролцлоо. Сонин сайхан юм их байсан ба эдэн дундаас Мозиллагийн нутагшуулалтын төслийг бас хальт сонирхоод авлаа. Тэгсэн Мозиллагийн нутагшуулалтын багийн ахлагч Сэт Биндернагел хэмээх нөхөр Монгол дахь нутагшуулалтын талаар сонирхож байна. Миний хувьд энэ талаархи тодорхой мэдээлэл байхгүй ба одоо байгаа Галт Үнэг 3.0 хувилбар хэний орчуулгаар яаж явагдсан энэ тэрийг ч бас сайн мэдэхгүй учир дэмий л манайд нээлттэй эхийн бүлгэмүүд байдаг иймэрхүү юм болвол нааштай хандах байх аа л гэсэн юм ярьлаа.

Миний мэдэхээр Галт Үнэгийн орчуулга 100% болж чадаагүй ба зарим нэг үг хэллэг дээр ч засаж залруулах юм байгаа мэт. Ганц Галт Үнэг гэлтгүй Мозиллагаас гаргаж буй бусад төслүүдийн нутагшуулалт ч үүнд орох бололтой.
Дашрамд сонирхуулахад хоёр өдрийн өмнө Мозилла Лаб нь Биспин хэмээн вэб суурьтай Хөгжүүлэлтийн Багц Багаж (IDE) гаргасан ба бета хувилбарыг нь туршиж үзэхэд буг ихтэй ч нэлээн томоохон шинэ дэвшил болсон мэт санагдсан. Мөн 3.1 хувилбартаа багтах шинэ шинэ боломжуудын талаар ярилцсан нь нэлээд сонирхол татсан ба Вэбийн Нээлттэй стандарт, HTML5, SVG, Canvas зэргийг энэ хувилбартаа түлхүүхэн дэмжихийг оролдсон бололтой. Canvas ашиглан ойрын хугацаанд гурван хэмжээст графикийг (одоо байгаа хувилбараа нэлээн сайжруулж) сайтар дэмжихийг оролдож байгаа гэнэ.
Мөн Сэтийн яриагаар бол l20n буюу l10n-ий 2дахь хувилбар нь пайтон дээр суурилсан Мозиллагийн нутагшуулалтын шинэ санг ашиглах тусдаа нутагшуулалтын зарчим бөгөөд энэ нь түүнийхээр бол тун удахгүй Мозилла 2.0 гарахын эхлэл болох бололтой.

Би хувьдаа нутагшуулалтын төслийг ихээхэн дэмждэг. Нэгэнт бид шинээр дугуй зохиохын дайтай ажил болгож өдийг хүртэл хөгжөөд ирсэн програм хангамжуудыг нойл сууриас нь эхлэн дахиж бичиж чадахгүйгээс хойш одоо нэгэнт ашиглагдаад явж буй хамгийн шилдэг, хамгийн сүүлийн үеийн гэсэн уямжуудыг өөрсдийн болгон нийцүүлвэл манай өвөө эмээ шиг хүмүүс тооцоолуур ашиглан ойр зуурын ажил хийхийн тулд заавал Англи хэл сурах шаардлагагүй болох юм.
Саяхан Алтансүх тэргүүтэй Нүүдэлчид 2.0 багийнхан Жүүмлагийн Монгол дахь албан ёсны нутагшуулалтын баг болсон байсан. Жүүмлаг манайхан үнэгүй, амархан учир буг ихтэй гээд л байдаг. Үнэндээ тохиргоо, шийдлээсээ л хамаг юм шалтгаална гэж би хувьдаа дотроо боддог юм. Хэрэв Жүүмла Монголоор бүрэн орчуулагдаж Монгол хэл дээрхи гарын авлага, сургалт энэ тэр бий болоод ирвэл юу боллоо гэж тийм цоорхой ихтэй вэб гаргаад байх билээ. Энэ нь шинээр АУС зохион бүтээхээс л хялбар бөгөөд хямд тусах байлгүй.
Монголд одоогоор оюуны өмчийн тухай хууль журам тодорхой цэгцрээгүй байгаа учир мэргэжлийн бус хүмүүс угаасаа л аливаа уямж нь үнэгүй байдаг гэж ойлгоод сурчихсан бололтой. Энэ бүхэн хэзээ нэгэн цагт гольдролдоо орох үед хүмүүс хаалттай програм хангамжаас татгалзаж нээлттэй бөгөөд чөлөөт уямжид шилжиж эхлэх биз. Саяхан нэг сэтгүүл дээрээс "Эдийн засгийн хямралын үед нээлттэй бөгөөд чөлөөт програм хангамж нь урьд өмнөхөөсөө улам ч их хэрэг болох болно" гэсэн өгүүлбэр уншиж байсан. Эдийн засгийн хямрал удаан үргэлжлээсэй гэх нь ч арай хаашаа юм гэхдээ тэр ерөөл бат орших болтугай

