Танай эндхийн чапати* будаатай харьцуулшгүй
Таана хөмүүлийн амт шингэсэн хоол ямар байдгийг
Талын шаргал наран ядарч байж жаргадаг нутгийг минь
Та нар муусайн мэдэхгүй л дээ
Хүн ард нь үгээр биш шүлгээр ярилцдаг нутагт минь
Хөхөө шувуу нь хүртэл та нарын ярианаас уяхан донгоддогийг
Хүлгийн тоосыг нь ч танай эндхийн цагаан шороотой зүйрлэмгүй гэдгийг
Хөөрхий та нар даанч мэдэхгүй л дээ
Наран ургах зүгт арван мянган бээрийн тэртээ*
Нарийн сайн тооцвол экваторын чанх нөгөө талд
Тэнэг наддаа диваажингийн хэлтэрхий болсон
Тэнхээт сайн хүлэг нь цуцахаа мэдэхгүй тэмүүлж байдаг
Тэр газар миний эх орон байдаг гэдгийг
Та нар муусайн даанч мэдэхгүй л дээ
Уудам их талдаа цээж тэнийтэл нэг хашгирах юм сан
Уртын дууныхаа аялгуунд уярч нэг суух юм сан
Ухаант аав ээждээ үнсүүлж нэг эрхлэх юм сан...
Гол нь хүртэл усаар биш хүнээр урсаж байдаг энэ газраас*
Гоожин овогт Мэндсайханы хүү Отгонпүрэв ёсловой...
2007 оны 12 дугаар сар 13
Maharashtra Institute of Technology, Pune
Номын санд хоногийн хорин дөрвөн цагийн 14-г нь өнгөрүүлж байгаа хүн заримдаа уйдаж хийх юм нь олдохгүй гиюүрэн иймэрхүү зүйл бичиж суух юм даа. Нэлээн дээр үед Ц.Чимэддорж гуайн ч бил үү нэгнийх нь “Та нар муусайн мэдэхгүй л дээ” гэсэн шүлэг уншиж байсан нь гэнэт өнөөдөр аманд орж ирээд. Гэхдээ гарчигаас бусдыг нь бол өөрийнхөө бодлоор бичсэн юм шүү. Ойрдоо Энэтхэгүүдийн дээрэлхүү занд шар хөдлөөд хэцүү байна. Монгол гэж хаана байдаг юм л гэнэ, тусгаар тогтносон улс юм уу энэ тэр гэсэн тэнэг асуултуудын хажуугаар зарим нь зөрж өнгөрөхдөө хамраа чимхэн гуншигнасан авиа гаргаж доромжлох нь бүр ч дургүй хүрмээр. Гуйлгачин бацаанууд нь мөнгө нэхээд өгөхгүй болохоор хоёр нүдээ онийлгож шоолчихоод зугтана. Анги дээр самбар хараад сууж байхад урдуур зарим нь гараа савчуулаад чи унтаж байна уу гэж доромжилно. Эд нар шиг ямар 9 давхарын оройг толгойгоо өндийлгөлгүй харчих том нүдтэй төрсөн биш инээгээд л өнгөрч байгаа юм даа. Гэхдээ тэнэг хүмүүстэй тэнэг байдлаар харьцаж доошоо орохгүй гэж гүрийхээр дотроо цухалдаад болохгүй юм. Дэмий л ийм юм бичиж стрессээ тайлж байх вэ дээ.
Дээр *-оор тэмдэглэсэн хэллэгүүдэд тайлбар хийвэл:
*Гүүгл мап дээрээс харахад миний амьдарч байгаа Пүне хот хүртэл ойролцоогоор 9800 орчим км байсан. Бээр гэдэг уг нь километрээс хамаагүй том хэмжигдэхүүн боловч уран зохиолын халил хийгээд нарийн тооцолгүй авч ашигласан болно.
*Наран ургах зүгт гэдгийг манай эндэхийн цаг Монголынхоос 2.30-аар хоцорч явдаг буюу Пүне хот Улаанбаатраас баруун өмнө зүгт оршдог болохоор тэгж тооцсон болно.
*Миний амьдарч байгаа Махараштра мужийн зан заншил арай ондоо. Гэхдээ миний олж сонссоноор бол одоог хүртэл нэлээдгүй газар нас барсан хүнээ голын усанд үйдэг уламжлал хэвээрээ байдаг юм гэсэн. Ямар сайндаа Ганга мөрөнд үхсэн хүн хөвж байдаг гэсэн яриа гарах вэ дээ