Monday, January 26, 2009

Логикийн алдаатай Ертөнцийн Эзэн

Ийм гарчиг өгснөөрөө би хэн нэгний шашин шүтлэгийг муучлах ч юм уу дайрч доромжлох гэсэнгүй. Харин саяхан болж өнгөрсөн Далай ламын номын айлтгалд сууж байхад тэрээр иймэрхүү утгатай үг хэлж байсныг давтсан ухаантай юм.
Жил бүр Далай лам Энэтхэгт талаар нэг тарсан Төвдүүдийн бараг үндэсний баяр болдог номын айлтгал хийж тэднийгээ төдийгүй дэвэн дэлхийн Буддистууд цуглардаг томоохон цугларалт хийдэг. Энэхүү номын айлтгал нь жил бүр өөр өөр газар болох нь олонтаа ч ихэвчлэн өөрийнх нь амьдран суудаг Дарамсала хотод болдог. Сүүлийн гурван жилд миний мэдэхээр Дарамсала, Гоманг, Варанаси гэсэн газруудад болсон. Уг айлтгалын үеэр Далай лам шашны сургааль бүхий аль нэг ном барьж авч уг номын утга учрыг сүсэгтэн олноо тайлбарлаж өгдөг. Тэрээр Төвдөөр номоо айлдахад зэрэгцүүлээд синхроноор Англи, Хятад, Орос, Тайланд зэрэг хэлээр давхар орчуулга хийж явдаг. Жижиг жижиг ЭфЭм станцууд байрлаж үүнд аль олон байгаа мөргөлчдөд зориулан тухайн хэлээр нь орчуулах орчуулагч давхар ажиллаж станцаар цацдаг. Өөрөөр хэлбэл чихэвчний хөгжмөөр Далай ламын Төвдөөр юу ярьж байгааг зэрэгцээд сонсоно гэсэн үг. Монголоос мөргөлчид олноор очдог тул энд сурдаг лам нараас хамгийн удсан нь ихэвчлэн Монгол хэл рүү зэрэгцүүлэн орчуулж мань мэтийг сонорыг мялаах болдог.
Энэ жилийн айлтгал дээр Далай багшийн ярьж байсан зүйлээс санаанд тод үлдсэн нь гэвэл «Олон хүний хувьд энэ ертөнцийг бүтээгч, ертөнцийн эзэн хэмээх хүчирхэг бурхан байх нь санаа зовох зүйлээс нь хөнгөлж итгэл найдварынх нь түшиг болж өгдөг. Өөрийг нь авран хамгаалагч хүчирхэг бурхан байгаа гэсэн бодол нь хүний амьдралыг хамаагүй амар хялбар болгож айсан эмээсэн үед нь түүнийг энэхүү хүчирхэг бурхан ивээлдээ авч яваа гэдгийг санаж өөрийгөө зоригжуулж байдаг. Буддын шашин энэ тал дээр бусад ихэнх шашнаас тэс ондоо байр суурьтай байдаг. Ертөнцийг бүтээгч хүчирхэг эзэн байна гэдэг маань тэрхүү хүчирхэг эзнийг бас бүтээсэн хэн нэгэн байх ёстой гэсэн логикт хүргэж байгаа юм. Үгүй бол тэрхүү бүхнийг чадагч хаанаас гарч ирсэн байх вэ? Харин Буддагийн сургаалиар бол энэ ертөнц маань асар олон жилийн тэртэйгээс үйлийн үр хуралдах замаар бий болсон буюу математикийн хэлээр бол infinite (хязгааргүй) цаг хугацааны өмнөөс өөрөө өөрийгөө бүрэлдүүлэн бий болсон гэдэг. Энэ ертөнцөд бүтээгч эзэн гэж байхгүй. Хүн бид өөрсдөө бурхан юм. Бид өөрсдийн муу сэтгэл нисванисаас салж чадах аваас энэ ертөнцийн нигүүлсэл энэрлийн эзэн болж бурханы хутагийг олох юм.»
Энэ талаар дурдсан ном сонин хаа сайгүй л байдаг. Харин миний хувьд гурван жил дараалан Далай багшийн номонд сууж ойлгосон багахан зүйл маань гэвэл бид тодорхой итгэл бишрэлтэй байх ёстой. Ингэж байж амьдрах эрч хүчээ олж авна. Гэхдээ энэ нь харь хэлээр ном уншиж гүрэм хийх лам, эсвэл алтадсан бурханд итгэх итгэл биш харин өөртөө, өөрөө бүгдийг хийж чадна гэдэгтээ итгэх итгэл, оюун санаа болоод үйл хөдлөлөөрөө буян үйлдэж сайн сайхныг сэтгэж бүтээж байснаар энэ нас болоод хойд төрөлдөө дээдийн хутагийг олж зовлонгоос салах тэрхүү итгэл маань байх юм.
Бурхан багшийн номолсон дөрвөн үнэний дагуу бол:
1. Зовлон үнэн
2. Зовлонгийн шалтгаан үнэн
3. Зовлонгоос гарах нь үнэн
4. Зовлонгоос гарах зам үнэн гэсэн байдаг. Энэ ертөнцөд амьд амьтаны биеийг олж төрсөн л бол зовох нь үнэн. Өвдөх шаналах, өлсөж цангахаас эхлээд зовлон юу эс мундах билээ.
Энэхүү зовлон бас өөрийн гэсэн шалтгаантай байх ёстой. Урьд өмнөх төрөлдөө эсвэл энэ биеийг олоод ч юм уу хүн өөрийн мэдэлтэй, мэдэлгүйгээр оюун санаа, хэл, үйлдлээрээ нүгэл үйлдэн эргээд энэ нь өөрт нь үйлийн үр болж зовлонгийн шалтгаан үүсгэж өгдөгийг мэдэхгүй явдаг.
Өөртөө зовлон зүдгүүрийг үүсгэж байгаа тэрхүү муу сэтгэл нисванисаас салж чадах аваас хүн цаашид бий болох зовлонгоо цэглэж Бурхан болох болно гэсэн энэхүү замаар Бурхан Багш 2700 гаран жилийн өмнө замнаж өдгөө энэхүү сургааль нь үе улиран дамжсаар яваа билээ…

Бага байхад Ийгл телевизээр гардаг байсан Шинэ Гэрээгээр хийсэн хүүхэлдэй ихэд сонирхол татдаг байж билээ. Арай томроод Германд байхдаа Евангели судрыг хальт мөлт ойлгон Германаар уншиж байсан маань ч санаанд тод. Дараа нь Энэтхэгт ирсэн хойноо Араб найзуудаасаа хялбаршуулсан Коран авч үзэхэд маань ч өөрийн эрхгүй сонирхол төрж л байлаа. Харин энэ бүхнийг сонирхон судалж явахнээ хэзээ ч билээ нэг номноос уншиж байсан «People believe what they want to believe» (Хүмүүс юу хүснэ түүндээ л итгэдэг) гэсэн үгс санаанд орж байх ажээ…

Saturday, January 24, 2009

Ариун Ганга

Шүүдрийн дуслаар цай чанаж өгвөл эхийн ачийг хариулдаг юм хэмээх хэлцтэй синоним болов уу гэмээр Ариун Гангын усаар цай чанаж өгч эцэг эхийн ачийг хариулдаг утгатай дууны үг, зохиол би нэлээн хэд харж байсан юм билээ. Бодвол аялал жуулчлал сайн хөгжөөгүй байсан тэр үед Монголоос хаа байсан Энэтхэг хүртэл бэдэрч ирээд саванд ус хийж аваад буцаж очин цай чанаж өгөх нь шүүдрийн дусал цуглуулахын дайтай хүнд ажил байсан болоод ингэж зүйрлээ байлгүй. Одоо бол ч мөнгөтэй л бол нисч ирээд л ундааны саванд ус хийж аваад буцаад очиход эхийн ачийг хариулчихаж байгаа мэт төвөггүйхэн болжээ дээ. Гэхдээ гол нь тэр усыг авч очин цай чанаж буй тэр сэтгэл л чухал байх.


Ямартай ч Ариун Ганга мөрөн маань байнга тэнд амьдардаггүй хүн харахад тэгтэл ариун харагдахааргүй ажээ. Анх удаагаа очиж байгааг хэлэх үү андуураад хүн чандарладаг хэсэг дээр нь буучихлаа. Хоёр давхар өндөр шаттай барилга байхаар нь энэ дээрээс бодвол гол руугаа хардаг юм болов уу гэсэн шүү юм бодоод алхаад ортол нэг л биш ээ. Үүдэнд нь баахан уйлж унжсан дүнсгэр хүмүүс оочерлоод зогсчихсон цонх энэ тэр ч үгүй битүү харанхуй заал шиг юманд орчихлоо. Ядаж байхад дээр нь байх хаягны дундах үг нь уначихсан чинь «Электрон … газар» гэсэн утгатай юм болчихож. Хаана ороод ирчихэв хэмээн гайхаад хараад зогсож байтал хэд хэдэн зуух шиг юм нүдэнд өртлөө. Тэгмэгц санаанд юу билээ хэмээн сэрдхийгээд эргээд хартал баахан хүний хүүр хажууд эгнүүлээд тавьчихсан байна. Ээ бүү үзэгд гээд гүйх нь холгүй юм гарч явж билээ. Харин сүүлд мэдэхнээ баячуудынх нь хүн чандарладаг газар байсан бололтой. Энэ барилгын хажуу хавиар ядуус чандарладаг буюу шууд гадаа ил задгай хүүр шатааж байгаа хүмүүс зөндөө. Эд нь 1000 рүпий буюу 25 доллар орчимоор нэг хүн чандарладаг юм гэсэн. Баян ч бай ядуу ч бай үхэгсдээс үлдсэн чандарыг Гангын усанд өргөөд дуусдаг гэнэ.


Үүнээс хэдхэн метрийн зайтай хувцас угаалгын газар болов уу гэмээр зүйл бас харагдана. Зогсоол шиг нидрүүлэг хийчихсэн хүмүүс хувцсаа овоолоод угааж байна. Ингээд зогсохгүй доохно талд нь хүмүүс усанд орж хүүхдүүд цаасан шувуу нисгэн эгээ л манай наадмын талбай мэт гадаад дотоодгүй түмэн амьтан хөлхөж байдаг газар ажээ. Энэтхэгийн хаа ч дагаж явдаг гуйлгачид, элдэв бараа зардаг нөхдүүд ч энэ бүхнээс яаж хоцрох билээ.


Ус нь нэг л их ногоорч харласан мэт харагдах энэ мөрөн өөрийгөө цэвэршүүлэх мундаг системтэй хэмээн сонсож байсан. Доогуур нь газрын гүндээ мөнгөний судалтай ч гэл үү ямар ч байсан энэ их бохир заваан болгоноос ус нь өөрийгөө цэвэршүүлээд ширгэж хатчихалгүй байгаад байдаг бололтой. Харин Монголчууд ариун хэмээн нэрлэсэн шалтгаан нь энэхүү усны эрдэс бодистой холбоотой болов уу. Жирийн ус битүү саванд хийгээд хадгалахад хоёр хоногт л өмхийрч хээгтээд сонин болчихдог. Буцалсан ус тэгж хадгаллаа ч үсрээд л нэг сар болоод уухын эцэсгүй болчихдог. Харин Гангын ус саванд хийгээд авахад шар ногоон туяатай харагдах мөртлөө удах тусмаа энэ нь багасч улам тунгалагжин хэдэн жил хадгалаад гаргаж ирсэн ч үнэр ороогүй байдаг юм гэсэн. Хэдэн жил хадгалсан хүмүүсийн амнаас тэгж сонссон. Харин одоогоор миний авчирсан ус арваад хоночихоод байхад битүү саванд ямар нэг үнэр амтны өөрчлөлт ороогүй л байж байна.
Ариун газарт гарч ирэх бизнес санаа ч мундахгүй бололтой. Завиар явж байтал загас авах уу гээд бас нэг завьтай нөхөр асуудаг юм байна. Ийм уснаас барьсан загасаар ч яах билээ. Угаасаа ч хоол хийж чадах биш ухааны юм бодож байтал баахан жижигхэн жараахай хийчихсэн сав үзүүлдэг юм байна. Учрыг нь сонирхохноо загас гээч лусын амьтан нас уртасгадаг. Загасны амь аврахад загас эргээгээд өөрийнхөө насыг аваарай хэмээн ерөөдөг юм гэнэ. Өөрөөр хэлбэл түрист өнөө савтай жараахайг худалдаж авч усанд нь буцааж тавин насаа уртасгах бөгөөд мань загасчин намайг тавингуут буцаагаад өнөө жараахайг барьж аваад дараагийн хүнд зарах юм болов уу даа. Загасчны хувьд бол ямар нэг алдагдал байхгүй тун ч аятайхан бизнес санагдсан. Загас нь үхэхгүй өөрөөс нь юм гарахгүй. Уг нь загастайгаа тохиролцчихдог бол бүр ч амар. Загас нь суларч усандаа ороод л буцаад мань хүн дээр ирдэг ч юм уу. Хэхэ.


Friday, January 23, 2009

Аялал


Сиддхарта Шакъягийн мэндэлсэн газар Лүмбини, Балба


Одоогоос 2700 гаран жилийн тэртээ нэгэн хүү хөл доороосоо лянхуа цэцэг бадамлуулан мэндэлсэн нь өдгөө дэлхийн хүн амын 3-ны нэгийг өөрийн сургаалиар амьдрах зам мөрийг нь олж өгсөн Сиддхарта Шакъямуни (манайхан уг нь Шагжамуни гэдэг. Гэхдээ Хинди галигаараа Шакъя гэдэг юм билээ. Уг хүн нь брахман Энэтхэг хүн байсан болохоор үүнийг нь дагая гэж бодлоо) байлаа. Непаль (Балба), Энэтхэгийн хилээс холгүйхэн байрлах энэ газар жуулчдаар хахаж байдаг боловч оршин суугчид нь нэг л ядуу өнгө муутайхан, өглөө эрт очсон болоод ч тэр үү хэдхэн метрийн цаадах харагдахтай үгүйтэй битүү манан байлаа.


Бурхан багшийн ээж нь түүнийг төрүүлэхийнхээ өмнө усанд орж байсан газар

Бурхан багш Шагжамунигийн гэгээрлийн хутагийг олсон газар Бодгаяа, Бихар муж


Хиндигээр Бодгаяа, Төвдөөр Дорждан, Монголоор Очирт Завилгаа хэмээн нэрлэсэн энэ газар мянган бурхад мэндлэх учиртай ариун газар юм гэнэ билээ. Өдөртөө л хэдэн мянган жуулчид ирж буцаж байдаг энэ их хөлийн газар бурхан багшийн гэгээрсэн бодь модны хажууд МЭӨ 2-р зууны үеийн Энэтхэгийн Ашок хаанаас эхтэй сүрлэг суварга байрлах ажээ. Суварга дотор бурхан багшийг өнгөрснөөс хойш зуун жилийн дараа царайг нь харсан хүн урласан хэмээх бурхан багшийг хамгийн сайн дүрсэлсэн гэгддэг баримал байрлана. Тойроод бясалгалын цэцэрлэг, мөргөлийн газрууд дүүрэн байх ажээ.
Үнэхээр мянган бурхад мэндлэх газар эсэхийг бүү мэд. Гэхдээ арван тавны бүтэн сартай шөнө бодь модны доор мөнх бусын ертөнцийн наадах цаадахыг эргэцүүлэн суухнаа хүмүүний орчлон дахь диваажингийн нэгэн хэлтэрхийг амтлах шиг мэдрэмж төрөх ажээ.


Бурхан багшийн гэгээрлийн хутагийг олсон бодь модны доорхи суудал нь


Бясалгалын цэцэрлэг


Буддын шашин үүссэн цэг буюу Бурхан багш анхны сургаалиа таван шавидаа айлдсан газар болох Сарнат, Варанаси хот


Бодгаяад гэгээрлийн хутагийг олсныхоо дараа бурхан багш будаа идэн сүү ууснаар үзэл баримтлалаасаа ухарсан хэмээн үзэж өөрийг нь хаяж явсан таван шавийнхаа араас явсаар Сарнат хэмээх энэ газар иржээ. Түүний ирж явааг холоос харсан таван шавь нь өнөө «урвагч» гэсэн байдлаар харьцсан боловч түүнд хүнээс ангид ямар нэгэн зүйл байгааг олж мэдрэн өөрийн эрхгүй татагдаж номлолыг нь сонсох болжээ. Бурхан багш Сарнат дахь бугын цэцэрлэгт амьдарч номлолоо айлдаснаар энэ газар бурхны шашны анхны үүсэл цэг болж Загалмайтнуудын хувьд Ерүсалем, Лал соёлтнуудын хувьд Мекка ямаршуу ариун дагшин газар байдгийн нэгэн адил Буддын шашинтнуудын өлгий болон хувирсан юм. Их Британийн колончлолийн үед Сарнат гахайн сангийн аж ахуй болж хувирсан бөгөөд хэдэн мянган жилийн түүхтэй ариун суваргуудаас нь хавь орчны айл амьтан туйпуу сугалж байшингаа барьдаг байсан гэдэг. 1890 онд Сарнатад ирсэн Шри-Ланкийн сурвалжит гэр бүлээс гаралтай залуухан буддист Ангарик Дармапал энэ бүхнийг болиулах гэж тэмцсээр колончлол дуусаж Англичууд нутаг буцан Энэтхэгүүд засгийн эрх авснаар л энэ ариун газрыг дархалж онголж чадсан юм гэдэг.

Бурхан багш таван шавьтайгаа анх уулзсан цэг. Чауканди суварга, Сарнат

Бурхан багшийн амьдарч байсан газар болох бугын цэцэрлэг. Мулагандикүти, Сарнат

Анх номлолоо номолсон газар болох Дамех суварга, Сарнат


Бурхан багшийн таалал төгссөн газар Күшинагар, Уттар Прадеш муж


Зурган дээр харагдах хоёр цагаан барилгын урт гонзгой хэлбэртэйд нь бурхан багшийн жанч халсан газар түүний аварга том хэвтээ баримал байрлана. Санаа дагаад ч тэр үү нэг л намуухан уйтай газар ажээ.



Эндээс холгүйхэн түүнийг чандарлаж оршуулсан газар болох Рамабар суварга байрлана.

Дараагийн бичлэгтээ ариун Ганга мөрөн болоод Бодгаяа дахь Монгол сүмийн талаар бичихийг хичээнээ.

Tuesday, January 20, 2009

Шүнгүй лам, Шүншиггүй бурхан

Энэ үгийг Энэтхэгийн хойд хэсгийн Варанаси хотоос Мумбай явах галт тэргэнд тааралдсан лам ах хэлж билээ. Нийт 10 хоногт 5000 орчим километр тэнэсэн аялал маань өндөрлөж гэрийн бараа харахаар дөхөж явсан царай маань тэр. Жилдээ ганц удаа ном, компьютер хоёроос тархиа салгаж өөр ертөнц үзэж байх зорилгоо гурав дахь жилдээ биелүүлж Бурхан багшийн ариун дагшин газар хэмээгдэх дөрвөн ч газраар 10 хоногийн дотор тойрлоо. Энэ тухай дараа өгүүлэх болно хэмээгээд харин замын хань болж явсан ах ламын хэлсэн энэхүү өвөрмөц хэлцийн талаар тайлбарлавал:

Ах хүү өөрөө миний өмнө нь бичиж байсан Гоманг хэмээх газар Чойрын ном үздэг. Чойр гэдэг нь миний ойлгож буйгаар бол Буддын шашны цөм нь болох философи, гүн ухааны номлол ажээ. Дрэпүн Гоманг дацан өмнө нь Төвдөд үйл ажиллагаагаа явуулдаг байсан хамгийн том гүн ухааны сургууль байж байгаад Төвдүүд Хятадад эзлэгдсэнээс хойш үйл ажиллагаа нь хумигдсан ажээ. Харин Энэтхэгт цагаачилж ирсэн Далай лам бурхны шашны гүн ухааны сургаалийг хойч үедээ залгамжлуулахаар Карнатака мужид Төвдийн цагаачдын районд Гоманг хийдийг байгуулжээ. Одоогоор нийт 5000 орчим ламтайгаас Монголоос 150 орчим лам суралцдаг бөгөөд 16 жил сурч төгсдөг энэхүү сургуульд Буддын гүн ухааны 5 боть судар судалдаг ажээ. Энэхүү 5 ботийг Шүн хэмээн төвдөөр нэрлэдэг ажээ.

Шүншиг гэдэг нь Бурханы дүрийг орлуулж буй баримал, зураг зэргийг тарнидан бурханы хутагийг шингээж буй нэг ёс гэж тайлбарлах болов уу. Ахын хэлсэн үгээр бол Шүншиггүй бурханд юу ч орчихож болно. Чөтгөр ч шүгэлж болно. Яг үүнтэй адилаар Шүн буюу шашныхаа гүн гүнзгий утга санаа философийн номлолыг ойлгоогүй лам хүн мөн чөтгөр шиг аашилж ч болох ажээ.

“Лам болж байгаа хүмүүс сүсэгтнүүдэд гүрэм дором хийхийг өөрийнх нь хийх ёстой ажил гэж ойлгосон байдаг нь манай шашны хамгийн том завхрал болоод байна. Угтаа лам хүний хамгийн түрүүнд хийх ёстой ажил бол шашныхаа ном судрыг уншиж утга санаа бүрийг нь ягштал ойлгох юм. Үүний хажуугаар зовж зүдэрсэн, итгэл хайсан сүсэгтэн түмэнд бүр аргагүйдсэн үед л элдэв засал гүрэм хийж ном уншиж өгөх ёстой юм” хэмээн лам ах 1500 орчим километрийг туулах 30 цагийн аялалын явцад өгүүлж байлаа...

Уг нь цааш жаахан юм бичмээр байсан ч өөрийн эрхгүй нүд анилдаад дээрээс нь Обамагийн тангараг өргөх ёслол www.cnn.com дээр цагийн зөрүүгээр яг гарч таараад сэтгэл санаа хоёрдуулаад байна. Дараа жаахан сэргэг үедээ үргэлжлүүлье